Зохиолч Франц Кафка орчин үеийн хүн төрөлхтөний оршин тогтнож буй нөхцөл байдлыг илэрхийлж, өөрөөр хэлбэл модернизм жинхэнэ ёсоор бүрэлдэн тогтоход шийдвэрлэх нөлөө үзүүлж, улмаар нэгэн хүчирхэг эх сурвалж нь болсон юм. Түүний зохиол бүтээлүүд нь хувь хүний нийгмийн болоод өөрийн албадлага шахалтаар, мөн түүнчлэн үл мэдэгдэх нөлөө бүхий албан байгууллагын нөлөөгөөр тусгаарлагдан ганцаардсан байдал, өөчлөгдөн хувьсах байдлыг харуулж, басхүү эдгээрийн эсрэг ганцаараа тэмцэх аргагүй юм гэдгийг өгүүлжээ. Түүний бодит бөгөөд хөгжилтэй маягаар өгүүлдэг байдал нь түүнийг дэлхий дахинд нэрийг нь дуурсгасан бөгөөд түүгээрээ уншигч түмнээ өөртөө татаж чадсан юм. Кафкагийн “зохиолын баатруудын” нэгэн адил уншигч мөн өөрийн оршин тогтнолын талаар эргэцүүлэн бодож, амьдралын утга учрыг олох гэж оролддог боловч энэ нь бас л ойлгомжгүй, бүтэлгүй байна. Кафка худалдаачин еврейн гэр бүлд төрсөн бөгөөд эцэг нь үргэлж албан тушаал, нэр хүндийн талаар дээшилж байх хүсэлтэй эзэрхүү нэгэн байжээ. Кафка гимнази сургуулийг төгсөөд 1901-1905 онд Прагт хууль зүйн ангид суралцаж байхдаа Прагийн зохиолчидтой танилцаж, 1902 онд Макс Бродтой (1884-1968) танилцаж, найз нөхдийн холбоотой болсон байна.

Макс Брод нь хожим нь Кафкагийн уран зохиолын өв уламжлалыг эрхлэн хариуцаж, найзынхаа уран зохиолын талаарх төлөвлөгөөг дэмжих болжээ. Зохиол бүтээлээ туурвихын сацуу Кафка нэгэн хувийн даатгалын компанид орж (1907 он) улмаар энгийн амьдрал босгох гэж оролджээ. Дургүй мэргэжил, Фелис Бауертай эв нийцгүй байдал (Фелисед зориулсан захидлууд, 1912-17 он), гэр бүлийн доторх тайван бус байдал нь энэхүү зохиолчыг уран бүтээлээ туурвихад нь саад болж, ихэд цочроосон байна. Түүний сацуу өөртөө итгэх итгэл алдагдсанаас болон, сэтгэл санааны хямралаас болж үүссэн сэтгэл хоёрдсон байдал, амьдралын болон урлагийн шаардлагыг зэрэг хангах гэж хүссэн хүсэл мөрөөдөл нь 1912 оноос хойш бичсэн зохиол бүтээлийнх нь гол онгод орох эх сэжүүр нь болж өгчээ. 1917 онд онош нь тогтоогдож, 1924 онд агуу зохиолчийг үхэлд хүргэсэн уушигны сүрье өвчин түүнийг хүн болж төрсөнийхөө төлөө оршин тогтнох “албан шахалтаас” бүрмөсөн ангижруулжээ.

Энэхүү зохиолч маань өөрийн бүтээл туурвилд сэтгэл хангалуун бус байдаг байсан байдал нь зарим зохиолоо бусдын хүртээл болгоогүй, өөрөөр хэлбэл хэвлээгүйд хүргэжээ. Хэдийгээр зохиолч маань нас барахынхаа өмнөхөн найз Макс Броддоо: “захидлууд, тэмдэглэлийн дэвтрийн хуудсууд, ноорог, зурсан зургууд зэрэг чамд болон бусад хүмүүст байгаа бүх зүйлийг цуглуулж аваад устгах хэрэгтэй” гэж гэрээслэл үлдээсэн ч нийт бүтээлийг нь найз нь хэвлүүлснээр арга барил, дүр, өнгө аяс агуулгын шинэчлэлээрээ өрнө дахины үзэл нэгт зохиолч нөхдийнхөө уран бүтээлд гүн гүнзгий нөлөө, утга зохиол шинжлэлийн тогтолцоот шинэ үзэл жинхэнэ ёсоор бүрэлдэн тогтоход шийдвэрлэх нөлөө үзүүлжээ.

Франц Кафкагийн томоохон бүтээлүүдийн товчоон

  • Der Verschollene
    • 1912/13, Нэгэн залуухан, гэр орноосоо хөөгдсөн хархүү Америкд нийтэц үзэлтэй, хүнд суртал-хөрөнгөтний нийгэмд хөлөө олох гэж оролдож байгаа байдлын тухай өгүүлнэ.
  • Ял
    • 1913, Нэгэн залуухан хархүү дарангуйлагч эцгийнхээ сүй тавих ёслол болсоны дараа, эцэг нь түүнийг усанд булхуулж алах ял оноосон тул амиа хорлож нас барна.
  • Хувирал
    • 1915, Грегор Самса нэгэн өдөр сэрээд нэгэн том жигшүүрт амьтан болж хувирна. Түүний гэр бүлийнхэн нь түүнээс холдож, Самса ганцаардаж, эцэстээ энэ бүхнийг давж гарч чадалгүй насан өөд болно.
  • Эмч
    • 1917, Нэгэн хачирхалтай учирлаар нэг эмч хүнд өвчтэй өвчтөн дээр очиж, түүний ачаар өөрийнхөө оршин тогтнолын эгзэгтэй байдлыг олж мэднэ.
  • In der Strafkolonie
    • 1919, Нэгэн судалгааны аялал хийж яваа хүн нэгэн цаазын үйл ажиллагаанд гэрч болно.
  • Аавдаа бичсэн захидал
    • 1919, Өөрийнхөө маш дэлгэрэнгүй намтарын хэлбэртэй захидалдаа аавтайгаа ямар харьцаатай байдаг талаар бичжээ. Гэвч энэхүү захиа нь аавд нь хүрээгүй юм.
  • Forschungen eines Hundes
    • 1922, Нэгэн нохой өөрийн амьдралынхаа туршид үнэн болон мэдлэг туршлагын талаар эрсэн эрлийнхээ тухай, мөн тэрхүү эрэл нь эцэстээ энэ нохойг “нохойн нийгмээс” түлхэн гаргаж байгааг харуулжээ.
  • Ein Hungerkuenstler
    • 1922, Нэгэн мацаг баригч циркийн жүжигчин ард түмэн, өөрөөр хэлбэл үзэгчид түүнийг үнэхээр мацаг барьж байгаад итгэхгүй байгаад шаналж, эцэстээ насан өөд болхоосоо өмнө мацаг барьж байгаагийнхаа үнэн шалтгааныг тайлбарлан хэлнэ. Тэрээр өөрөө энэ хорвоо дээр түүнд таалагдах хоол олж чадаагүй учраас энэ шийдвэрийг гаргахаас өөр аргагүйд хүрсэн, таалагдах хоол байсан бол бусдын л адил идэж амьдрах байсан хэмээн ярьжээ.
  • Josefine, die Saengerin, oder das Volk der Maeuse
  • 1924, Кафка сүүлийнхээ адилтган жишихүйн сэдэвтэй бүтээлдээ өөрийнхөө еврэйн хүрээнийхэнтэй харьцах харьцааныхаа талаар мөн нийгэм, уран бүтээлийн хооронд өөрийн оршин тогтнолын эгзэгтэй байдлын талаар бичжээ.
  • Шүүх ажиллагаа
    • 1925, Жосеф.К гэгч нь 30 насныхаа төрсөн өдрөөр баривчлагдаж, үл ойлгогдох “хууль дүрэм”д захирагдаж шийтгүүлнэ.
  • Цайз
    • 1926, Газрын байр зүйн зураглаач К гэгч тосгоны оршин суугчидыг тусламжтайгаар цайз руу орох гэж оролдох боловч энэ нь эцэстээ бүтэлгүй болно.

Шүүх ажиллагаа

Ганц бие банкны ажилтан Жосеф К төрсөн өдрөөрөө баривчлагдана. Нөхцөл байдал нь их учир битүүлэг, бас хачирхалтай. Баривчлалт бас тодорхойгүй бөгөөд баривчлагч нь бас нэг сэжиг бүхий этгээд байна. Байцаалт хөрш айлынх нь унтлаганы өрөөнд, хэд хэдэн хүний хамт болно. Энэ үйл явцын талаар Жосеф К - гийн мэдэж байгаа зүйл гэвэл энэ учир нь үл мэдэгдэх шүүх ажиллагаа нь хэдийгээр тэр өөрөө ямар нэгэн хэрэг хийгээгүй боловч ингэж шалгаж байгаагаас харвал өөрийн мэдэлгүй хэрэг хийснээс буюу өөрөө өөрийгөө буруутан биш гэж үзэж байгаа ч буруутай байгаагаас зайлшгүй гэсэн битүү таамамаглалаас цаашгүй юм. Жосеф К үүнийг шүүмжлэлтэйгээр эсэргүүцэнэ. Анх удаа шүүхэд дуудагдах үедээ Жосеф К шүүх хурал руу дайран доромжилж, басхүү ямар ч зүйлийг хүлээж авхад бэлэн хувь заяатайгаа эвлэрч, өмгөөлөгч аван энэ талаар асууж сурагласан боловч энэ бүх оролдлого нь бүтэхгүй, талаар болжээ. Нэгэн санваартан Жосефийн энэ хичээлт чармайлтыг ямар ч найдваргүй гэдгийг тайлбарлаж хэлнэ. Амьдралын утга учирыг олоход заримдаа хэцүү байдагтай адил энэхүү хууль шүүхийн утга учирыг олоход тун хэцүү байлаа.

Жосеф тэр санваартаны хэлсэн энэ шүүх хуралд түүнийг буруутан болж шийтгэгдэнэ гэсэн сануулгыг үл ойшоон тоохгүй өнгөрчээ. 31 насныхаа төрсөн өдрийн өмнө орой нь, өөрөөр хэлбэл шүүх ажиллагаа эхэлсэнээсээ яг нэг жилийн хойно Жосефийг хотын зах руу аваачиж цаазаар авсан байна.

1914 оны дундаас 1915 оны эхэн үеийн хооронд үүссэн романы хэсэг эхлээд зохиолчийг нас барсаны хэвлэгдсэн нь зэрвэсхэн хархад сонгодог хэлбэрээр бичигдсэн байдаг. Зарим хэсэг нь гүйцэд дуусаагүй 16 бүлэг нь яг бүтэн нэг жилийн турш бичигдсэн бөгөөд үйл явцыг он дарааллыг нарийн баримтлах дүрмийг баримталж бичжээ. Өгүүлэмжийн арга барил нь 19-р зууны реализмд тулгуурласан, орчин үеийн найруулга бараг байхгүй. Шинэлэг зүйл нь Кафка хэрхэн дүрслэн бичиж байгаа арга барил хэрэглэж байгаад болон, мөн уншигчдыг гол баатрыг таниж мэдхэд өөрсдийг нь оролцуулж байгаа байдалд оршино. Үйл явдалыг Жосеф өөрөө ярьж байгаа байдлаар бичигдсэн. Байнга гарч байгаа үзэж туулсанаа яриж байгаа яриа болон ганцаараа буюу өөрөө өөртэйгээ ярьж буй байдал зохиолын гол баатар, яригч болон уншигчидыг хооронд нь холбож нэгэн учир нь үл тайлагдах нэгдмэл зүйлд нэгтгэж байна. Үйл явдалын гүн гүнзгий зөрчил, Жосефийн буруу эсэргүүцэл болон орон зайны айдас төрөхүйц өрөөнд болж байгаа шүүх ажиллагаа нь лабиринт маягийн уур амьсгал үүсгэж, тэр уур амьсгал нь өгүүлэмжийг уншигчидад мөн ойлгомжгүй байдал үүсгэнэ.

Адилтган жиших маягийн өгүүлэмжийн арга нь энэхүү роман “зохиолд үйлчилж байгаа хууль” шигээ хэрэг явдлын учирыг олохыг үл зөвшөөрөн (саад хийж), уншигчидыг үргэлж шинэ зүйл буюу үйл явдалтай тулгарч, учирыг нь олох гэж оролдоход хүргэж байдаг. Дэлхийн бүх орны хэл дээр орчуулагдан, олон удаа кино болон дэлгэцнээ гарч, түүгээр үл барам хошин шог болж тавигдаж байсан энэхүү зохиол нь хэдийгээр Кафкагийн өөрийнх нь санаанд хүрээгүй, өөрөө сайн зохиолд тооцоогүй ч өнөөдрийг хүртэл “орчин үеийн” романы том төлөөлөгч хэмээн хүлээн зөвшөөрөгддөг бүтээл юм.

internom.mn