Энэ дэлхий дээр гайхаш төрүүлсэн олон улс бий. Гэвч, эдгээрийн доторх хамгийн хачирхалтай орнуудын нэг нь Хойд Солонгос гэдэгтэй олон хүн санал нийлэх буй заа. Хойд Солонгосын талаар маш их мэдээлэл, бас олон тооны ташаа мэдээлэл цацагддаг. Зарим үед, үнэн мэдээллийг хуурмагаас нь ялгахад үнэхээр хэцүү.

Та бүхэнд танилцуулж буй доорх мэдээлэл нь Хойд Солонгосын талаар цахим ертөнцөд алдаршсан баримтууд болно. Эдгээрт итгэхэд үнэхээр бэрх. Гэвч, баримтуудыг Престо гэгч залуугийн өгүүлсэн доорх тайлбарын хамт уншвал, бид Хойд Солонгосын талаар арай дээр төсөөлөлтэй болж магадгүй юм.

1. Гурван үеийн шийтгэл

Хойд Солонгост хүмүүсийг гурван үеэр нь шийтгэдэг. Энэ нь хүнийг гэр бүлийнх нь хамт хорих лагерьт илгээх төдийгүй, түүний дараагийн хоёр үе нь хорих лагерьт төрж, өсч, тэндээ хамаг насыг барна гэсэн үг юм.

Тайлбар: Энэ баримт туйлын бөгөөд аймшигт үнэн. Та "14 дүгээр лагериас зугтсан нь" хэмээх баримтат номноос хоёрдахь үеийнхний амьдрал ямар байсныг уншиж болно. Та үүнд гайхаж магадгүй. Хойд Солонгост засгийн газрыг шүүмжлэх зэрэг улс төрийн гэмт хэрэг үйлдвэл, ингэж шийтгүүлдэг.

2. Ажлын өдөр

Долоо хоногийн зургаан өдөр нь ажилладаг бөгөөд "сайн дурын" нэртэй албадан ажлын нэг өдөр нэмэгддэг тул, жирийн иргэнд амрах чөлөөт цаг үнэн хэрэгтээ байдаггүй.

Тайлбар: Энэ баримтыг цахим ертөнцөд иш татдаг хэдий ч, бид үүний анхан эх сурвалжийг олж чадаагүй болно. Харин, бид Хойд Солонгост хэрхэн ажилтай болдог талаар бага зэрэг олж мэдэж чадсан юм. Ахлах сурууль төгссөний дараа бүх хүнд аяндаа засгийн газраас ажил олгох бөгөөд хүнийг насан туршид нь тэр ажилд хадна. Гэвч, энэ систем эвдэгдсэн бөгөөд одоо хойд солонгосчууд үйлдвэрийн даргаа хахуулдаж, зах дээр ажиллах замаар өөрсдөө мөнгө олох хэрэгтэй болжээ. Төрийн өмчит компанид гадаадын валют олж болох өөр ажлууд бий бөгөөд ийм ажилд ороход бас хахуул шаардана.

3. Хар тамхи

Хойд Солонгост олсны ургамал каннабис (хар тамхины ургамал)-ыг түгээх, хадгалах, хэрэглэхийг хуулиар зөвшөөрөөд зогсохгүй, энэ нь энгийн тамхийг орлож чадах хэрнээ, илүү эрүүл хэмээн сурталчилдаг. Хойд Солонгост аялаад ирсэн хүмүүс замын хажуугаар марихуана чөлөөтэй тарьж байсныг ярьдаг.

Тайлбар: Энэ баримт үнэн бөгөөд үүнээс ч илүү зүйл бий. Каннабис нь Хойд Солонгост хуулиар зөвшөөрсөн цорын ганц хар тамхины ургамал биш бөгөөд засгийн газар нь хилийн чанадад борлуулахын тулд ашиглаагүй газартаа намуу цэцэг тарихыг дэмждэг.

4. Ким Жон Илийн хосгүй чадварыг магтах нь

Хойд Солонгост албан ёсны эх сурвалжууд нь Ким Жон Ил эхээс мэндлээд гурван долоо хоногтойдоо алхаж сурч, найман долоо хоногтойдоо ярьж сурсан гэж харуулдаг. Тэрээр Ким Ир Суны Их Сургуульд байхдаа гурван жилийн хугацаанд 1500 ном бичиж, бүхэл бүтэн зургаан дуурь зохиосон ажээ. Түүний албан ёсны намтараас үзвэл, түүний зохиосон бүх дуурь нь хөгжмийн түүхэн дэх ямар ч бүтээлээс илүү.

Тайлбар: Хойд Солонгост Ким Жон Илийг ингэж харуулдаг гэдгийг Өрнөдийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн.

5. Цөмийн цэнэгт хошуу

Хэрэв Хойд Солонгос өөрийн хамгийн том цөмийн цэнэгт хошуу тээсэн пуужинг хөөргөвөл, тэр нь Нью Иоркийн Tаймс талбайгаас Төв парк ч хүрч чадахгүй.

Тайлбар: Энэ баримтыг батлахад хэцүү. Гэхдээ, 2012 онд тус улс хиймэл дагуулаа сансарын тойрог замд амжилттай оруулсан гэдгийг гэдгийг санах хэрэгтэй. Гэвч, тэдэнд илүү том цөмийн цэнэгт хошуунуудыг тээвэрлэх чадвартай пуужин байхгүй байж мэднэ.

6. Сансарын хөтөлбөр

Хойд Солонгос сансарын хөтөлбөртэй бөгөөд энэ нь зөвхөн 20 хувийн амжилт үзүүлэх магадлалтай.

Тайлбар: Энэ статистикт юуг амжилт хэмээн үзэж буй нь тодорхойгүй тул, батлах буюу няцаахад хэцүү юм.

7. Хөдөлмөрийн хорих лагерь дахь харгислал

Хойд Солонгос дахь Хоерёнгийн бөөнөөр хорих лагерьт одоо 50,000 эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхэд бий бөгөөд тэд Нацист Германы хорих лагерьт байсантай ижил боолчлол, тамлал, туршилтын золиос болж байна.

Тайлбар: Хорих лагерь дахь хүмүүсийн энэ тоо 1990-ээд оны Амнести Интернэйшнлийн илтгэлд дурдагдсан бололтой. Хойд Солонгосоос урвасан нэгэн харгалзагч Хоерёнгийн бөөнөөр хорих лагерьт жил бүр 2000 хүн өлсгөлөнгөөс болж амиа алддаг хэмээн таамаглажээ. Гэвч, шинэ хоригдлууд ирдэг тул, лагерийн хүмүүсийн тоо тогтмол 50,000 байдаг. Дээрх харгалзагчийн тооцсоноор, хоригдлуудын 30 хувь нь мөчгүй болох зэргээр биеийн деформацитай болдог.

8. Хойд Солонгос аз жаргалтай орон

Хойд Солонгосын судлаачид Хойд Солонгос нь Хятадын дараа хоёрдахь хамгийн аз жаргалтай орон гэсэн дүгнэлт гаргажээ.

Тайлбар: Энэ судалааг 2011 онд дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн болно. Та энэ талаар сонссон байж ч магадгүй.

9. Багш нар аккордионы шалгалт өгдөг

1990-ээд онд Хойд Солонгосын бүх багш нарыг аккордион тоглохыг шаардсан бөгөөд багшийн лиценз авахын тулд эхлээд аккордионы шалгалт өгөх хэрэгтэй.

Тайлбар: Энэ баримтыг 2009 онд хэвлэгдсэн "Атаархах зүйл үгүй" номноос авсан бололтой. Тус номонд нэгэн багшийг оролцуулаад 15-аас дээш насны зургаан хойд солонгос хүний амьдралыг харуулжээ. Номонд өгүүлснээр, хэдийгээр багш бүсгүй цэцэрлэгийн багшийн ажил олж чадсан боловч, Ким Ир Сен нас барснаас болж, багшийн аккордионы шалгалт нь хойшилжээ.

10. Кижон-Донг хот

Кижон-Донг бол 1950-иад онд хил дээр байгуулсан суртал ухуулгын хот юм. Энэ хот Өмнөд хөршдөө Хойд Солонгос илүү гэдгийг харуулах, мөн Өмнөдийн хүмүүст улсаасаа урвах сэдэл өгөх зорилготой ажээ. Гэвч, энэ хот бодит оршин суугчгүй боловч, хүмүүс нь ажил, амьдралтай гэдгийг харуулахаар үлэмж хичээж иржээ. Хотод тодорхой цагийн дагуу асч, унтардаг гэрэл, гудамж нь хөл хөдөлгөөнтэй гэдгийг хуурмагаар харуулах үүрэгтэй ажилчид бий. Орчин үеийн дурангаар ажиглахад, барилгууд нь цонхны шилгүй, зарим барилга нь дотроо өрөө тасалгаагүй цементэн хана төдий байв. Мөн, тус хотод 300 паунд жинтэй Хойд Солонгосын далбаа бүхий дэлхийн хамгийн том далбаа мандуулагч шон бий.

Тайлбар: Хоосон барилгууд дээр нэмж хэлэхэд, Хойд Солонгос өмнөд хөршдөө суртал ухуулга хийх зориулалттай чанга яригчтай байсан юм. Өмнөд хөрш нь ч үүнд "харамгүй хариу" барьдаг байв. Харин сайшаалтай нь, 2004 онд хоёр тал хүн бүрийн чихэнд чийр болсон ухуулгаа зогсоож, төхөөрөмжүүдээ буулгахаар тохирсон юм.

Эх сурвалж: www.gashuun.mn