Хэн ч, юуг ч хэзээ ч хариуцахгүй байх болно. Энэ бол эрх баригч намуудын өнгөрсөн хорин гурван жил баримталсан цор ганц зарчим нь юм. Ардчилсан гэх хувьсгалаас хойш Монголын төрийн эрхэнд ээлж дараалан гарч, улс орныг авч явах хүндтэй үүрэг хүлээж, ард түмнийхээ төлөө нойр хоолоо умартан зүтгэх ёстой ч түүнийгээ хэзээд мартагнасан хоёр нам ичих ч үгүй хорин жилийн хойно дахиад л төрийн эрх мэдэлд тэмүүлж сонгуульд оролцох гэж байна.

Өнөөдөр Монгол орон ямар байдалтай байна вэ. Монголын ард түмнийг өнөөдрийн ийм дорой, арчаагүй байдалд түлхэн оруулсан нь хэн билээ. Эрх мэдэлд тэмүүлэхдээ ямар ч гэм зэмгүй цав цагаан цаас, эрх мэдэлд хүрсэн хойно оо сэтгэл зүрхгүй луйварчид, эрх мэдлээс буухдаа улс орон, ард түмний эрх ашигт ноцтой хохирол үзүүлчихээд, хийсэн хэргийнхээ төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй, хэн ч хүлээлгэхийг хүсдэггүй, хэн ямар ч хариуцлага нэхдэггүй, төрд гарч хөрөнгөжөөд л явдаг тийм л дампуурсан тогтолцооны дүр зураг хөвөрч байна.

Монголын төрд хорин гурван жил ноёлсон хоёр нам эх орон, ард түмнийхээ төлөө чухам юу хийсэн юм бол.

1992 оны сонгууль: Анхны УИХ-ын сонгуульд ардчилагчдын толгой дээр цахиур хагалж МАХН үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэд 76 суудлын 70-ыг нь авсан бол ардчилсан хувьсгалыг хийгчид буюу МСДН-1 суудал авч, МоАН, Нэгдсэн нам, МҮДН-ын эвсэл 4 суудал авчээ. Бие даан нэр дэвшиж сонгогдсон Г.Зуунай нь МАХН-ын гишүүн байсан ажээ. Үүнээс харахад цагаан морин жилийн гэх сүрхий тодотголтой нөгөө ардчилсан гэх хувьсгал нь илт замхарчихсан нь харагдаж байна. Ардчилагчдын төрөөс буулгах гэж хувьсгал хийх замаар тэмцээд байсан МАХН нь ялалт байгуулаад тугаа намируулчихсан ажээ. Хувьсгал яасан бэ.

Устгана гэж орилоод байсан намт төр нь улам бэхжчихсэн байна. Хувьсгал гэж хийсний утга учир нь юу байсан юм бэ. Цөөн тооны хэдэн нөхрийг л төрийн эрх мэдэлд хүргэх гэж, баяжуулах гэж ард түмэн хувьсгал хийсэн хэрэг болж таарч байна уу. Төрөөс буулгах гэж тэмцэлдсэн нөхдүүдтэйгээ тохой залган суугсад ер нь юу хийв ээ.

1992-1996 онуудад өмч хувьчлал нэр дор луйвардах залилах үйл ажиллагаа эхэлсэн. МАХН-ын гишүүн байж байгаад АН-аас дэвшиж Ерөнхийлөгч болсон нөхрийн санаачилсан алт хөтөлбөр гэгчийг нь тухайн үеийн парламент баталсан. Үүний үр дагавар нь одоо ч гэсэн нэхэл хатуутай л явна. Арга ч үгүй дээ газар нутгаа сүйдэлж, гол горхио ширгээж, нинжа гэх бүхэл бүтэн нийгмийн давхарга бий болгох дээрээ тулчихсан юм чинь. Энэ бүхний хариуцлагыг нь одоог хүртэл хэн ч хүлээгээгүй л байна. Хүлээх эзэн ч олдохгүй биз дээ. Тэдний баримталдаг хатуу зарчим бол зарчим.

1996 оны сонгууль: УИХ-ын сонгуульд МҮАН, МСДН-ын “Ардчилсан Холбоо” эвсэл 50 суудал авснаар засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болсон. Харин МАХН түүхэндээ анх удаа сөрөг хүчин гэсэн нэр авсан. МАХН 25 суудал авч үлдсэн нэг суудлыг нь МУНН эзэлжээ. Энэ хугацаанд улс оронд жинхэнэ сүйрэл, тонуул эхэлсэн. Өмч хувьчлал нэрээр төрийн өмчийг үнэгүйдүүлэн завшигчид олноор төрж “Мах Импекс”, “Спирт Бал бурам”-аас өгсүүлээд томоохон үйлдвэр аж ахиун нэгжүүд хувьчлагдсан. “Сэргээн босголт”, “ХОТШ”, “Ард” гэх томоохон банкууд дампуурлаа зарлаж, засгийн газар нь ээлж дараалан огцорч, дараа дараагийн ээлж нь амаа билүүдэж Монгол орон уналтанд орсон юм. Энэ бүх сүйтгэлийн хариуцлагыг хэн ч хүлээгээгүй, хэн ч хариуцлага нэхээгүй. Хариуцлага сахилга бат гэдэг юм Монголд алдагдсан юм.

2000 оны сонгууль: МАХН 72 суудал авч үнэмлэхүй олонхи болж, МҮАН, МШАН –ын “Ардчилсан Холбоо” эвсэл, ИЗН, Ногоон намын “Иргэнхий Зориг-Ногоон нам эвсэл, Эх Орон-МАШСН тус бүр 1 суудал авч, бие даагч Л. Гүндалай нэг суудал авчээ.

Энэ засгийн газрын үед Усан цахилгаан станц барьж байгуулах нэрийдлээр асар их хэмжээний хөрөнгө мөнгө зарсан ч одоо хүртэл үр ашиг харагдахгүй байна. Мөн тогтвортой байдлын гэрээ нэрээр томоохон луйвар явж, орлогын албан татвараас олон жил чөлөөлөгдсөн компаниуд Монголын дансанд нэг төгрөг ч оруулахгүй богино хугацаанд Монголын баялгийг цөлмөн дуусгасан. Жишээлбэл: “Цайрт Минерал”, “ Бороо Гоулд” гэх мэт. Энэ үед төр засгийн албан тушаалд байсан нөхдүүдтэй Монгол улсын эрх ашгийг хохироосон гэдгээр бас л хэн ч хариуцлага тооцоогүй.

2004 оны сонгууль: МАХН 36, Ардчилсан Нам 36, Эх Орон Намын “Эх орон-Ардчилал” эвсэл 3, БНН 1 суудал авч, Ардчилсан Намын 3 гишүүн бие даан нэр дэвшиж сонгогдсон. Энэ хугацаанд олон олон төрийн өмчит компаниуд, банкууд хувьчлагдсан. “Говь”, “АПУ”, мөн “Худалдаа Хөгжлийн Банк”, “ХААН” зэрэг банкуудын хувьчлал явагдсан. Энэ үеийн хувьчлал төрийн томоохон албан тушаалтангуудтай одоог хүртэл холбогддог. Мөн тогтвортой байдлын гэрээ нэр дор олон ч луйвар явагдсан гэдэг. Үүнээс далд явагдсан хулгай дээрмийн ажиллагааг тоочихын аргагүй биз. Бие биенийхээ бүх далд луйвар, гэрээ хэлэлцээрийг мэдсээр байдаг эрх баригч намуудын нөхдүүд хэзээ ч бие биендээ хариуцлага тооцох чадвар байхгүй нь олон зүйл дээр ил болж байна.

2008 оны сонгууль: МАХН 45, АН 28, Ногоон Нам, Иргэний Хөдөлгөөний Намын “Иргэний эвсэл” 1, ИЗН 1, бие даагч 1( З.Алтай ) сонгогдсон байна. Ялсан, ялагдсан гэх намуудын тэмцлийн гайгаар 5 халуун амь тасарсан. Монгол хүний амиар наадчихаад дараа нь юу ч болоогүй мэт тэврэлдсэн стандарт бус гэж нэрлэгдсэн энэ засгийн үед улс орны эрх ашгийг хохироосон Оюу-Толгойн гэрээ хийгдэж, Таван-Толгойн луйвар явагдаж, дөрвөн зүг, найман зовхист Монголын баялаг гадагшаа хөвөрч, газар нутгаа худалдсан гэх яриа гарч түүнийг нь батлах мэт тэр газар нь харийн иргэд бөөн бөөнөөрөө ирж байна.

Мөн дэлхий нийтийн гай гамшиг болсон цөмийн хаягдлын гэрээ хэлцэлийн асуудал дэлгэгдэж, дэлхий нийтийн авлига, ардчиллын индексээр санаанд оромгүйгээр ухарч, хэвлэлийн хагас эрх чөлөөтэй гэж нэрлэгдэж, харийн ажилчид воган, воганаараа Монголд ирж, эх нутгаар минь таран суулаа.

2012 оны сонгууль: АН хоёр дахь удаагаа олонхи болж ардчиллаа байгуулна гээд самарч байна. Төсөл төлөвлөгөөгүй ажлууд зөвхөн цаг мөнгө үрсэн хоосон шоу болж хувирч байна. Сөрөг хүчин нь дэндүү сул дорой учраас эрх баригчид ард түмнийхээ үгийг ч үл тооно.

Энэ бүх хор хөнөөлт зүйлс үргэлжилсээр л, тусгаар тогтнолоо эмгэнэлтэйгээр алгуурхнаар алдаж буйн хариуцлагыг хэн хүлээх вэ. Хүлээх эзэн олдохгүй бүгд л сурсан аргаараа бие бие рүүгээ чихэж, өөрсдөөсөө холдуулж, гал унтраах арга л хэрэглэж байна. Өнгөрсөн хорин гурван жил энэ улс оронд гай гамшиг, сүйрэл мөхлөөс өөрийг авчраагүй эрх баригч хоёр нам ичгүүр сонжуургүйгээр төрийн ордонд байтугай сонгуульд ч оролцох эрхгүй шүү дээ.

Төрийн толгойд буй нөхдүүд хариуцлага, сахилга батгүй байна гэдэг ямар их хор хохиролтойг бид харж байна. Энэ улс орон дураараа дургигсадын дур хангах хэрэгсэл байж болмооргүй юм шиг. Монгол төрд хариуцлага сахилга бат хэрэгтэй. Үүнийг ард түмний дэмжлэгтэйгээр тэдний төлөө ажиллах хүмүүс л зогсоож чадна. Энэ бүх дампуурлыг зогсоох цаг болоогүй гэж үү.

А.Ганбаатар