Фредерик Уильям Энгдаль (Frederick William Engdahl) бол Америкийн нэртэй эдийн засагч, бие даасан чөлөөт сэтгүүлч, зохиолч, улс төр судлаач, хэд хэдэн алдартай ном, судалгааны ажлын зохиогч, "Даяаршлын дараахь ертөнц" төслийн оролцогч, сонин хэвлэлд тогтмол хэвлүүлдэг нийтлэлүүдээрээ өргөн олны танил болсон хүн.
Украины тэнгэрт сүйрсэн "Малайзийн агаарын тээвэр" компанийн MN17 дугаартай нислэгийн нисэх онгоцны тухай тун сонирхолтой өгүүлэл бичсэнээ тэр Оросын долоо хоног тутмын "Совершенно секретно" сонинд нийтлүүлжээ.

Энгдаль Украины тэнгэрт "Боинг" нисэх онгоц сүйрсэн нь Америкийн Тагнуулын төв газраас (ТТГ) өөр улсын далбаан дор явуулсан ажиллагаа мөн гэсэн дүгнэлт хийсэн байна. Энэ өгүүллийн товчийг та бүхний анхааралд толилуулж байна.
Дэлхий түрүүнд нь иймэрхүү жүжгийг үзэхээрээ нэг болсон. Вьетнамын дайны үеэр Тонкины булангийн мөргөлдөөнд бусдын далбаан дор ийм жүжиг тавьж байсныг үзэцгээж л байсан. ТТГ болон Саудын Арабын сэдсэн "зарин" хийтэй холбоотой хэрэг явдлын үеэр бид ийм явдлыг 2013 онд үзсэн. Нигери улсаас ураны түүхий эд авах бодолтой байна хэмээн мэдээ сэлтийг мушгин гуйвуулж байсан үед ч бид үүнийг үзэж байсан.



2003 онд Ирак болон Саддам Хусейны эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг АНУ-ын Конгрессоор сайшаалгахын тулд ийм мэдээ сэлтийг ашигласан бөгөөд тэгэхэд үй олноор хөнөөх зэвсгийг тэндээс огт олоогүй билээ. Орос улс болон түүний Ерөнхийлөгч Путиныг Украины зүүн нутгийн салан тусгаарлах үзэлт босогчдод Оросын өндөр технологийн зенитийн пуужинт цогцолбор өгсөн мэтээр нотлохыг АНУ-ын Төрийн департамент, ТТГ-ын төлөөлөгчид цөхрөн оролдож байгаа энэ жүжгийг дэлхий нийтээрээ бас дахин үзэж байна. Ингэхдээ "Малайзийн агаарын тээвэр" компанийн нисэх онгоцыг сөнөөхийн тулд босогчид уг цогцолборыг ашигласан болж таарч байгаа аж.
Долоодугаар сарын 20-нд улс төрийн таван(!) ток-шоуны үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн хэлснээр, нисэх онгоцны зорчигчид амь үрэгдсэнд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин буруутай болж таарав. Нотлох баримтын тухай асуултад хариулахдаа Керри "нийгмийн сүлжээнүүдийг" их л бахархалтайгаар иш татсан байдаг... Үүнээс өөр иш татчих зүйл ноён Керрид олдоогүй гэж үү?



Хариултгүй үлдсэн асуултууд
Сэтгүүлзүйн нарийн нягт, дорвитой мөрдөн шалгалт байхгүй байгаа нь өрнөдийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд (ОНМХ) MN17 нислэгийн нисэх онгоц сүйрсэн явдлыг мэдээлэхэд хамгийн их сэтгэл сэрдхийлгэсэн зүйлийн нэг юм. Шинэ хүйтэн дайн хялбархан болон хувирч мэдэх байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийг яарахгүй байж, дээд зэргээр хянамгай ажиллахын оронд ТВ-ийн CNN суваг, "New York Times", "Washington Post" сонин болон ЕХ-ны олонхи ОНМХ, тухайлбал Германы ОНМХ-үүд Украины Засгийн газрын төлөөлөгчид болон тэр ч байтугай мэдээллийн лавтай эх сурвалж хэмээн шинэ фашистуудын хэлснийг зүгээр л шууд иш татацгааж байна. Гэтэл эдгээр нь уг эмгэнэлт хэрэг явдлын тухай мэдээлэхдээ хариултгүй үлдсэн хэд хэдэн чухал асуултаас эхлэвэл зохилтой байсан юм. Гол асуулт гэвэл, Украины мэргэжлийн яамны бүрэлдэхүүнд багтдаг тус орны агаарын хөлгийн нислэгийг удирдах алба Украины зүүн нутаг дахь байлдааны ажиллагааны бүсийг тойрох төлөвлөсөн чиглэлээ өөрчлөхийг MN17 нислэгийн нисэх онгоцонд яагаад тушаасан юм бэ? Иргэний бүх нисэх онгоцны нислэгийг тухайн цаг мөчид нь хянаж байсан FlightAware.com сайтын эхний тайлангуудаас үзвэл, долоодугаар сарын 17-ны пүрэв гарагт Амстердамын Схипхол нисэх буудлаас Куала-Лумпур (Малайз) хот руу "Боинг-777" нисэх онгоцны багийн үйлдэж байсан MN17 нислэг нь өндөр болон замын чиглэлээрээ бусад арилжааны бүх нислэгийн чиглэлээс ихээхэн хазайсан байжээ.



Энэ оны дөрөвдүгээр сард Украины зүүн нутагт иргэний дайн эхлэсний дараа иргэний бүх нисэх онгоц мөргөлдөөн болж буй нутгийг өмнөд чиглэлээр тойрч нисдэг болсон юм. Аль нэг улсыг буруутгахаасаа өмнө тавих ёстой байсан бөгөөд Украины Засгийн газар, Обамагийн засаг захиргаа болон өрнөдийн олонхи ОНМХ-ийн огт тоогоогүй бусад гол асуулт гэвэл, яагаад нисэгч агаарын хаалттай орон зайд нислэг үйлдэж байсан бэ? Эмгэнэлт дэлбэрэлт болохоос нэг минутын өмнө Киевын агаарын хөдөлгөөнийг удирдах албанаас ямар зааварчилгааг нисэгчид өгсөн бэ? FlightAware.com-ын мэдээ эхлэж нийтлэгдсэний дараа тус сайт MN17 нислэгийн чиглэлийн тухай өөрийн хувилбарыг гэнэт өөрчилсөн нь сонирхолтой юм. Мэдээгээ өөрчлөхийг шаардан сайтад дарамт шахалт үзүүлсэн хэрэг үү? Хэрвээ тийм бол хэн ингэсэн бэ? НАТО юу, Вашингтоны засаг захиргаа юу? Энэ нь "ганцаардмал байдалд орсон" Орос улсын зүгээс үзүүлсэн дарамт шахалт байсан байж болох юм гэдгийг төсөөлөхөд хэцүү. Тэгэхэд сүүлчийн бүх арван нислэгийн чиглэл Донецк мужаас өмнө зүгт аюулгүй зайд, Азовын тэнгис дээгүүр өнгөрч байсан атал долоодугаар сарын 17-нд л MN17 нислэгийн чиглэл яг Донецк хот дээгүүр өнгөрсөн байдаг.




"Няцаашгүй гэрчлэх баримт"-ууд гэгчийн тухай Киевын хуурамч дүрс бичлэг
MN17 нислэгийн нисэх онгоц сүйрсэнд хэн буруутай тухай Обамагийн засаг захиргааны дурдаж буй олонхи учир шалтгаан нь Киевын Засгийн газрын албан ёсны төлөөлөгчдийн иш татсан баримтад үндэслэсэн юм. MN17 нислэгийн нисэх онгоцыг Оросын шууд тушаалаар, оросуудын сургасан салан тусгаарлах үзэлтнүүд сөнөөснийг "нотлох баримт" гэгчийг Украины тагнуулын алба нисэх онгоц сүйрсэнээс хойш ердөө хэдхэн цагийн дараа нийтлүүлсэн юм. Энэ нь YouTube-д байршуулсан 2:23 минутын хугацаатай дүрс бичлэг байв. Эхлээд Оросын тал баримтлагч салан тусгаарлах үзэлтэн болон ОХУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын тагнуулын ерөнхий газрын хурандаа гэх Василий Геранины хооронд болсон ярианы бичлэг гэгчийг Украины аюулаас хамгаалах алба танилцуулжээ. "Тийрэлтэт нисэх онгоцыг сөнөөсөн" тухай тэд ярьжээ.



Энэ нь иргэний юм уу цэргийн нисэх онгоц байсан эсэхийг хэлсэн зүйл огт биш байв. Ингэхдээ түрүүнд нь хэдхэн цагийн өмнө журамт цэргийнхний сөнөөсөн Украины Су-25 нисэх онгоцны тухай ярьсан байж болох талтай. Үүнээс гадна, энэ бичлэг нь засгийн эрхэнд гарсан анхны өдрөөсөө эхлэн бараг бүх зүйлийн тухай худал хэлж байсан Киевын Засгийн газрынханд итгэх итгэлийг дээшлүүлэхийн тулд Киевын эрх баригчид юм уу ТТГ-ын заавраар студид түрүүнд нь жүжигчдийн бичүүлсэн бичлэг байгаагүй гэдгийг YouTube-ийн дүрс бичлэгээр нотлох боломжгүй юм. 2014 оны долоодугаар сарын 16-нд Киевын цагаар 19 цаг 10 минутад, өөрөөр хэлвэл MN17 нислэгийн нисэх онгоц сүйрэхээс нэг өдрийн өмнө тавьсан дүрс бичлэгээс үзвэл YouTube-т бичлэгийг байршуулсан мэдээний цаг, хугацааг мэдээллийн технологийн сайн мэргэжилтнүүд тодруулахад, нөгөө "хөдөлбөргүй нотолгоо" гэгчийн тухай дурдсан бүх мэдээ ОНМХ-ээс бүрмөсөн алга болсон юм.



Нэгэн зэрэг хийсэн сургуулилт
Одоо маш сонирхолтой давхцалыг авч үзэцгээе. Тухайлбал, энэ нь 2001 оны есдүгээр сард Дэлхийн худалдааны төвд террорист халдлага үйлдэж, эсвэл Бостоны марафон гүйлтийн үеэр бөмбөг дэлбэлж, эсвэл бусад олон террорын ажиллагаа үйлдсэнийг хэлж байгаа юм. MN17 нислэгийн нисэх онгоц сүйрэхээс чухамхүү хэдхэн өдрийн өмнө болон сүйрэл болсны дараахан Украин-НАТО-гийн цэргийн сургуулилт хийсэн юм. Вашингтонд Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Уэйн Мэдсений задруулсан мэдээгээр, НАТО, Украин хоёр "Тэнгисийн сэвшээ салхи" гэсэн томъёолсон нэртэй арван өдрийн цэргийн сургуулилт хийж, энэ үеэр радиотехникийн болон электрон хэрэгсэл, "Боинг ЕА-18Г, "Боинг Е3 Sentry" маягийн радиоэлектрон тагнуулын нисэх онгоц, агаарын байг радиолокациар алсаас илрүүлж, онилох AWACS системийг ашиглахаар заасан байжээ.

Мэдсений хэлснээр, пуужин онилох байлдааны мэдээлэл-удирдлагын AEGIS системээр тоноглогдсон пуужинт "USS Vella Gulf" гэдэг байлдааны пуужинт хөлөг онгоц "Тэнгисийн сэвшээ салхи" сургуулилтад оролцсон байна. Нисэх онгоц руу харвасан аливаа пуужингийн нэгэн адил, Хар тэнгисээс энэ хөлөг онгоц уг тэнгисийн дээгүүр нисч явсан "Малайзийн агаарын тээвэр" компанийн MN17 нислэгийн нисэх онгоцны нислэгийг ажиглаж чадна. Үүнээс гадна, агаарын байг радиолокациар алсаас илрүүлж, онилох AWACS системийн электрон тагнуулын (ELINT) нисэх онгоц MN17 нислэгийн онгоцыг Украины дээгүүр нисч явах үед Хар тэнгисийн агаарт бас нисч явжээ. "Glowler" нисэх онгоц нь "газар-агаар" ангиллын пуужинг устгах аливаа хэрэгслийн радилокацийн системд радио дуу-чимээний саад учруулж чадна. Тийнхүү НАТО-гийн сургуулилт нь долоодугаар сарын 17-нд Оросын хилээс ердөө 40 км-т MN17 нислэгийн онгоц сүйрсэнтэй цаг хугацааны хувьд давхацсан юм. "НАТО-гийн хөлөг онгоц, нисэх онгоцууд Донецк, Луганск мужийг радиолокацийн болон электрон хэрэгслээр бүрэн ажиглаж байжээ. Яагаад АНУ-ын Засгийн газар MN17 нислэгийн онгоц хэзээ нисч, түүнийг хаанаас харваж сөнөөснийг заан, долоодугаар сарын 17-ны нислэгийг ажиглаж байсан тухай нарийн тоо баримтыг танилцуулаагүй юм бэ гэсэн асуулт хамгийн тулгамдсан шинжтэй болж байна. Америкийн Засгийн газар өөрт байгаа мэдээллийг задруулахаас эмээсэн байж болох бөгөөд учир нь энэ мэдээлэл Вашингтоны дайн өдөөгчдөд эргээд цохилт болж мэдэх юм.



MN17 нислэгийн тухай хиймэл дагуулын мэдээ сэлт төдийгүй түүнчлэн нисэх онгоцыг сөнөөсөн пуужинг харвасан зенитийн байж болох төхөөргийн нарийн зургууд ч АНУ-ын зохих агентлагуудад бас бий. Украины армийн дүрэмт хувцас өмссөн цэргүүд эдгээр зурагт тодорхой харагдаж байгаа юм. "Нөгөө аймшигт пуужинг харвасан байх магадлалтай зенитийн батарейн хиймэл дагуулын нарийвчилсан зургууд Америкийн тусгай албадад бий, гэхдээ энэ батарей нь Украины цэргийн дүрэмт хувцас өмссөн Украины Засгийн газрын цэргийн хяналтад байсан байж таарна" гэж өнгөрсөн үеийн иймэрхүү асуудлаар нарийн мэдээлэл авч байсан "Newsweek" сэтгүүлийн сэтгүүлч байсан Роберт Перри (Rabert Perry) ярьсан байна.



АНУ-ын Төрийн департамент зохиолыг өөрчилж байна
MN17 нислэгийн нисэх онгоц сүйрснийг далимдуулан Оросын эсрэг суртал нэвтрүүлгийн албан ёсны дайныг Майданы төрийн эргэлтийн нэг адил АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Европ, Евразийн хэрэг эрхэлсэн туслах Виктория Нуландыг тойрон хүрээлсэн шинэ хуучинсаг үзэлтнүүд дэгдээсэн юм. В.Нуланд нь дэд ерөнхийлөгч Дик Чейнигийн туслах, НАТО-д суугаа АНУ-ын хуучин байнгын төлөөлөгчийн орлогч байсан бөгөөд шинэ хуучинсаг үзэлт нөхөр нь 2001 оны есдүгээр сарын 11-ний хэрэг явдлаас ердөө нэг жилийн өмнө 2000 оны есдүгээр сард Ирак дахь АНУ-ын дайны үзэл суртлын үндэс болсон Бушийн засаг захиргааны үеийн "Америкийн шинэ зуун" гэдэг төслийг хамтран боловсруулагчийн нэг юм.
ТТГ-ын хэвлэлийн нарийн бичгийн дарга байсан бөгөөд Төрийн департаментын хэвлэлийн албаны орлогч дарга Мари Харф долоодугаар сарын 21-нд Вашингтонд мэдээлэл хийхдээ, MN17 нислэгийн нисэх онгоц сүйрсэнд Орос улс болон босогчид холбогдолтой гэх "хөдөлбөргүй" баримт нотолгоо Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон Америкийн Засгийн газарт байхад яагаад энэ мэдээллийг зарлахаас татгалзаж байгаа тухай зарим сэтгүүлчийн тун хурц асуултад ороогдсон юм. Өөрийгөө хамгаалж, ийм асуултад уурлахад хүрсэн Харф: "Бидний үзэж байгаагаар пуужинг Оросыг дэмждэг салан тусгаарлагч үзэлтнүүдийн хяналтад байгаа нутаг дэвсгэрээс SA-11 төхөөргөөс харважээ" гэж долоодугаар сарын 20-нд Керри мэдэгдсэнийг иш татан, хариулахаас татгалзсан байна. Гэвч сэтгүүлчдийн хариулахыг шаардаж байсан тэр нотолгоо болгон юу гэж мэдэгдсэн бэ гэдэг нь сонин юм. Харф хариулахдаа: "Бид мэдэж байна, дараа нь бид нийгмийн сүлжээнээс, нисэх онгоцыг сөнөөсөн хэмээн сайрхаж байсан Оросын тал баримтлагч салан тусгаарлагч үзэлтнүүдийн гэрэл зургуудаас харсан..." гэжээ.



Фото редакторын ажилд ямар ч шинэ хүний хийж чадах энэ графикийн зурагт бодит байдалд төстэй зүйл огт байгаагүй юм. Агаарын фото зургуудыг нийтлүүлэх зорилгоор Америкийн засаг захиргаанд үзүүлэх шахалт цаг бүрийд хүчтэй болохын хэрээр ТТГ-ын хиймэл дагуулын зургуудад харуулсан "нотлох баримт" нь үнэндээ зенитийн "Бук" төхөөргөөр буудаж байгаа Оросын тал баримтлагч босогчдыг биш, харин Украины дүрэмт хувцастай цэргүүдийг харуулсан байна. Оросын Засгийн газар болон цэргийн тагнуулын алба өөрийн баримт сэлтийг нийтлээд ирэхээр Обамагийн засаг захиргааны зарим төлөөлөгч долоодугаар сарын 22-нд Вашингтоны цагаар 17 цаг 57 минутад "нэрийг нь дурдаагүй дээд тушаалын хүмүүс" оролцсон хаалтай мэдээлэл гэгчийг хийжээ. Уг мэдээллийн төгсгөлд Америкийн тагнуулын албаны дээд тушаалын төлөөлөгч сэтгүүлчдэд хэлэхдээ, оросууд салан тусгаарлах үзэлтнүүдэд зэр зэвсэг нийлүүлж байгаа хэдий ч "зорчигч тээврийн нисэх онгоцыг сөнөөсөн төхөөргийг Оросоос авчирсан гэх шууд нотлох баримт АНУ-д алга" гэж мэдэгдсэн байна.



Тийнхүү Барак Обама долоодугаар сарын 21-нд үндэсний телевизээр үг хэлэхдээ "Малайзийн агаарын тээвэр"-ийн нисэх онгоцыг Украин дахь Оросын тал баримтлагч салан тусгаарлагч үзэлтнүүдийн хяналтад байгаа нутгийн агаарт сөнөөсөн бөгөөд Орос улс салан тусгаарлагчдыг сургаж, "тэдэнд зэр зэвсэг, тухайлбал зенитийн төхөөрөг өгч байсан" гэсэн нотолгоо нь лавтай бус мэдээлэлд үндэслэж байжээ гэсэн юм. Харин энэ үгнээс болоод дэлхий ертөнц Оростой хүйтэн дайн эхлүүлэхэд нэг том алхмаар ойртсон бөгөөд энэ нь халуун дайн болж хялбархан хувирч болох байсан хэрэг.



Коломойскийн хувийн арми:
MN17 нислэгийн онгоцыг хэн сөнөөсөн бэ?
Энэ бүгд тэгвэл MN17 нислэгийн нисэх онгоцыг чухамхүү хэн сөнөөсөн бэ гэх сөрөг асуулт тавихад хүргэж байна. Нисэх онгоцыг сөнөөсөн пуужинг харвасан тэр нутаг үнэндээ "Оросын тал баримтлагч салан тусгаарлагч үзэлтнүүдийн" хяналтад байдаггүй, харин Украины тэрбумтан, олигарх Игорь Коломойскийн байгуулж, зэвсэглэсэн хувийн шинэ нацист хөлсний армийн хяналтад байдаг байна. Коломойский АНУ, Израилийн тагнуулын албаны төлөөний хүн юм. Тэр Украин, Израилийн иргэн бөгөөд өөрийн бизнесийг Киевээс биш, харин Швейцариас удирддаг байна. Дашрамд нэг сонин баримтыг дурдахад, Байдены хүү Хантер Байден бол Игорь Коломойскийн Украины байгалийн хий-газрын тосны "Burisma Holdings Ltd" компанийн шинээр томилогдсон захирал юм.



Сүүлийн саруудад Коломойский Малайзийн нисэх онгоцыг сөнөөсөн байж болох зенитийн "Бук" цогцолбор бүхий өөрийн хөлсний армийг байгуулжээ. Коломойский Украины зүүн нутгийн орос хэлээр ярьдаг төрийн алба хаагчдын эсрэг террор ажиллагаа явуулж, тухайлбал захиалгат аллага үйлдэхээр нэг бус удаа заналхийлж байсан юм. Тэр Украины хамгийн баян хүмүүсийн жагсаалтын хоёрт бичигддэг бөгөөд Киевын Борисполийн олон улсын нисэх буудлын удирдлагатай нягт харилцаатай байдаг ажээ. Зарим баримтаас үзвэл, MN17 нислэгийн онгоцыг сөнөөхөөс өмнөхөн Украины ДХЯ-ны цэргүүд энэ нисэх буудлын команд-диспетчерийн байрыг эзлэсэн байна. Украины ДХЯ-ны шинэ сайд, Ерөнхий сайд асан Юлия Тимошенко, Оросыг үзэн ядагч Игорь Коломойскийн үнэнч холбоотон, луйвар хийсэн хэргээр түрүүнд нь Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан хүн болох Украины ДХЯ-ны шинэ сайд Арсен Аваковын удирдлага, тушаалаар Киевын нисэх буудлын команд-диспетчерийн байрыг булаан эзлэсэн юм биш биз? Аваков Украины зүүн нутгийн босогчдыг "террористууд" хэмээн анх нэрлэсэн бөгөөд ийм нэр хаяг нь гэм зэмгүй энгийн хүн амын эсрэг ямар ч хорлолтой гэмт хэрэг үйлдэх боломж олгож байгаа юм.



"Veterans Today" сэтгүүлийн Тбилисийн товчооны тэргүүн Жэффри Силверман хувийн журмаар хэлэхдээ, хиймэл дагуулын холбооны "Inmarsat" компани MN17 нислэгийн онгоцны сүйрэлд холбогдолтой байж болохыг заажээ. Гол үйлчлүүлэгчдийнх нь дунд Пентагон, АНУ-ын Засгийн газар байдаг "Inmarsat" компанийн мэдэлд агаарын хөлгийн хөдөлгөөнийг удирдах олон улсын холбооны олонхи систем багтдаг байна. Түрүүнд нь "Малайзийн агаарын тээвэр" компанийн MN370 нислэгийн өөр нэг нисэх онгоц алга болсон тухайд гэвэл, "Inmarsat" компани өөрийн системүүдийг тасласнаас болоод уг нисэх онгоцтой холбоо "тасарсан" бөгөөд өнөөдрийг хүртэл тус компани өөрт байгаа мэдээллийг танилцуулахаас татгалзаж байгаа юм гэж Силверман хэлсэн байна. MN17 нислэгийн онгоц сүйрсний дараахан Карлос гэдэг испани хүн онлайны мэдээний алба болох ETN-д ярилцлага өгөхдөө, Киевын цэргийнхний учрыг мэдэх хүмүүсийн хэлснийг үндэс болгохдоо, Украины цэргийнхэн уг нисэх онгоцыг сөнөөсөн хэрэгт оролцсон байж болох тухай ярьжээ. Зорчигч тээврийн нисэх онгоцыг сөнөөсөн нь тодорхой болмогц Киев дэх радарын мэдээллийг устгаж, эндхийн агаарын хөдөлгөөний диспетчерийн албаны гадаадын бүх ажилтныг дор нь халсан гэж тэр мэдэгдсэн байна. Тэр нисэх онгоцыг радарын дэлгэцнээс алга болохоос 3 минутын өмнө Украины хоёр тийрэлтэт сөнөөгч нисэх онгоц нисэх онгоцыг даган явж байсныг Карлос бас мэдээлжээ. Бид одоо Карлосоос дахин өөр ямар ч мэдээ сонсохгүй, яагаад гэвэл түүний тайлан сүлжээнд тавигдмагц нийгмийн сүлжээн дэх түүний аккаунтыг устгасан, тиймээс хэн ч түүний байгаа газрыг мэдэхгүй.

Сонгуульд сүйрлийн ялагдал хүлээсэн Юлия Тимошенко болон "шоколадны хаан" Петр Порошенко хоёр маш их муудалцсан тухай цуу яриа Украинд тарж байна. Порошенкогийн бизнес Оростой тогтоосон эдийн засгийн харилцаанаас үлэмжхэн шалтгаалдаг юм. Еврей үндэстэн бөгөөд Израилийг талархдаг буюу наанадаж Израилийн харъяат Коломойский СС, Гитлер юмуу нацистын гестапогийн тактикийг илүүтэй санагдуулсан шинэ нацистуудын тактикийг дэмжиж байгаа юм. Коломойскийн хүчин Украины цэргийн агуулахуудаас авсан болон хар захаас худалдаж авсан орчин үеийн зэр зэвсэгтэй юм. Зарим мэдээгээр, тэдэнд зенит-пуужингийн "Бук" цогцолбор байдаг байна.
Коломойскийн хүчин Украины байнгын армийн цэргийн албан хаагчид, Украины баруун нутгийн шинэ нацист бүлэглэлүүд, гадаадын хөлсний этгээдүүд, түүний дотор Гүрж, Румыны хөлсний этгээдүүд, Швед, Германы арьсны үзэлтнүүд, Израилийн батлан хамгаалах яамны армийн хуучин командосуудаас бүрддэг байна. Энэ хүчин 2 мянган хүнтэй "Азов", "Айдар", "Донбасс", "Днепр-1" гэсэн дөрвөн батальонтай. Энэ хүмүүс тавдугаар сарын 02-нд Одесса хотын Үйлдвэрчний эвлэлийн ордны байшинг галдан шатааж, олон хүний аминд хүрсэн, тавдугаар сарын 09-нд Мариуполь хотын цагдаагийн газрын байшинг галдан шатааж, мөн хүмүүс амьдаараа шатсаны хариуцлагыг хүлээх ёстой. "Днепр-1" батальон бас 20 мянган бэлтгэл хүчинтэй юм. Салан тусгаарлагчдын талынхнаас Коломойскийн булаан авсан Украины завод, албан газруудын байр байшинг хянахын тулд галт зэвсэг, төмөр саваа, бороохой хэрэглэж байсан түүнийг улайран дагагчдаас бүрддэг нацистын "хүрэн цамцтануудын" маягийн хүчин нь Коломойскийн армийн гол хүчин болдог байна.



Зарим мэдээгээр, Коломойскийн армийн бүрэлдэхүүнд байдаг гүржүүд Виктор Януковичийн түрүүчийн Засгийн газраас Гүржийн тэр үеийн Ерөнхийлөгч, АНУ-ын хамсаатан Михаил Саакашвилид худалдсан зенитийн "Бук" төхөөргийг удирдахад сургажээ. Мэдсений хэлснээр, одоо Коломойский тусгаар тогтнолоо бие даан зарласан БН Донецк болон Луганск Ард Улсын эсрэг цэрэг, улс төрийн кампанит ажилдаа Ерөнхийлөгч асан Саакашвилигийн "консалтингийн албадыг" ашигладаг байна.
Хэрвээ Коломойскийн ард нуугдаж байгаа дээрэмчид MN17 нислэгийн онгоцны сүйрэлд үнэхээр холбогдолтой бол энэ нь Вашингтон болон дэлхийн бусад нутаг дахь, ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд дэх шинэ хуучинсаг үзэлт болон Израилийн лобби яагаад Оросын Ерөнхийлөгч Путиныг улайран гүтгэж байгааг тайлбарлаж өгөх болно. Коломойский Батлан хамгаалах яам, НАТО болон АНУ-ын тагнуулын байгууллагуудын дээд бүлгийнхэнтэй шууд холбоотой байдаг нь илэрхий байна. Тиймээс Коломойский болон түүний байгуулсан олон улсын сүлжээг нухацтай шалгаж эхлэх хэрэгтэй. MN17 нислэгийн нисэх онгоц сүйрсэнд Орос болон Путиныг буруутгах гэсэн оролдлого бүтэлгүйтсэн нь одоо нэгэнт илэрхий байна. Гэвч ийм оролдлого сүүлчийнх биш гэдэг нь туйлын тодорхой.
Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/59169.shtml#sthash.IXG9xo1U.dpuf