Цалин нэмэхээр болжээ, гэхдээ хувийн хэвшлийнхэнд бол огт падгүй. Учир нь төрийн албан хаагчдын л цалин нэмэгдэнэ. Хувийн хэвшлийнхэн бол дарга, захиралтайгаа учраа ололцоод, цалингаа нэмүүлбэл нэмүүл, үгүй бол төрд хамаагүй. Байрны зээлэнд хамруулахаар болжээ, иргэдийг. Гэхдээ хувийн байгууллагынханд бол хамаагүй шүү. Өөрсдөө учраа олоод, байрны зээлээ авна уу, үгүй юу төрд түй ч хамаа байхгүй. Монголын төр засаг яг ийм маягаар бодлого барьж ажиллаад чамгүй олон жилийг үдчихлээ.

Гэтэл төрийн албан хаагчдыг арай давраасан, хэрээс хэтэрсэн нэг шийдвэр саяхан гарлаа. Тодруулбал, төрийн албан хаагчдыг орон сууц авахад урьчилгаанд буцалтгүйгээр тусламж үзүүлэх нэрээр татвар төлөгчдийн мөнгөнөөс 12 тэрбум төгрөг өгөхөөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталчихлаа. Тодруулбал “Улаанбаатар хотын орон сууцны сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах зарчмын тухай” асуудлыг хэлэлцэж баталсан хэрэг. Ингэснээр нийслэл иргэддээ зориулан “Орон сууцны сан” байгуулахаар болж байгаа юм. Төсөлд тусгагдсанаар нийслэлийн харьяа төрийн албанд ажиллаж буй алба хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн 30-50 хүртэлх хувиар дэмжлэг үзүүлэх юм. Хэрэв тухайн төрийн албан хаагч урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 50 хувиа өөрөө хариуцах боломжтой бол тодорхой шалгуурын дагуу ур чадвар, ажилласан жил зэргийг харгалзан худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хувийг нэг удаа буцалтгүй тусламжаар олгох боломжтой гэнэ.



Шалгуур нь их энгийн. Төрийн байгууллагад гурван жил ажилласан байх, өмнө нь байр худалдан аваагүй байх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах шинэ орон сууцнуудаас тухайн төрийн албан хаагч сонголтоо хийсэн байх шаардлагатай. Мөн дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж энэ хавраас эхлэн ашиглалтад орох орон сууцны үнийн тухайд метр квадрат нь 1.5-1.750 сая төгрөг байх бөгөөд нэг алба хаагч 80 ам.метр хүртэлх байрыг худалдан авахад нь тусламж үзүүлэх юм байна. Нийслэлийн харьяа төрийн албанд ажиллаж байгаа залуучуудын хувьд бол жинхэнэ утгаараа “аманд орсон шар тос” шүү дээ. Дээрээс нь гэр хороололд амьдарч байгаа нэг ч болов залуу хүн байранд орж байвал аятай юу.



Мөн гэр хорооллын нэг ч гэсэн яндан цөөрч байвал Улаанбаатарын утаа багасахад ч нэмэр болно. Гэхдээ зөвхөн төрийн албан хаагч гэж ялгаж, хувийн хэвшлийнхнийг дагавар хүүхэд шиг үзэж байгааг нь бодохоор зэвүү, дургүй хоёр зэрэг хүрээд байх юм. Яахаараа юм болгонд ингэж төрийн албан хаагч гэж хандах ёстой юм бэ. Хувийн хэвшлийнхэн яачихсан юм. Тэгж ярьвал энэ улс орныг өөд нь татаж, баялаг бүтээж яваа хүмүүс бол хувийн хэвшлийнхэн. Төрийн албан хаагчид яадаг юм, хүнд суртал гаргаж, өөрсдийгөө ихэд бодож, авлига авахаас өөрийг хийхгүй байгаа гээд хэлчихвэл хатуудсан болохгүй. Яах вэ, ажлаа хийгээд, зүтгээд явж байгаа хүмүүс байх нь байгаа. Гэхдээ тэд татвар төлөгчдийн мөнгөөр цалинжаад явж байгаа нөхдүүд шүү дээ.



Хэрвээ энэ мэтээр хувийн хэвшлийнхэн рүү дунд хуруугаа “гозойлгоод” байвал бүх нийтээрээ л төрийн албан хаагч болцгооё. Одоо 260 орчим мянган төрийн албан хаагч байдаг юм билээ. Энэ тоогоо 520 мянга болгоод нэмчихье. Тэгээд л бүх хүмүүсээ төрд ажиллуулаад, цалинг нь байн байн нэмээд, байрны зээлэнд оруулаад, дээрээс нь урьдчилгаа төлбөрийг нь өгөөд байхгүй юу. Тэгвэл энэ гэр хороолол чинь цөөрөөд, бүх хүн байранд орчих байлгүй дээ. Утаатай тэмцэх гэж тусад нь байгууллага бий болгоод, мөнгө төгрөг үрээд байх шаардлага ч алга. Тэр мөнгөөрөө төрийн албаныхандаа байр аваад өгчихгүй юу.

http://www.mminfo.mn