Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн 9 сарын 1-н бүрт ерөнхий боловсролын сургуулиудад хичээл заадаг уламжлал тогтоожээ. Өнгөрсөн жилийн “Хүн болох багаасаа” нэртэй нэвтрүүлгийн анализ манай сайтад байралжээ. Түүний уншаад нэг зүйлийг харлаа. Хүүхдийг “хүүхэд гэж бодоод худал хэлж болохгүй” л баймаар манай ерөнхийлөгч “яагаад хүүхэд уйлдаг вэ” гэсэн асуултанд хариулахгүй худлаа ярина вэ? Монголоо санасан учраас уйлдаг юм гэж онигоо шиг хариулт өгч байгаа нь хүүхдүүдийг доромжилж байна гэж ойлгох уу.

Удахгүй энэ жилийнхээ хичээлийг хүүхдүүдэд зааж, түүнийгээ орон даяар цацах юм гэнэ. Хичээлийн нэр нь “Хуулийн засаглал ба хүүхдийн оролцоо” нэртэй. Энэ хичээл хууль эрх зүйн хичээл үү эсвэл социологийн хичээл үү. Аль эсвэл ерөөсөө ерөнхий сэдэв үү. Хуулийн засаглал гэдэг энэ сэдвийн талаар ерөнхийлөгч өөрөө юу мэдэж байгаа вэ? Энэ сэдэв бол улс төрийн том сэдэв. Үүний талаар ерөнхийлөгч маань ямар ном уншсан бэ, ямар доктор профессоруудаас зөвлөгөө авсан бэ? Эсвэл интенетээс юм уншиж, хуулаад хичээл заах гэж байна уу? Эсвэл өөрийн хувийн хүсэл, санаагаа ярих гэж байна уу.

Хуулийн засаглалийг хүүхэдтэй яаж холбож байгаа вэ? Энэ хоёр сэдэв бол тэнгэр газар шиг хол бөгөөд ялгаатай сэдэв. Үүнийг заавал холбох гэж байгаагийн зорилго юу вэ?

Энэхүү лекцийн чинь зорилго юу вэ? Хүүхдүүд энэ хичээлээс юу ойлгох ёстой вэ? ямар насны хүүхдүүдэд зориулж байгаа юм бэ? Үүний ойлгодог хүн хэд гэж бодож байна. МУИС-ийн ХЗС-ийн оюутнууд ч энэ сэдвийг ойлгоогүй алхаж байгааг та мэдэх үү.

Манай улсыг дампуурч буй шалтгаан юу вэ гэдгийг мэдэх үү. Бүх юм хуулийн дагуу дампуурч байна. Улс төрчид нь хуулийн дагуу сонгууль луйвардаад төрд гарч байна. Төрөөс тендер нэрээр хуулийн дагуу хулгай хийж байна. Шүүх хуулийн дагуу хулгайчдыг толгой илсэн шийдвэр гаргаж байна. Бүх зүйл хуулийн дагуу шүү. Хууль зөрчсөн үйлдэл байхгүй шүү. Бүх хэргүүд хууль шүүхийн байгууллагаар хууль зөрчөөгүй гэсэн л дүгнэлттэйгээр хэрэгсэхгүй болдог шүү дээ. Та нарын баталсан хууль чинь улс орныг дампууруулж байна. Яагаад гэвэл баталсан хууль чинь хулгай луйвар хийх цонхнууд хангалттай байна шүү дээ.

УИХ-ын гишүүд бүгд хуулийн дагуу сонгогдсон. Гэтэл тэд мөнгө тарааж, ард түмэнд худлаа амлалт хэлсэн. Гэхдээ энэ таны шүүхээр бүгд хуулийн дагуу шүү дээ.

Хуулийн засаглалын талаар та хүүхдэд биш харин УИХ болон засгийн газрын гишүүдэд лекц унших хэрэгтэй. Энэ сэдэв хүүхдэд үнэндээ хамаа байхгүй. Харин та хүүхдийн зовлонг сонсож, өмнө нь тулгамдаа байгаа асуудлуудыг ярих хэрэгтэй. Магадгүй таньд тэд бараг лекц уншина даа.

Одоо энэ бүхнийгээ зогсоох болоогүй юу? Та дахиад л хүүхдүүдэд худлаа ярьж улс төрийн шоу хийх гэж байгаа юм уу. Та хүүхдүүдээр өөрийн чинь хийж байгаа үйлдлүүдийг хуулийн дагуу гэж хүлээн зөвшөөрөөсэй гэж хүсээ юу? Одоо болох юм биш үү. Зогсох болоогүй юу?