Ийн хэлээд алга хавсран залбирах эмээг редакцидаа урилаа. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын өмнөх автобусны буудлын хажууханд олон сар суусан түүнийг тэр хавийнхан андахгүй. Халуун цай уунгаа гараа үрэн дулаацах эмээ өдөр бүр 09.00-10.00 цагийн хооронд ажлаа эхэлдэг. Ажлаа амжуулаад түүнтэй уулзахаар 14.00 цагт очиход эмээ “ажлын байрандаа”алга. Түүний ажлын багаж болох жин нь байна. “Тамгын газар руу ороод аяга цай уугаад” гэсээр эмээ удалгүй ирлээ.
Жин дээрээ 200 төгрөг гэж бичээд наасан эмээгээр үйлчлүүлэх хүн ховор. Харин намрын жихүүн өдөр цементэн дээр суун “Жингээ үзээрэй” хэмээн хэлж суугаа эмээг өрөвдөхдөө хэдэн төгрөг илүүчлэх хүн цөөнгүй. “Өндөр настан, өтгөс буурлаа хүндэтгэн, хайрлах сэтгэлтэй монголчууд хоолны мөнгөөр тасалдаггүй юм аа“ гэж эмээ ярив.
2013.10.03 Эмээгийн хөл өвдсөн бололтой өвдгөө базлан зогсож байгаа харагдав. Хажуугаар өнгөрөх хүмүүсийг анхааралтай харах эмээ хэн нэгнийг хүлээж байгаа мэт. Хажууханд нь жимс зарж суугаа эмэгтэй нэг алим өгснийг идэлгүй өвөртөө хийчихэв.
2013.10.05 Энэ өдөр гадаа дулаахан байгаа болохоор эмээ ажлын байрандаа эрт иржээ. Нөгөө л хивсний булан дээрээ хөлөө нугалж суугаад өмнөө тавьсан жин рүүгээ байн байн харна.
2013.10.08 Жингээ тэгшилж тавиад гартаа атгасан зөөлөн цаасаар жингээ арчиж харагдав. Хэрэндээ л арчиж цэвэрлэсэн жин дээр нь нэг залуу нохойгоо зогсоож харагдав. Эмээ ч цааргалж байгаа шинжгүй. Харин хажууханд нь 21 чулуу дэлгэн суугаа өвөө “боль” гэж байгаа бололтой гараа зангаж харагдсан. Залуу эмээтэй хэдэн үг сольсноо 200 бус 5000 төгрөг өгөөд явлаа. Эмээ баярлан инээж байв.
Бэрх байсан ч миний жаргалтай амьдрал
Өдгөө 80 настай буурайг Х.Адилбиш гэдэг. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул тэрбээр нутгийн залуутай ханилан найман хүүхэд төрүүлж өсгөсөн ч дөрөв нь цаг бусаар хорвоог орхижээ. Долдугаар анги төгсөөд сум, аймгийнхаа эмнэлэгт асрагч, сувилагчаар ажиллаж, яарч сандарсан бүхэнд өдөр шөнийг ялгалгүй эмнэлгийн анхны тусламж үзүүлдэг байж. Тээр нэг жилийн өвөл эмээ дөрөв дэх хүүхдээ төрүүлээд удаагүй байтал шөнө дунд хаалгыг нь хэн нэгэн балбаж гарч. Сандран үүдээ нээтэл Цанжид аахилж, уухилчихсан “Манай, манай ...” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. “Яав аа, чи тайван хэлээч, юу болов” гэтэл юу ч хэлж чадахгүй амаа ангалзуулаад байхаас өөр зүйл хэлсэнгүй. Тэгснээ Адилбиш гуайд дээлийг нь нөмөргөсөн болоод чирэх шахан хөтлөөд гүйжээ. Гүйсээр Цанжидынд ортол эхнэр нь орь дуу тавин өвдөж байж. Сумын эмч эзгүй, эмнэлгийн анхан шатны мэдлэгтэй хүн өөрөөс нь өөр байхгүйг мэдэх Адилбиш гуай эх үр хоёрын амийг аврах ажил тулсныг ухаарав. Цөөнгүй жил сумын эмчийн баруун гар болж ажилласан түүнд бие даан хүн амаржуулна гэдэг хэцүү даваа ч сумынхаа хамгийн сайн бариачийг дуудуулан хамтдаа анхны хүүхдээ эх барьж авсан аж. “Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэдэг үг үнэн шүү. Миний мэдэх, чадах зүйл гэж юу байхав дээ. Манай нутгийн Мяндаг гэдэг хөгшний ачаар Цанжидынх хөөрхөн охинтой болсон юм” гэж эмээ хуучлав. Төрөөд удаагүй байсан Адилбиш гуай хүний амь аврахаар нөмгөн дээлтэй санд мэнд гүйж яваад хатгалгаа тусаж, хэдэн өдөр халуурсан гэдэг.
“Өндөр насны чөлөөнд гарнаас хойш цөөн хэдэн малаа маллаж Халтар, Дэлгэр, Цахир уулсынхаа нөмөрт 10 гаруй жилийг үдсэн нь миний амьдралын хамгийн сайхан үе байсансан” гээд эмээ санаа алдав.
Хагас түрийтэй илгэн шар гутлынх нь хоншоор урагдсаныг эмээ улаан утас хэд дахин давхарлаад чамбайхан оёчихож. Утасны өнгө нь гандаж, тасарснаас харахад энэ гутал эмээтэй олон жилийг үдсэн нь илт. Ногоон дээлнийх нь дотоод хормой сэмэрч урагдаад уджээ. Үе үе найтааж, хамраа байн байн арчсаар хөндүүр болсон бололтой. Дээлийнхээ хөвөнгөөс жаахныг сугалж аваад хамраа зөөлхөн дарж арчина. Хүйтний ам наашилсан энэ өдрүүд эмээд ханиад “бэлэглэж”. Адилбиш гуай хүмүүсийн жинг үзээд өдөртөө дээд тал нь 2000 төгрөг олдог аж. Цайны сүү, өдрийнхөө хоолыг болгохын төлөө ийм ажил хийж буй хэмээсэн түүнтэй хүүхдүүдийнх нь тухай ярилаа.
“Эмээ нь дуртайдаа л ийм ажил хийж сууна. Хар багаасаа ханилсан өвгөн маань бурхан болоод хоёр жил өнгөрлөө. Хүүхдүүд ажил төрөл гээд явчихна. Эмээ нь өдөржин юу хийж суухав дээ. Уйдаад хийх зүйл олдохгүй юм. Том охин асрагч. Нөхөр нь бүтэлгүйтэн шоронгийн хаалга татсан. Охины том хүү над дээр хүн болсон юм. Төгссөн сургууль, боловсролгүй болохоор ажил хийж байгаагүй. Надад нэмэр болох гээд шил, лааз түүдэг байсан. Хөөрхий өдөртөө хэдэн цаас олоод л байдаг байлаа. Гэтэл нэг өдөр ирсэнгүй. Би хүүхдүүддээ хэлээд хайсан боловч сураг гардаггүй. Хэдэн өдөр хайсны эцэст сураг гаргалаа. Хүүг маань хэдэн залуус уруу татаад хүний машинаас юм авахуулчихаж. Тэгээд л цагдаад баригдсан юм байж. Хүний өмнөөс олигтой хэдэн үг хэлж чадахгүй, хөөцөлдөх ах дүү муутай хүнд чинь бүх гэмийг нь үүрүүлчихдэг юм билээ. Эмээ нь санаж сарвайдаг хүүгийнхээ хойноос бэтгэрээд удаж байна. Охин минь, тэр Өршөөлийн гэдэг хууль нь хэзээ гарах юм бол. Чи мэдэж өгч болох уу” гээд нулимсаа арчив.
Харсаар байтал нүдэн дээр нь хүүхдүүд нь бүтэлгүйтэн, амьдрал нь доройтохыг мэдрэх эмээд амаргүй нь мэдээж. “Тэдэндээ гай удалгүй өөрийгөө болгоё гэж яваа хүн дээ би. Цаг нь болохоор хойд талынхаа хар овоонд оччихно. (Ертөнцийн мөнх бусыг үзүүлэхээ хэлж буй бололтой)“ Энэ хэддээ тусалж чадахгүй ч гай болохгүй л нүд анихсан. Миний хэдэн хүүхэд ажилгүй ч намайг гэх сэтгэлтэй. Харин боломж нь л болохгүй юм” гэж ярих эмээд хорвоо хатуу хандаа юу даа гэлтэй. Үхтэл үр харам гэдэг юутай үнэн үг вэ. Эх хүний үрээ хайрлах сэтгэл ямар агуу байдгийг эмээ ойлгуулав. Амьдралынхаа тухай ярихдаа “Миний хүүхдүүд буруугүй” гэж хэдэнтээ хэлнэ лээ.
Эмээ нь өвдөөгүй, даараагүй, өлсөөгүй, ядраагүй л гэх юм. Өвөл хаяанд ирсэн энэ цагт хүйтэн цементэн дээр өдөржин бохирон суух нь 80 настай хөгшинд дэндүү ахадсан ажил. Хоолой нь сөөнгөтөн, үе үе ханиаж байсан эмээ сүүлийн хэд хоног харагдсангүй. Бие нь гайгүй байгаа даа, хөөрхий.
Х.Оюунсүрэн
ӨНӨӨДӨР СОНИН