Эртний ромчуудын “Арабия Феликс” буюу “Зол завшаант Араб” хэмээн нэрийдэж асан Иемен нутаг үржил шимт хөндий, хөдөө аж ахуй эрхлэхэд нэн тааламжтай уур амьсгалаараа олны сэтгэлийг булааж байсан цаг ард үлдэж, дайн дажны хөлд сүйдээд байна.
НҮБ-ын тооцоогоор 2015 оны гуравдугаар сард Саудын Арабын тэргүүлсэн есөн орны цэргийн нэгдсэн ажиллагаа эхэлснээс хойш тус улсад 6000 орчим хүний амь эрсдээд байна. Тэдгээр улс Иемений нутаг дэвсгэрийн тэн хагасыг эзлэн түрэмгийлсэн хутни босогчдыг дарахын тулд цэргийн ажиллагаа эхлүүлсэн юм. Арабын орнуудаас хамгийн ядуу зүдүү нь болох Иемен улс олон жилийн өмнөөс л газрын тос, цэнгэг усны гачаалд орсон. Гэтэл эл дайн самуун тус улсыг бүр ч ангалын ирмэг аваачлаа. Өнгөрсөн жил орчмын хугацаанд Иеменд дэд бүтэц гэх зүйл үндсэндээ үгүй болж, эдийн засгийнх нь эргэлт зогсож, хүн амынх нь бараг 80 хувь гадаадын тусламжийн хоол хүнсээр өдөр хоногийг аргацаах болжээ. Харин нутаг дэвсгэр нь өмнөх Ерөнхийлөгчдөө үнэнч хутни босогчид болоод одоогийн Ерөнхийлөгчийн мэдэлд буй зэвсэгт дайчид, мөн Булангийн орнуудын Зэвсэгт хүчнийхэн, тэдэнтэй дайтагч “Аль-Каида”, “Исламын улс” зэрэг алан хядагч бүлгийнхний дунд хэдэн хэсэг хуваагдаад байна.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Швейцарьт эхэлсэн энхийн хэлэлцээ нь тодорхой шийдэлд хүрэлгүй түр завсарлаад буй. Хэрэв хэлэлцэгч талууд дараагийн уулзалтаараа санал бодлоо нэгтгэж чадахгүй бол олон орны урьдаас таамаглаагүй Иемений дайн цаашид хэний ч багцаалж чадахааргүй урт удаан хугацаанд үргэлжилж сунжрах аюултай байна.
Үймээний шалтгаан
Арабын хавар гэгдсэн, шил шилээ дарсан бослого тэмцэл 2011 онд Иеменийг мөн дайрсан юм. Египет, Тунис, Бахрейн, Ливи, Сири зэрэг улсад зэрэг шахам дэгдсэн үймээн самуун улс орных нь дотоодод нөлөөлөх вий гэхдээ Арабын булангийн орнууд Иеменийг олон жил жолоодсон Ерөнхийлөгч Али Абдулла Салехийг суудлаас нь буулгаж, Абдраббух Мансур Хадийг Төрийн тэргүүнээр томилжээ. Гэхдээ тэд Салехийг дэндүү бассан байж. Тэрбээр чимээгүйхэн явж одохын оронд эх орондоо үлдэж, шинэ Ерөнхийлөгчийн алхам бүрт саад хийхийг оролдож байлаа. Тэгсээр Ираны дэмждэг хутничуудын 2014 онд өдөөсөн эсэргүүцлийн хөдөлгөөнийг илэрхий дэмжсэнээр тэднийг нийслэл Сана хот руу саадгүй нэвтрэхэд нь үлэмж нөлөөлжээ. Ингэж НҮБ-аар хүлээн зөвшөөрөгдөөд байсан Ерөнхийлөгч Хади 2015 оны нэгдүгээр сар гэхэд эрх мэдлээ алдаж, Саудын Араб руу зугтсан байна. Тэрбээр өнөө ч тэндээ байгаа юм.
2015 оны гуравдугаар сард хутни босогчид Иемений хүн амын дийлэнх нь төвлөрөн суудан нутгийн баруун хэсгийг бүхэлд нь гартаа оруулав. Үүнийг саудууд болоод Булангийн бусад орны эрх баригчид Ираны далд түрэмгийлэл гэж үзжээ. Иеменд нөлөөгөө бэхжүүлснээр иранчууд Адений боомт болон жилд хэдэн мянган хөлөг онгоц дайран өнгөрдөг Улаан тэнгис дэх стратегийн гол замыг эзэмших нь гэж тэд болгоомжилсон хэрэг. Ялангуяа бүс нутгийнхаа хамгийн хүчирхэг улс болох саудуудын хувьд хутничуудын бослого аюулгүйн улаан шугам байсан гэсэн үг. Ингээд тэд Иемений дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоор шийдэж, гуравдугаар сард Салехт үнэнчээр зүтгэгч бусад зэвсэгт босогчид болон хутничуудын эсрэг агаараас цохилт өгч эхлэх нь тэр. Саудууд энэхүү гэнэтийн шийдвэрээрээ хутничуудыг шуудхан хэлэлцээний ширээний ард суулгана, Иеменд энх амгалан тогтоно гэж найдсан биз. Гэтэл 10 сарын дараа ч хутничууд хүчирхэг хэвээр байгаагаар барахгүй Иемений нийслэл хот болон нутгийн хойд хагасын дийлэнх хэсгийг эрхэндээ байлгасаар байна.
Иемен улс одоо хутничуудын төвлөрсөн Сана, тэднийг сөрөгч хүчний төвлөрсөн Аден гэсэн хоёр нийслэлтэй болжээ. Сөргөлдөгч талуудын хэн нь дайнд ялахыг таамаглахад одоо дэндүү эрт байна.
Үрэгдэгсэд
Эгэл жирийн иеменчүүд болоод улс орны дэд бүтэц эл дайн самуунд хэчнээн хохирсныг хэлэх аргагүй. Хүний эрхийн байгууллагуудын үзэж буйгаар сөргөлдөгч талуудын аль аль нь балмад хэрцгий байж, бүр дайны гэмт хэрэг гэж болох харгислал хүртэл үйлджээ. Одоогоор 2500 гаруй энгийн иргэн амь үрэгдсэн гэсэн тооцоо байна. Тэдний дийлэнх нь агаарын цохилтод өртөж, амь эрсэдсэн бололтой. Саудууд дэлхий дахинаа хориглоод байгаа хонгорцог бөмбөгийг багаар тооцоход дөрвөн удаа ашигласан, энгийн иргэдийн гэр сууц, эмнэлэг, сургууль, үйлдвэрүүдийг бөмбөгдсөн гэсэн мэдээлэл нэг бус байгаа юм. Харин Саудын тал сайтар судалсан, цэрэг армийн түшиц газруудыг л бөмбөгдөж байгаа хэмээн мэдэгдсээр буй. Хүний эрхийн байгууллагууд Саудын Арабад зэр зэвсэг худалдахгүй байхыг барууны орнуудаас, тэр дундаа АНУ, Их Британиас шаардсаар байгаа ч саудуудын тэргүүлсэн цэргийн ажиллагаанд Америк, Английн голдуу онгоц, пуужин хэрэглэсээр байна. Тэр ч бүү хэл Америкийн сөрөг тагнуулын албаныхан Саудын тусгай ажиллагаанд тусалж, Иементэй холбоотой мэдээ сэлтээр саудуудыг хангадаг нь хэдийнэ ил нууц болжээ.
Харин хутни босогчид жирийн иргэдийн гэр сууцыг нуувч болгож, заримдаа гэмгүй ардыг бамбай болгон дайтдаг, мянга мянган хүнийг тодорхой баримт, шүүхийн ял шийтгэлгүйгээр хорьж цагддаг гэж эх сурвалжууд мэдээлдэг.
Бүс нутгийн тэмцэл
Ажиглагчид Иемений үймээн самууныг Ойрхи Дорнодод нөлөөгөө бэхжүүлэх гэсэн тус бүс нутгийн гол хоёр “тоглогч” болох Саудын Араб болон Иран хоорондын тэмцэл гэж үзэж байна. Саудын Араб нь суннит голдуу шашинтнууд аж төрдөг, нутгийн зүүн захад төвлөрөн суудаг шашны цөөнх шийтүүд нь хавчигдаж гадуурхагддаг хэмээгддэг улс билээ. Харин Иран бол шийтүүдийн орон. Энэ хоёр улс газрын зураг нь хурдацтай өөрчлөгдөж байгаа Ойрхи Дорнодод хамгийн хүчирхэг, нөлөөтэй улс болохын төлөө хэзээд тэмцэлдэж ирсэн сөргөлдөгчид юм.
2003 онд АНУ Иракийг эзлэх хүртэл өргөн уудам газар нутагтай, газрын тосоор баялаг тус улсыг Ерөнхийлөгч Саддам Хуссейн тэргүүтэй суннитууд захирч байв. Иракийг сүйдэж, Саддам Хуссейнийг цаазлуулж байхад жишимгүй байсан Булангийн орнуудын эрх баригчид Иракийг Иран болоод Исламын хувьсгалынх нь замд тээг саад болох гол нутаг гэж харсан нь нууц биш. Харин одоо Иракийг Ирантай холбоо сүлбээтэй шийт шашинтнууд захирах болсон. Тус улстай хөрш зэргэлдээ, иргэний дайнд нэрвэгдсэн Сири улс мөн л Ираны дэмжлэг хүлээсэн шийт шашинт Ерөнхийлөгчтэй бол Ливанд нөлөөгөө тогтоосон хамгийн хүчирхэг зэвсэгт бүлэглэл болох “Хезболла”-г бас л Иран улс дэмжсээр иржээ. Тэгэхээр саудууд энэхүү “шийтүүдийн хүрээ” гээчийг Афганистанаас баруунтаа Газар дундын тэнгис хүртэл тэлэгдэх вий гэхээс болгоомжилж байгаа нь хэнд ч илэрхий. Тэдний хувьд “шийтүүдийн хүрээ”-нд Иемен багтах нь тэсвэрлэшгүй, хэтийдсэн зүйл тул хэзээ эцэс болох нь тодорхойгүй уг үймээн самуунд татагдсан хэрэг.
Эдүгээ Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Бахрейн зэрэг улс Сириэс илүү Иеменд анхаарал хандуулж байгаа нь Ирак, Сирид төвлөрсөн “Исламын улс”-ын эсрэг явуулж буй АНУ тэргүүтэй орнуудын цэргийн ажиллагаанд Булангийн орнууд мөнхүү хямралын явцыг эргүүлэхүйц хувь нэмэр оруулж чадахгүй байгаагийн гол шалтгаан юм. Булангийн улсууд зэрэг шахам даамжирсан хоёр ч дайн самууныг шийдвэрлэхэд нэгэн зэрэг оролцож чадахгүй гэж ажиглагчид дүгнэж буй.
Зэвсгийн хүч
Саудуудаас өмнө нь анзаарагдаж байгаагүй энэхүү түрэмгий, дээрэнгүй ааш аяг олныг гайхшируулж байна. Зэр зэвсэг, цэрэг армидаа жилийн жилд хэдэн тэрбум ам.доллар зарцуулдаг ч тарж сарниад байсан овог аймгууд нь 1932 онд нэгдэн нийлснээс хойш саудууд одоогийнх шиг цэрэгжсэн удаагүй билээ.
Иракчууд 1990 онд Кувейтийг эзлэхэд хүртэл Саудын хунтайж нар Саддам Хуссейнтэй зөвшилцөхийг бодож, түүнд үлэмж хэмжээний мөнгө, Кувейтийн газар нутгийн багахан хэсгийг санал болгон, зөрчил тэмцэлгүйхэн тохиролцохыг илүүд үзэж байв. Ерөөс аливаа сөргөлдөөнийг мөнгөний хүчээр, дуу шуугүйхэн шийдвэрлэх нь саудуудын уламжлалт төрийн бодлого юм.
Гэтэл энэ бүхэн 2015 оны нэгдүгээр сард Абдулла хаан өөд болж, орыг нь Салман хаан залгамжлахад өөрчлөгджээ. Шинээр өргөмжлөгдсөн хаан төрсөн хүү, туршлага нимгэн, 29-хөн настай хунтайж Мохаммед бин Салманаар Зэвсэгт хүчнээ удирдуулахаар болсон нь олон хүнд гэнэтийн мэдээ байлаа. Магад, дэлхийн хамгийн залуухан Батлан хамгаалахын сайд болох Салман хунтайж л чухамдаа Иемен дэх хутничуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг эргэлзэх юмгүй дэмжиж, армийнхандаа ногоон гэрэл асааж өгчээ. Өдгөө Саудын арми Иемений нутагт бүр явган цэргээ хүртэл оруулсан бөгөөд тэдний командалж байгаа эвсэлд эмират, бахрейнчуудаас гадна египет, судан цэргүүд, бүр колумб худалдаачид хүртэл бий гэсэн мэдээ байна. Ингэтэл хичээл зүтгэл гаргасан болохоор саудууд хутни босогчдыг Сана хот болон ойр орчимд нь удаан үүрлүүлэхийг хүсэхгүй нь тодорхой. Залуу сайд ч хутнийнхныг дарахын төлөө юу ч хийхэд бэлэн гэдгээ мэдэгдээд байна. Харин Иемений дотоодоос сүүлийн үед Салехийг дэмжигч бусад зэвсэгт босогчид болоод хутни дайчдын хооронд үл ойлголцол үүсэж, зарим нь дайн самууныг хурдхан дуусгахыг хүсэж, хэлэлцээ хийхийг зорьж байгаа тухай мэдээлэл ирэх болжээ.
Энэ мэдээ үнэн байсан ч Иемений байдал өдгөө урьд байгаагүйгээр бүрхэг байна. Үнэн хэрэгтээ гал зогсоох элдэв тохиролцоо хийгдэж л байдаг, цуцлагдаж л байдаг. Их, бага орнууд аливаа дайн дажныг өөрсдөд нь ашигтай үгүйг харгалзан байгаад дуусашгүй мэт зөрчил тэмцэлд хүртэл татагдаж л байдаг. Эсвээс бүр үл тоомсорлож, бүхэл бүтэн улсыг онхи орхин, мартаж л байдаг. Ийм нэгэн гашуун ёсны золиос болоод буй Иеменд одоогоор ялагч гэчихээр нэг ч тал алга. Харин дайны хувь заяа хаашаа ч эргэсэн хэн хохирогч байх нь илэрхий юм. Тэр бол эрх мэдэл, нэр төрийн төлөө улайрагчдын хөлд үрэгдсэн Иемений эгэл жирийн, гэмгүй ард билээ.