Дэлхийн бараг бүх орныг хамран асаж, олон сая хүний амийг авч одсон Дэлхийн II дайны дараа, гашуун сургамж дахин давтагдахгүй байх эрхэм зорилгоор байгуулагдсан НҮБ-ын 70 дахь жилийн Ерөнхий Ассамблейн хурлын нээлт есдүгээр сарын 28-ны өдөр боллоо. Манай уншигчид НҮБ, тус байгууллагын чухал бүрэлдэхүүн хэсэг болох Аюулгүйн Зөвлөл олон улсын тавцанд ямар үүрэгтэйг сайн мэднэ. Дэлхийн хамтын нө­хөр­лөлийн байгууллага гэгдэх энэ байгууллагын гишүүн болж байж улс орны тусгаар тогтнол сая баталгааждаг. Манай улс ч нэлээн хэдэн жил хөө­цөлдсөнийг түүх би­дэнд өгүүлдэг.

Энэхүү хуралдаанд дэлхийн ихэнх улс орнуудын тэргүүнүүд түүний дотор манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дагалдах бараа бологсдынхоо хамт хүрэлцэн очсон. Тэгэх ч ёстой биз...

Гэтэл “ёстой” гэдгийг тэрслэх мэт үйл явдал сүүлийн хэд хоногт эрчимтэй өрнөх боллоо. Тэр талаар дэлхийн улс орны тулхтай хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж байна. Манай сонин, сайтууд ч хэрээрээ мэдээлж байна. Энэ бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын хэлсэн үг. Хоёр Ерөнхийлөгч дараалан үг хэлж, олон улсын хүрээнд буй болоод байгаа хурц байдлыг хэрхэн намжаах талаар зарчмын ялгаатай байр суурь илэрхийлснийхээ дараа нүүр тулан уулзсан. Ийм л явдал болсон. Үүн дээр хэлэгдэж байгаа бас нэг тодотгол бол В.Путин 10 жилийн дараа АНУ-д очиж, Ерөнхий Ассамблейн хуралд тогтоосон хэдэн минутад яг багтаан үгээ хэлж, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний хүлээн авалтад оролцсон. Олон орны төрийн тэргүүнтэй түүний дотор АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай ганцаарчлан уулзаж, залгаад хү­лээж байсан олон сурвалж­лагчийн асуултад цаг гаруй хугацааны турш хариулж, нийтдээ АНУ-д 10 цаг болчихоод нутаг буцсан тухай мэдээ юм. Энэ талаар дэлхийн хэв­лэл мэдээллийн хэрэгслээр шуугиж байна.

Тэр бүхнийг борог орчуу­лагч би хөөн тоочно гэвэл худал болно. Түүний оронд зарим улс орны нэр хүндтэй гэгдэх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд юу бичсэн, болсон явдлын наад цаад учир юу байсан талаар зарим нэг материал шүүрдсэнээ орчуулан эрхэм уншигч Таны оюуны мэлмийд толилуулахаар зүрхлэв. Болгоогтун.

Барак Обама, В.Путин хоёрын хаалттай хаалганы цаана цаашид хамтран ажиллаж болох чиглэлийн талаар хэлэлцсэн уулзалтыг ихээхэн онцолж байна. Албан ёсоор тохирсон уулзалтын хугацаа 45 минут байсан боловч 100 минут үргэлжилсэн. Тэр талаар В.Путин сэтгүүлчийн асуултад “...Маш бүтээлч, ажил хэрэгч, гайхмаар илэн далангүй уулзалт байв” гэж тодорхойлсон хэмээн мэдээлж байна.

Италийн Il Giornale хэвлэлийн газрын тоймч Жан Микалессин “НҮБ-ын танхимд 10 жилийн дараа ирээд тамирдаж сульдсан Барак Обамаг “нам цохиж”, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн анхаарлыг татаж, агуу гүрэн гэх алдагдсан нэр хүндийг Орос оронд эргүүлэн авчирсан гурван ялалтын эзэн болов... Исламын улс (ИУ)-тай хийх тэмцлийн талаар ямар алхам хийвэл зохих, үүний тулд Башар Асадтай хэлэлцээрийн ширээнд суух, тэрчлэн Европ дахь дүрвэгсдийн асуудлыг яаж шийдэх талаар ажил хэрэгч санал дэвшүүллээ... Харин Барак Обама Сирийг нүсэр их аллагын газар болгож, “Исламын улс” гэх байгууллага буй болох шимт хөрс бүрдүүлэх үедээ хэлж байсан ерөнхий уриа лозунгаас өөр зүйл хэлсэнгүй...” гэж үнэлсэн байх ажээ.

Харин үйл явц ид өрнөж байх үеэр буюу ёстой л халуун мөрөөр нь телевизийн мэдээ мэдээллээр зард гарсан АНУ-ын CNN сувгаар телевизийн нэрт хөтлөгч КристианАманпур “...Владимир Путин хүйтэн дайны үе төгсөхтэй давхцан тогтсон нэг туйлт ертөнцийг шүүмжилж үгээ эхлээд адармаатай олон асуудал хөндөж, түүний дотор олон хүн сонсохыг хүсэж байсан Сирийн зөрчлийн талаар ярьсан. Энэ бол Сирид өрнөж буй үйл явдлыг эрүүл ухаанаар үнэлж дүгнэсэн ухаалаг байр суурь санагдсан. “Исламын улс”-ын зүгээс үүсэж байгаа аюул заналын талаар тун нухацтай ярьсан... Үүний зэрэгцээ тэрээр дэлхийн хамтын нөхөрлөлийн орнуу­дад хандан Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг оролдож, эрх мэдлээс нь буулгах гэхгүй байхыг уриалсан. ... Барак Обама хийгээд түүнийг дагагсад чухам эсрэг алхам хийхээр бэлдэж байгаа болохоор энэ бол их чухал сануулга” гэж телевизээр ярьж харагдана билээ.

ОХУ-ын Ерөнхий­лөгчийн хэлсэн үгтэй холбогдуулан Бри­танийн “The Times” сонинд “Америкийн тэргүүлэх байр суурийг эсэр­гүүцсэн, ойрын арван жилд үзэгдээгүй эрс шийдмэг оролдлого байлаа... Энэ хариулт бас Америк Сирийн сөрөг хүчнийхнийг сургах, зэвсэглэх замаар санасанаа хэрэгжүүлэх оролдлого бүтэлгүйтэх үед Орос санаачлага гарган Асадын дэглэмийг дэмжин АНУ-ыг аргагүй шахаанд оруулав. ...Ингэснээр Украинд цэрэг дайны ажиллагаа эхлэх үеэс В.Путиныг ганцаардуулан шахах гэсэн бодлогоосоо татгалзан хамтын ажиллагааны хувилбар эрж хайхад хүргэлээ” гэж бичсэн байх юм.

Италийн “Corrieredella Sera” сонинд “Нью Йоркод Украины өнөөгийн байдал, Минскийн хэлэлцээрийн хэ­рэг­жилтийн талаар ярина даа гэж байтал Сирийн хямралд шахагдан арын эгнээ рүү түлхэгдлээ. ... Ийм таагүй байдал түүнийг хүлээж байгаа нь тодорхой байсан ч Сирийн талаар хэлсэн зоримог үгээрээ ээдрээтэй байдлаас гарч чадлаа. Түүний үгийг сонсож байсан хүмүүс бүрэн автагдсан гэж Барак Обамагийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажил­лаж байсан Майкл Макфол хэллээ” гэж мягмар гаригт мэдээлсэн байх ажээ.

Мөн тэрчлэн Италийн La Repubblica сонинд сэтгүүлч Паоло Гаримберти (Paolo Garimberti)“...Путин ийм юм хийж яаж чадав аа гэсэн асуулт гарах нь тодорхой. Хариулт тун энгийн: Америкт хэтийн бодлого, өрнөдийн орнуудыг нэгтгэсэн зорилго алга. ...Хоёрдугаарт, Америк өөрийгөө бүхнийг дангаараа шийдэж чадах ганц орон гэж итгэж байтал чадахгүй нь тодорхой болохын зэрэгцээ өөр нэгэн их гүрэн болох Оросын тусламж зайлшгүй болох нь ойлгомжтой болоод байна” гээд өгүүллийнхээ төгсгөлд “...Сири хийгээд Ойрхи Дорнодод дөрвөн жил үргэлжилсэн иргэний дайнд 300 мянган хүн амиа алдаж, 11 сая иргэн дүрвэж, Исламын хэт даврагсдын хяналтад Сирийн газар нутгийн бараг гуравны хоёр ороод байхад Оросын Ерөнхийлөгчид “Үгүй ээ, бид чамтай хамтрахгүй” гэж хэлж хэн чадах билээ” гэсэн асуултаар өгүүллэгээ өндөрлөсөн байх ажээ.



ДАГААД ХӨВӨРСӨН ҮЙЛ ЯВДАЛ



Мөн тэрчлэн Асадын эсрэг биш, “Исламын улс” бүлэглэл болон курдуудад цохилт өгөх эвсэл бодитойгоор буй болсон талаар мэдээлж байна. Энэ бол ОХУ, Сири, Иран, Ирак зэрэг улс ажээ.БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хун Лэй “Сирийн албан ёсны засгийн газар манай Засгийн газарт хандан хүсэлт гаргавал “Исламын улс” бүлэглэлийн эсрэг зохион байгуулагдаж байгаа эвсэлд БНХАУ нэгдэн ороход бэлэн байна” гэж мэдэгдэж байгаагаас үзвэл энэ эвсэлд Бээжин нэгдсэн үү, хамгийн багаар бодоход нэгдэн ороход бэлэн байгаа нь харагдаж байна. Хэрэв АНУ энэ зохион байгуулагдаж байгаа эвсэлд орохгүй, шинэ зохион байгуулагдаж байгаа эвсэл санасандаа хүрэн “Исламын улс” бүлэглэлийг ялан бүс нутгийг засан тохинуулж, Сирийг хамгаалан үлдвэл америкийн “дэлхийд тэргүүлэгч” гэх нэр хүнд унаж, хямралт хурцадмал байдлыг АНУ-аас өөр улс орон засан тохинуулж чаддаг гэсэн ойлголт төрнө хэмээн америкийн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлд бичих болоод байгаа юм байна.

Майкл Гордон, Гардинер Харрис нар “The New York Times” сонинд “Өнөөгийн нөх­­цөлд Өрнөдийн эв­сэл Сирид болж байгаа иргэний дайныг зогсооход ерөнхийлөгч Асад шил­жилтийн засгийн газар байгуулагдахаас өмнө огцрох ёстой гэсэн байр сууринаасаа татгалзахад хүрч байна. Ийм буулт хийх нь АНУ, Их Бри­тани хийгээд тэдний хол­боотнуудын хувьд тун таагүй явдал болно...” гэж бичсэн тухай мэдээлж байна.

Ийн миний хэлээд байгаагийн учрыг эрхэм уншигч Та эргүүлэн бодвол санах байх. Тийм ээ АНУ-ын гадаад бодлогын цөөн онолчдын нэг Збигнев Бжезински-ийн “Их сүйрэл буюу коммунизм ХХ зуунд мэндэлж мөхсөн нь” (миний орчуулгаар 1995 онд), мөн тэрчлэн “Агуу их шатрын хөлөг” (Ц.Гомбосүрэн гуай орчуулан гаргасан гэж сон­согддог) номонд “Их гүрэн гэх ойлголтод ойртсон улс орон бол хүн төрлөхтөний түүхэнд Чингисийн үеийн Монголын эзэнт гүрэн л байгаа юм. Харин АНУ бол орчин үед тэргүүлэх буюу доминант улс ямар байх ёстой бүх шаардлагыг хангаж байгаа орон. Өнөөгийн америк иргэн, Америкийн төр засгийн албанд зүтгэгчид энэхүү тэргүүлэх байр суурийг аль болох удаан хадгалахын төлөө бүхнээ зориулах ёстой гэж” тодорхойлсон байдгийг л сануулах гэж мөхөс би оролдоод байна. Үүнтэй уялдуулан бас нэг санах ёстой зүйл бол АНУ-д Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн ажиллагаа эхэлчихсэн Барак Обамагийн намтай өрсөлдөгч улс төрийн хүчин болж буй үйл явдлыг өөрийн талд ашигтайгаар эргүүлэх хүсэлтэй байгаа нь ч лав. Юутай ч Барак Обама хэмээх эрхэмд “буцах хүнээр ачаа бүү татуул” хэмээх манай нэгэн мэргэн үг тохирох болсон бололтой.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дахь чуулганы индэр дээр АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нар ухаан санаагаа урал­дуулан “цусгүй дайн хийн үзэлцэж” байхад бусад олон орны төрийн тэргүүнүүд үг хэлж ха­рагд­сан. Украйны Ерөнхийлөгч П.Порошенко өнөөгийн дэлхий ертөн­цөд тулгараад байгаа гол аюулын нэгийг ОХУ, Оросын Ерөнхийлөгч В.Путин хэмээн нотлохыг хичээж харагдсан. Үйл явдлын өрнөлөөс үзвэл олны анхааралд төдий өрт­сөнгүй орхигдов бололтой.

Өмнөд их хөршийн төрийн тэргүүн Си Зиньпин маш зо­римог, итгэлтэй бай­далтай үг хэлж бай­­сан. Тэрээр “...Хятад улс их гүрний дээрэнгүй үзэл, түрэмгийллийн замаар орохгүй... Ядуу ор­нуудад туслах, эко­логийн асуудлыг шийдэ­хэд онцгой ан­хаарахыг уриа­лаад Африкийн ор­нуудын энх амгалан байдлыг дэмжих, тус­лахаар бүрдүүлж байгаа Хөгжлийн санд нэг тэр бум ам.доллар оруулахад бэлэн байна. Мөн тэрчлэн Африкийн холбооны хүчийг дэмжихэд 100 сая ам.доллар гаргана. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орныхувьд 8000 цэрэг нэмж энхийг сахиулах хүчинд илгээнэ” гэж мэдэгдсэн. Эндээс харвал манай улсын хойд урд хоёр хөрш маань өрнө­дийнхний хэлэх дуртай “бүс нутгийн лидер”-ийн байр сууриасаа “дэлхийн лидер”-ийн байр суурь руу шилжээд байгаагаа дахин нотлов бололтой. Үүнийг бас дэлхийд эдийн засгийн чадавхаараа II байрт түрэн гарч ирээд байгаа БНХАУ олон улсын байр сууриа түүний дотор НҮБ дахь хувь оролцоогоо тэр хэмжээнд хүргэх гэсэн бодлогын илэрхийлэл гэж санагдаж байна.

Юутай ч үйл явдал эр­чимтэй өрнөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нутагтаа тө­дөлгүй ир­чих­сэн Хол­бооны Улсын Зөвлөл, Аюул­гүйн зөвлөлөө цуг­луу­лан хуралдаж буй бол­сон нөхцөл байдлыг танил­цуу­лан хийсэн, хэлнээ дэмж­сэн хамтын шийдвэр гар­­гуулж харагд­сан. Тө­дөлгүй Сири улсын Ерөнхийлөгч Башар Асад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандан цэргийн тусламж үзүүлэхийг хүс­сэн захидал ирүүлсэн тухай мэдээлсэн. Захиа илгээснийг Сирийн Мэ­­дээллийн яамны сайдын зөвлөх Али аль Ахмади, ОХУ-д суугаа Сирийн Элчин сайд Рияд Хаддад нар нотолсон тухай мэдээ гарсан. Ингээд уг асуудлыг Холбооны зөвлөлийн хурлаар хэлэл­цэн Сирид цэргийн хүч хэ­рэг­лэх зөвшөөрөл Ерөн­хийлөгч В.Путинд олгосон.

Төд удалгүй “Исламын улс” бүлэглэлийн команд­лалын байршил, зэр зэв­сэг, түлш шатахуун хадгалж байсан газруудыг тусгайлан онилж есдүгээр сарын 30-ны шөнө бөм­бөгдсөн, үр дүн маш сайн болсон талаар ОХУ-ын цэрэг-армийнхан хийгээд Сирийн засгийн газраас мэдээлж эхэлсэн. Манай сонин хэвлэл, телевиз радиогоор хэд хичнээн удаа, хэ­дэн онгоцоор хэрхэн бөмбөгдсөн, хэн юу хэлж байгаа талаар мэ­дээлсээр байгаа. АНУ, ОХУ-ын гадаад харилцааны тэргүүнүүд хийгээд холбогдох мэр­гэжлийн олон байгуул­лагын зүгээс янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Юутай ч ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хоёр зэрэгцэж зогсоод хийж байгаа мэдэгдлийг харахад бие биенээ үгүйсгэх зарчмын зөрөөтэй зүйл үгүй бололтой харагдана.

Цаашид үйл явдал хэрхэн өрнөхийг бид харах л үлдэж байна. Харин манай төр, засгийн эрх барьж байгаа эрхэмүүд, улс төрийн хүчнүүд маань зүгээр энгийн ун­шиг­чид бидэнтэй адил хараад суугаад байж болох юм болов уу. Төр түмний мөнгөөр аялж зугаалсан шиг, эргэж ирээд их ажил хийсэн хэмээн гарт баригдаж, нүдэнд харагдахгүй олон зүйл ярьсан шиг цаг өнгөрөөгөөд байх юм гэж үү. Аль эсвэл төр, улсын нэр барин буруу замаар хураасан хөрөнгөдөө дул­дуйдан амьдарч эхэлсэн заримынхаа жишгээр шил­рэх цагаа хүлээгээд байгаа юмсан уу... Бүү мэд дээ. Эцэст нь надад “Хэрээг дагаж галуу хөлөө хөлдөөв...” гэсэн үг л санаанд буугаад байх юм.

Орчуулагч Норовын ПҮРЭВДАГВА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин