Төрөөс их хэмжээний мөнгө идэж ууснаараа одоо эрх баригчид "од" болсоор. Төрөөс идэж уусан мөнгөнийхээ хэмжээгээр уралдацгааж үүнийг одоохондоо Монгол улсын Боловсролын сайд байсан Ё.Отгонбаяр тэргүүлж байна. Тэрээр хүн дарамталсан, авлига өгөхийг шаардсан, хүний эд хөрөнгө дээрэмдсэн гэх мэт олон гэмт үйлдлүүдийг хийжээ. Хамгийн гол эмзэглэж байгаа асуудал юу вэ гэхээр Монгол улсын боловсролын асуудал хариуцсан сайд хүн ийм л нэг өөдгүй, адгийн гэмт хэрэгтэн байсан гэж бодохоор боловсролын салбар дампуурах нь тодорхой юм шиг санагдлаа.
Энэ хүн төрд байхдаа идэж ууж, дараагийн их хуралд суухын төлөө л ажилласан болохоос монголын үр хүүхдийн ирээдүйн төлөө зүтгэсэнгүй. Боловсролын салбар бизнесийн салбар болсон нь энэ нөхөртэй л холбоотой. ШУА, ИС-иуд болон ЕБС-иуд жилээс жилд чанар нь муудаж, зүгээр л “хэлбэр төдий” үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болж байна. ШУА гэж ёстой нэгэн судлаачийн хэлснээр “шинжлэх ухаан” гэдгээ ч мэдэхгүй хэдэн өвгөчүүд болон тэднийгээ “бурханчилсан” хэсэг залуучуудын байгууллага болсон. Юу ч хийж бүтээдэггүй, ашигт үйлийн кэоффицент багатай газар болжээ. Их Сургуулиудын тухай ярихад бас л хэцүү. Бас нэгэн шүүмжлэгч залуу “Их Сургуулийн багш нар нь оюутнуудаасаа доор мэдлэгтэй” гэсэн нь голыг нь олж хэлсэн үнэн үг. Бодит байдал ийм л байгаа. Нуугаад байх хэрэг байхгүй. За ЕБС-иуд гэж ёстой “туршилт”-аар бөмбөгдүүлж бас дээр нь их улс төржсөн газар байна. Энэ бүхнийг манай төр засаг өөрсдөө бий болгосон. Тэдний буруу бодлого болон хязгааргүй шуналын гороор бий болсон.
Боловсролын салбартай адил дампуурсан газар бол эрүүл мэндийн салбар. Эндээс ч бас олон алдарт хулгайч луйварчид тодорсон. Улс орны амин чухал хоёр салбар дампуурсан байгаа нь Монголчуудын хөөрхийлөлтэй байдлыг илтгэнэ. Өвчний үүр болсны дээр мухар сүсэгт баригдсан хүмүүс тэгээд хөгжил дэвшлийг авчирч чадах уу. Үүнийг эр баригчид анхаарах цаг нь болжээ.
Монгол улсын боловсролын салбарыг дампууруулахад хүчин зүтгэсэн хүний нэг бол Ё.Отгонбаяр. Төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нэрээр төрийн мөнгийг халаасалж эхнэр хүүхдийнхээ төлөө зарцуулсан эр.
Аливаа оронд Боловсролын сайд хүн номоороо болхамгийн боловсорсон хүн байх ёстой. Гэвч манайд хамгийн боловсроогүй гэмт хэрэгтэн байжээ. Шуналын цагаан солиотой гэмт хэрэгтэн энэ салбарыг удирдаж байсан юм чинь дампуурах нь аргагүй юм даа. Ё.Отгонбаяр эрүүгийн гэмт хэрэг хийсэн төдийгүй мөн ёс суртахууны алдаа гаргасан. Тиймээс түүнийг гэм бурууг илчилж, зохих шийтгэлийг оноох ёстой.
Боловсролын асуудал бол улс орны амин чухал асуудал байдаг бол манай улс сүүлийн 20 жил зүгээр л зөнд нь орхисон. Өнөөдөр энэ салбарыг өөд нь татах гэж шинэ сайд хичээж байгаа боловч олигтой үр дүнд хүрэхгүй. Яагаад гэвэл өөрөө сайд маань боловсол, мэдлэг багатай хүн байна. Улс орныхоо төлөө юм хийё гэсэн сайд байсан өөрөө мэддэггүй юмаа гэхэд мэддэг чаддаг хүмүүсийг нь урьж авчираад дэмжлэг туслалцаа авах эсвэл хамтраад ажиллаж болно доо. Даана ч юм мэддэг хүмүүсээ дөлж зугтаагаад байх юм. Мэдлэг боловсролтой хүмүүст сандал ширээ, эрх мэдэл биш харин улс орныхоо төлөө зүтгэх боломж л хэрэгтэй байдаг юм шүү дээ.