Бид өдөр тутамдаа мэдээллээр бөмбөгдүүлж буй эрин зуунд амьдарч байна. Өглөө босоод утсаа шалгахдаа, ажил дээр компьютерийн дэлгэцний ард, гэртээ зурагтаар гэх мэт бидний тархи боловсруулж хадгалж амжихааргүй их мэдээлэлтэй тулгарч буй. Тухайн үедээ мэдэгдэхгүй боловч бидний ой тогтоолт, тархины ажиллах чадвар, анхаарал төвлөрөлтөд нөлөөлж байдаг.

Юун түрүүнд шинэ мэдээллийг тархи хэрхэн боловсруулдгийг тайлбарлая. Гаднаас хүлээн авсан мэдээллийг тархи кодолж, холбогдох категориуд руу ангилдаг. Хэрэв бид тухайн мэдээлэлд анхаарал хандуулахгүй бол мэдээллийг кодолж, дараа нь эргэн санаж чадахгүй. Дараа нь тухайн кодолсон мэдээллээ баталгаажуулж, өмнөх мэдээлэлтэй логик байдлаар холбон тогтооно. Энэ бүгд богино хугацааны ой санамжинд орох ба тухайн мэдээллийг олон дахин давтаж, сэргээн санасан үед урт хугацааны ой санамж болдог[1].

Мэдээллийн уул уурхай болсон интернетээс бид хэт олон тооны мэдээллийг зэрэг авснаар дараа нь тухайн зүйлийг эргэн санахад хэцүү болдог. Бидний урт хугацааны ой санамжинд хадгалагдаагүй, эргэн дурсаагүй бол тэрхүү мэдээлэл мэдлэг болж үлдэхгүй юм. College London их сургуулийн судлаачид 5 жилийн турш интернет хэрэглэгчидийн зан үйлийг судалсан байна. Судалгааны дүнд залуу үеийнхэн мэдээллийг унших биш гүйлгэн хардаг, олсон мэдээллээ боловсруулах шүүмжлэлт болон задлан шинжлэх ур чадвар сул, нэгэнт үзсэн эх сурвалжаа хэр барагтай эргэн хардаггүйг тогтоожээ[2]. Иймд бид олсон мэдээллүүдээ бататгаж, урт хугацааны ой санамж болгон үлдээж төдийлөн чаддаггүй аж.

Олонхи хүмүүсийн хувьд интернет өдөр тутмын хэрэглээ байдаг ч ахмад настануудад энэ нь суралцах, тархиа идэвхитэйгээр ажиллуулах хэлбэр болдог. Лос Анжелес дахь Калифорнийн Их сургуулийн судлаачдын тогтоосноор интернет хэрэглэх нь ном уншихаас илүүтэйгээр тархийг ажиллуулдаг байна. Дунд насны хүмүүсийг интернет хэрэглэж байхад нь тархины үйл ажиллагааг хэмжихэд шинэ үйлдэл хийх бүрт тархины хөөрлийн голомтууд нэмэгдэж байсан байна.

Гэхдээ тархинд олон голомт идэвхижиж, идэвхитэй ажиллаж байгаа нь яг ч үр ашигтай ажиллаж байна гэсэн үг биш юм. Тархийг идэвхитэй байлгахад дан ганц интернет хангалтгүй, нийгмийн харилцаа чухал юм. Энэ тал дээр хамгийн их бэрхшээлтэй байдаг нь өсвөр насны хүүхдүүд байдаг[3].

Техник технологи хэт тогтмол хэрэглэснээр өсвөр үеийнхэн харилцааны чадвараа хөгжүүлж чадалгүй, нийгмээс хөндийрөх, интернетэд донтох явдал ихсэж байна. Хятадын Жиа Тонг Их сургуулийн хийсэн судалгаагаар судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн интернет хэрэглээг хориход амархан бухимдаж, шийдвэр гаргах, дүгнэлт хийхэд бэрхшээл тулгарч байжээ[4].

Тэгвэл бид яах ёстой вэ? Интернет хэрэглээ бидний танин мэдэхүйн чадварт нөлөөлж буй нөлөөллийг бууруулах зарим аргыг танилцуулая.

  • Юун түрүүнд бид булчингаа хөгжүүлдэгтэй адил тархиа ч байнга хөгжүүлж, шинэ зүйл сурч байх хэрэгтэй. Шинэ хүмүүстэй танилцах, газар үзэх, дасгал хөдөлгөөн хийх, өөр төрлийн хоол туршиж үзэх, шинэ зүйл хийж сурах гэх мэтээр. Ингэснээр бид тархиндаа шинэ холбоосууд үүсгэж, мэдрэлийн эсийн сүлжээ өргөждөг байна.
  • Мөн тархиныхаа ачааллыг тохируулж сураарай. Тогтмол хугацаанд завсарлага авч, тогтсон хугацаанд төвлөрч сууж сурвал бид интернетийг зохистой хэрэглэж чадна. Нэг ажил дээр анхаарлаа 30 минут төвлөрүүлэн хийж, 5 минут завсарлага аваад дараагийн ажилдаа ороорой.
  • Эцэст нь цахим орчноос бусад орчинд ч тархиа хурдан ажиллуулж сурах, энэ төрлийн дасгал хийх хэрэгтэй. Шинэ хэл сурах, үг цээжлэх, ой тогтоолт сайжруулах дасгал гэх мэт. Аливаа дадлыг тогтмол хийх тусам хурд нь бага багаар нэмэгддэг юм шүү.

Ц.Цэрэндолгор


[1] How does your memory work? https://www.youtube.com/watch?v=TUoJc0NPajQ

[2] “The Google generation: the information behaviour of the researcher of the future”, I Rowlands, D Nicholas, P Williams; P Huntington, M Fieldhouse, B Gunter, R Withey, HR Jamali, T Dobrowolski, C Tenopir, ASLIB Proceedings, vol. 60, issue 4 (2008), pp. 290-310, The Association for Information Management, Emerald Group Publishing Limited. DOI: 10.1108/00012530810887953. Retrieved 15 October 2013.

[3] Chivers, Tom (2009-10-21). “Internet use ‘may improve brain function in adults’, says UCLA study”. The Telegraph UK.

[4] Shaahin Cheyene (2012-04-04) How the internet is changing our brainhttp://www.huffingtonpost.com/shaahin-cheyene/internet-brain_b_1248845.html