Өнөөдөр бид бүхэн техник технологижсон, шинжлэх ухаанжсан хөгжил дэвшлийн эрин үед амьдарч байгаа соёлт нийгмийн боловсорсон хүмүүс. Тэр ч утгаараа хууль баталж, түүнийхээ дагуу эрхээ эдэлж үүргээ хүлээдэг. Өөрөөр хэлбэл бидний нийгэм цаасан дээр буусан хууль дүрмээр зохицуулагддаг.

Тэгвэл олон зууны тэртээд амьдарч байсан бидний харанхуй бүдүүлэг, зэрлэгүүд хэмээн нэрлэдэг хүмүүсийн харилцаанд “табу” буюу “цээр ёс” үйлчилдэг байж. Энэхүү цээр ёсны тухай Австрийн нэрт сэтгэлзүйч, фиолософич Зигмунд Фройд “TABOO AND TOTEM” хэмээх бүтээлдээ В.Вундт, Э.Тайлор болон Дж.Фрэзер зэрэг олон судлаачдын угсаатны зүй, сэтгэл судлал, социологийн бүтээлүүдээс гадна өөрийн психоанализын арга дээрээ тулгуурлаж тайлбарласан байдаг.

Хамгийн сонирхолтой нь, энэхүү номыг уншихад эрх мэдэлтэн буюу хаад ноёдтой харилцах цээр ёсны хэсэг хамгийн ихээр анхаарал татдаг юм. Тухайлбал, хаад ноёд, захирагч нарын эрх мэдэл хэдий чинээ нэмэгдэж хүчирхэг болно төдий чинээ цээр ёс, дагаж мөрдөх хориг нэмэгддэг байжээ.

Үүний учир нь тухайн хаад ноёдыг тэр хэмжээгээр агуу их хүч, аз жаргалыг бүтээгч чадвартай болж байна хэмээн итгэдэгт байгаа юм. Түүнчлэн цээр ёсыг дагаж мөрдөх тусам газар нутагт сайн сайхан зүйл тохионо гэж үздэг.

Тиймээс тэднийг нэг талаар бурхан мэтээр эрхэмлэн шүтдэг ч цээр ёсоо зөрчин алдаа эндэл гаргавал гэмт хэрэгтэнтэй адилтган үзэж хатуу шийтгэл ноогдуулдаг аж. Үүнийг батлан Дж.Фрезэр “Эртний хаант засаглалын үед хаан нь зөвхөн албат иргэдийнхээ төлөө л амьдарч, албан тушаалтай холбоотой үүргүүдээ биелүүлсээр ирсэн. Гэхдээ энэ бүгдээ орхигдуулан завсардуулбал гутамшигтайгаар хөөгдөж, амиа хамгаалж чадвал зол болдог байсан” хэмээн “Taboo” хэмээх номынхоо 7 дугаар хуудсанд тэмдэглэн үлдээснийг З.Фройд мөнхүү бүтээлдээ дурдсан байдаг.


Ийнхүү асар их цээр ёс буюу үүрэг хариуцлагад хүлэгдсэн байдлаас болоод хаант засаглалтай газруудад хаан болон түүнтэй дүйцэхүйц албанд тохоогдохоос зайлсхийдэг байжээ. Тиймээс хүчээр тулгах хэрэг ч гардаг байсан аж. Үүний жишээ нь Шүрэн тэнгисийн арлуудад тогтносон хаант засаглал хариуцлагатай бөгөөд аюултай тэрхүү суудалд хэн ч суухыг хүлээн зөвшөөрөөгүйгээс болж төгсгөл болсон явдал билээ.

Энэ мэтчилэн эрт балрын үеийн асар олон жишээ баримт дурдагдсан байдаг. Угтаа бидэнд цээр ёс гэхээр утгагүй, ямар ч эмх замбараагүй мэт сонсогдож байгаа боловч эрт балрын хүмүүсийн хувьд чанд хатуу хууль байсан нь харагдаж байгаа юм. Дээр дурдсан бүхий л жишээний цаана эрх, үүрэг эсрэгцэн оршиж байна. Өөрөөр хэлбэл, бурхан мэт шүтэгдэж дээд эрх эдлэх хэдий ч хэрэв хийх ёстой зүйлээ хийж чадахгүй бол буцаад буг мэт адлагдаж ял шийтгэл хүлээх нь байна.

Энэ бүгдээс ургуулан бодоход манай өнөөгийн эрх мэдэлтэн, сайд түшээдэд энэ мэт айдас, зовнил байдаг болов уу?, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бол яах вэ, ард түмэндээ амласан амлалтандаа хэрхэн хүрэх вэ хэмээн хэдэнтээ тунгаадаг бол? гэсэн олон асуулт гарч байна.

Гэхдээ эдгээр асуултын хариу тун эргэлзээтэй гэдгийг бидний өнөөгийн байдал нотлоод өгнө. Учир нь манайд эрх мэдэлтэнгүүдтэй холбоотой хариуцлагын тогтолцоо гажуудалтай. Үүнээс болоод тэдэнд айдас гэдэг зүйл үгүй болсон. Тухайлбал, улсын их хурал болон орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөр болгонд “Ядуурлыг тэдэн хувиар бууруулна, ажилгүйдлийг багасгана, тэдэн сургууль, цэцэрлэг барьж байгуулна” хэмээн тунхагласан байх боловч сонгогдсоныхоо дараа үүнийгээ биелүүлэх нь бүү хэл ийм зүйл амласан эсэхээ ч мартагнасан байх талтай. Түүнчлэн 2008 оны 7 сарын 1-ны жагсаал, түүнтэй холбоотой олон хүний амь нас, эрүүл мэнд, эд материалын хохиролд эрх мэдэлтэнгүүдээс хэнбугай ч хариуцлага хүлээгээгүй. Энэ мэт ил болон далд хариуцлага хүлээх эзэнгүй үлдсэн олон жишээ бий.

Тэгэхээр бид харамсалтай нь хөгжин дэвшиж, их хөгжлийн оргил өөд мацаж байгаа гэж ярих боловч үнэндээ тэр эрт балрын үеийн цээр ёс манай хууль дүрмээс илүү үйлчилж, хариуцлагын тогтолцоо жинхэнэ утгаараа тогтнож байсан гэх хатуухан үнэнтэй нүүр тулах нь. Тийм учраас эрт баларт хаан болон түүнтэй дүйцэхүйц албанд тохоогдохос айж эмээдэг байсан явдал өдгөө манай нийгэмд урвуугаар эргэж аль болох эрх мэдэл ахиухантай, нэр нөлөө ихтэй суудалд суухын төлөө улайран тэмцэх болжээ.

Иймд бидний хууль дүрэм ямар шалтгаанаар үнэгүйдэж байна вэ гэхээр хариулт нь ерөөсөө л “хариуцлага” болж таарч байна. Гэвч хэрхэн, ямар арга замаар хариуцлагын тогтолцоог сайжруулах вэ? Ард түмэн бид засгийн эрхэнд суух тэдгээр эрхмүүдийг сонгодог. Тийм учраас бид тэдэнд зөвхөн эрх өгдөг, мэдлийг нь нэмэгдүүлдэг байгаад зогсохгүй үүргийг нь хүлээлгэж хариуцлага тооцдог, татан буулгадаг, өөрсдийн зүгээс хэнийг тухайн албанд томилохоо мэддэг байх хэрэгтэй байна. Үгүй бол эрх мэдэлтэй эрхэм түшээд ухамсраараа өөрөө өөртэйгээ хариуцлага тооцно гэдэг юу л бол. Нэг үгээр хэлбэл бид эхлээд иргэн хүнийхээ үүргийг биелүүлэн тэдэнд шаардлагаа тавьж, хүлээх ёстой үүрэг хариуцлагыг нь сануулсаар байвал маргаангүй “төгс хариуцлагын тогтолцоо” биелэлээ олох үндэс суурь нь болох биз ээ.


Б.Батцэцэг