"Украинд шинэ хувьсгал дэгдэж, дахиад төрийн эргэлт гарвал Ерөнхийлөгч Петр Порошенко болон түүний хамсаатнууд өмнөх төрийн тэргүүн Виктор Янукович шиг улс орноосоо зугтааж гарч чадахгүй. Тэднийг харанхуй зооринд цааз л хүлээж байгаа" гэж үндсэрхэг үзэлт "Барууны сектор" бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Артем Скоропадский мэдэгдлээ.

"Voice of America" энэ талаар "Радикал байгууллагууд одоо төр засгаа унагаах талаар ил тод уриалахгүй байгаа ч Украины эрх баригчид армиа өөрийн талд зогсоно гэж найдах хэрэггүй байх. Украины Зэвсэг хүчин бол хэт үндсэрхэг бүлэглэлүүдтэй нягт холбоо сүлбээтэй, иймээс радикалууд ба эрх баригчдын хооронд зөрчил дэгдвэл арми үнэндээ радикалуудын талд орж мэднэ" гэж сэрэмжлүүлж байна.

"Энд асуудал зөвхөн улс орны аврагч, дарангуйлагч болох зөв хүнийг олоход оршиж байна" хэмээн "Voice of America"-ийн нийтлэлч онцолжээ.

"Барууны сектор" бүлэглэл төр засагтаа эсэргүүцэл зарлан Мукачево хотод цус урсгасан талаар манай сайт өмнө мэдээлсэн. http://mnews.mn/news/7/single/24840 Тэд одоо ч Киев хотод Ерөнхийлөгчийн ордны гадаа хугацаагүй эсэргүүцлийн ажиллагаагаа явуулсаар байна. Энэ бүлэглэлийн мэдэлд автомат, пулемет, гранатомет, их буу, пуужин, танк, хуягт тэргүүдтэй 19 батальон бий. Бүхэл бүтэн 19 батальон, мэргэжлийн алуурчид гэсэн үг.

Төр засагтаа захирагдахаас татгалзаж байгаа "Барууны сектор" бүлэглэл одоо Дотоод хэргийн сайд Арсен Аваковыг огцруулах, зарим түшмэдийг эрүүгийн хэрэгт татах, мөн бүх хоригдлуудыг суллах зэрэг тулган шаардлага тавьж байна. Киевээс гадна Харьков, Днепропетровск, Житомир хотуудад ч тэд жагсч цуглаж байгаа.

Украины эрх баригчид өөрсдийн хууль бус үйлдэл, залхаан цээрлүүлэх ажиллагаандаа "Барууны сектор", "Азов", "Айдар" зэрэг нацистуудын зэвсэгт батальонуудыг ашиглаж ирсэн. Харин одоо зэвсэг агссан нацистууд төр засгаа эсэргүүцэн бослоо. "RT" зэрэг зарим мэдээллийн байгууллагын дамжуулснаар "Барууны сектор"-ын гишүүд одоогоор уул хад, ойд бүгж өөрийн толгойлогч Дмитрий Ярошийн тушаалыг хүлээж байгаа гэнэ.

Энэ бүхэн фашист Германы 1930-аад оны үйл явдлыг санагдуулж байгаа талаар дэлхийн сонин хэвлэл, сайтууд мэдээлж байна.

Өнөөгийн эрх баригчид чухамдаа хэт үндсэрхэг бүлэглэлүүдийн хүчээр төрийн эргэлт хийж, Януковичийг хөөн зайлуулсан талаар тоймчид эргэн сануулсаар. "Киевийн хунт өөрөө нацистуудын хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг ашиглан зорилгодоо хүрсэн. Тэр үед төр засаг зэр зэвсэг хэрэглэх монополь эрхээсээ өөрөө сайн дураар татгалзсан билээ. Иймээс зэвсэгт бүлэглэлүүд хэзээ нэг цагт хоорондоо зөрчилдөх нь гарцаагүй байсан. Энэ бол дарьтай торхонд хүргэх чүдэнз. Одоо 3 зам байна, "Барууны сектор"-ыг няц дарах, эсвэл Порошенког унагах, эсвэл түр эвлэрэл" гэж Украины улстөрч Ростислав Ищенко мэдэгдлээ.

Сонирхуулахад, "Барууны сектор"-ын төлөөлөгч Андрей Тарасенко "Украин өөрийн алдсан нутгуудаа буцаан авч, түүхэн шударга үнэнийг тогтооно. Жишээ нь Польшийн Перемышль зэрэг хэдэн муж" хэмээн мэдэгдсэн. Тэгэхээр Украины нацист бүлэглэлүүд эх орондоо хувьсгал хийсний дараа хөрш орнуудаа ч дайлаар мордох бололтой.

www.mnews.mn