Цахимаас нэг ярилцлага олж үзээд их баярлав. Хүний санаанд ямар нэг юм таарахаар “Загатнасан газар маажив” гэдэг дээ. Яг л тэр чинь боллоо.
Ньюс.мн сайт дээр гарсан нэгэн ярилцлагын “Улстөрчид стратегич гэхээсээ илүү боломж ашиглагч байдаг” гэсэн гарчгийг нь харчихаад “За даа, ойлгомжтой” гэх ухааны юм бодоод уншилгүй өнгөрсөн (http://economy.news.mn/content/219368.shtml). Дараа нь фэйсбүүк дээр хүн татаж байрлуулсныг хараад эртхэн уншихгүй яав гэж өөрийгөө зэмлэв.
Үнэндээ бол тэнд “Бүтээлч монгол шийдэл” гэдэг төсөл, тэр төслийнхнөөс бэлтгэн хүргэдэг нэвтрүүлгийн талаар голлон ярьжээ. Шинээр сэдэж бүтээсэн ажил төрлөө сурталчилсан байдаг л нэг ярилцлага. Монгол брэндийг дэлхийд гаргах гарц юу байгаа талаар ярьжээ. Санаа оноо, хэрэгжүүлж буй төсөл, хийж буй нэвтрүүлэг нь үнэхээр цагаа олсон, юм хийж бүтээх гэж тэмүүлж буй монгол хүн бүрт хүргэчихмээр л юм билээ. Гэхдээ би энэ талаар ярих гэсэнгүй.
Гол нь ярилцлага өгөгчийн өөрийгөө илэрхийлсэн, асуудлыг тайлбарласан байдал нь намайг “маажсан” хэрэг. Монголчууд хүн таних эрдэмд гаргууд байсан улс. Ямартаа л “Тавхан үгэндээ танигдаад байна аа хө” гэж хүртэл дуу зохиох билээ дээ. Тэгвэл дээрх ярилцлагыг өгсөн залуу зүгээр нэг толгой биш гэдгээ тавхан үгээрээ таниулж чаджээ.
“Өнөөдөр монголчууд маань бараг бүгдээрээ болохгүй байгаа зүйлүүдээ яриад байна. Ганц Монголд биш гадаадад ч болохгүй зүйл дүүрэн. Гутранги үзлээс өөдрөг үр дүн гарсан гэж сонсоогүй. Шийдэлд хэр их анхаарал хандуулна, асуудал төдий чинээ жижгэрч гарц тэр хэмжээгээр томорно” хэмээн тэр өгүүлжээ.
Өдөр тутмын жижиг сажиг асуудалдаа түүртэж үүртэж суухын оронд том зорилгоо эхлээд тодорхойл, дараа нь түүнийгээ ажил хэрэг болгохын цагт аар саар асуудал аяндаа цэгцэрнэ гэсэн үг ээ дээ. Үүнийгээ тэрээр “Гарцгүй өрөө, түлхүүргүй цоож гэж байдаггүйтэй адил шийдэл заавал олдоно” гэсэн үгээр бататгасан байна билээ.
Сайн муу ямар ч нөхцөл байдлыг боломж гэж харж, боломж болгон хувиргаж чадсан хүн амжилтад хүрч чаддаг гэдэг дээ. Улс орон ч ялгаагүй. Тэгвэл “Дэлхийн маш олон брэнд бүтээгдэхүүнүүдийг Бангладеш, Энэтхэг зэрэг өртөг багатай орнуудад үйлдвэрлээд бренд захиалагч нар шошгоо наагаад гаргадаг.
Даяарчлал гэхээр үндэстэн соёлоо алдана, үндэсний бахархал алга болно гэх зэргээр ойлгож болохгүй, бүтэхгүйг нь л дурьддаг. Харин Даяарчлал бидэнд Энэтхэгт бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд Европд бараагаа худалдаж, ашгийг нь Монгол авах боломжийг бүрдүүлж өгч байгаа гайхамшиг гэж харвал бас болно. Магадгүй өөр улсад ч үйлдвэрлэл эрхлэх нь илүү давуу талтай байж болох юм” гэсэн түүний үгнээс бас л боломж мэдрэгдэж, бүр харагдаж байна.
Бид алийн болгон өөрсдийгөө доош нь хийх ёстой юм бэ? Үүргэвч үүрсэн харь хүнийг Монголд ирэхээр ханш чангатай валют мэт хардаг, өөрөө зөрөөд нутагт нь очихоороо халаас нимгэн гуйлгачин мэт болдог энэ арчаагүй байдлаасаа салахын тулд монголчууд эргэлт ихтэй, эрэлт өндөртэй зах зээл рүү бизнесийн том санаа зорилготойгоор нэвтрэх хэрэгтэй байна.
Монголын хамаг сайхан толгойнууд харьд очин хар ажил хийж, харийн орны жирийн нэг ажилчин хуримтлуулсан цалингаа авчран Монголд долларын саятан болж байгаа нь хэний буруу вэ? Арчаагүй төрийн буруу гэх байх л даа. Төрд буруу бий нь бий. Гэхдээ төр маань харьд явахыг хааж боогоогүй, юу хийхийг хянаж цагдаагүй. Бидэнд өөрсдөд маань ихэнх буруу байна. Боломж илүү байгаа газарт хөрөнгө хүчээ нийлүүлээд ч болов нэвтэрч, бүр сайн бизнес хийж яагаад болохгүй гэж?
Бизнест санаа чухал, хөрөнгө оруулалт чухал, хууль эрхзүйн орчин чухал, тогтвортой байдал чухал. Чухлын тоо цаашаа үргэлжлээд л байх болно. Гэхдээ хамгийн гол нь итгэлцэл, итгэл даах чадвар чухал. Өөрөөр хэлбэл зөв хүн чухал. Тийм болохоор бид алсын хараатай зөв монгол хүнийг эртнээс төлөвшүүлэх хэрэгтэй байна.
Дээрх ярилцлагын эзэн “Хүн гэдэг өөрөө асар том баялаг. Туршлагатай хөрөнгө оруулагч нар ч төсөлд, барилгад хөрөнгө оруулалт хийе гэхээс илүүтэйгээр хүнийг харж хүнд хөрөнгө оруулалт хийдэг. Жишээ 100 хувийн ашигтай бизнесийг Морган Фрийдман санал болгосон ч 10 хувийн ашигтай Уаррен Баффетэд хөрөнгө оруулсан нь илүү найдвартайгаас гадна зөв гэж бодож байна” гэсэн нь ч үүнийг л сануулаад байна.
Энэ мэтээр холыг харж, зөвийг мэдэрсэн үг ухааны ир, бяр тэгш хүнээс л гардаг. Хүн нас нэмэхийн хэрээр ухаан суудаг нь үнээн. Энэ бол нийтлэг үзэгдэл, бүр зүй тогтол ч гэмээр байна. Гэхдээ тэрхүү ухаан нь ихээхэн гарз хохиролтой, эрсдэлтэй, урхагтай ухаарлын үр дүн байх нь элбэг.
Гэтэл сэргэг ухаантай, зөв мэдрэмжтэй, ухааных нь ир бяр хоёр эрттэгширдэг хүн гэж бас бий. Тэдний тоо цөөн ч хэлсэн ярьсан, хийсэн бүтээснийх нь өгөөж арвин байдаг. Дурдаад буй ярилцлагын эзэн Гүнсэнгийн Бат-Очир тийм хүмүүсийн нэг бололтой. Гуч ч хүрээгүй залуу болохыг судалж сураглан мэдлээ.
Шатрын спортын мастер, өсвөр үе, насанд хүрэгчдийн тив, дэлхийн хэмжээний 25 тэмцээнд шагналт байр эзлэж, өөрийхөө насны ангилалд Монгол, Америкийн аварга болж явсан түүхтэй тэрбээр Хартфортын их сургуулийг банк санхүүгийн мэргэжлээр төгссөн, өдгөө“Креатив Монгол Солюшн Групп”-ын Гүйцэтгэх захирал гэнэ.
Энэхүү нийтлэлийг бичихийн өмнөхөн Г.Бат-Очирын бас нэгэн бичвэрийг олж уншлаа. Тэрээр “Механизм чухал уу – Хүн чухал уу, Алт чухал уу – Ус чухал уу гэхийн оронд юу, яаж, хэн гэдэгт анхаарал хандуулмаар… Мөн чанартаа механизм, хүн, алт, ус бүгд чухал ч алтан дундажгүй үед юу ч чухал биш. Хямд, үнэтэй хоёрын дунд шудрага үнэ гэж байх л ёстой. Муу, сайн гэсэн үнэлэмжийн цаана Зөв гэдэг үг дутагдаж буй мэт” хэмээн эргэцүүлжээ.
Тийм ээ. Энэ цаг үед голч шудрага, зөв сэтгэлтэй хүмүүс үнэхээр хэрэгтэй байна. . Гүнсэнгийн Бат-Очир шиг зөв ярьж сэтгэдэг, зөв ажил эхлүүлж буй залуусыг уруу татаж буруу явуулахгүй, хэт хөөргөж жингүйдүүлэхгүй, хүсэл зорилгодоо хүрэхэд нь дэмжээд өгвөл хэн хожихов, Монгол л хожино доо.
Урианхан Б.Галаарид