Дээхэн би Хөх хот яваад ирэв. Хөх хотод нэг ижил унадаг дугуй их олон болж. Би хятадууд дугуйнд дуртай болоод л тэр биз гээд эхэндээ нэг их тоосонгүй. Гэтэл тэд хотынхоо тээврийн асуудлыг үнэн ухаалаг шийдэж байна. Энэ туршлага манайд нэн хэрэгтэй учраас энэ тухай өгүүлэх гэсэн юм…


Хамгийн хямд, хамгийн ашигтай хөрөнгө оруулалт


Хөх хотод энд тэндгүй унадаг дугуйны орчин үеийн зогсоол барьжээ. Лавлаад үзсэн чинь одоогийн байдлаар 120 ийм зогсоол бариад байгаа гэнэ. Ноднинхон байхгүй байсан юм. Уг нь Хятадын биш, барууны загварын зогсоол л доо. Гэхдээ ухаалаг нэвтрүүлж, ашиг тусаа өгч байвал тэргүүн туршлага хаанахын хэний байх нь ямар хамаа байна ?!


Ингээд сонирхоод хэл мэддэг хүнээр интернэт хайлт хийлгэж бяцхан лавлагаа хийлгүүллээ. Нэг зогсоол 50 дугуйны багтаамжтай, автомат ажиллагаатай, цахим картаар ажиллана. Одоогоор хотын хэмжээнд 5100 дугуй үйлчилж байгаа гэнэ. 14-70 насны ямар ч хүнд үйлчилдэг гэнэ. Олон хүнд таалагдаж байгаа тул энэ үйлчилгээгээ улам өргөжүүлж байгаа аж.


IMG_2594


Дугуй нь дунд гарын, өмнөө жижиг сагстай, тоолууртай, орчин үеийн дизаинтай, их аятайхан, такси шиг нэг стандарттай, цэнхэр өнгөтэй эд байна.


IMG_2595


Үүнийг унахын тулд эхлээд 210 юаны барьцаа мөнгө төлж үйлчилгээний цахим карт авна. Мөн 20 юань төлж урьдчилгаа мөнгө төлнө. Нийт 230 юань төлөөд л дугуй дураараа унах эрхтэй болох юм байна. Дугуй унах нөхцөл нь иймэрхүү. Эхний 1 цаг үнэгүй. Дараагийн 1 цагаас эхлэн цаг тутам 1 юань. Харьцуулж хэлэхэд Хөх хотод автобус зэрэг нийтийн тээврээр зорчиход 1 юанийн үнэтэй. Дугуйг 24 цаг унаж болох ба энэ хугацаанд багтан хотод тараан байрлуулсан 120 зогсоолын аль нэгэнд буцаан тавих ёстой.


IMG_2596


Би тоглоом хийгээд дугуйгаа 55 минут уначихаад аль нэг зогсоол дээр тавьчихаад дараагийн дугуйгаа аваад 55 минут унаад цаашаа яваад байвал мөнгө төлөхгүй байж болох уу ? гэж "монголоор сэтгэж" асуулаа. Хөтөч маань нулимсаа гартал инээснээ "болох байхаа" гэснээ хүн дугуй яаж ч их унасан өдрийн хөлс нь 10 юанаас илүү гарахгүй байхаар үнийн бодлогыг нь зохицуулсан шүү дээ гэв. Энэ үйлчилгээ маш олон хүнд таалагдаж. Угаасаа дугуйнд дуртай ард түмнийг хэлэх үү, сургуулийн хүүхдүүд, албан хаагчид, хүүхнүүд, ер нь бараг бүгдээрээ шахам энэ "такси" дугуйгаа унаад эхэлсэн байна.


IMG_2593


Миний ойлгосноор энэ нь хотын тээврийн асуудлаас гадна эрүүл мэндийн асуудлыг давхар шийдэж буй тун ч ухаалаг шийдэл болсон байна. Хамгийн гол нь энэ бол асар ашигтай хөрөнгө оруулалт гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой юм… Энэ бол хотын тээврийн асуудлыг бүрэн шийдвэрлэхгүй ч гэсэн ихээхэн хөнгөвчилж, улмаар эрүүл мэнд, нийгэм, эрүүл мэнд хийгээд экологийн асуудалд давхар эерэг нөлөө үзүүлж байгаа цогц шийдэл болох нь эргэлзээгүй юм.


Усан тэнэгүүдийн хөрөнгө оруулалт


Монголд болохоор дандаа усан тэнэгүүд нь дарга болдог юм шиг ээ. Үүний тод жишээ нь Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл болно. Тэрээр Улаанбаатар хотын дундуур төмөр зам барьж вагон явуулах аргаар тээврийн асуудлыг шийдэх гэсэн анхны хотын дарга юм. Н.Бат-Үүл 2014 оны 5 дугаар сарын 19-нд 3,9 сая долларын өртөгтэй Railbus хүлээж авав.


Хэд хэдэн зогсоол, тавцан хийх болон засварлахад 300 сая төгрөг зарцуулсан, мөн 3,7 км шинэ төмөр замын ажил эхлүүлсэн. Мөн railbas-ын 6 зогсоол барих ажлыг эхлүүлсэн. Мөн хос төмөр зам барих ажлыг эхлүүлсэн. Нийтдээ 18,4 тэрбум төгрөгийн төслийн ажил эхлүүлсэн ба түүний ихэнхийг үрэн таран хийсэн. Нөгөө Railbas нь суух хүн байхгүйн улмаас хэдхэн сар ажиллаад зогссон. Н.Бат-Үүлийн ажил гэж дандаа ийм хөгийн "юм" байдаг. Ингэхлээр чинь Улаанбаатар яаж мөнгөтэй байх юм ?!


Судлаач Х.Д.Ганхуяг.

Эх сурвалж: ganaa.mn блог