Хуулийг хэд, хэдээр нь ялангуяа тэмдэглэлт баярын өдрийн өмнө хэдэн арваар нь ёстой л бөөндөнө гэдэг шиг баталсан тохиолдол парламентад бий. УИХ-ын чуулганы танхимд хэрэлдэн байж баталсан хууль нь өнөөдөр амьдрал дээр хэрэгжиж чадаж байна уу. Сүр дуулиантайгаар хууль батлах ч яахав нэг хэрэг. Харин хэрэгжүүлнэ гэдэг асар чухал. Гэтэл энэ механизм манайд алга гэхэд буруудахааргүй байна. Тухайлбал “Урт нэртэй” хууль байна. Гол мөрний урсац, бүрэлдэх эхийг хамгаалж, ухуулж сэндийчлүүлэхгүй байх зорилгоор энэ хуулийг баталсан. Нэг талаараа сайн боловч, нөгөө талаар хөрөнгө оруулагчдыг үргээсэн гэх зэргээр тайлбарлаж байв. Харин уг хуулийг батлаад хоёр жил гаруй хугацаа өнгөрчихөөд байхад хэрэгжүүлж чадахгүй л сууна. Хуулийг хэрэгжүүлж эхлэх эхний хоёр жил гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хил заагийг тогтооход зарцуулжээ. Мөн энэ хугацаанд хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байсан компаниудын үйл ажиллагааг нэг л өдөр зогсоосон. Үүнээс болж тусгай зөвшөөрлөө цуцлуулсан 2000 орчим компанид нөхөн олговор олгох шаардлага тулгарсан. Энэ нь эргээд төсөвт ихээхэн дарамт учруулсан юм. Төсөв даахааргүй их мөнгийг компаниудад өгч чадахгүй нь мэдээж. Ингээд л “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлж чадсангүй. Харин улстөрчдөд хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулахаас өөр сонголт үлдсэнгүй. Ямарсайндаа УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааныг өнгөрсөн сард хуралдуулж, хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцсэн. Гэвч одоог хүртэл хэлэлцэн батлаагүй л байна. “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар дээрх хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах болон дуусгавар болох хүртэлх хугацаанд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах журам, гэрээний загварыг Засгийн газар батлахаар өөрчлөлт оруулахаар байгаа. Гэвч одоогоор уг хуулийн ажлын хэсэг хуралдаж, ямар өөрчлөлт оруулах, хэрхэн сайжруулах талаар ярилцаж байгаа юм. Гагцхүү батлаад орхих биш хэрэгжүүлэхэд нь анхаарал хандуулах ёстой мөн шаардлагатай.
Мөн Тамхины хяналтын тухай хууль гэж бий. Энэ хууль батлагдснаас хойш олон нийтийн газар тамхи татах нь багасч, цэнгээний газрууд тамхи татуулахаа больсон. Энэ бол маш сайшаалтай боловч мөн л хуулийг хэрхэн хэрэгжүүлэх механизмыг нь тодорхой болгоогүй. Олон нийтийн газар тамхи татахгүй гэж хуульдаа заачихаад тамхи татах цэгийг нь байгуулаагүй. Байгуулах нь тодорхойгүй байсан. Нэг хэсэг хуулийг хэрэгжүүлээд л, тамхи татан зогсож буй хүнийг уншигч та нэг их харахгүй байсан байх. Харин өнөөдөр бол өөр байна. Монголд хууль 10 хоног хэрэгждэг гэлтэй л байх юм. УИХ-ын эмэгтэй гишүүд Тамхины хяналтын тухай хуульд тамхи татаж болохгүй газар тамхи татсан иргэнийг 50 мянган төгрөгөөр торгохоор тусгасан. Үүнийг хянаж байгаа цагдаа нар ч байв. Харин өнөөдөр хэчнээн иргэн торгуулж байна, торгуульсан мөнгийг хаана зарцуулж байна. Бас л эргэлзээтэй. Тамхи татсан хүнийг харсан ч, хараагүй юм шиг царайлж, байх ёстой хууль байдаггүй юм шигээр аашлах хүн ч олон. Энэмэтчилэн хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдол их байна. Энэ бол эхний жишээ буюу ойрын үед батлагдсан хуулиуд.
УИХ хууль баталдаг. Харин Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл парламентын гишүүд нь хуулийг бөөндөж батлаад, гүйцэтгэх засаглалынхан нь тодорхойгүй журмаар хуулийг сайн хэрэгжүүлж чаддаггүй. Иймэрхүү байдлаас болж хуулийн үнэ цэнэ унаж байна. Түүнчлэн улстөрчдөд хуулийг хэрэгжүүлэхгүй байх, цаашлаад өөрчлөх шалтгаан бий. Ийм зорилготойгоор ажилладаг буюу ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд парламентад сууж байгаа. Учир нь Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль мөн л хэрэгждэггүй. УИХ-д бизнес эрхэлж байсан одоо ч эрхэлж буй олон гишүүн бий. Бараг дийлэнх нь хувийн бизнестэй. Гэтэл өнөөдөр өөрийн эрх ашигт нийцсэн, нийцэж болох хуулийн төслийг батлахаар дуугарч байгаа нь ашиг сонирхлын зөрчил. Харин энэ ашиг сонирхлын зөрчлийг арилгахын төлөө хэн ч зүтгэдэггүй. Зүтгэхийг ч хүсэхгүй нь тодорхой юм.
Монгол Улс хэрэгждэггүй хууль “үйлдвэрлээд” яах юм бэ. Хэнд ашигтай вэ. Улстөрч, мөнгөтэй бизнемэн хүмүүс хуулийг хэрэгжүүлэхгүй, гэтэл энгийн ард иргэдэд хууль төр төмөр нүүртэй гэдэг шиг үйлчлээд байгаа нь шударга ёс хэрхэвч биш. Тиймээс хэрэгжүүлдэггүй, хэрэгжүүлэхийг хүсдэггүй хуультай орныг Монгол байлгахгүйн тулд ийм сэтгэхгүй, шударга бус байдлаасаа салмаар байна, улстөрчид өө.
Ц.Энх
eagle.mn