ЗҮҮ ОРООХ ОЁДОЛ СУРЧХААД НӨХӨРТӨӨ ДААЛИН ХИЙЖ ӨГӨХИЙГ МӨРӨӨДДӨГ-

Бид энэ удаагийнхаа ярилцлагаар нэгэн сонирхолтой зочныг уншигч олондоо танилцуулж байна. Түүнийг Хисако Кояма гэдэг. Тэрбээр н.Бадамсамбуу гэх малчин залуугийн гэргий болоод 10 гаруй жил Монголд амьдарч буй юм.

-Монголд анх хэдэн онд ирж байв?

-Би 2001 онд жуулчнаар ирж байсан. Тэр үед бид нэг жуулчны бааз дээр очоод морь унасан чинь ганцхан миний морь явахгүй, харин бусад жуулчдын морь гоё давхиад. Миний уур хүрээд. Тэр үед би ингэж бодсон юм. Дараа жил заавал ирж морин дээр давхина даа гэж өөртөө амласан. Тэгээд л ахиад Монголд ирсэн дээ.

-Ахиж ирэхдээ морь унаад давхиж чадсан уу?

-Чадсан, чадсан. Миний морь сайн давхисан шүү.

-Гэр бүлийнхээ хүнтэй анх яаж танилцаж байсан бэ?

-Бид хоёр нэг газар ажилладаг. Манай нөхөр жуулчны баазад морины хөтөч хийдэг байсан. Гэхдээ намайг анх эмэгтэй хүн гэж бодохгүй айраг уух уу, шимийн архи уух уу гэж их асууна. Тэгээд хамтдаа айраг ууж, тарваганы мах иддэг байсан. Тэгээд л бие биедээ дасчихсан байх (инээв.сурв).

-Та хоёр яаж ойлголцдог байв. Мэдээж таны нөхөр малчин хүн учраас япон хэл мэдэхгүй?

-Би Японд амьдардаг байхдаа монгол хэл сураад ирсэн учраас ойлголцоход харьцангуй гайгүй. Эхэндээ ганц хоёрхон үгээр ойлголцоод болоод л байсан. Одоо бол өөр шүү. Хамгийн анх Монголд ирэхэд надад маш их таалагдсан. Тэгээд би найзууддаа монгол хүнтэй сууна гэж байнга тоглоом хийнэ. Надад монгол хүнтэй гэр бүл болох бодол жаахан байсан. Гэхдээ хөдөөний малчин хүнтэй сууна гэж арай бодоогүй ээ(инээв.сурв).

-Таныг монгол хүнтэй гэр бүл болно гэхэд аав, ээж тань яаж хүлээж авсан бэ?

-Манай аав, ээж хоёр бараг тоогоогүй. Би 30 гарчихсан учраас “Яанаа манай охин хүнтэй суухгүй нь” гэж их ярьдаг байсан болохоор “За, за ашгүй дээ" гэж хэлсэн. Дэлхийд байгаа хүн юм чинь миний охин суучих ямар сансраас ирсэн хүн биш” гэж аав, ээж хоёр хэлсэн. Бид хоёрыг суусны дараа Өндөрширээт суманд холбоо барих юу ч байхгүй. Сумын төвийн холбоо гадаад руу дуудлага хийж болохгүй. Тэгээд 1-2 жилийн дараа гадаад руу дуудлага хийдэг болсон. Одоо манай суманд гар утасны сүлжээ орчихсон шууд Япон руу ярьж болдог.

-Монгол эр хүн япон эрчүүдийн хороонд ямар ялгаа байна?

-Япон нөхөр, монгол нөхөр хоёрын хооронд их ялгаа бий. Япон эмэгтэй хүн нөхөрт гарвал нэн түрүүнд нөхөр дараа нь хүүхэд ордог. Ажил хийх боломж жаахан муу. Гэр бүлийн хүрээнээс гарч чаддаггүй. Ганц манай нөхөр байж магадгүй шүү. Бусад монгол эрчүүд ямар байдгийг би мэдэхгүй. Найзуудтайгаа уулзаад нэг газар юм яриад сууж байхад 30 минут болоод л залгадаг “Ирэх болж байна уу” гээд. Удаа ч үгүй нөгөө найзын минь утас дуугарна. Инээдтэй бидний утас ээлжлээд л дуугараад байдаг. Харин япон нөхрүүд өөр “Ашгүй дээ, би өнөөдөр гэртээ ганцаараа байх нь” гээд пиво уугаад, зурагт үзээд суудаг.

-Монгол хүмүүсийн ямар зан таньд хамгийн их таалагддаг вэ?

-Японд гэр бүл зохиогоод тусдаа гарсан бол хамаагүй болдог. Харин Монголд огт өөр, бүгд тусдаа гарсан ч гэсэн тусалдаг. Намайг анх хөдөө гарахад ээж нас барчихсан учраас надад хөдөөний амьдрал зааж өгөх хүн байгаагүй. Би юу ч мэдэхгүй. Манайхтай ойрхон айлын хүмүүс надад тусалсан. Нөхрийн эгч зав гаргаж хөдөө манайд ирээд надад ямаа саах гээд олон ажил яаж хийхийг зааж өгсөн. Чи сайн дураараа хөдөөний хүнтэй суусан өөрөө ажлаа хийж сур гэж хэн ч хэлээгүй учраас монгол хүмүүсийн тусархуу зан надад маш их таалагддаг.

-Анх хөдөө мал дээр амьдарч эхлэхэд юу нь хамгийн хэцүү санагддаг байсан бэ?

-Ямаа яаж саахыг мэдэхгүй. Анх удаа аргалд яваад шуудай дүүрэн хатаагүй аргал аваад ирсэн чинь манай нөхөр “Энэ ёстой бүтэхгүй” гэж хэлсэн. Хавар мал төллөхөөр ишиг, хургыг эхэд нь тавьж өгөх гэхээр ялгахгүй. Нэг удаа ишиг, хургаа ялгана гээд надад мод бариулаад хашааны үүдэнд зогсоочихсон. Би яаж ялгадгийг нь мэдэхгүй манай нөхөр намайг загнаад би уйлаад, хүү минь дагаж уйлаад. Тэр үед манай хүү хоёр настай л байсан. Бид хоёрын уйлж байгааг сонссон ойрхон байдаг айл ирж тусалсан. Яаж хийхийг надад заахгүй юм чинь би яаж ойлгож хийх юм бэ(инээв.сурв).

-Хэзээ ч хийж сурахгүй хөдөөний ажил байна уу?

-Байлгүй яахав, хэзээ ч хийж сурахгүй ганцхан ажил байгаа. Би ишигнүүдийг эхийг нь олоод тавьж өгч чадахгүй юм. Одоо манай хүү том болчихсон учраас бүгдийг мэддэг. Надад хэлж өгдөг. Ёстой ялгаж харж чадахгүй юм билээ. Бүгдээрээ адилхан. Тэгээд манай нөхөр миний төлөө ямааны эвэрт, ишигний хөлд ижилхэн өнгийн даавуу уяж өгдөг болсон. Нэг өдөр нөхөр байхгүй хүү бид хоёр хониндоо явлаа. Тэр өдөр зөндөө их ишиг гараад юу ч бодолгүй 5-6 ишиг гэртээ аваад ирсэн. Тэгээд орой нөхөр ирээд “Эх нь аль вэ” гэсэн чинь би таньдаггүй(инээв.сурв). Бүгд ишгээ голчихсон. Бөөн ажил удлаа гэж нөхөр уурлаад. Монгол хүмүүс яаж таниад байдгийг ёстой ойлгохгүй юм билээ.

-ХОНЬ ХЯРГАХААР ГАР МАШ ИХ ӨВДӨЖ ЦЭВРҮҮТДЭГ-

-Хавар ямаа самнах, хонио хяргах малчдын хувьд бас л том ажил шүү?

-Тийм шүү, ямаагаа самнаад ноолуураа тушаахаар их мөнгө болдог. Хонь хяргах ямаа самнахаас хэцүү, гар өвдөөд цэврүүтдэг. Хамгийн анх маш их ноос тушаасан чинь жоохон мөнгө болсон. Би гайхаад ингээд л болоо юу гэж нөхрөөсөө асууж байсан.

-Хонь гаргахаар гэдсийг нь яаж арилгаж байна. Хонины гэдэс арилгаж чаддаггүй монгол эмэгтэйчүүд зөндөө байдаг?

-Хонины гэдэс арилгахад манай нөхөр дандаа өлөн гэдсийг нь хөвдөг юм. Би чадахгүй, баастай нь хутгачихдаг. Би нэг удаа ганцаараа гэдэс цэвэрлэсэн чинь хүмүүс идчихээд “Яасан гашуун юм бэ” гэхээр нь “Ёстой уучлаарай, би угаасан юм” гэсэн чинь “Тийм байхаа” гэж хэлээд инээгээд байсан(инээв.сурв). Монгол эмэгтэйчүүд мундаг шүү дээ. Харахад “аймаар” амархан, өөрөө хийхээр бүтэхгүй.

-Таныг өөртөө дээл хийснийг танай нутгийн хүмүүсээс сонслоо?

-Би монгол эмэгтэйчүүд шиг нямбай дээл оёж чадахгүй. Эмжээрийг нь маш бүдүүн хийчихсэн. Ямар ч байсан хэлбэр нь дээл шиг байна. Нэг удаа нөхөртөө “аймаар” дээл хийж өгсөн. Манайх нөхөр чи ёстой бүтэхгүй гэхээр нь “Ёстой уучлаарай, ахиж хийгүй, больё” гэсэн. Нөхөртэйгөө суухаас өмнө өөртөө дээл, хүрэм хийсэн. Яадаг юм, япон хүн хийсэн юм чинь хүмүүс тоохгүй биз гэж бодоод өмссөн. Одоо эхнэр хүн болсон учраас гоё хийхгүй бол болохгүй. Санаа зовно.

-Зун өрөм загсааж, ааруул хийдэг үү?

-Би зун жуулчны баазад ажилладаг учраас цагаан идээ хийж чаддаггүй. Ямаагаа саагаад тараг л бүрж чадна. Ганцхан удаа ааруул хийсэн чинь түлчихсэн. Нөхөртөө анх удаа миний хийсэн ааруул гээд өгсөн чинь гашуун байсан юм байлгүй ямаанд өг гэсэн. Түүнээс хойш ахиж ааруул хийгээгүй. Дараа хийж сурна. Ойрын үед хөдөө гараагүй удсан болохоор манай нөхөр саяхан ирчихээд “Хөдөө хариад сонин, сонин юм их хийнэ дээ” гэж хэлсэн(инээв.сурв).

-Монгол хоол хийж сурсан уу. Хийхэд хэцүү байна уу?

-(инээв.сурв). Японд хоол хийх амархан. Яагаад гэвэл бүх юм нь бэлэн байдаг. Хамгийн анх бууз хийж чаддаггүй. Зэрэг, зэрэг мах татна, гурил зуурч элдэнэ гэсэн чинь сандраад. Тэгсэн нь хажуу айлын хүүхэд мах татаад манай нөхөр гурил зуураад. Тэр орой цагаан сарын бууз хийж байгаа юм шиг бүгдээрээ ширээ тойрч суугаад хоолоо хийсэн. Сонин, сонин хоол хийчихсэн байхаар манай нөхөр “Зүгээрээ аваад ир” гээд чимээгүй идэж өгдөгт би маш их баярладаг. Миний хийж өгсөн хоолыг амтгүй байна гэж загнаад байвал надад хэцүү санагдана. Хуушуур сайн хийж чадахгүй учраас манай нөхөр “Чи гэртээ хүлээгээд сууж бай. Орой ирээд тусалъя” гэж хэлдэг. Тэгээд хамтдаа хоолоо хийдэг. Надад үнэхээр сайхан санагддаг. Японд бол эхнэр хүн өөрөө хийх ёстой байдаг.

-Танай нөхөр, хүү хоёр хотод идээшихгүй хэцүү байгаа гэж сонслоо?

-Манай нөхөр бид хоёр дээр долоо хононо гэж ирчихээд “Ёстой бүтэхгүй юм байна” гэж хэлээд 2-3 хоноод л явчихна. Манай хүүг Өндөрширээт сумын бүх хүн таньдаг болохоор дэлгүүрийн худалдагч “За, Самбуугийн хүү юу авах вэ” гээд асуудаг гэнэ. Харин "Хотод асуухгүй юм, яасан хэцүү газар вэ” гэж надад хэлсэн. Манай хүү машинд суувал дандаа дотор нь муухай оргидог учраас автобусанд суух дургүй. Хааяа надад “Ээж минь хөдөө морио унаад явах сайхан шүү дээ” гэж ярьдаг юм. Хамар нь битүүрээд, шөнө халуун байна гээд унтаж чадахгүй.

-Монгол гэрт хамгийн анх унтахад хэцүү санагдаж байв уу?

-Монгол гэр надад таалагддаг. Их харанхуй, гэртээ ганцаараа байхад уйтгартай санагдаад хаалгаа нээчихдэг. Манайд ирсэн хүмүүс “Ийм хүйтэнд яагаад хаалгаа дэлгэчихээ вэ” гэж асуудаг. Өвөл ёстой хэцүү, маш хүйтэн. Шөнө нам унтаж чадахгүй байхад манай хоёр нам унтдаг. Би даараад “Хөөе, хөөе” гээд дуудахаар сэрэхгүй(инээв.сурв).

-Хүүгээ дүүтэй болгох бодол та хоёрт байгаа биз дээ?

-Байлгүй яахав. Харин манай хүү дүүтэй болохгүй гэх юм. Ганцаараа байсаар байгаад сурчихсан бололтой.

-Гэр бүлтэйгээ Японд амьдрах бодол байдаг уу. Эсвэл та насаараа монголд амьдрах юм уу?

-Хүүгээ сургуульд орохоор Японд амьдарна гэж боддог байсан. Манай нөхөр ч зөвшөөрсөн. Тэгээд би нөхрөө хонинд явахад нь япон үсэг бичиж өгөөд зөндөө их явуулсан. Юу ч сураагүй(инээв.сурв). Хүүгээ сургуульд орохоор нь япон явах уу гэж асуусан чинь "Үгүй" гэсэн. Хүүгээ том болоод ганцаараа байж чаддаг болохоор нь хөдөө амьдармаар байна. Одоо жаахан ажил хийж мөнгөө хадгалж байгаад хотод амьдарч буй юм шиг гэрээ тохижуулна. Миний мөрөөдөл.

-Өөр мөрөөдөл бий юу. Нууц биш бол бидэнтэй хуваалцаач?

-Зүү ороох оёдол сурчихаад нөхөртөө хөөрөгний даалин оёж өгөхийг маш их хүсэж мөрөөдөж байна. Бас зүү ороож гоё, гоё юмнууд оёод тэрийгээ зарах. Хөгшин эмээ болчихоод өвгөнөө хонинд явсан үед нь зүү ороож юм оёод хүлээгээд суух хамгийн сайхан жаргал гэж боддог. Гэхдээ энэ бүгд миний мөрөөдөл шүү /инээв сурв/

М.АМАРЖАРГАЛ