Өмнөх үг

”Монсудар” хэвлэлийн газраас орчуулагч Ж.Баатарын хөрвүүлснээр Федор Михайлович Достоевскийн “Маанаг” роман уншигч та бүхэнд хүрч байна. Өмнө нь хэд хэдэн бүтээл дээр хамтран ажилласны хувьд орчуулагч уг бүтээлийнхээ орчуулгын ерөнхий редактороор миний биеийг ажиллаж өгнө үү хэмээн урьсныг би дуртай хүлээн авсан билээ.

Ф.М Достоевскийн гурван оргил бүтээлийн нэг гэж үнэлэгддэг, зохиолчийхоо нэрийг дэлхий даяарт дуурсгасан уг зохиол тэртээ 1868 онд бичигдсэн боловч өдгөө хүртэл хүн төрөлхтөн шимтэн уншсаар буй бөгөөд бидний хойч үе ч унших нь гарцаагүй. Тийм ч учраас Достоевскийн зохиолуудыг мөнхийн бүтээл гэж болно. Тэгвэл үүний нууц юунд оршиж байна вэ? Яагаад түүний бүтээлүүд зуу гаруй жилийн дараа ч хүмүүний сонирхлыг татаж, зохиолын баатрууд бидний сэтгэлийг одоо ч догдлуулсаар байдаг юм бол?

Бүх үеийн уран бүтээлчдийн сэтгэлийг татсаар ирсэн мөнхийн сэдвүүд гэж бий, түүний нэг нь яах аргагүй хүний мөн чанар, хүний сэтгэл, мэдээж хайр. Достоевский чухам энэ л сэдвүүдэд өөрийн олон бүтээлээ зориулсан учраас түүний зохиолууд ямар ч үед улирч оддоггүй биз ээ.

Достоевский энэхүү романаараа төгс /идеальный/ хүний дүр бүтээх зорилго тавьсан гэдгээ өөрийн захидалдаа дурдсан нь бий. Гэхдээ хаанаас тийм хүнийг “төрүүлэх” билээ? Гажиж эвдэрсэн нийгэмд тийм хүн төлөвшин бий болж чадах уу? Үгүй. Тиймээс зохиолч энэхүү дүрээ хүүхэд ахуйгаасаа өвчилсөн өвчнөө байгалийн гоо үзэсгэлэнт Швейцарийн ууланд, цөөхөн хүнтэй нэгэн тосгоны сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлж, хүүхдүүдийн хайр итгэлийн дунд хэдэн жил амьдарснаар эдгэрсэн нэгэн орос залуугаар төлөөлүүлжээ.Тэрхүү өөдрөг үзэлтэй, хүнлэг нинжин, бусдыг чин сэтгэлээсээ ойлгодог, бүр Христээс дутахгүй энэрэнгүй сайхан сэтгэлт залуу Орос руу Петербург хотыг зорин явж буйгаар зохиол эхэлнэ.

Гадаадад олон жил болсон монгол хүн эх орон луугаа тэмүүлж ирдэгтэй яг адилхан дүр зураг. Гэтэл эх орон нь хүний ийм сайн сайхан талыг эргүү тэнэг, маанаг мангар гэж харах болтол нийгмийн оюун санааны гажуудалд автсан байх ажээ. Зохиолын эерэг дүр болох Мышкин хүлцэнгүй, хүлээцтэй, үнэнч шударга, нигүүлсэх сэтгэлийн дээд боловч уншигчдад өрөвдөх сэтгэлээс илүү эх орноороо бахархах, түүнийгээ өөд нь татахын хүсэл тэмүүлэлд дууддаг бол эсрэг дүр Рогожин харгис хэрцгийн жигшил зэвүүцлийг бус харин хайрлавал хайрласан шиг хайрладаг, “задарвал задарсан шиг задардаг” хоёргүй сэтгэлийг дэмжсэн далд симпатийг сэмхэн хөндөнө. Энэ зохиолын хоёрдугаар эгнээний дүрүүд нь хүртэл амьд, маш үндэслэлтэй бодол санаа, сэтгэлийн мэдрэмжтэй агаад зарим нь бухимдуулж зарим нь өрөвдөл өршөөл дуудахаас бус аль нь ч хоосон гоёл чимэглэлийн мэдрэмж үл төрүүлнэ.

Энэ бүхний эцэст үгийн болон сэтгэлийн ямар агуу мастер болохоороо Достоевский ийм эсрэг тэсрэг дүрүүдийг ч хүн талаас нь бүхэнд ойлготол харуулж чаддаг юм бэ? гэж дуу алдмаар. Үнэндээ хүн болгоны, бүр адгийн этгээдийн ч сэтгэлийн уг руу нь өнгийн харвал гэрэл гэгээ заавал байдаг даа гэж өөрийн эрхгүй шүүрс ч алдмаар.

Зохиолын бүх баатрууд нь өөрийн гэсэн үзэл бодол, үнэт зүйлтэй, мэдээж түүгээрээ орчин тойронтойгоо, зарим нь бүр өөрөө өөртэйгээ ч тэрсэлдэнэ.... Бодоод үзэхэд миний ч, таны ч амьдралд тийм хүмүүс олон тааралддаг. Зарим нь намайг ойлгохгүй, заримыг нь би ойлгохгүй… Үүнээс үүдээд амьдрал тэр чигээрээ ойлголцол, үл ойлголцлын эргүүлэг ч юм шиг.

Зохиолын төгсгөлд хувиа хичээсэн ертөнцийн солиорол ялан дийлж буй мэт боловч уг зохиолыг тийм ч бас пессимистээр харах хэрэггүй юм. Мышкин хүмүүний зүрхэнд сайхан сэтгэлийн очийг асааж өгсөн, өөрийнх нь оюуны мөхөл бусдыг нойрноос нь сэрээсэн гэж хэлж болно. Хүмүүст идеал руу тэмүүлэх хүсэл эрмэлзлийг тэр дуудсан, тийм зүйл үгүйгээр хүн төрөлхтөн яахсан билээ. Яах аргагүй өнөөдрийн ч сэдэв.

Достоевский магадгүй хамгийн олон уншигчтай зохиолч мөн байх, тэр хэмжээгээрээ түүний зохиолууд олон талт бодол, санаа, олон магтаал шүүмж дагуулдаг. Харамсалтай нь манай уншигчдад, ялангуяа залууст сонгодог зохиолоос тойрч зугтах, уншихаас дөлж бэргэх явдал ажиглагддаг. Достоевский, Толстойг уншдаг хүмүүс нь өөр, тусдаа бэлтгэгдсэн байдаг ч юм шиг. Гэтэл хүмүүний амьдралын философийг гүн гүнзгий, бүрэн цогцоор нь ойлгож авахад эдгээр зохиолууд шиг ийм тус нэмэртэй зүйл ер байдаг болов уу? Ницще зүгээр ч нэг “Сэтгэл зүйг ойлгоё гэвэл Достоевскийг барьж ав” гэж хэлээгүй билээ.

Мэдээж энэ зохиол “зажлалгүй залгичих” амархан эд биш. Унших үед түгшүүр, уйтгар гуниг, айдас, үл итгэл зэрэг сэтгэлийн ямар ч хөдлөлийг дуудаж болно. Танд таалагдаж ч болно, таалагдахгүй ч байж мэднэ. Магадгүй, дараа нь та холдож яваад Достоевский рүү бүр эргэж ирэхгүй ч байж магад, гэхдээ л Достоевскийн бодол санаа руу, итгэл найдвар луу нь, хүнийг болон амьдралыг хайрлах сэтгэл рүү нь та заавал эргэж харах болно гэдэгт би итгэлтэй байна. Учир нь Достоевскийн бүтээлээс хүн бүр өөрийн гэсэн ямар нэг юмаа заавал олдог, мэдээж тэр нь үеэс үед өөр байж болно, гэхдээ ямар ч шинэ юм олоогүй хүн нэгээхэн ч үгүй гэлцдэг болой.

Н.Жавхлан