1990-ээд оны эхээр тухайн үеийн ерөнхийлөгч асан «Эцэг Буш» 2000 он гэхэд «21 дүгээр зууны дунд сургуулийн загварыг» байгуулна хэмээн мэдэгдсэн нь хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр ихээхэн шуугиан тарьж байсныг санаж байна. Түүнээс тэгтэл удалгүй ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцин ч мөн Америкуудаас хоцрохгүй «21 дүгээр зууны дунд сургууль» байгуулахаа зарлаж байсан. Тэр л үедээ дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн тоонд зүй ёсоор багтаж байсан хоёр орон «21 дүгээр зууны дунд сургууль» байгуулсан эсэх асуудал сураг алдарчихаад байхад 5 сая гаруйхан хүн амтай Умард Европын Финлянд хэмээх жижиг орон боловсролын салбарт гаргасан амжилтаараа дэлхийн чихийг аль хэдийн дэлдийлгээд эхлэсэн ажээ.

Миний бие саяхан «Финлянд боловсрол дэлхийд тэргүүлдэгийн нууц» хэмээх 2009 онд Хятадын «Залуучуудын хэвлэлийн хорооноос» эрхлэн гаргасан номыг уншсаны дараа чамгүй их зүйлийг ухааран ойлгосны зах сэжүүрээс нүүр номын анд та бүхэнтэйгээ хуваалцах санаа төрлөө. Чэнь Жи Хуа нэрт Тайвань гаралтай эмэгтэй хувь заяаны эрхээр Финлянд улсад ажиллаж сурч байхдаа өөрийн хоёр охиноо найман жилийн хугацаанд тэндэхийн дунд сургуульд сургах зуур ажиглаж судласнаа эмхэтгээд ном болгон гаргасан нь өдгөө хятадын багш сурган хүмүүжүүлэгчид болон эцэг эхчүүдийн хувьд хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээл болон хувирчээ. Ингээд номыг уншиж байх зуур зарим нэгэн хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн анхаарал татам асуудлын талаар товч өгүүлье.

Юуны өмнө Финлянд боловсрол суралцагсдыг хамгийн жигд үр дүнтэй сургаж чадаж байгаагаараа дэлхийн олон улс орны боловсрол судлаачдын анхаарлыг татдаг аж. Финлянд боловсролын гол тулгуур үзэл баримтлал нь «Ойг ч харна. Модыг ч харна. Гэхдээ суралцагсдад эхлэж ойг бүхэлд нь харуулчихаад дараа нь модыг нарийвчлан харуулах хэрэгтэй. Боловсролын үнэ цэнийг чухалчлах нь зуун жил байсан ч нэг өдөр мэт байх ёстой.» гэсэн санаан дээр тулгуурладаг ажээ.

«Ойг ч харна. Модыг ч харна. Гэхдээ ойг бүхэлд нь харуулчихаад дараа нь модыг нарийвчлан харуулах» үзэл санааг бол дээгүүрээ хэр зэрэг ойлгож байдгийг мэдэхгүй. Харин доогуураа бол манайд ч гэсэн мань мэтээс эхлээд цөөн явцуу хүрээнд яригдаж л байдаг асуудал шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь тэд хэрэгжүүлж чадсан нь бахадмаар юм даа. Энэ асуудлыг энгийн үгээр илэрхийлвэл суралцагсдадаа тухайн үзэх сэдвийн ерөнхий системийг сонирхолтой хэлбэрээр ойлгуулж ухааруулсаны үндсэн дээр гүнзгийрүүлж нарийвчлан заана гэсэн үг. Гэтэл манайд зонхилж байгаа сургалтын арга зүй яг дээрхийн эсрэг буюу ганц нэг мод заагаад байдаг. Тэгсээр цааш явах тусам өтгөн ягч ой шугуй руу ороод багш шавь гэлтгүй төөрчихөөд байх шиг.

Финлянд зэрэг Скандинавын орнууд ажлын цаг багатай гэдгээр зартайгаас гадна хичээлийн цаг ч мөн харьцангуй бага байдаг ажээ. Гэсэн атлаа гэрийн даалгавар байдаггүй бол яахав. Шинээр нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа хүүхдүүдэд хуулан бичлэг хийлгэдэггүй. Сүүлийн үед шууд л компьютер дээр шивж сургах хичээлийг ордог болсон гээд нарийвчлан яриад байвал манай олонх эцэг эхчүүдийн хувьд нүд бүлтийн гайхмаар зүйл дэндүү олон л доо. Гэтэл манайд байдал бас л яг эсрэгээр. Шулуухан хэлэхэд аль болох өндөр төлбөр аваад тэр хэрээр дааж давшгүй гэрийн даалгавар өгнө гэсэн үзэл баримтлал ялангуяа хувийн нэртэй дунд сургуульд ноёлчихоод байгаа нь нууц биш ээ. Түүний цаана хүүхэд насны баяр жаргал бүдэгрээд энхрий үрс чинь тэр шаналлаа илэрхийлэн гаргаж чаддаггүй юм биш биз дээ гэдгийг эцэг эхчүүд бид ч гэсэн нэг эргэцүүлэн бодмоор санагдаж байсныг нуух юун.

Манайд багш болох гэж байгаа залуусын сургалтын тэтгэлгийн тодорхой хувийг улсаас даадаг байх аа. Гэтэл Финлянд залуучууд багш болох гэж үхэн хатан зүтгэдэг. Тэр айхтар хатуу ширүүн өрсөлдөөн дундаас цолгорон гараад багшийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд төгссөн л бол багшлана гэдэг бас л өнө холын хэрэг байдаг аж. Учир нь багшийн мэргэжлээр суралцагсдын дөнгөж арван хувь нь багшлах эрхийн гэрчилгээ гардан авдаг гээд бодохоор ямар өндөр шалгуур байгаагийн цаана «Багш» хэмээх алдар хийгээд багшийн нийгмийн үнэлэмж ямар өндөр дээд эрэмбэнд байдгийг ойлгож ядахад төдийлөн төвөггүй болов уу.

Финлянд боловсролын тухай номыг уншиж байхад «Амьдрах ухааны» мэдлэг хичээл сургалтын агуулгад маш томоохон байр суурь эзлэдэг нь илт байлаа. «Хүүхдэд чанартай боловсрол олгоно гэдэг жаргалтай амьдрал бэлэглэж байгаа хэрэг бөлгөө» хэмээн Финляндын ерөнхий сайд асан Эко Ахогийн айлдсан эшлэл сэтгэлийн утсыг сэрхийлгэн хөдөлгөх шиг санагдсан шүү. 2013 оны Нобелийн энх тайвны шагнал хүртсэн энэ эрхэм Финлянд боловсролын тогтолцоог буй болгоход чамгүй үүрэг гүйцэтгэсэн болохоор ийм айхтар ухаалаг айлдварыг хэлсэн байж таарна.

Хүүхэд багачуудад өдөр болгон наанадаж хагас цаг ном унших дадал олгох нь Финлянд боловсролын үндсэн гол зорилгын нэг байдаг ажээ. Тэр хэрээр ном унших дадал гэдэг бол насан туршийн баялаг хэмээх ухамсар Финлянд хүн болгоны иргэний ухамсарт гүн бат шингэсэн байдаг гэнэ шүү.

Гадаад хэлний мэдлэгийг онцгой анхаардаг болсноор Финляндууд европ даяар хамгийн олон хэлтэй үндэстэн болсон нь олон улсын эдийн засгийн хатуу ширүүн өрсөлдөөн дунд цолгорон гарахад ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байгаа ажээ.

Нийгмийн хөгжлийн үндсэн тулгуур болсон боловсролын салбар нь дэлхийд тэргүүлэх болсноор жижигхэн Финлянд улс чадварлаг боловсон хүчнээ гадагш алдах биш тогтоон торгоож, харин ч гадаадын шилдэг мэргэжилтэнгүүдийг өөртөө гүр соронзон лугаа адил татах болсныг уг номын зохиогч бахдан бичжээ.

Финлянд боловсролын олсон амжилт дэлхий нийтийн анхаарлыг ихэд татах болсон тухай энэ богино бичлэгийн эхэнд дурьдаж байсан. Ямар сайндаа Английн «Экономист» сэтгүүлд “Европын улс төр, бизнесийн хүрээний томчууд хэдхэн хоног боловч хийж байгаа ажлаа хойш орхичихоод Финлянд сургуульд очин хичээл заалгавал маш ихийг ухаарах нь лавтай.” хэмээн гайхширан бичсэн байх билээ.

Энэ номыг уншиж байхад Финлянд боловсролын цаанаас яагаад ч юм бүү мэд «Монгол ухаан», «Монгол гэрийн сургалтын арга» зүйн онцлог цухалзаад байх шиг санагдаж байв. Тэгээд жаахан ухаж судлаад үзтэл Европод Унгар Фин хоёр хэл бусдаасаа эрс онцлогтой буюу Урал хэлний овогт хамаарагддаг. Урал хэлний овог нь Алтай язгуурын хэлний нэгэн салбар байдаг ажээ. Хятадад хэвлэгдсэн «Үндэстний гарал үүслийн толь бичигт» Финляндчууд нь нийтийн тооллын 4 дүгээр зууны үед одоогийн Монгол нутгаас нүүдэллэн очсон Сяньби гаралтай хүмүүс тухайн газрын уугуул иргэдтэй холилдон суурьшсанаас үүсэлтэй гэж тодорхой бичсэн байх ажээ. Даанч тийм байх аа.

Бид Финляндуудыг «Нокиа» гар утсаар нь бага сага гадарладаг байсан. «Нокиа» маань ч нэлээдгүй мөнгө хийж аваад сураг нь алдрах шиг боллоо. Харин Финляндууд өөрсдийн боловсролын брэндийг буй болгоод дэлхийд тэргүүлэх болсныг Америк, Европ, Япон зэрэг дэлхийн хөгжингүй улс орнууд аван саван гүйцчих нь юу л бол? Учир нь Финлянд боловсролын цаад учиг нь үндэстний бат цул нэгдэл нягтрал хэмээх «Зөөлөн хүчний дунд» оршиж байгаа болохоор тэр юм л даа. Түүний үр шимээр «Финлянд сургууль» хэмээх "Хүүхэд багачуудын диваажинг" буй болгож чадсан байнам.

Бид сургууль гэхээр заавал нүсэр том бүтэц хэмээн ойлгох гээд байдаг. Гэтэл Финляндад 15-30-хан хүүхэдтэй сургууль байдаг гэвэл та итгэх үү? Энэ авсаархан тогтолцоо л гуравхан сая хүн ам нь тархай бутархай суурьшсан Монгол улсад маань хамгаас илүүтэй тохирох бус уу? Дэлхийн олон тэргүүлэгч улс гүрнүүд бидний «Үсэрсэн цус тасарсан мах» байх магадлал өндөртэй Фин үндэстний буй болгосон Финлянд боловсролыг судлаж суралцаад эхлэлээ. Тэр дундаа өмнөд хөрш маань илүүтэй ихээр анхаарч байна. Бид ч тэднээс хоцрох зүйл юу байх билээ дээ.