А.Бүрэнжаргал

Үйлдвэрлэсэн бүтээл, бүтээгдэхүүнээ өөрийн гараар эвдэлж, шатаасан компанийн эзний тухай уншигч та сонсож байсан уу. Үгүй аваас энэ үйлдэл танд их л хачин санагдах буй заа. Манай урд хөршөөс дэлхийд нэр цуутай үндэстэн дамнасан олон компани төрөн гарсан байдаг. Түүний нэг бол "Haier". Манай улсын цахилгаан бараа бүтээгдэхүүний бүх дэлгүүрүүдэд тус брэндийн бүтээгдэхүүн худалдаалагддаг. Хямд атлаа чанартай гэдгийг бид сайн мэднэ.
Тэгвэл тус брэндийн үндэслэгч Жан Рүй Мин өдий зэрэгт хүрэхийн тулд хэн хүний санаанд багтамгүй олон зүйл хийсэн байдаг. Түүнийг тодотгох олон гавьяа шагналууд байдаг ч зурагдсан, халтартсан гэх мэт жижиг үйлдвэрийн согогтой 76 хөргөгч үйлдвэрээсээ гаргуулж бүгдийг нь хэмх цохиж эвдлэхийг ажилтанууддаа тушаасан явдал нь түүнийг түүхэнд тодоор мөнхөлдөг. Тэрбээр өөрт тулгарсан хамгийн том хүндрэлийг Хятадын бусад компаниудын чанар гэх ойлголт өөрийнх нь бий болгох гэж зорьж буйгаас тэс өөр гэдгийг ойлгуулах байсан гэдэг. Энэ санаагаа ойлгуулахын тулд ажилчидаа үйлдвэрийнхээ гадаа талбайд гаргаж нүдэн дээр нь согогтой бүтээгдэхүүнүүдийг эвдэлж, шатаажээ. Хэдийгээр ажилчид тухайн үед эвдлэхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлж цалингаасаа хасуулаад ч болтугай өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдаж авахыг хүссэн ч Жан зөвшөөрөөгүй. Ингэж Жанын хувьд чанар гэдэг ямар утгатай болохыг ажилтанууд нь мөн ойлгосон байна. Тэрбээр хэлэхдээ "Эцэст нь тэд өрсөлдөгч нар шигээ юу ч хамаагүй зарахыг хүсдэг хүн биш гэдгийг ойлгосон" гэдэг. Мөн ажлын өдөр дууссаны дараа гүйцэтгэл муутай байсан ажилчдыг үйлдвэрийн шалан дээр шараар будсан хөлний мөрөн дээр зогсож байгаад хамт олондоо яагаад алдаа эндэгдэл гаргасан тухайгаа тайлбарлах маягаар хувь хүний хариуцлагыг ухамсарлуулдаг компани "Haier"-аас өөр байхгүй.
"Haier" нь өдгөө гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэлээрээ таван жил дараалан дэлхийд тэргүүлж буй амжилттай компани. Тус компанийн олон улсын зах зээлд эзлэх хэмжээ нь 9.7 хувь. "Haier" олон үзүүлэлтээрээ дэлхийн тавцанд тэргүүлэх байр суурийг эзэлдэг ба тэр дундаа хөлдөөгч үйлдвэрлэлийн салбарт 20.5 хувийг эзэлж байна. Уг компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан бөгөөд тус компанийн ширхэг хувьцаа ойролцоогоор 20 хонконг доллараар худалдаалагддаг. Үүний зэрэгцээ охин компани болох "Qingdao Haier" нь Шанхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй.
“Haier" өнгөрсөн жилүүдэд АНУ тэргүүтэй олон улсын зах зээлд нэвтрэхийн тулд тодорхой зорилтот зах зээл рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулах гэх мэт олон сорилт тулгарч ирсэн. Үйлдвэрлэлийн шинжээчид "Haier"-ийг дэлхийн зах зээлд томоохон тоглогч болж чадна гэдэгт эргэлзэж байсан. Америкийн нэгэн шинжээч “Брэндийн хувьд “Haier" явахгүй. Хүмүүс оюутны байрны хөргөгч “Haier"-аас худалдаж авч болох ч урьд нь огт сонсож байгаагүй брэндэд их мөнгө зарах нь юу л бол гэж байсан бол “Whirlpool"-ийн удирдлагууд “Ази компаниудын нэг том алдаа бол брэндэд ус агаар шиг чухал том хэмжээний хөрөнгө оруулалтыг орхигдуулдагт байгаа юм" гэжээ. Гэвч 2005 онд “Haier" орлогынхоо 10 хувийг брэндийнхээ дэлхий даяарх маркетингт зарцуулсан байдаг.
“Олон улсын зах зээлд нэвтэрч чадсанаар бид өрсөлдөөний утга учрыг бүрэн ухаарч өөрсдийгөө хурцалж чадна. Үгүй бол бид дотоод зах зээлээ гадныханд алдана. Хилийн чанад дахь зах зээл дэх амжилт тухайн бүс нутагт өөрийн брэндийг хэрхэн бий болгож чадсанаар хэмжигдэнэ" хэмээн дэлхийд алдартай брэндийг үндэслэгч үздэг. “Wall Street Journal" сэтгүүлээс “Haier" группийг Хятадын шилдэг компаниар шалгаруулсан удаатай.
Тус компани 20 жилийн ойгоо жилийн 100 тэрбум юанийн борлуулалтын амжилттай угтаж байсан билээ. Анх бизнесээ шарил хадгалах хөргөгчнөөс эхлүүлж байсан “Haier"-ын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Жан Рүй Мин өөрийн компаниа Хятадын гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэдэг хамгийн том компани болгож чадсан нэгэн. Дэлхийн зах зээл дээр “Haier" хөргөгч, хөлдөөгч, цахилгаан зуух үйлдвэрлэлээрээ гуравдугаарт, хөлдөөгч үйлдвэрлэлээрээ “Whirlpool"-н дараа хоёрдугаарт орсноор “Electrolux", “Kenmore,GE" зэрэг компаниудыг хэдхэн жилийн дотор орхижээ. Жан 2006 он гэхэд “Haier"–ийг дэлхийн хамгийн өндөр борлуулалттай хөргөгч үйлдвэрлэгч болгох амлалт өгсөн байдаг. Түүндээ ч хүрсэн.
Зурагт, угаалгын машин, хөлдөөгч зэрэг цахилгаан барааны илүүдэл зах зээлд 30 хувь орчим байгаагаас үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний үнээ жилд 10-15 хувиар буулгаж байхад “Haier" үнээ нэмэх сонин стратеги барьдаг. Ийм нөхцөлд “Haier" дэлхийн зах зээлд амжилт олно гэдэгтээ итгэдэг. Энэ нь ч биелдэг.
"Haier" өнгөрсөн 26 жилд юу бүтээв?
Гэсэн ч “Haier"-ийн 26 жилийн түүхэн замнал дардан байгаагүй. Тэртээ 1984 онд Хятадын боомт хот болох Чиндаод уналтад орсон хөргөгчний үйлдвэрийг нь Жан мэдэлдээ авснаар “Haier" үүсэн байгуулагдсан. Тухайн үед Жан Чиндао хотын захиргаа ахуйн цахилгаан хэрэгслийн хэлтсийн дэд ерөнхий менежер байсан бөгөөд Чиндао хөргөгчний үйлдвэрийн бүтээгдэхүүний агуулахад ороход чанарын хувьд тийм ч гойд биш хөргөгчийг бэлэн мөнгөөр авахыг хүссэн хүмүүсийн урт дараалал үүссэн байсныг анзаарч, нуугдмал эрэлт байгаад итгэсэн байна.
Тухайн үед 800 гаруй ажилчдынхаа цалинг төлөхөөр зэргэлдээх тосгоноос зээл авч бараг дампуурлын ирмэг дээр ирчихсэн компанийг Жаны гарт өгсөн. 1984 онд Хятадад 300 орчим хөргөгч үйлдвэрлэсэн ба ихэнхи нь чанар тааруу бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байв. Илүү чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээнд хятадууд их мөнгө төлөхөд бэлэн гэдэгт Жан итгэж байжээ. Тэрбээр 1984 онд Герман руу аяллаар явах үедээ Германы чанартай бүтээгдэхүүнийг хараад Жан “Манайхан германчуудаас тэнэг биш. Бид яагаад тэдний хийж чадаж байгааг чадахгүй гэж" хэлсэн аж.
Германы хөргөгч үйлдвэрлэгч “Liebherr" –тэй технологийн лицензийн гэрээ хийх ажилд шуурхайлан орсон байна. Үүний дараа нь Данийн “Derby" болон Японы “Sanyo"-аас хөлдөөгч болон агааржуулагчийн үйлдвэрлэл оруулж ирсэн. Тухайлбал Японы “Mitsubishi" ба Италийн “Merloni" зэрэг компаниудтай хамтарсан үйлдвэрлэл нь (JVS) “Haier"-д гадаадын загвар, технологийг оруулж ирэх боломжийг тэдэнд олгосон. "Эхлээд бид ажиглана, шингээж авна" гэж Жан энэ стратегиа товчлондоо тайлбарладаг аж.
“Haier"-ийн хөргөгч Хятадын томоохон гурван хотод борлуулагддаг болох үед ашиг нь нэг сая юаньд хүрчээ. Зах зээлийн эрэлт ихэсч, хөргөгчний үнэ өсөлттэй байсан ч “Haier" үйлдвэрлэлээс татгалзаж чанар болон брэнд бий болгох дээр илүү анхаарлаа хандуулж байжээ. Улмаар 1988 онд “Haier" үндэсний хөргөгчний тэмцээнд чанарын алтан медаль хүртсэн байна. Хятад хөргөгчний зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүсэх үед бусад үйлдвэрлэгчид үнээ буулгаж “Haier" эсрэгээрээ үнээ нэмсэн байна. Өөрийн брэнд нь үнэ буурч буй тухайн үед ч гэсэн 15 хувийн ашиг олж байгааг Жан анзаарчээ.
“Haier" Хятад хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг нарийн мэдэрч бүтээгдэхүүндээ тусгаж байсан шигээ хилийн чанад дахь хэрэглэгчиддээ ч мөн адил өөрчлөлтүүдийг авчирч байв. Үүний нэг илрэл нь энгийн том хөргөгч зарахад ашигладаг стратегиа ч мөн адил жижиг хөргөгч дээрээ баримталдаг. Тэд судалгаа ба инноваци хөгжүүлэлтийн ажилтнуудаа хэрэглэгчидтэй, тэр ч байтугай жижиглэн худалдаалагчидтай нүүр тулан уулзуулж, тэдний санаа бодол, хэрэгцээ шаардлагыг сонсож судлуулахаар АНУ-руу явуулдаг байна. “Haier"-ийн жижиг зүйлс дээр ч анхаарлаа хандуулдагын нэг жишээ нь мөхөөлдсийг тэс хөлдөөх биш арай бага хэмд хөргөөх хөлдөөгчний хэсэг зохиосон нь юм. Энэ нь хэрэглэгчдээс нэлээд сайшаал хүртсэн байдаг. Харин бусад үйлдвэрлэгчид энэ мэт жижиг сажиг зүйлсийг “Haier" шиг хэмжээнд ойшоож үздэггүй.
“Whirlpool", “Electrolux" нар Хятад дахь үйлдвэрлэлийн түгээлтийн үйл ажиллагаандаа сая сая америк доллар зарцуулж буй. “Euromonitor" судалгааны байгууллага эдгээр компаниуд Хятадын зах зээл дээр "Haier"-тай эн зэрэгцэн өрсөлдвөл тус компанийн ашиг буурч, Америк дахь бизнесийнх нь хүч саарна гэх бодлого барьж буй талаар бичсэн байдаг.
“Haier"-ийн загвар зохион бүтээх 18 тасаг байдаг ба шинэ загвар, бүтээгдэхүүнийг хурдан гаргах зорилгод нийцүүлэн өрсөлдөөнийг тэдгээр 18 дунд бий болгосон байдаг. Тухайлбал, Америкийн хэрэглэгчид ухаж төнхөхөд хэцүү (гүнзгий) хөлдөөгчинд дургүйг олж мэдсэнийхээ дараа хоёр давхар, татаж гаргадаг шургуулга бүхий тасалгаатай хөлдөөгч хийх санал гаргажээ. Ердөө л 17 цагийн дараа тасгууд шинэ загвары хөлдөөгчийг бэлэн болгож ерөнхийлөгч Жанд танилцуулсан байна. Компанийн удирдлагууд компанийхаа жигд нэг түвшинтэй бүтцэд ихээхэн найддаг. Худалдааны төлөөлөгч зах зээлийг тагнан судлаад, өөр хоорондоо нэлээд өрсөлдөөнтэй ажилладаг загварын инженерүүдэд санаагаа танилцуулахад загварыг богино хугацаанд гаргаж өгдөг байх жишээтэй.
Түүнчлэн тус компани дэлхийн “ТОП-10" инновацилаг компанийн нэгээр шалгарсан төдийгүй нийгмийн хариуцлагыг өндөр авч үздэг. Энэ хүрээнд 145 бага сургууль, 212 ангит хүүхдийн киног хийсэн бөгөөд мөн Бээжингийн олимпийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан байдаг.

Өдгөө "80 мянган ажилтантай “Haier цахилгаан бараа үйлдвэрлэлтээрээ тэргүүлж буй. Тэд 2010 оны байдлаар худалдааны эргэлт 135.7 тэрбум юаньд хүрчээ. “Haier"-ийн удирдлага хурдтай хөгжихийн тулд гадаад зах зээл дээрх хүний нөөцдөө нэлээд их анхаарал тавьж байгаа. Шинэ үеийн бүтээгдэхүүн зохион бүтээж чадах авьяастай, чадварлаг хүмүүс “Haier"-т нэн шаардлагатай баялаг гэж тодорхойлогддог. Компани хөргөгч хөлдөөгчний зах зээлийн одоогийн туршлагаа “Haier" хувьд харьцангуй шинэ салбар болох мэдээллийн технологитой хослуулж “ухаалаг" гэр ахуйн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь тэдний хувьд дараагийн хөгжлийн шинэ үе.

Эх сурвалж: http://mongolianeconomy.mn