Энэ аюул мэдэгдсэнээс хойш 15 жил төр юу ч хийгээгүй ажээ
Үүнийг бичигч бээр саяхан газар хөдлөлийн асуудлаарх зохих судлаачтай ярилцсан юм.
-2010 онд Улаанбаатарт газар хөдөлсний дараа төр, төрийн бусчууд газар хөдлөлийн талаар их шуугисан. Би өөрөө тэр шуугианыг манлайлан явж байсан. Судлах тусам л аюул гарч ирээд байсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яг одоо ч хөдөлж магадгүй гэж байсан. 5 жил өнгөрлөө. Газар хөдлөлийн аюул юу болов оо?
-Аюул улам ихсэж байгаа. Давтамж, хүч нь нэмэгдэж байгаа. Он гарсаар Улаанбаатарт 100 гаруй удаа газар хөдлөөд байна.
-Дэлхийд ховор тохиолддог буюу 10-аас дээш баллын газар хөдлөлт нийслэлд болно гээд байсан, хэвээрээ юу?
-Хэвээрээ, хэвээрээ, улам ч баталгаажиж байна.
-Тэгээд төр засаг юу хийгээд байгаа юм бэ? Улаанбаатар бүрмөсөн сүйр, Монгол улс сөнө гээд байгаа юм уу?
-Төр засаг юм хийж байгаа, хийж байгаа. Манай хүрээлэнд гэхэд АНУ зэрэг улсын тоног төхөөрөмжүүдийн асуудлыг шийдэж өгсөн. Шинэ шинэ станциуд байгууллаа.
-Нэг иргэний хөдөлгөөний удирдах хүн АНУ Монголд газар хөдөлгөн хорлон сүйтгэх төхөөрөмж суурилуулсан, тэмцэнэ гээд байсан?
-Юу гэсэн үг вэ, манайд тусалж байхад чинь. Тийм гүтгэлэг хийвэл гэмт хэрэг болно гэдгийг санах хэрэгтэй.
-Танай хүрээлэнгийн хананаас гадуур юу хийгдэж байна вэ?
-Тэрийг бид мэдэхгүй. Хүрээлэнгийнхээ л хүрээнд ярина. Газар хөдлөлтийн сургуулилалтууд хийгддэг гэж ойлгож байгаа.
-Тэр ч бие биеэ дамнуурга дээр тавьж гүйлдсэн, хүүхдийн тоглоом шиг л юм болдог л доо. Газар хөдлөлт эгшин зуур болох тул, тэгээд гараад гүйчихнэ гэж байхгүй биз дээ? Би өөрөө Японд 5-6 баллын газар хөдлөлтийг үзсэн…
-Тиймээ, эгшин зуур явагдана.
-Монголын барилга байшингуудыг газар хөдлөлтөд тэсвэртэй болгон бэхэлж байна уу? Хүмүүсийн ярих нь, угсармал байшин маш амархан нурдаг л гэх юм. Тэгвэл угсармал байшинг бөхөлж байгаа юм мэдэгдэхгүй л юм..
-Тэр бол бидний хийх ажил биш, мэдэхгүй байна. 80-аад оноос газар хөдлөлийн даацыг нэмж барилга барих болсон. Түүнээс хойш тэр алдагдсан байх. Манайхаар үнэлгээ хийлгүүлэх ёстой. Тэгж байгаа юм алга. Тэгэхлээр шинэ барилгууд газар хөдлөлд тэсвэртэй гэж хэлж чадахгүй.
-Оросууд газар хөдлөлтийг урьдаас болиулах арга олсон, тэгээд манай нийслэлчүүдэд туслах гэтэл хүлээж аваагүй гэж бичигдсэн байсан?
-Дэлхийд газар хөдлөлтийг болиулах арга байхгүй. Урьдчилан мэдэж сэргийлж ч бараг болдоггүй. Газар хөдлөлт болж болзошгүй газар барилгаа бат бэх барих хэрэгтэй, мөн газар хөдөлсний дараах аврах, сэргээн босгох ажилд бэлэн байх хэрэгтэй. Ийм л арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай.
-Монголд тэгээд хэрэгжүүлж байна уу?
-Би хүрээлэндээ тоног төхөөрөмж нэмэгдсэнийг л мэдэж байна. Өөр юм дуулддаггүй.
-Тэгээд Улаанбаатар бүрмөсөн сүйрч, сая гаруй хүн үхэж, Монгол орон сөнөх нь тодорхой гэсэн үг үү? Арав гаруй баллын газар хөдлөлт гэдэг чинь алга эргүүлэх адил бүх юм хөрвөж булагдана л гэсэн үг шүү дээ?
-Тийм ээ. Сансар хавь мэтийн чулуун дэвсгэртэй газар тэгж эргэж хөрвөхгүй байж болох юм, гэхдээ дээр нь байгаа бүх юм юу ч үгүй нурж л таарна л даа.
-Хустай, Эмээлт зэрэг газруудын хагарал нэмэгдэж байна уу? Тэр хагарлууд чинь удахгүй газар хөдлөхийн дохио биз дээ. Намайг Нисэх хавьд явж байхад хагарал гэж болохоор урт цуурхай тааралдсан. Дагаад явж байтал хэсэг улс түүнийг булж байсан. Та нар юу булж байна вэ гэхэд холбооны шугам гэсэн. Тийм далий мурий цуурхай үүсгэж байж холбооны шугам тавина гэж юу байх вэ? Бас энд тэнд газар хагарсан цуурсан юм харагдаад л байгаа, хаалга үүд гажаад хаагдахгүй нээгдэхгүй болох, зам барилга цуурах, чичиргээ мэдрэгдэх гээд юм болоод л байгаа юм биш үү?
-Хагарал бол газар хөдлөхийн өмнө биш, дараа нь үүсдэг. Бидний олсон хагарал бол эрт дээр үед газар хөдөлсний ул мөр. Тэгээд УБ хавь бол хүчтэй газар хөдлөлийн голомт юм байна гэж шинэ мянганы эхний жилүүдэд мэдсэн.
-Арав гаруй жил газар хөдлөлийн эсрэг юу ч хийгээгүй шив дээ?
-Манай хүрээлэнд бол сүүлийн жилүүдэд тоног төхөөрөмж нэмэгдсэн, шинэ ажиглах станцууд сурилуулсан. Хотод газар хөдлөлтийн сургуулилалтууд хийгдсэн.
-Хагарал бол газар хөдлөхийн өмнө үүсдэг гэж би олонтаа уншсан л даа. Уул уурхайн даац хэтэрч, газар хөдөлгөж шинжих, тэслэх, олборлох процессууд хэтийдсэнээс УБ хавийн тектоник, сейсмографийн тэнцвэр алдагдаж, газар хөдлөлтийн голомт идэвхжсэн гэж уншсан юм байна. Сөнөсөн галт уулуудыг ч хэт уул уурхайжилт идэвхжүүлж байна гэсэн шүү дээ?
-Би тэрийг мэдэхгүй юм байна. Манайх газар хөдлөлтийн шалтгааныг байгаль талаас нь л судалдаг.
Ярилцсан Ч.Мөнхбаяр