Финляндын Хельсинки хотод амьдардаг Наталья Киреева хэмээх орос эмэгтэйн бичсэн Финляндын боловсролын тогтолцооны талаарх нийтлэлийг уншаад их сонирхолтой санагдсан тул орчуулъя гэж бодов.

Олон улсын боловсролын системийг үнэлдэг PISA жагсаалтад Финляндын сурагчид тэргүүн байр эзэлдэг. Хамгийн сүүлд гэхэд Байгалийн шинжлэх ухаанаар 2-т, Математикаар 5-д бичигдсэн ба мөн тэд хамгийн их ном уншдаг хүүхдүүдээр тодров. Гэвч бусад улсын боловсролын салбарынхныг энэ биш өөр зүйл гайхшруулжээ. Фин хүүхдүүд ийм өндөр үнэлгээ авдаг атлаа маш бага цагийг хичээлдээ зарцуулдаг аж.

Финляндын ерөнхий боловсролыг 2 ангилдаг:

  • доод (alakoulu) буюу 1-ээс 6-р анги
  • дээд (yläkoulu) буюу 7-оос 9-р анги

Нэмэлт анги буюу 10-р ангид заавал суух албагүй. Харин сурагч өөрөө хүсвэл сууж дүнгээ сайжруулах боломжтой. Дараа нь сурагчид коллеж эсвэл ахлах сургууль буюу 11, 12-р ангид үргэлжлүүлэн суралцдаг байна.

ТЭГШ БАЙДАЛ

Сургуулиуд бүгд ижил
Шилдэг эсвэл чанар муу сургууль гэсэн ойлголт байхгүй. Улсын хамгийн том сургууль нь 960 сурагч, хамгийн жижиг нь 11 сурагчтай. Гэхдээ тэд яг адилхан боломж, тоноглолтой, санхүүжилт нь тэгш хуваарилагддаг. 10 гаруй сургуулийн хагас төрийн, үлдсэн нь улсын сургуулиуд юм.

Хагас төрийн сургуулийн ялгаа нь эцэг эхчүүд сайн дураар онцгой сургалтын системийг сонгож нэмэлт санхүүжилт хийдэг байна: Монтессори, Френе, Штайнер, Мортана болон Вальфдорскийн сургалт.

Хувийн сургууль нь мөн англи, герман, франц хэлтэй сургууль гэж бас ойлгож болно. Мөн дан цэцэрлэгээс их сургууль хүртэл Швед хэлээр заадаг параллель тогтолцоо байдаг.

Хойд нутагт байрлах Саамын бага ард түмэн өөрийн хэл дээр боловсрол эзэмшиж болдог байна. Саяыг хүртэл Финчүүдийг өөрт хамгийн ойр орших сургууль сурахыг шаарддаг байсан ба өөр сургуульд шилжихийг хориглодог байсан энэхүү хоригийг цуцалсан байна. Хэдийгээр цуцалсан ч ихэнх эцэг эхчүүд ойр сургуульдаа хүүхдүүдээ өгсөн хэвээр байгаа, учир нь гэвэл бүгд ижилхэн сайн учраас.

Бүх хичээл чухал
Нэг төрлийн хичээлийг гүнзгийрүүлж сурахын тулд бусад хичээлийг орхигдуулахыг сайшаадаггүй. Жишээ нь тоо бодлого урлагийн хичээлээс чухал гэсэн үг биш.

Харин ч эсрэгээрээ уран зураг, дуу хөгжим, спортод хүүхэд авьяастай бол тэр хичээлээ илүү гүнзгийрүүлэх боломж өндөр.

Эцэг эх бүгдээрээ л ижил
Хүүхдийн эцэг эх ямар ажил эрхэлдэг, нийгэмд ямар байр суурь эзэлдэг багшид огт сонин биш. Эцэг эхийн ажлын байрны талаарх мэдээлэл авахыг хориглодог байна.

Сурагч бүр онцгой
Финляндад "сонгоны" анги гэж байдаггүй. Мөн муу болон сайн сурагч гэсэн ойлголт ч байхгүй. Нэг сурагчийг нөгөөтэй харьцуулах хориотой.

Гоц болон оюуны хоцрогдолтой хүүхдүүдийг аль алийг нь онцгой хэмээн авч үздэг ба бусадтайгаа хамт сурдаг. Хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүүхдүүд бусадтайгаа хамт нэг ангид л сурцгаадаг. Энгийн сургууль дотор хараа болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн анги гэж байдаг.



Финчүүд онцгой анхаарал шаардагддаг хүүхдүүдийг бусадтайгаа зэрэгцэж нийгэмшүүлэхийг хичээдэг. Сайн болон муу сурагч хоорондын ялгаагаар дэлхийд сүүл мушгина.

"Анхандаа миний охин Фин сургуульд сурч эхлэхэд миний дургүй хүрч байсан, учир нь тэр бусдаас илүү сурдаг. Харин харааны бэрхшээлтэй хүү маань сургуульд сурч эхлэхэд надад Фин сургалт үнэхээр таалагдсан" гэж нэгэн Орос ээж сэтгэгдлээ хуваалцсан юм.

Багш нар адилхан
Хайртай эсвэл үзэн яддаг багш гэж байхгүй. Багш нар мөн ямар нэг ангид өөриймсөг хандахыг хориглодог байна.

Ямар нэг иймэрхүү хандлага ажиглагдвал гэрээгээ цуцалдаг аж. Фин багш нар зөвхөн өөрийнхөө ажлыг сайн гүйцэтгэх үүрэгтэй байдаг аж. Физик, уран зохион, хөдөлмөрийн багш нар бүгд адилхан түвшинтэй.

Том хүн, хүүхэд хоёрын эрх тэгш
Финчүүд энэ зарчмаа "сурагчдад хүндэтгэлтэй ханд" гэж нэрлэдэг. Хүүхдүүдэд нэгдүгээр ангиас нь тэдний эрх, үүргийг ойлгуулдаг байна. Тэр байтугай том хүнийг нийгмийн ажилтанд гомдоллох эрхийг нь хүртэл заадаг.



Энэ зарчим нь Фин эцэг эхчүүдийг хүүхэд гэдэг бие даасан хувь хүн гэдгийг ойлгуулахад их хэрэг болдог аж. Үг болон үйлдлээр өвтгөхийг хориглодог.

Хүүхдийг гутаах нь Фин багш нарын арга барил биш. Тэдний ганц онцлог нь хөдөлмөрийн гэрээгээ ганц жилээр хийж, жил жилээр сунгадаг. Харин багш нарын цалин өндөр, туслах гэхэд 2500 евро буюу 5 сая 600 мянган төгрөг, багш 5000 евро буюу 11 сая төгрөг сард авдаг.

ТӨЛБӨРГҮЙ

Боловсрол үнэгүйгээс гадна:

  • Хоол
  • Музей болон ангиас гадуурх арга хэмжээ
  • Хэрвээ сургууль 2 км-ээс хол бол хүүхдийг гэрээс нь сургууль, сургуулиас гэр хүртэлх хүргэж өгөх тээвэр үнэгүй
  • Ном, сурах бичиг, бичиг хэрэг, тооны машин бүр зарим тохиолдолд зориулалтын нөүтбүүк хүртэл үнэгүй. Ямар ч зорилгоор хамаагүй эцэг, эх нэмэлт юм хүүхэддээ худалдан авч өгөх хориотой.

ХҮҮХЭД БҮР ОНЦГОЙ

Хүүхэд бүрд тусгайлсан сургалт болон хөгжлийн төлөвлөгөө боловсруулдаг. Ингэхийн тулд шаардлагатай сурах бичиг, дасгал, гэрийн даалгавар түүнд зарцуулах хугацааг төлөвлөдөг.

  • Нарийвчлах шаардлагатай бол нарийн дэлгэрэнгүй сургалт, ерөнхий сонирхолтойд хураангуй сургалт төлөвлөдөг.
  • Нэг ангид хүүхдүүд өөр өөр түвшний дасгал, бодлого боддог.
  • Үнэлгээ нь хувийн төлөвлөгөөний дагуу үнэлэгддэг. Өөрийнхөө даалгаврыг сайн гүйцэтгэсэн бол "онц" гээд маргааш нь арай хүнд даалгавар өгнө. Хийж чадахгүй бол санаа зовох зүйлгүй, буцаад хөнгөхөн даалгавар авна.

Үндсэн сургалтын хөтөлбөрөөс гадна хоёр сонирхолтой онцгой хөтөлбөр байдаг:

1. Хоцрогдол арилгах сургалт. Финлянд багш нар сайн дураараа хоцрогдол арилгах ажлыг гүйцэтгэдэг.
2. Дэмжлэг үзүүлэх сургалт. Финлянд хэлийг ойлгохгүй, эсвэл ой тогтоолт муу, тоо бодлого ойлгохгүй эсвэл харилцааны асуудалтай бол цөөхөн хүүхэдтэй бүлэг үүсгэж тусгай сургалт өгдөг байна.

АМЬДРАЛД ОЙР БАЙХ

"Нэг бол амьдралд бэлд үгүй бол шалгалтад бэлд, бид эхнийхийг нь сонгож байна" гэж Финчүүд ярьдаг. Тиймээс Фин сургуулиудад шалгалт гэж байдаггүй. Багш шаардлагатай гэж үзвэл түвшин тогтоох сорил гэж авдаг.

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн шалгалт гэж нэг стандарт шалгалт байдаг. Гэхдээ багш нар үр дүнд нь тэгж их анхаардаггүй. Хэн нэгний төлөө амьдарч байгаа мэт хүүхдүүдтэй дүнгээр нь тооцоо бодох шаардлагагүй. Байгаа юм байгаагаараа л сайхан.

Сургуульд яг амьдралд юу хэрэг болдог тэрийг л заадаг. Жишээ нь гэрийн зуух барих хэрэг болохгүй тиймээс заадаггүй. Гэхдээ Фин хүүхдүүд банкны карт, гэрээ, хөрөнгийн сан гэж юу байдгийг мэддэг. Хөрөнгө өвлөж авахдаа төлөх татвар эсвэл ирээдүйн орлогынхоо татварыг тооцож чадна. Хувийн вэб сайт нээж, хямдралын дараах барааны үнийг зөв тооцож чаддаг.

ИТГЭЛЦЭЛ

Нэгдүгээрт, багш нарт итгэ. Сургуулийн ажилтнууд болон багш нарыг шалгаадаггүй, сургалтын арга зүйч гэж байдаггүй, заах аргыг нь заадаггүй. Орон даяар ганц сургалтын хөтөлбөртэй боловч багш болгон өөрийн зөв гэж үзсэн аргаар заадаг.



Хоёрдугаарт, сурагчдад итгэ. Хичээл дээр хэрвээ хүсвэл өөрийнхөө дуртай юмаа хийж болно. Жишээ нь уран зохиолын хичээл дээр сургалтын кино үзүүлэхэд сурагчид сонирхолгүй бол өөр ном уншиж болно. Сурагч өөрөө өөртөө юу нь чухал вэ гэдгийг сонгож чаддаг гэж үздэг.

САЙН ДУРААРАА СУРАХ

Хэн хүсэж байна тэр сурдаг. Сурган хүмүүжүүлэгч нар хүүхдийн сонирхлыг татах гэж хичээдэг, хэрвээ хүүхэд огт сонирхохгүй, эсвэл сурах боломжгүй бол хүүхдийг F-ээр бөмбөгдөлгүй аль болох ирээдүйн амьдралд нь хэрэгтэй хэцүү биш мэргэжилд бэлддэг.

Бүх хүн онгоц зохион бүтээх албагүй шүү дээ, хэн нэг нь автобус барих шаардлагатай л болно.

Ерөнхий боловсролын сургуулийн бас нэгэн зорилго нь хүүхдийг үргэлжлүүлж их дээд сургуульд сурах уу эсвэл мэргэжлийн сургалтад хамрагдсан нь дээр үү гэдгийг илрүүлэх байдаг. Аль ч мэргэжилд тэд адилхан хүндэтгэлтэй ханддаг гэдгийг дурдах нь зүйтэй байх.

Хүүхэд бүртэй харилцан ярьж сорилын аргаар тодорхой чиглэлд сонирхолтой хүүхдийг бэлдэж сургуулийн мэргэжилтэн буюу "ирээдүйн багш" болгодог.

Ерөнхийдөө Финлянд сургалтын хөтөлбөр энгийн бөгөөд хялбар, гэхдээ алгасаж болно гэсэн үг биш. Хүүхдийн цонхолсон хичээл бүрд нөхөж суулгадаг.

Жишээ нь багш 6-р ангийн сурагчийнхаа хувийн хэргээс цонхолсон хичээл олох юм бол 2-р анги ч бай хамаагүй нөхөн суулгадаг. Бага насны сурагчдад харин саад болбол суусан гэж тооцдоггүй.

Багшийн өгсөн даалгаврыг хичээл дээрээ хийхгүй бол эцэг эхийг нь дуудаж, сүрдүүлж, доромжилж, тэнэг эсвэл залхуугаар нь дууддаггүй. Хэрвээ эцэг эх нь хүүхдэдээ анхаарал хандуулахгүй бол улируулна.

Улирна гэдэг Финляндад тийм гутамшигтай зүйл биш. Ялангуяа 9-р ангийн дараа. Амьдралд бэлдэнэ гэдэг тоглоом биш, тиймээс Финляндад зайлшгүй сурах албагүй ч нэмэлт буюу 10-р анги гэж байдаг.

БИЕ ДААХ

Финчүүд ирээдүйн амьдралаа амжилттай байхын тулд хүүхдэд байх ёстой хамгийн чухал чадвар бол бие даах чадвар гэж үздэг. Тиймээс бие даан мэдлэгээ тэлэх ухамсар суулгадаг.

Шинэ сэдвийн тухай багш ярьдаггүй бүгд номонд бий. Томьёог заах нь чухал биш харин гарын авлага, интернэт, тооны машин ашиглаж сурах нь чухал.

Асуудлыг шийдэхдээ боломжит бүх нөөц бололцоог ашиглаж сурах нь чухал. Багш нар сурагчдын хувийн зохион байгуулалтын асуудалд оролцдоггүй, тэд биеэ дааж өөрсдийгөө бүх л талаар хөгжүүлэх боломжийг нь олгодог.

ХЭР УДААН СУРДАГ ВЭ?

Финляндын сургалтын жил яг тодорхой заасан өдөр эхэлдэггүй, наймдугаар сарын 8-наас 16-ны хооронд эхэлж, тавдугаар сарын сүүлээр дуусдаг. Намар 3-4 хоног, шинэ жилээр 2 долоо хоног, 2-р сард долоо хоног амардаг. 7 хоногийн 5 өдөр хичээллэдэг, Баасан гарагт хагас ордог.

ЮУ ЗААДАГ ВЭ?

1-2-р анги
Эх хэл буюу Фин хэл, тоо бодлого, унших бичиг, байгалийн ухаан, шашин эсвэл амьдралын ухаан, зохион бүтээх урлаг, дуу хөгжим, хөдөлмөр, биеийн тамир. Нэг ангид шууд олон төрлийн хичээл орж болдог.

3-6-р анги
3-р ангиас англи хэл, 4-р ангиас Франц, Швед, Герман эсвэл Орос хэлнээс дахин нэг хэл сонгодог. Мөн сургууль болгоны онцлогоос хамаарч нэмэлт сургалт ордог: тухайлбал хурдан шивэх сургалт, компьютерийн хэрэглээ, мужааны сургалт, найрал дууны хичээл. Бараг бүх сургуульд 9 наснаас ямар нэг хөгжмийн зэмсгийн хичээл ордог. Бөмбөрөөс авахуулаад бүрээ алийг нь ч сонгож болно.



5-р ангиас биологи, газар зүй, физик, хими, түүх нэмэгддэг. 1-6 анги хүртэл нэг багш бүх хичээлийг заадаг. Биеийн тамирын хичээл гэдэг нь долоо хоног бүр ордог дурын спортын тоглоом байж болдог. Биеийн тамирын дараа заавал усанд орно.

7-9 анги
Фин хэл, англи хэл, математик, биологи, газар зүй, физик, хими, эрүүл мэнд, амьдралын ухаан, шашин, дуу хөгжим, зохион бүтээх урлаг, биеийн тамир болон хөдөлмөр. Хөдөлмөрийн хичээлийг эмэгтэй, эрэгтэй гэж ялгагддаггүй, бүгд хамтдаа шөл хийж сурцгаадаг.

9-р ангид хоёр долоо хоног ажлын байртай танилцдаг. Хүүхдүүд хүссэн ажлын байран дээр дуртайяа ажиллаж үздэг.

Дүн хэнд хэрэгтэй вэ?
Улс даяар 10 онооны системтэй боловч 7-р анги хүртэл үгээр дүгнэдэг: хангахуйц, боломжийн, сайн, онц. 1-3 ангид ямар ч төрлийн дүн тавьдаггүй. Бүх сургууль улсын нэгдсэн үнэлгээний "Wilma" системд холбогдсон байдаг.

Эцэг эх тусгай хандах эрх авдаг. Багш нар дүн болон, хичээлийн ирц, хүүхдийн сургууль дахь амьдрал, сэтгэл зүй, нийгмийн идэвх, хүүхдийн сонирхлын талаар тэмдэглэл хөтөлдөг. Фин сургуульд дүн тийм ч чухал биш сурагч хэрвээ хүсвэл өөрөө өөрийгөө идэвхжүүлэх зорилгоор л ашигладаг.

Дүн багшийн ажлын байр болон сургуулийн үзүүлэлтэд ямар ч нөлөө үзүүлдэггүй.

Сургуулийн амьдралын тухай мэдээлэл

  • Сургуульд ороход харуул гэж байхгүй, бараг бүх сургууль автомат хаалгатай ба зөвхөн хичээлийн хуваарийн дагуу анги сургуульд нэвтрэх боломжтой.
  • Хүүхдүүд заавал ширээний ард суух албагүй, хүсвэл ширдгэн дээр тухалж болно. Зарим сургуулиуд, буйдантай байх жишээний. Бага анги ихэнх нь хивс, ширдэгтэй.
  • Дүрэмт хувцас гэж байхгүйгээр барахгүй хэрвээ хүүхэд хүсвэл унтлагын хувцастайгаа ирсэн ч болно. Солих гутал шаардагддаг, гэхдээ бага ангийн хүүхдүүд оймстойгоо гүйхийг илүүд үздэг байна.
  • Дулаан улиралд хааяа хичээл задгай тэнгэрт шууд зүлгэн дээр эсвэл задгай танхимд ордог. Бага ангиудыг завсарлагааны цагаар заавал гадаа гарч салхилуулдаг.
  • Гэрийн даалгавар ховорхон өгдөг. Хүүхдүүд амрах хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ гэрийн даалгаврыг нь хамт хийдэггүй, багш нар тэрний оронд гэрээрээ музей үзэх, ой модоор зугаалах, усанд сэлэхийг илүү зөвлөдөг.
  • Самбар дээр хүүхдийг гаргадаггүй. Багш хичээлийн ерөнхий ухагдахууныг тайлбарлаад даалгавар өгч сурагч бүрийг даалгавраа хийж гүйцэтгэхэд нь тусалдаг.
  • Дэвтэр дээр харандаагаар бичиж болно.

Финляндын боловсролын системийн талаар товчхон бичвэл иймэрхүү л байна. Магадгүй зарим хүмүүст зарим зарчим буруу санагдах байх, гэхдээ Финчүүд төгс байхын төлөө өрсөлддөггүй, хүрсэн амжилтандаа ч сэтгэл нь ханадаггүй. Тэдэнд сайжирч л байх нь хамгийн чухал. Тэд үргэлж сургалтын системээ нийгмийнхээ өөрчлөлттэй тааруулж хөгжүүлдэг.

Жишээ нь тэд яг одоогоор математикийг алгебр, геометр гэж хоёр салгаж үзэх цагийг нь нэмэх ба уран зохиол нийгмийн ухаан хоёрыг тусад нь салгах талаар хэлэлцэж байгаа.

Фин хүүхдүүд сургуулиа үзэн яддаггүй, хурдан том болоосой гэж мөрөөддөггүй, шалгалтандаа бэлдэх гэж гэр бүлээ хүндрүүлдэггүй. Тайван, ухаалаг бас баяр баясгалантай.

Тэд ном их уншдаг, орчуулгагүйгээр хөнгөхөн кино үзчихдэг, компьютер тоглоом тоглож, дуу зохиож, роликоор гулгадаг. Тэд гоё амьдарч чадахын хажуугаар сайн сурч амждаг.

Б.Аригуун twitter.com/ariguunb