Тун удахгүй төрийн ордонд боловсролын том хурлын арга хэмжээ хоёр дахь удаагаа явагдах гэж байна. Хэдхэн өдрийн өмнө 1000 багш хүмүүжүүлэгч оролцсон том хурал болж өнгөрсөн. Хэдхэн өдрийн дараа бүх их, дээд сургуулийг хамарсан том хуралтай гэж дуулдсан. Харин маргаашийнх нь “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” гэсэн улиг болсон нэр, сэдэвтэй хурал боловч яамнаас нарийн зохион байгуулалттай, асар өндөр ач холбогдол өгч буй нь бүр анх санаачилга гарсан цагаасаа л харагдаж байв.


Хоёр өдөр үргэлжлэх энэ арга хэмжээний эхний өдөр аймаг, орон нутгаас ирсэн олон зуун багшийг ордны их танхимд урилгаар оролцуулж, улсын филормоны симфони найрал хөгжмөөр төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал”-ыг тоглуулах Монголын боловсролыг сэрээж өөд нь татъя гэсэн санаачилга сайдын хэмжээнд үнэлэгдсэн юм байх.


Энэ аялгуут сайхан хөгжмийн араас Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр хуралд оролцогсдод мэндчилгээ хэлүүлж, төлөөлөгчдөөр дамжуулан Монголын нийт багш нарт аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлгөнө. Энэ хуралд оролцогсдын сэтгэл нь сэргэх нь дамжиггүй тул удтал алга ташихыг ч хүртэл бодолцсон нь лавтай. Нэг үгээр хэлбэл нээлтийн арга хэмжээг дээд хэмжээнд, ёслол төгөлдөр байхаар төлөвлөжээ.

Гэвч “Гай газар доороос, гахай модон дотроос” гэгчээр хэдхэн хоногийн өмнө төрийн ордны багтаамжаас болж багш нарын тоо 1200-гаас 800 болтол цөөрч… Бас нэг хэсэг янз бүрийн урлагийн тоглолт явуулсаар байгаад төрийн ордноо соёлын ордон шиг болгочихсон тул төрийн дуулал, шагнал гардуулах ёслолын хөгжмөөс өөр соёлын арга хэмжээ явуулахыг хориглосон гэдгийг яамныхан дуулаад хүнд байдалд орсон сурагтай.


Гэхдээ л маргааш багш нараар дүүрсэн ордны их танхимд хурал эхэлдгээрээ эхэлж, хурал нээдэг хүмүүс үгээ хэлдгээрээ хэлцгээж, том боловч хоосон, сүржин мөртлөө даржин илтгэлүүд ар араасаа хөвөрнө.


Эцэст нь хурал “тун ч амжилттай” явагдаж дуусаад өндөрлөж, багш нар сэтгэл хангалуун, “Нарантуул”-аас амжиж авсан бараа таваараа базаагаад, нутгийн зүг хүлгийн жолоо татах үйл ажиллагаа эхлэх нь ээ!

БСШУСЯ-ныхан сүүлийн арваад жилийн турш хэчнээн тэрбумыг ийм хэлбэрийн хурал, цугларалтад зориулсан бол оо? Тоо баримт сонсож байхад Ц.Элбэгдоржийн зохион байгуулсан АСЕМ-д тавин тэрбумыг цацсан гэдэг. Үр дүн нь харагдах баригдах юмгүй ч зардал мөнгө нь халгиж цалгитал урссан иймэрхүү хурал зөвлөгөөнүүд зарим хүний жигшлийг төрүүлж байхад заримынх нь атаархлыг хөдөлгөнө. Багш нарт цалингаа нэмүүлэх санаа сэдэл төрүүлэх гэж байгаа юм шиг тийм үрэлгэн цацалган байдлыг яамныхан өөрсдөө үзүүлсээр байдаг.

Ямар ч ач холбогдолгүй юманд хэдэн зуун саяыг үрэн таран хийхийг нь харах бүрийдээ хэн ч гэсэн мөнгө бол цаанаа байдаг л юм байна, тэгээд багш нарын цалинг яахаараа нэмж болдоггүй юм бэ? гэсэн асуулт гарч л таарна. Тэдний ажил хаялт ч яг л үүнийг харуулсан болов уу.

Өнгөрсөн жилүүдэд хөрөнгө мөнгө цацсан иймэрхүү тансаг баярын цуглаан нэг биш удаа зохион байгуулагдаж байсны тод жишээ нь боловсролын 90 жилийн ойг багш нар хоёр жил дараалан нижгэр сайхан тэмдэглэсэн явдал юм. Үүнийг санах хүмүүс цөөнгүй байгаа биз. Эхнийхийг МАН-ын, дараагийнхыг нь АН-ын сайд санаачлан тэмдэглэж багш нарыг бөөн одон медаль, мөнгө төгрөгөөр урамшуулж өнгөрсөн юм даг. Ийм арга хэмжээг телевизээр харж суугаа хүнд багш нараараа, Монголын боловсролоор бахархах сэтгэл төрж л таараа.

Ганц боловсролын ч биш бүх яамдад байдал нэг иймэрхүү л байгаа. Танхимаа өөрийн итгэл үнэмшлээр бүрдүүлж чаддаггүй юм аа гэхэд сайд дарга нар, салбар яамдынхаа үйл ажиллагааг хянаж барьж чадахгүй юм бол Ерөнхий сайд болох, байхын ач тус, нэмэр гэж ер юу байна аа?


У.Хүрэлсүхийн хувьд эргэлтийн шинжтэй ямар нэгэн юм бодохгүй л бол, цааш ингэж сажилбал санаж зорьсон ажил бүтэж, улс орны байдал, боловсролын тогтолцоо сайжрахгүй нь тодорхой.


Ингээд бодохоор л Улсын Их Хурлыг тараах цаг яах аргагүй болсон гэдэг нь өөрийн эрхгүй бодогдох юм. Хоёрын хооронд ордонд зургаа өлгүүлмээргүй байна гэсэн утгатай унагасан түүний үг надад энэ хүнийг арай өөрөөр ойлгуулсан юм сан. Гэвч бодит байдал яг түүний эсрэг зогсож байхад яалтай билээ.

Үнэн хэрэг дээрээ маргаашийн энэ хурал, сайддаа нэр нүүр олж авах гэсэн яамны нэг хурган даргын сэдэл санаачилга л байх, ийм нэр төр хөөцөлдсөн санал санаачилга яван явсаар бүр Ерөнхий сайдад хүрч, түүнийг татан оролцуулах, улмаар түүний “ивээл дор” гэсэн нэр хаягтай болгож аваад, өөрийг нь биечлэн оролцуулж олны өмнө үг хэлүүлэн, худал хуурмаг арга хэмжээнийхээ нэр төрийг өргөж, хариуцлагыг далдуур тохож авах гэсэн башир арга хэмжээ болох тийшээгээ хандчихлаа.


Ийм примитив ялзарлаас У.Хүрэлсүх ядаж боловсролыг гаргах ёстой.


Харамсалтай нь үнэн үг хэлэх хүмүүст энэ хурлын индэр зориулагдаагүй, үг хэлж чадах зориг, сэтгэлтэй хүмүүсийг тэнд уриагүй, урих ч үгүй. Тиймээс маргааш нөгөөдрийн хуралдаанаас Монголын боловсролд хүсэн хүлээгдэж буй асуудлууд хөндөгдөнө гэж хүлээж, найдахын хэрэггүй. Төрийн бодлогын цөмийг орлох болсон “Кембриж”, “Цөм” гэгдэх том том хөтөлбөрийн талаар ч олигтой юм яригдахгүй байх. Тэгээд юу яригдах юм? Шил шилээ дарсан дараах илтгэл, сонсголууд хөтөлбөрт зохих байр байраа эзлэн Засгийн Газрын ордны индрээс орон даяар цуурайтах бололтой.

Гол илтгэлүүд гэвэл:

  • Ерөнхий боловсролын эрх зүйн ШИНЭЧЛЭЛ
  • Сургалтын чанар үнэлгээний ШИНЭЧЛЭЛ
  • Хүүхдийн хүмүүжил, хамгааллын бодлогын ШИНЭЧЛЭЛ
  • Багшийн цалин хөлсний ШИНЭЧЛЭЛ
  • “Боловсролын тухай хууль”-ийн ШИНЭЧЛЭЛ
  • Үр дүнд суурилсан цалин хөлсний ШИНЭЧЛЭЛ
  • “Бага дунд боловсролын тухай хууль”-ийн ШИНЭЧЛЭЛ


Жич: ШИНЭЧЛЭЛ гэдэг үгээс яамныхан одоохондоо уйдаагүй байна. Гэтэл шинэчлэл гэдэг үг шиг хамгийн их хэлмэгдсэн үг 90 оноос хойш байхгүй. Энэ үг төр засагт гарсан хүмүүсийн арга чарга, хууран мэхлэх арга хэлбэр гэж ойлгогдон утгаа гээх хэмжээнд нэгэнт хүрчихсэн.

Р.Энхбат