Ард түмэн бид амлахдаа сайн биш, амлалтаа ажил болгохдоо гаргууд эрхмүүдэд илүү итгэнэ. Харин манай нийгмийн хувьд аль нь дийлэнх болоод байна вэ гэдэг дээр эргэлзэх зүйлгүй.

Мэдээж сонгууль хэмээх нэр сонсогдмогц түүнтэй уралдан янз бүрийн уриа лоозон чих дэлсэнэ. Хүүхдийг гоё ганган цаастай чихэр, сэлтээр хуурдаг шиг ард иргэдээ яруу сонсголонтой, харахад бахдалтай, бичихэд урамтай боловч үнэндээ утгын авцалдаагүй, нийгмээ мэдрээгүй үг, өгүүлбэрээр мэхлэн хөөрхийлөлтэй байдалд оруулсаар байгаа нь юуны учир вэ? Үүний хариуг хүн бүр дор бүрнээ тунгаах биз.

Ингээд эрхэм төрийн түшээд сэтэртнүүдийн 2012 оны сонгуулиар гаргаж байсан уриаг өнөөгийн байдалтай буюу бодит байдалтай харьцуулан авч үзлээ.

  • Ардчилал, хүний эрх, шударга ёс хэмээх үгсээр нүүр царайгаа тодорхойлсон “Ардчилсан нам” “Хүн шиг амьдаръя, Улс шиг хөгжье” гэсэн уриатайгаар сонгуульд оролцсон. Энэхүү уриаг өнгөц харах юм бол ямар сайхан ирээдүй харагдсан, хүнээ бодсон уриа вэ гэмээр. Гэтэл хүн шиг амьдаръя гэхээр бүгдээрээ амьтан шиг амьдарч байна, одоо хүн шиг амьдаръя гэсэн үг болох нь ээ.
  • Харин Монголын томоохон улс төрийн хүч гэгддэг “Монгол ардын нам”-ын хувьд “Иргэнд тэгш боломж, нийгэмд шударга ёс” хэмээх уриа лоозон барьсан. Энэ “тэгш боломж, шударга ёс” гэсэн үгс их сонирхол татмаар. Тэгш боломж гэж яг юуг хэлээд байна вэ? Тэгш эрх юм уу, аль эсвэл адилхан нөхцөл байдал юм уу? Хүмүүс тэгш боломж гээчийг эдлэх боломжтой юу ер нь. Тэгш боломж бий болгож байна гээд бүгдийг нэг шугамнаас уралдуулбал юу болох бол. Хүн бүр дахин давтагдашгүй, өөрийн гэсэн онцлогтой, чадамжтай, боловсролтой шүү дээ. Тэр бүгд огт хамаагүй юу?
  • Бусад нам эвслийн хувьд ч “Монголдоо сайхан амьдаръя”, “Хүн ард минь нэгдээрэй, хөх монгол минь сэрээрэй гээд л уриалж өгч байсан. Монгол хүмүүс тэгтлээ унтчихсан байгаа гэж үү? Эсвэл ард түмний үг сонгуулиас бусад үед ер сонсогддоггүй, хийж байгаа үйлдэл, тэмцэл тэр бүр мэдрэгддэгүй юм болов уу?

Мөн улс шиг хөгжье гэдэг нь өмнөх энэ олон он жилүүдэд улс шиг хөгжиж чадаагүй гэсэн үг үү? Тэгээд хүн шиг амьдарч чадахгүй, улс шиг хөгжиж чадахгүй байгааг мэдсээр байгаа атлаа яагаад заавал сонгуулиар гэнэт ухаарсан юм шиг дүр эсгэдэг юм бол.

Нөгөөтэйгүүр шударга ёс гэдэг чухамдаа юу сан билээ. Аль эртнээс л шударга байцгаая, шударга ёсоо дээдэлье гэсээр өнөөг хүрсэн. Гэтэл яагаад шударга бус ёс ноёлоод байна.

Сонгуулиа шударга л явуулмаар байна. Даанч саналаа худалдчихна, худалдаад авчихна. Хүн бүр гадаадад сурах боломжтой баймаар байна. Даанч том дарга цэргийн хүүхдүүд, хамаатан садан байх ёстой гэсэн шалгуур далдаас далд тавигдана.

Ингээд бодохоор “тэгш боломж, шударга ёс” гэдэг зүгээр л гоё чамин үгтэй үлгэр болж таарлаа.

Монголдоо хэн ч гэсэн сайхан амьдарчмаар л байна ш дээ. Дан ганц тэр нөхцөл боломжийг нь бүрдүүлээд өгчмөөр байна. Тэгэхээр энэ бас л сайхан үгэнд дулдуйдсан оновчгүй уриа. Үүний оронд “Монголдоо сайхан амьдрах боломжтой” “Хамтдаа Монголдоо сайхан амьдралыг бүтээе” гэвэл бас нэг өөр хэрэг. Товчхондоо бол илүү бүтээлч уриа л баймаарсан. Түүндээ тэгээд хүрдэг бол бүр ч зүгээрсэн.

Бид хэчнээн жил сонгууль өгч, хэдэн жил амлалт, уриа лоозон сонссон билээ. Гэтэл өнөөдөр дээрдсэн юм нэгээхэн ч алга. Улам л ядуурсаар, ялзарсаар, доош шигдсээр, доош нь чихсээр л...


Олон жилийн өмнөх амлалт одоо ч хэвээр л байна. Иргэд үнэндээ туйлдаж ханалаа. Харж залхлаа. Гэвч хамгийн гол нь сонгуулиар хэлдэг гоё сайхан үг, нүд баясгаж чих мялаамаар яруу тансаг амлалтуудыг худлаа хоосон үг гэдгийг иргэд мэддэг болсон нь олзуурхууштай хэрэг. Тийм болохоор хийж бүтээх, хэрэгжиж болохоор зүйлийн талаар л хаа хаанаа ярьж хэлдэг байгаасай. Цаашлаад болж өгвөл өнгөрсөн хугацаанд хэлсэн, амласан, уриалсан үг бүхнээ эргэн харж эзэн суугаасай, за тэгнэ гэдэг үлгэр юмаа гэхэд цаашид анхаараасай гэж өчүүхэн нэг иргэн би хүсэх байна.


Б.Батцэцэг