Үйлдвэрт хар ажил хийдэг, хагас өнчин, даруухан охиныг ирээдүйн

тэрбумтан, Хятадын хамгийн баян эмэгтэй болно гэж хэн ч төсөөлж

байсангүй. Түүнд эцэг эхээс өвлөж авсан эд хөрөнгө гэж байсангүй, арван

тэрбум долларын хөрөнгийнхөө цент бүрийг өөрийн хөдөлмөрөөр бий болгосон

хүчирхэг эмэгтэй гэдгээр нь түүнийг хятадын хэдэн сая энгийн ажилчид

үлгэр дууриаллаа болгодог байна. Тэдэнд энэ бүсгүйн амьдрал итгэл

найдварыг өгч, өнөөдөр юу ч үгүй хоосон ч хичээл зүтгэлийнхээ ачаар хүн

ямар ч өндөрлөгт хүрч болдог гэдгийг сануулдаг биз ээ.

Жоу Цюньфэйгийн туулсан амьдрал үнэхээр ээдрээтэй бас сонирхолтой.

1975 онд түүнийг тавхан настай байхад ээж нь нас баржээ. Аав нь охиныг төрөхөөс 10 жилийн өмнө үйлдвэрийн ослоор хараагүй болж, эх нь бүх л амьдралаа нуруундаа үүрч явсан байна. Ингээд ээж нь нас барснаар тэдний гэр бүл тэжээгчээ алдаж, угаас ядуу тарчиг байсан амьдрал нь туйлдаа хүрчээ.

Охин 15 настайдаа амьдралын эрхээр сургуулиа орхин хар ажил хийхээр Гуандун мужийн эдийн засгийн чөлөөт бүс болох Шэньжэнд ирсэн байна. Бугуйн цагны нүүрний шил үйлдвэрлэдэг үйлдвэрт ажиллан авсан цалингаа аав руугаа явуулдаг байлаа. Иймэрхүү байдлаар удаан амьдрах нь буруу гэсэн бодол түүнийг эзэмдэх болж, гурван сар ажилсныхаа дараа халагдах өргөдлөө өгчээ.

Амжилтын нууцаа тэрээр “Цаг үргэлж суралцахыг хичээдэг хүсэл тэмүүлэл, аливаа зүйлээс шинийг эрэлхийлж байдаг ажигч байдал, ямар ч тохиолдолд өөрийгөө ялан дийлж чадах хөдөлмөрч, шаргуу зангийн үр дүн” хэмээн онцолжээ.

Гэтэл түүнд захирал нь итгэмээргүй санал тавьж, шинэ боломж нээгджээ.

Энэ тухайгаа Жоу Цюньфэй “Магадгүй хөдөөнөөс ирсэн ноомой охиныг бичгийн боловсрол өндөртэй байгааг хараад захирал маань гайхсан байх. Халагдах өргөдлөө маш сайн бичсэн байсан тухай тэр дараа нь дурсан ярьдаг байсан. Би ядуу зүдүү амьдралтай ч сургуульд сурч байхдаа бүх хичээлдээ ихэд хичээнгүйлэн сурч байсан нь надад хэрэг болсон юм. Гуравхан сар ажилласан 15 настай охинд нэгж удирдан ажиллах санал тавина гэдэг бол ёстой л ид шидийн гэмээр зүйл байлаа. Энэ бол надад ирсэн алтан боломж байсан” хэмээн ярьсан байдаг.

Жоу ч энэ алтан боломжоо хий дэмий өнгөрөөсөнгүй, ёстой л чанга гэгч нь атган авч, шаргуу ажилласны дүнд 22 настай болохдоо үйлдвэрийнхээ үйл ажиллагаа хариуцсан захирал болтлоо дэвшсэн юм.

Ингэж ажиллахынхаа хажуугаар Шэньжэний их сургуульд цагийн хичээлд сууж, олон хичээл хичээнгүйлэн судлаж, эдийн засгийн ухааны суурь мэдлэгээ олж авчээ.

Түүнийг хятадын хэдэн сая энгийн ажилчид үлгэр дууриаллаа болгодог. Тэдэнд энэ бүсгүйн амьдрал итгэл найдварыг өгч, өнөөдөр юу ч үгүй хоосон байлаа ч хичээл зүтгэлийнхээ ачаар хүн ямар ч өндөрлөгт хүрч болдог гэдгийг сануулдаг биз ээ.

Ингээд 1993 онд 23-хан настай байхдаа өөрийн хувийн компаниа байгууллаа. Түүнд ажлын туршлага, мэдлэг чадвар, хамгийн гол нь хичээл зүтгэл, юу ч тохиолдож байсан зорьсондоо хүрэхээр зүтгэдэг хөдөлмөрч шаргуу зан гээд бүгд байлаа.

Үеэл ах дүү нарынхаа тусламжтайгаар 22 мянган Хонконг долларын хөрөнгөтэйгээр эхэлсэн түүний бизнес хэт жижиг байсан учир томоохон сонгон шалгаруулалтад оролцож чадахгүй гологддог байв. Гэвч Жоу хамтрагч, хэрэглэгч бүрийнхээ эрэлт, хэрэгцээг 100 хувийн сэтгэл ханамжтайгаар биелүүлэхийг хичээн ажилласны дүнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэдэг олон тооны түншүүдтэй болж чаджээ.

Алхам алхмаар урагшилж, амжилттай явсаар 2001 онд Хятадын электрон бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хамгийн том компани болох “TCL” корпорацитай хамтран ажиллаж, гар утасны дэлгэц нийлүүлэх гэрээг хийж чадлаа.

2003 оноос эхлэн мэдрэгчтэй дэлгэц үйлдвэрлэх “Lens Technology” компанийхаа үйл ажиллагааг эхлүүлж, тухайн зах зээлийнхээ гол тоглогчдын нэг болохоор ажиллаж эхэллээ. Тэдний хичээл зүтгэл ч талаар болсонгүй дэлхийн зах зээлийг тэргүүлэгч “Apple”, “Samsung Electronics” болон “Huawei” компаниудтай хамтран ажиллаж, ханган нийлүүлэгч нь боллоо. Ийнхүү тэгээс эхэлсэн түүний ажлын гараа амжилтын оргилд хүрч, дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад нэр нь бичигдлээ.

45 настайдаа Хятадын хамгийн баян эмэгтэй болсон амжилтын нууцаа тэрээр “Цаг үргэлж суралцахыг хичээдэг хүсэл тэмүүлэл, аливаа зүйлээс шинийг эрэлхийлж байдаг ажигч байдал, ямар ч тохиолдолд өөрийгөө ялан дийлж чадах хөдөлмөрч, шаргуу зангийн үр дүн” хэмээн онцолжээ.

Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Жоу Цюньфэйгийн хөрөнгө 10 тэрбум ам.доллараар хэмжигдэж, түүний удирдлага дор 80 мянган ажилчин ажилладаг болсон байна.

Н.ЦЭНДСҮРЭН

news.mn