Dyatlov

Энэхүү явдал 1959 оны 2-р сарын 2-ны өдөр Уралын нурууны зүүн хэсэг Холят Сяхл буюу нутгийн хэлээр Үхлийн ууланд болсон байна. Уралын политехникийн их сургуулийн төгсөгчид болон оюутнуудаас бүрдсэн 8 эрэгтэй, 2 эмэгтэй нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй гулгагчдын багийг Игорь Дятлов ахлан 10 км зайтай Отортен ууланд авирах аялал хийх зорилготойгоор 1-р сарын 25-нд Идвельд галт тэргээр ирж тэндээсээ машинаар хамгийн алсын суурин болох Вижайд иржээ. Тэд нэгдүгээр сарын 27-нд Отортен хүрэх аялалаа эхэлсэн боловч дараагийн өдөр нь Юрий Юдин өвчний улмаас аяллаа үргэлжлүүлэх боломжгүй болсон тул буцаж баг 9 хүний бүрэлдэхүүнтэй үлдсэн бөгөөд тэдгээр залуусын нэг нь ч эргэж ирээгүй юм. Тэдний хамгийн сүүлд буудалласан газраас тэдний өдрийн тэмдэглэл болон камер зэргийг олсноор тэдний аяллын тухай мэдсэн гэдэг.

Нэгдүгээр сарын 31-нд өндөрлөг газрын эхэнд ирэн авиралтаа эхлэхээр бэлджээ. Модтой хөндийд илүү гарсан хүнс зэргээ буцах замдаа хэрэглэнэ хэмээн нөөцлөөд хоёрдугаар сарын 1-нд уулын амаар нэвтрэн тэндээ буудаллах ёстой байв. Гэвч нөхцөл байдал хүндэрч цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдан төөрч, чиглэлээ алдан Холят Сяхлын оргил өөд чиглэсэн байна. Тэд төөрснөө мэдсэний дараа зогсохоор шийдэн уулын бэлд буудаллажээ.

Ингээд тэд Вижай руу цахилгаан мэдээ дамжуулах гэсэн боловч бүтэлгүйтсэн байна. Үүнээс хэд хоногийн дараа тэдний хамаатнууд болон бусад гулгагч нарын шаардлагаар сайн дурын оюутан багш нараас бүрдсэн хайгуулын бага хоёрдугаар сарын 20-ны өдөр гарчээ. Үүний дараа цэрэг, цагдаа, онгоц, нисдэг тэргийн тусламж ирсэн бөгөөд 26-нд Холят Сяхл дахь сүйдсэн буудлыг нь олсон байна. Тэндээс зүүн хойд зүг модны зах руу явсан хөлийн мөр олсон бөгөөд 500 метр яваад мөр цасанд дарагдан баларсан байна.

Ойн захад хөгшин хушны дор гал түлсэн ул мөр болон хоёр гулгагчийн цогцсыг олсон бөгөөд тэд гуталгүй, дотуур хувцаснаас өөр зүйлгүй байжээ. Буудалласан газар, хуш хоёрын хоорондоос мөн гурван цогцос олсон бөгөөд тэд цөхрөн буудалласан газар руугаа буцаж явах замдаа өнгөрчээ гэж таамагласан байна. Тэд хоорондоо 200-350 метр зайтай байв. Үлдсэн 4-ийг нь бараг хоёр сарын дараа олсон бөгөөд тэд 4 метр орчим цасан дороос олдов.

Хоёрдугаар сарын 26-нд тэдний майхныг олоход майхнаа дотроос нь зүсэн гарсан байсан бөгөөд залуусын ихэнх нь хөл нүцгэн мөн оймстойгоо гарч зугатсан байна. Эхний олдсон 5 хүний хувьд ямар нэгэн гадны нөлөөнөөс үл хамааран нас барсан мэт байсан ба нэг нь л тархиндаа жижиг хагархайтай байж. Харин сүүлд олдсон дөрөв нь яах аргагүй үхлийн шарх авсан байсан ба нэг нь тархиа маш хүчтэй хагалуулж, хоёр нь цээж, хавиргаа хугалуулж, үлдсэн нэгнийх нь хэл байхгүй байсан байна. Тэдний гэмтлийн хэмжээ нь машины ослынхоос ч их хүчээр үүсгэгдсэн байв. Мөн зарим гулгагчдын хувцаснаас цацраг идэвхт бодис их хэмжээгээр илэрсэн байна.

Dyatlov2

Тэдний үхлийн шалтгаан яг юу байсан, яагаад майхнаа дотроос нь зүсэж гарсан, яагаад хөл нүцгэн гарч зугтаасан, яг юунаас тэгж айн зугтав, яагаад тийм их хүчтэй гэмтэв, нэгнийх нь хэл яагаад байхгүй байв, яагаад хувцаснаас нь цацраг идэвхит бодис илрэв гээд олон нууц тайлагдаагүй хэвээр байв. Эцэст нь шинжээчдийн багийнхан яавч энгийн тохиолоор энэ зүйл болоогүй, ямар нэг үл мэдэгдэх хүчний нөлөөллөөр энэ бүхэн болжээ хэмээн зөвшөөрсөн байна.

“Хэрэв надад бурхнаас ганц л зүйл асуух боломж гарвал миний нөхдөд яг юу тохиолдсоныг л мэдэхийг хүснэ” хэмээн багийн үндсэн бүрэлдэхүүнээс ганцаар үлдсэн Юрий Юдин харамсалтайгаар өгүүлсэн гэдэг.

Мөн энэ явдалтай холбоотой сонирхолтой зарим баримт олдсон.

Оршуулгын дараа нас барагсдын гэр бүлийнхэн талийгаачдын биен дээр хачин бор толбо байсан гэж батласан юм.

Мөн шинжээчид Холят Сяхл уулын хавьд маш өндөр цацраг идэвхит туяатай болохыг тогтоосон боловч эх үүсвэрийг нь олоогүй.

Яг Дятловын багтай ойролцоо хугацаанд тэдний байсан газраас 50 км зайтай байсан уулчид Холят Сяхлын хавьд шөнийн цагаар тэнгэрт хачирхалтай улбар шар бөмбөлөгнүүд харагддаг байсан гэж хэлсэн байна.

Мөн зарим сурвалжид тэр хавиас маш их металлын хаягдал, хэлтэрхий олддог бөгөөд энэ нь тэнд ямар нэг зэвсгийн туршилт болон нууц ажиллагаа явуулдаг байсан гэсэн хардлага төрүүлдэг байна.

Dyatlov3