Украины байж боломгүй гутамшиг шившиг, АНУ-ын эрээ цээргүй авирлалын талаар дэлхий шуугиж байна. Украины Засгийн газрын бүх шийдвэрийг тус улс дахь АНУ-ын Элчин яаманд гаргадаг гэлцдэг. Саяхан үүнийг баталсан үйл явдал боллоо.


Сүүлдээ Америк бүр эрээ цээргүй аашилж, ядаж гаднаа ёс зүй сахихаа больжээ. Америкчууд элдэв тогтоол, хууль тогтоомж, бичиг баримтаа орчуулах гэж зав цаг зарахаас залхуурч, шууд англи хэл дээр нь Украины Засгийн газарт өгдөг болсон байна. Иймээс Украины Сайд нарын танхим, Ерөнхий сайд Арсений Яценюк англи хэл дээр бичсэн тогтоол, зааврыг хэлэлцэж суух болжээ. Тэгэхээр англи хэлээр тогтоол шийдвэр, хуулиа хэлэлцэх гэж орос хэлийг халж, оросоор ярьсан болгоныг гадуурхаж байгаа бололтой, энэ украинчууд.

Энэ талаар Украины нийтлэлч, түүхч Андрей Ваджра мэдэгдлээ. "Миний танил бүсгүй Украины Сайд нарын танхимд ажилладаг юм. Бид аяга кофе уухаар уулзсан. Гэтэл тэр нүд нь том болчихсон надад нэгэн сонин юм ярилаа" гэж Андрей Ваджра өгүүлэв.

"Өчигдөр Засгийн газрын хуралдаан дээр бид нэг тогтоол гаргахаар хэлэлцэж суулаа. Гэтэл эх хувь нь англи хэл дээр байдаг байгаа. Би тэднээс яагаад англи хэл дээр байгааг асуусан юм. Мэдээж, Яценюк англи хэл мэддэг, гэвч Засгийн газрын гишүүдийн дунд мэдэхгүй хүн ч зөндөө шүү дээ. Ер нь манай чухал бүх баримт бичгийг Америкийн Элчин яамд бэлддэг л дээ, харин энэ удаа орчуулж амжаагүй байсан бололтой. Аз болоход манай сайд нарын зарим нь англи хэлтэй шүү" гэж Ваджрагийн танил бүсгүй ярьжээ.

Нийтлэлч Ваджра "Хамгийн сонирхолтой юм Америкийн төлөөлөгчид ирэхээр болдог. Ширээний голыг Америк эзэд эзэлж, харин ширээний хоёр хажуу талд Украины удирдлага суудаг. Өөрөөр хэлбэл, Украины Ерөнхийлөгч, Украины Ерөнхий сайд үргэлж ширээний хажуу талд суудаг гээч. Энэ нь үнэндээ Америкийн төлөөлөгчид байр сууриар илүү гэдгээ баталж байгаа хэрэг. Ийм сонин уламжлал бүр сонгуулиас өмнө тогтжээ. Төрийн эргэлт гарахаас өмнө америкчууд нөгөө дипломат дэг маяг, ёс журмыг умартсан байсан" хэмээжээ.

Одоо Украины төр засгийн байгууллагууд заавал нилээд хэдэн өрөө тасалгааг америкчуудад зориулан гаргасан байдаг. Та нар төсөөл дөө, Монголын Засгийн газрын ордны 10 өрөөнд гадаадынхан байрлаж, Сайд нарын танхимын хуралдаанд оролцож, төр засгийн бүхий л үйл ажиллагааг хянаж байна гээд. Бүх нууц бичиг баримтуудыг ч хүртэл тэд үзэж харах эрхтэй гэнэ.

"Өөр нэг жишээ. Киев хотын Владимирын гудамжинд байрладаг Украины Аюулгүй байдлын албаны төв байрны дээд давхрыг тэр чигт нь америкчууд эзэлдэг. Үүнийг дэлхий мэднэ. Хамгийн инээдтэй нь, тийшээ украинчууд өөрсдөө орох эрхгүй" гэж нийтлэлч Ваджра бичжээ.

www.mnews.mn