“Авлига” гэдэг үг бол ганцхан үсгийн зөрүүтэй хоёр хувилбартай юм. “Авлага” гэвэл “бусдаас авах авцаа”, “гарын авлага” гэсэн ойлголтын нэр болохыг толь бичигт дурджээ. (Л.Цэвэлийн толь) “Авлига” гэвэл “ёсон бусаар шунаж авсан эд юм”, “хээл хахууль авах” (авлигалах) гэж мөн тольд заажээ. (16-р талд) Тийнхүү энэ хоёр нь шинэ үг биш бөгөөд дээр үеэс хэрэглэгдэж, ялангуяа Манж Хятадын дарангуйлалд байх жилүүдэд манж түшмэд, ноёд үүний “авлига” гэдэг хэлбэрийг ашиглан ард иргэдийг дарамталж лан лангаар нь мөнгө ханцуйлж бүр амташчихсан байлаа.

Монгол ноёд ч манж ноёдод авлига атгуулж сурснаар барахгүй өөрснөө ч бас тэр зуршлыг өвлөн авсан байв. Гэвч хорьдугаар зууны эхэнд ноёд биш ард хүн төрөө барих болсноос хойш "авлига" гэдэг үг, үйлдэл бараг мартагдсан билээ. Харин "авлага" гэдэг нь бол хүн хүндээ мөнгө зээлдүүлэх ч юм уу эд хөрөнгө, морь мал, эдлэл хэрэглэл түр өгч, авсан хүнээсээ өгс өн нь авлагатай болдог амьдрал ахуй, хүмүүсийн харилцааны үзэгдэл хэвээрээ байсаар ирсэн. Дээр үед бол түүнийг “авцаа” гэж байсан боловч сүүл сүүлдээ “өр" гэх болсноор барахгүй улс маань өөр улсаас зээл авч “өртэй” болдогтоо хүрсэн ажээ.

Харин “авлигалах” үзэгдэл намжиж, бараг л мартагдахын даваан дээр “зах зээлийн харилцааг” нийгмийн баримжаа болгосноос хойш авлига ахин “амь орж”, юуны урьд шинэ төрийн албаны томоохон тушаалтнууд энэ “өвчнөөр өвдөж” эхэлсэн юм. Урьд нь ганц нэг шил архи, хайрцаг тамхи, хадаг, оройн хоргой мэтхэнээр гар цайлгадаг байсан бол “зах зээлийн харилцаанд оров” гэмэгц л голдуу мөнгө төгрөгөөр, (тэр нь зуугаар биш саяар яригдах хэмжээнд) бас суудлын тэрэг, хурдан морь, орон сууц, эдлэн газар, орд өргөөгөөр авлига өгч ашиг хонжоо олох, лиценз авах, төсөл батлуулах, тушаал дэвших гэхчлэн хэлбэрээр ихэвчлэн эрх мэдэл бүхий албаны хүм үүс авлигаддаг болсон нь нийтэд илэрхийгээр барахгүй түгшүүр төрүүлэх боллоо.

Эгэл ардууд авлига авдаггүй, харин авлига өгдөг нь болон хувирсан юм. Учир нь тэд баян чинээлэгтээ биш хувийн, заримдаа төр, улсын ажил бүтээх гэж зүтгэх явцад өмнөх замд нь тэс хөндлөн тавигддаг болсон бэрхшээл саадыг (түшмэдүүдийн хийсэн) давахын тулд арга буюу авлига өгдөгтөө хүрсэн хэрэг. Авлигачид ч цагаандаа гарч дээрээсээ доош нөгөөх “өвчин” нь уруудаж, төрийн албаны доош доошоох шатанд халдварлан, бүр эцэстээ үүдний жижүүрт хүрч тэр нь “хаанаасаа хаалгач нь” гэдэг эрт урьдын мартагдсан үгийг санагдуулах хэмжээнд хүрэв. Авлига өгөхгүй л бол ажил бүтэхгүй байдал нийг мийн шинжтэй болов. Авлига тийнхүү “хүнд суртлын сэхээн амьдруулагч” болон идэвхжсэн юм. Ард түмэн, олон нийт нэг хэсэгтээ тэсвэрлэсэн боловч авлига нь “пролетарийн диктатур” гэдэг ойлголтоос ч хэтэрч авлигын диктатур тогтож эхлэхэд нь хүмүүс үгээ хэлж, дургүйцлээ илэрхийлэхээр барахгүй “Авлигын загалмайлсан эцэг” гэдэг аман цолыг улсын Ерөнхийлөгч нь хүртэхдээ хүрэхэд арайхийж “Авлигатай тэмцэх газар” байгуулсан боловч анхны нь дарга гадаадад “учир бит үүлгээр” өөд болж, дараа дараагийн удирдлагуудын заримд нь ч хэл ам тасрахгүй нэлээн цаг алдсан юм.

“Авлигын тул загаснуудыг” хүмүүс гадарлаж байсан ч нөгөө “Авлигатай тэмцэх газрын” дэгээнд голдуу “жараахайнууд” өртөж нэг хэсэг хугацаа өнгөрсөн. Харин сүүлийн жилүүдэд нэлээн ноцтой авлигачидтай нүүр тулан, хариуцлага тооцож эхэлсэн нь олон нийтийн сэтгэлийн өвчнийг бага зэрэг намдаах хандлагатай боллоо.

“Авлигажсан тогтолцоо” буй болох манай улсын хандлагыг дотооддоо биш гадаадаас мэдээлэх болж эхэлсэн нь цочрол үзүүлмээр үзэгдэл билээ.

Авлигын олон улсын индексээр Монгол Улс дэлхийн 185 орноос 2006 онд 99-д, 2008 онд 102-т, 2009 онд 120 дугаар байрт орж байгаа мэдээлэл дэлхийд тарсан. Энэ хэдхэн оны тоог авдаг нь ч учир холбогдолтой бөгөөд манайхан байгалиа төнхөж зэс, нүүрс, нефть мэтийн хойноос хөөцөлдсөн жилүүдэд “авлигалах нь гаарсан” юм.

Монголын ард түмний хянан шалгах хороо төрийн бус олон нийтийн байгууллагаас 2010 оны “Өнөөдөр” сонины 257 дугаарт мэдэгдэл хэвлүүлснээс үзвэл: “Ноён Фрийдланд Монголын төрийг худалдан авахын тулд УИХын 76 гишүүн бүрт нэг, нэг сая доллар өгсөн. Үүнийг гишүүд хүлээн зөвшөөрч эхэллээ. Энэ үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэсэн 21 хүн 7-8 сая долларыг хувьдаа завшсан. Бид нэр бүхий хүмүүсийг Авлигатай тэмцэх газар өгсөн. Гэтэл өндөр албан тушаалтнууд оролцсон учир тус газрын даргыг ажлаас чөлөөл өхийг оролдож байна" гээд цааш нь дүгнэхдээ “УИХ-ын гишүүдэд авлига, хээл хахуульд өртөөгүй нэг ч хүн байхгүй. Манай улс авлигатай тэмцэх биш хөхиүлэн дэмжих орон боллоо” гэсэн байна.

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай “Зууны мэдээ” сонинд 2006 онд (дугаар 232) ярихдаа: “Албан тушаалыг худалдаж авдаг боллоо. Тухайлбал, сайд 400, дэд сайд 200 сая төгрөгийн ханштай байгаа нь үнэн шүү дээ. Ийм л байна. Тэгэхээр сонгуулийн өмнө хүмүүс намдаа, дарга нартаа мөнгө өгч, дараа нь албан тушаалтай болж шархаа нөхдөг. Ийм жишиг Монголд тогтсон байгаа” гэжээ. Энэ үг авлигын нэгэн том хэлбэр Монголд ноёрхсоныг нотолсон баримт мөн юм.

Одоо УИХ-ын гишүүн байгаа өөр нэгэн зүтгэлтэн илтгэлдээ (“Үндэсний шинэ намын” 10 дугаар бүгд хуралд Ц.Цолмонгийн тавьсан илтгэл. 2010 оны 2 дугаар сарын 22)

-Мөнгөний хүчээр төрийн эрхэнд гардаг, төрийн хүчээр мөнгөө зузаатгахыг зорилго болгосон, хувийн ашиг сонирхлыг үндэсний эрх ашгийн дээр тавьдаг хүмүүсийг олигархи гэж байна. Тэдний хувьд үндэстэн төдий л чухал биш. Хил хязгаар, үндэс угсаагаа дээдлэх эрмэлзэл байхгүй” гээд

-Олигархиуд мөнгөөр засгийн эрхэнд гарч чаддаг боловч улс орныг олигтой удирдаж чадахгүй байгаад л хэргийн учир оршино. Өөрсдийнх нь толгой мөнгөөр ажилладаггүйд л олигархиудын зовлон оршиж байх шиг” гэж дүгнэсэн байна. Төрийн зүтгэлтэн залуу өөрөө ийнхүү Монгол Улсад авлигажих үзэгдэл төр, засгийн өндөрлөгт хүртэл нутагшсаныг нотлон хэлсэн нь онцлон үзүүштэй, бас мөрөөр нь ажиллууштай иргэний зориг төгөлдөр мэдэгдэл юм хэмээн олон нийт үзэж байна билээ.

Авлигатай тэмцээгүй биш, тэмцсээн. 1996 онд “Авлигын эсрэг хууль" баталсан. Тэр дагуу мөн ондоо Засгийн газар 287 дугаар тогтоол гаргаж “Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам" баталсан. Гэтэл арван жил өнгөрч 2006 он болоход дээрх хууль, тогтоомж биелээг үй. Биелсэн нь гэвэл хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргаж өгдөг болсон ч тэрэндээ хагас хөрөнгөө. орлогоо нууж бөглөдөг эрх дархтан нэг биш гарсан. Уул нь 2004 онд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” гаргаж Үндэсний зөвлөлийг байгуулсан.

Авлига үргэлжилсээр л байлаа. 2006 оны зун УИХ “Авлигын эсрэг хууль” нэрээр ахин хууль баталсан. Мөн оны 11 дүгээр сарын 1-нээс мөрдөхөөр заасан, Авлигатай тэмцэх газар байгуулж 900 сая төгрөгийн төсөвтэй 90 хүнтэй байлгахаар ярьсаар байсан. Сунжирч сунжирч тэрнээ байгуулсан... Гэвч авлига үргэлжилсээр л...

Тэр жил төрийн албан хаагчид 191 мянга 760, үүнээс 2531 нь улс төрийн ажилтан, 92224 нь төрийн захиргааны албан тушаалтан, 23006 нь төрийн үйлчилгээний албан тушаалтан байлаа. Олны дунд “олигорууд’ гэж нэрлэгдсэн түшмэдүүд дээрх тоон дотор цөөнгүй л “цохиж” явсан нь хожим нэг, нэгээрээ ч болов илэрсэн... Яамдын тоо нэмэгдэж, төсөвт зардал нь 18.9 хувиар өссөн, зарим яаманд нэг чиглэл, үүргийн ажлыг 10-13 хүн давхарлан хариуцдаг болсон.

2007 оны “Топ-10” судалгаагаар авлигалдаг 10 газрын жагсаалт гарсан нь: 1.Газар ашиглалт, 2.Гааль, З.Уул уурхай, 4.Шүүх, 5.Бүртгэл зөвш өөрлийн газар, 6.Прокурор, 7.Цагдаа, 8.Улс төрийн нам, 9.Өмгөөлөгч, 10.Эрүүл мэндийн газар эдгээр юм. Эдний дотроос Үл хөдлөх хөрөнгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам хамгийн их хүнд сурталтай, харилцааны соёлг үй, чирэгдүүлдэг, авлига нэхдэг, хойрго хөшүүнээрээ ялгарсан (2007, 2008 оны хэвлэл үүдэд гарсан). Өнөөх хууль хэрэгжүүлэх үйлийн үүрэгтэй газрууд нь ийм байхад авлига арилах нь их л эргэлзээ төрүүлэх хэрэг.

2000 оны эхээр Засгийн газар санаачлан (Н.Энхбаяр) бүтцийн өөрчлөлт хийж 13 яам, яам бүр сайд, орлогч сайдтай, бас тэргүүн, дэд, шадар сайд, Хэрэг эрхлэх газрын (Засгийн газрын) дарга нь сайд, дээр нь онцгой байдал, мэргэжлийн хяналтын зэрэг яамгүй сайдуудын орон тоо буй болгож өргөтг өсн өөр дотоодын нийт бүтээгдэх үүний орлогын 41 хувийг Засгийн газрын чиглэлийн болон бусад газрын түшмэдүүд "иддэг" болж, зах зээлийн харилцаат тогтолцоонд зохихооргүй үрэлгэн орон тоо гаргаж ирснээс нэлээд нь давхардсан, илүүдэл “сандалтан” болсон. Түшмэд үүд л гол авлигачид гэдгийг нийтээр мэдэх болсон. Авлигачдын авлига авцаалах арга нь:

Нэгд, хүнд суртал гаргах, хоёрт, дарамт үзүүлэх, гуравт, зөвшөөрөл өгөхгүй байх, дөрөвт, олон хоногоор чирэгд үүлэх, тавд, бусад түшмэд үүдтэй үгсэн тохирч асуудлыг унагах гэхчлэн амьдрал дээр бүр ил болсон хэлбэрүүд юм. Зарим түшмэл улаан цайм мөнгө нэхэж авлигаддаг аж.

Ард түмэн авлига өгөхгүй байвал авлигачид сүйрч алга болох ёстой. Гэтэл авлига өгөхгүй байх аргагүй нөхц өлийг түшмэдүүд бүрдүүлж, боож хяхдаг учраас хүмүүс өөрийн эрхгүй авлига өгөхөд хүрдэг. Жишээ нь, газар авч, барилга бариулахыг хүссэн хүн 120 хүний гарын үсэг бүрдүүлэхээр 1-2 жил хөөцөлдсөн тохиолдол ч цөөнгүй гарсан байна. Хамгийн цөөхөн гарын үсэг шаардах баримт бичиг гэхэд л хорь гаруй хүнээс “мутрын адис” мэт гарын үсэг авах шаардлагатай болдог. Гарын үсэг бол авлига нэхэх гол үзүүлэлт болон хувирсан юм. Иймээс “Зөвшөөрөв. Тэр” гэсэн гарын үсгийг цөөлөх шаардлага, санаачилга, хүсэлт нэг бус удаа гарсан боловч тэрийг “олигорууд” хүлээж авдаггүй байна. Харин одоогийн Ерөнхийл өгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байх үедээ тэрхүү хүнд суртлын сүлжээг тасалж, гарын үсгийг цөөлөхөөр оролдсон боловч өөрийнх нь сайдууд үгсэн хуйвалдаж, тэр Засгийн газартай ажиллахг үй гэж гарын үсгээ зурснаар түүний Засгийн газрыг хөнтөрсөн ч нэлээд нь сайдаараа үлдсэн нь тэр үед хүмүүсийн гайхшийг барж байсан билээ. Гарын үсгээр ерийн хүмүүсийг байтугай Ерөнхий сайдыг унагаах хэмжээнд хүртэл “авлигын загалмайлсан эцэг” гааруулсан нь нууц биш болсон. Гэвч гарын үсэг цөөрөх нь маш удаан үйл явц болж сунжирсаар байна. Харин нөхөр Ц.Элбэгдоржийг сонгогчид аягүй бол тэр мэтийн нааштай талыг нь үнэлж Ерөнхийлөгчөөр сонгосон байж мэднэ. Ерөнхийлөгч болохдоо “авлига", “архи", “шударга бус явдалтай" тэмцэхээ нийтэд амласан Ц.Элбэгдоржийг ахин харсаар л байна. Нэлээд хэрсүү авлигачдыг илрүүлж, хариуцлага тооцох ажил сүүлийн үед идэвхжиж байна. Олон нийтийн санал асуулгаар хүмүүсийн 63.4 хувь нь хээл хахууль их байгаа гээд хууль, гаалийн байгууллагын ажилтнууд их авлигажсан гэж 70 хувь нь үзсэн байна.



Хууль хэрэгжүүлэх, хуулийг мөрдөх, хууль бус үйлдэлд гэм зэмийг хүлээлгэн, нийгмийн хууль зүйн сэтгэлгээг өндөрт өргөх ёс суртахууны үүрэгтэй хуулийн байгууллагууд, тэдгээрийн албан хаагчдын арга барил, сэтгэлгээнд шинэчлэл удаашралтай, хуучинсаг шинж гүн шингээстэй байгааг өөрчл өн сайжруулахгүй бол хүний эрхийг тунхагласан ардчилсан тогтолцооны маань олон чанарт харшлах аюултай юм. Харин сүүлийн үед хуулийн байгууллагын тухайд нэлээд өөр хандлагыг Ерөнхийл өгч өөсөө эхлээд гаргаж буй нь нийтийн талархлыг хүлээж байна. Хууль зүйн яамны хандлага ч нэлээн нааштайгаар шинэчлэгдэх нь ээ гэсэн итгэл төрүүлэх боллоо.

Гэвч авлигачид их туршлагажсан, хуулийн цоорхойг сайн ашигладаг, хүнд суртлын арга мэх нарийссан, бас сөрөг хүчний хяналт сул, хэвлэл мэдээллийн нийтлэлийн мөрөөр ажилладаггүй, ер нь хэвлэлд гардаг санал шүүмжлэлд үл тоомсорлох хандлагатай, цахим аргаар тавих хяналт дутмаг, авлига өгөгчдөд хариуцлага тооцдоггүй, авлига өгөхөөс аргагүйдүүлдэг нөхц өл байдлыг засдаггүй, зарим авлига өгөгч ямар ч аргаар хамаагүй санаснаа хэрэгж үүлэхийг оролддог гэхчлэн цогцолбор асуудалд мөн “цогц байдлаар" хандахгүй бол “авлигажилт" амь бөхтэй, хоёр талын дэмжлэгтэй үзэгдэл тул нүд ирмэх зуур засагдах юм биш гэдгийг санах, сэхээрэх нь чухал. “Авлига”, “Авлигажилт” бол цэвэр албан тушаалын гэмээр хэрэг юм. Авлига авдаг этгээд бол цөм албан тушаалтан байдаг. 1991-1995 оны хооронд албан тушаалын гэмт хэрэг 389 гарсан бол 1996-2000 он гэхэд 1030 болон 2.6 дахин өссөнийг Цагдаагийн байгууллагын бүртгэлд дурджээ. Тэрнээс хойших арваад жилд энэ тоо буураагүйгээр барахгүй өсс өөр авлига "чанарын" хувьд чангарсан байна.

Хээл хахуулийн хэрэгт 2000 онд 8 хэргээр 10 хүн, 2001 онд 8 хэргээр 12 хүн, 2002 оны эхний есөн сард 10 хэрэгг 11 хүн шүүхээр шийтгүүлсэн дүнтэйгээр шинэ зууны босгоор алхаж орсон байв. (“Зууны мэдээ”. 2002 оны № 245) Энэ бол зөвхөн мэдэгдэж зэм хүлээсэн баримт нь. Харин илрээгүй авлигачид үүнээс давна уу гэхээс дутахгүйг хүмүүс ярьсаар буй.

Согтууруулах ундаа гэж авгайлсан архи, спирт үйлдвэрлэх зөвшөөрөл авах, төсөл, тендерт шалгарах, хүүхдээ их, дээд сургуульд оруулахад хүртэл авлига хэрэг болдог байсан нь өргөжиж, бараг л төр засгийн түшмэдүүдийн гарын үсэг шаардлагатай гэж дээрээс тоггоосон бүх зүйл буюу иргэдийн хүсэлтэд авлигаар илааршуулах сөрөг заншил тогтож авлигаараа дэлхийн 43 дахь орон болж дэвшсэн бөгөөд одоо бараг эхний аравт дурдагдах болоод байна.

Үүнд төр, засгийн албан хаагчдыг намын гишүүн эсэхээр ялгаварлан үздэг өнөөх шүүмжлээд байсан “хуучинсаг” тогтолцоондоо эргэн орсныг батлах илэрхийлэл нь одоогийн УИХ-ын гишүүн Ц.Цолмонгийн хэлснээр “Улс төрийн хямралын нэгэн том шалтгаан бол намуудыг төрийн дээр гаргасан” явдал мөн. Нөх өр гишүүн мөнөөхөн илтгэлдээ “Дэлхий даяараа төрийн сонгуулийг төрийн алба нь зохион байгуулдаг байхад манайд намуудаас томилогдсон улстөрчид сонгуулийг удирдаж, мөнгөнд худалдагдаж олигархиа гаргадаг болсон” гэж маш үнэн дүгнэлт хийгээд бас нэг чухал санааг гарган хэлсэн нь “...олигархиудыг төрүүлдэг гол хэрэгсэл бол авлига, хээл хахууль юм” гэсэн байна. Урьд нь нэг ч улстөрч, эрх баригч ийнхүү үнэн мөнийг шууд хэлж, улс төрийн зүрх зориг гаргаж байсныг санахгүй байна.

Авлигын аргаар дэвшсэн түшмэдүүд чинээлэг ч гэсэн намчирхан байгуулсан засаглалын олон шатны дамжлагын албанд тавигдагсдын дотор ёс суртахуунаар ч, мөнгө санх үүгийнхээ хэр чинээгээр ч ядуувтар хүмүүс цөөнгүй орж, тэд нь эргээд л авлига, хээл хахуулиар хөлжихийг чармайдаг болсон нь нийтэд бас илэрхий юм. Авлигажихын бас нэгэн өвөрм өц хэлбэрийг Эрдэнэтийн үе үеийн дарга нар бодож олсныг эдийн засагч П.Хашчулуун “Өдрийн сонинд" (2013 оны № 213) бичихдээ "Эрдэнэт" үйлдвэрийн агуулахад байгаа зүйлээр авлигын үзэсгэлэн гаргая” гэж гарчиглажээ. “Эрдэнэт” үйлдвэрийн томоос том агуулахад нь 1300 компанийн дарга нар, эрхтэн дархтнуудын элдэв санал тавьж, шахааны аргаар өгсөн, хэрэгцээгүй 100 гаруй тэрбумын бараа хэвтэж байдаг ажээ. Хямд үнээр гадаадаас аваад өндөр үнээр үйлдвэрт шахаж, мөнгийг нь аваад удаа дараа сураггүй болсон тэр 1300 компани нь бүгдээрээ Монголын том компаниудын охин компани, тэр ч байтухай нэг айлын долоон хүүхдийн нэр дээр байгуулсан гэх долоон компани хүртэл байсан ажээ. Тэр долоо нь ч гадаадад гараад явчихсан байдаг байна. Авлигажих өвчний оношлогоог нарийсгахгүй бол цаашлах тусам улам учир битүүлэг болох нь ээ!

Лодонгийн ТҮДЭВ