Зургийн эх сурвалж: zn.ua

2015 оны 9 дүгээр сарын 3-нд Хятадын нийслэл Бээжинд зохиогдсон Дэлхийн II дайны ялалтын баярт оролцоод ирсэнийхээ дараахан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс “төвийг сахисан орон” болох түүхэн санаачлага гаргаж буйгаа УИХ-ын индэр дээрээс яаран зарласаныг монголчууд нэлээд таагүй хүлээж авсан. Үүнийг гадаад харилцаа судлаач гэх зарим нэг хүн Монгол улс аль нэг улстай түнжин хагаралгүй, бас аль нэг орны нөлөөнд орохгүйгээр аюулгүй байдлаа хамгаалах зорилготой бодлого юм гэж бичиж, ухуулж байсан ч монголчууд үүнд нэг их итгэсэнгүй.

Монголын төвийг сахих бодлого цаагуураа “Гуравдахь хөрш” гэгдэх барууны орнуудтай холбоотой гэсэн сураг, яриа гарч байвч, энэ нь хэрэг дээрээ нэг л улсын хувьд хамгийн их ашигтай гэдэг нь тодорхой харагдаж байна. Төвийг сахих бодлогыг дэмжигчид энэ бодлого Монголын аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой гэж тайлбарлаж байвч, уг асуудлыг нухацтай хөндөж үзвэл энэ нь үндсэндээ Монголын өмнөд хөрш Хятадтай холбоотой болж таардаг. Тэгэхээр, Монгол төвийг сахих нь Хятадын хувьд ямар үр нөлөөтэй вэ гэдэг талаас нь харвал, энэ бодлогын мөн чанар илүү тодорхой болно.

Учир юун хэмээвээс, 1911 онд Монгол язгууртнууд мөхөх нь нэгэнт тодорхой Манж Чин улсаас тусгаарлаж буйгаа зарласан боловч, өөрийгөө Манж гүрний залгамжлагч гэж үздэг шинэ Хятад улс үүнийг огт хүлээн зөвшөөрсөнгүй. Энэ үед АНУ зэрэг барууны гүрнүүд Хятадыг дэмжиж байжээ. Гэвч Гадаад Монголыг өөрийн нөлөөний бүс болгох гэсэн Хаант Оросын дэмжлэгтэйгээр Монгол язгууртнууд Гадаад Монголд өөртөө эзэн мэдэх үлэмж эрхийг олж авч чадав. Харин 1945 онд Дэлхийн II дайнд ялсан И.В.Сталин Өвөр Монголын тусгаар тогтнолын асуудлаар Хятадад хүчтэй шахалт үзүүлсний эцэст Хятад нь Гадаад Монголыг тусаар улс хэмээн аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрчээ.

Гэвч Монголыг Хятадын бүрэлдэхүүн хэсэг мөн гэх үзэл Хятадад өнөө хүртэл хүчтэй хэвээрээ байна. Хятадад жирийн хар ажилчнаас өгсүүлэн удирдагчид нь хүртэл Монголыг өөрийн салшгүй нэг хэсэг гэж үздэг. Тэд үүнийгээ нэг их нууж хаадаггүй. Жишээлбэл, 2014 оны зун Монголд айлчилсан Хятадын удирдагч Ши Жинпин Монгол Улсын ИХ-ын чуулганд үг хэлэхдээ Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг уншжээ. Мөн айлчлалынхаа үеэр Ши дарга эхнэрийн хамт Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэрт зочлохдоо түүнд хандан "Айлчлал маань хэдийгээр богино хугацаанд болсон боловч маш дотно найрсаг болж, садан төрлөө эргэж тойрч байгаа мэт санагдаж байна” гэж хэлснийг Хятадын радио мэдээлж байв.

Гэвч хятадууд Монголыг ингэж үздэг хэрнээ яагаад ямар нэг бодитой алхам хийж зүрхлэхгүй байна вэ? Учир нь, энэ бол Дэлхийн II дайны дараа Монгол Улс Өрнөдийн хүчирхэг гүрнүүдтэй эрх ашгаа холбож чадсан гадаад харилцааны үр дүн юм. Үүнд нэг улс чухал үүрэг гүйцэтгэжээ. Энэ нь тэр үеийн нэрээр ЗХУ, харин өнөөгийн нэрээр ОХУ юм. Гэвч оросууд Монголд хайртайдаа тусгаар тогтноход нь тусалсан гэвэл арай тийм биш. Оросын судлаач А.Храмчихины бичсэнээр, дорно зүгээс Орост учрах аюулын гол бамбай нь Монгол Улс байж иржээ. Энэ нь орсуудад чухал байв. Москвагийн Улс төр, цэргийн шинжилгээний хүрээлэнгийн орлогч захирал тэрбээр ирээдүйд Оросыг түрэмгийлэх жинхэнэ аюул бол Хятад хэмээн үздэг тул Монголын ач холбогдлыг ихээхэн чухалчилж, ОХУ Монголыг дэмжиж, өөрийн эрх ашгийн хүрээнд байлгах ёстой гэж дүгнэжээ.

Гэвч, Хятадын Бээжин хотноо зохиогдсон их баярт оролцоод ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс төвийг сахисан орон болох санаачлага гаргаснаараа Монголыг ОХУ-тай холбосон эрх ашгийн хүрээнээс гаргах алхам хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ бол Монгол ба ОХУ-ын хооронд орших бодит эрх ашгийн тэнцвэрийг хэзээ ч эвдэгдэж болох хоосон тунхагаар солих гэж байгаа үйлдэл.

Гэвч Оросын эрх баригчид Монголын эрх баригчдын гадаад бодлогодоо өөрчлөлт оруулах гэж байгаа өнөөгийн үйлдлийг зүгээр харж суухгүй гэдгээ илрэхийлж эхэлжээ. Энэ талаар ОХУ-ын хэвлэлд (mid.ru) мэдээлсэн байна. Монгол, БНХАУ, Япон улсуудаар албан ёсны айлчлал хийх гэж байгаа ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ сарын 12-нд хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахдаа “Монгол, Орос улсуудын өмнө геополитикийн ямар сорилтууд тулгарч байна вэ?” гэсэн асуултанд хариулахдаа нэлээд ноцтой зүйлийг хэлжээ. Тэрээр Орос-Монголын найрсаг харилцаа чухал, гэхдээ найрсаг харилцаатай Монгол улсын дотоод хэрэг явдалд гадны сөрөг нөлөөг тусгахгүйн тулд хоёр том хөрш болох ОХУ, БНХАУ улсууд бүхнийг хийнэ гэж хэлсэн байна.

Дээрх үгийн утгыг ухвал, тэрээр монголчууд та нар Хятад руу өөрсдөө гүйх хэрэггүй, харин та нарын Хятадтай хэрхэн харьцахыг бид Хятадтай ярьж шийднэ гэж сануулжээ. Өөрөөр хэлбэл, С.Лавров Монголын удирдагчид та нар Хятад руу дураараа гүйхгүй шүү гэж л анхааруулж байна. Гэхдээ С.Лавров сүүлийн жилүүдэд Орос, Хятад, Монголын удирдагч нарын гурван талт уулзалтын механизм бий болоод байгаа нь маш чухал гэж боловсон үг хэлэхээ мартсангүй.

Ш.Т.Лантуу

- See more at: http://gashuun.mn/2256#sthash.K3ytpuDK.dpuf