1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын ачаар Монгол улс парламентын засаглалд шилжиж Улсын Бага хурал, УИХ байгуулагдсанаас хойш төрийн төлөөлөгч 9 хүн цаг бусаар талийгаач болж ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Энэ бол М.Чимидцэрэн, С.Зориг, О.Дашбалбар, М.Зэнээ, С.Гончиг, Ж.Наранцацралт, Ш.Отгонбилэг, О.Энхсайхан, Л.Энэбиш нар юм.
1996 онд Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон М.Чимидцэрэн 1998 онд амралтын цагаараа делтпланаар нисч байгаад унаж талийгаач болсон. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Ш.Батбаяр энэ тухайд "Би УИХ-ын гишүүнийг оршуулах комисст орсон. Гадны ямар ч нөлөөгүй зүгээр л осол болж газар мөргөөд амь алдсан байсан" гэсэн нь бий. Төв аймгаас УИХ-д сонгогдсон С.Гончиг өвчний учир хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. УИХ-ын гишүүн О.Энхсайхан мөн л 2006 онд өвчний учир нас барсан. Гэхдээ түүний үхлийг "Ашигт малтмалын тухай" хуультай холбон учир битүүлэг үхэл гэж нэрлэх нь бий. Монголын газар шорооны тухай үгээ хурц хэлэн тэмцэж, энэ хуулийг батлуулахгүй гэж явсан түүний нас барсны дараахан энэ хууль батлагдсан.
Бусад зургаан хүний тухайд ихээхэн сэжигтэй нас барсан ч өнөө хэр энэ тухай хэвлэлүүд бичиж, олон түмнэ ам дамжуулан ярихаас хэтрэхгүй байгаа.



Санжаасүрэнгийн Зориг

1962 оны 4-р сарын 20-нд төрж - 1998 оны 10-р сарын 2 таалал төгссөн. С.Зориг нь монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөны удирдагчдын нэг, нэрт улс төрч байв.



Санжаасүрэнгийн Зориг нь 1989 онд Монгол Улсын Их Сургуулийн магистрант байхдаа ардчилсан хувьсгалд оролцож, лидерийн үүрэг гүйцэтгэсэн. Сүхбаатарын талбай дээр болж байсан цуглаануудад Монголын Ардчилсан Холбооны зохицуулагчийн хувиар микрофон барин үг хэлж, иргэдийг монголын нийгмийн өөрчлөлтөд уриалж байв. 1990 оны 3 сард түүний хүчин зүтгэлээр тэр үеийн эрх баригч Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо бүрэн бүрэлдхүүнээрээ огцорч, Монголын түүхийн шинэ үе эхэлсэн билээ. 1990 оны 6 сард Монголд явагдсан анхны чөлөөт ардчилсан сонгуулиар Улсын Бага Хуралд сонгогдож, дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшиж байсан.
Тэрээр 1992, 1996 оны сонгуулиар Улсын Их Хуралд сонгогдож, Ардчилсан Холбоо эвслийн хоёр дахь засгийн газар болох Ц.Элбэгдоржийн засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байв.



1997 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар сөрөг хүчин болох Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшсэн Н.Багабанди ялав. 1998 оны 6 сард банкны хямралыг гэтлэхийн тулд улсын өмчийн Сэргээн Босголт Банкийг хувийн Голомт банктай нэгтгэх шийдвэр гаргасан хэмээн сөрөг хүчнийхэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулж, Элбэгдоржийн засгийн газар огцорлоо. Дараагийн ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч Ардчилсан Холбоо эвслээс нэр дэвшүүлсэн хүмүүсийг ерөнхийлөгч Багабанди тухай бүрт нь янз бүрийн шалтгаанаар буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд ерөнхий сайдыг томилж чадаагүй юм. Элбэгдоржийн засгийн газрын гишүүд үүрэг гүйцэтгэгч гэсэн тодотголтойгоор 4 сар ажиллаж байсан тэр үед буюу 1998 оны 10 сарын 2-нд Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь бүрэлгэв. 3 хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30000 хүн цуглаж, бүх нийтийн гашуудал зарлаж байлаа.

Түүнийг эрх баригч эвслийнхэн ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхээр ерөнхийлөгчтэй зөвшилцөх гэж байсан гэсэн яриа бий. Ямартай ч Монголын ард түмэн энэ хэргийг улс төрийн аллага байсан гэдэгт итгэлтэй байдаг. Уг хэрэг нь амьд гэрч болох, эхнэр Булган нь амьд сэрүүн байдаг ч алуурчин өнөө хүртэл илрээгүй. Зоригийн аллагатай холбогдуулж олон хүнийг сэжигтнээр татаж байсан боловч хэн нь ч тус хэрэгт холбоотой нь нотлогдоогүй аж.



Лхамсүрэнгийн Энэбиш

Л.Энэбиш 1947 онд Булган аймгийн Могод сумын Өвөр булаг хэмээх газарт мэндэлж, 2001 оны есдүгээр сарын 29-нд нас барсан.
Л.Энэбиш 1990-1992 онд Улаанбаатар хотын АДХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Улаанбаатар хотын даргаар тус тус ажиллаж байгаад 1992 оны сонгуулиар Л.Энэбиш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 1992 оны 10 дугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч, Засаг захиргааны сайд, улмаар 1993-1996 онд Монгол Улсын шадар сайдаар ажилласан.
Л.Энэбиш 1992 оноос МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, 1997 оноос намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж 2000 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болж улмаар Улсын Их Хурлын даргын (2000-2001) албыг хашжээ.

МАХН-ын хамгийн нөлөө бүхий энэ эр сүүлдээ Н.Энхбаяртай ил цагаан сөргөлдөх болсон гэдэг. Түүний гэнэтийн үхлийг зарим хүн МАХН доторх албан тушаалын дайнтай холбож тайлбарладаг. Түүний үхлийн талаар алдарт "Аалзны тор" нийтлэлд "2001 оны намрын чуулганы нээлт дээр хэлэх үгээ дотроо бодож, эртнээс бэлтгэж байжээ. Тэр өөрийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Өвгөнхүүгээ Хууль зүйн байнгын хороон дарга Ц.Шаравдоржтой уулзуулж намрын чуулганы нээлтэнд их хурлын даргын хэлэх үгэнд танай байнгын хорооноос ямар санал оруулах вэ? гэж асуулгав. Ц.Шаравдорж "Банк, санхүүгийн удирдлагын ард гэмт хэргийн бүлэглэлүүд байна. Боловсон хүчний бодлогод нэн хүчтэй нөлөөлж байна. Энэ талаар илтгэлд оруулмаар байна" гэжээ. Зөвлөх нь үүнийг нь даргадаа ёсоор нь дамжуулав. Үүнийг сонссон Л.Энэбиш дарга Ц.Шаравдорж, С.Төмөр-Очир, Тамгын Газрын ерөнхий нарийн бичгийн дарга Батбаатар, Б.Өвгөнхүү нарыг орой цуглахыг даалгав. Цуглаад "Банк санхүү, боловсон хүчний бодлогод эрүүгийн элементүүд хүчтэй нөлөөлж байна. Үүнийг таслан зогсоох шаардлагатай /энд үнэндээ сиамын ихрүүдийн тухай асуудлыг л ярьж байсан хэрэг/... Мөн Засгийн газрыг шахан сайн ажиллуулна" гэсэн томъёоллыг илтгэлд оруулахаар тохиролцжээ. Шөнө нэлээд орой болтол сууцгааж. Гуравдахь өдрийн орой Н.Энхбаяр БНХАУ-ын ЭСЯ-ны хүлээн авалтанд оролцоод харьж явсан Л.Энэбишийг "ОУВС Монголын асуудлыг авч хэлэлцэх гэж байгаа. Ямар шийд гарахыг хамтдаа намын байранд байж сонсвол яасан юм бэ?" гэж урьжээ. Спикер ч зөвшөөрсөн байна. Гайгүй нааштай шийдийг үүрээр сонсоод их баярлацгааж, Сангийн сайд Ч.Улааны гаргасан ганц шил вискийг уугаад 05 цагийн үед таржээ. Спикер гэртээ хариад 2 цаг болсны дараа цус харваж, нас барлаа. УИХ-ын намрын чуулган жаахан хойшилж нээгдэв. Чуулганыг нээж УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж үг хэлэв. Энэ үгнээс Л.Энэбишийн хэлэх гэж зүтгээд байсан томъеолол оргүй болсон байлаа..." гэсэн хачирхалтай өгүүлбэрүүд бий. Тухайн үед Н.Энхбаяр Япон явсан, эрүүгийнхэнтэй мөнгө төгрөг хуваалцсан, банкны системд гадныхан гар хөлөө дүрж эхэлсэн гэх мэт олон баримтууд ч бас бий. Тиймээс Л.Энэбишийн үхэл ердийн зүйл байгаагүй гэдэгт бүгд эргэлздэггүй.



Жанлавын Наранцацралт

Монголын улс төрч, Монгол Улсын 20 дахь ерөнхий сайд Жанлавын Наранцацралт (1957 - 2007 оны 11 сарын 12) нь байв. Тэрээр 1957 онд Улаанбаатар хотод мэндэлсэн. 1976 онд Беларусийн Улсын их сургууль, 1981 онд Москва хотын Газар зохион байгуулалтын их сургууль, 1990 онд Монгол Улсын их сургууль төгссөн.
Ж.Наранцацралт 1996-1998 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 1998-1999 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 1999-2000 онд МУИС-д багш, зөвлөх профессор, 2000, 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ.
2004-2006 онд УИХ-ын Байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байв. 2006 оны 1 сараас Барилга хот байгуулалтын сайдаар томилогдон ажиллаж байлаа. Тэрээр 2006 онд Үндэсний Шинэ Намыг үүсгэн байгуулалцаж 2007 оноос даргаар нь ажиллаж байжээ.

Ж.Наранцацралт 2007 оны 11 сарын 12-ны өдөр Дундговь аймагт болсон хуралд оролцоод буцаж явах замдаа автомашины ослоор нас барсан. Тэр өдөрр тус аймагт болсон хуралд оролцоод нийслэлийг зорьсон УИХ-ын гишүүн Ж.Наранцацралтын машин онхолдоход тэдэнтэй хамт явж байгаад Дундговь аймгаас хамт хөдөлж Өмнөговь аймгийн зорьсон "Өнөөдрийн монгол" сонины эрхлэгч Цэмбэлдоржийн машин бас онхолдож тэрээр нас барсан.

Шагдарын Отгонбилэг



Нийгэм, улс төр, бизнесийн нэрт зүтгэлтэн Ш.Отгонбилэг Завхан аймгин Дөрвөлжин суманд 1952 онд мэндэлжээ. Уулын инженер, маркшейдерийн мэргэжил эзэмшиж, манай орны хамгийн том үйлдвэр Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн анхны Монгол ерөнхий захирлаар ажиллаж эхэлсэн үеэс түүний нэр алдар улс орон даяар цуурайтах болсон билээ.
Монгол Оросын хамтарсан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал, Монголын Үндэсний Олимпын хорооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн зэрэг өөрт ноогдсон өндөр хариуцлагатай албан үүргийг нэр төртэйгээр хашиж байв. Ш.Отгонбилэг Монгол улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байлаа.

2001 оны нэгдүгээр сарын 12-ний өдөр буюу баасан гарагийн өглөө "МИАТ" компанийн JU1025 дугаартай МИ-8 нисдэг тэрэг Увс аймгийг зорин хөөрчээ. Нисдэг тэргэнд Монгол улс дахь гамшгийн үнэлгээ хийхээр НҮБ-аас ирсэн багийнхан болон УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг, гэрэл зурагчин Ц.Батзориг, Япон улсаас ирсэн хэвлэл мэдээллийн төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс явсан юм.
Багийнхан нэгдүгээр сарын 14-ний өглөө Улаангом хотоос хөөрч Малчин сумаас зүүн урагш 15 км-ийн зайд далайн түвшнээс дээш 2275 метрийн өндөрт орших Баянхайрхан уулын энгэр, Хайрханы ам гэдэг газар Малчин Занадангийн өвөлжөөөнд буухаар оролджээ. Гэвч үзэгдэх орчин муу байснаас товлосон газраасаа 60 метр хазайж, улмаар газардалт амжилтгүй болсноор МИ-8 нисдэг тэрэг унаж осолдсон юм.Ослын улмаас УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг нарын 9 хүн амь насаа алдсан.

Хэдийгээр байгалийн хүчин зүйл тус осолд нөлөөлсөн ч тухайн ослын гол буруутан нь нисдэг тэргийг жолоодож явсан хоёр нисгэгч болж 2005 оны аравдугаар сарын 14-нд Улсын дээд шүүх эцсийн шийдвэр гаргаж нисгэгч М.Бат-Эрдэнэд тав, Д.Галбадрахад гурван жилийн хорих ял оноож биеийн байдлыг нь харгалзан үзэж тэнсэх ялаар сольсоноор хэрэг шувтарсан.

Очирбатын Дашбалбар

Очирбатын Дашбалбар нь 1957 оны хоёрдугаар сарын 10-нд Сүхбаатар аймгийн Наран сумын Дарьганга суманд мэндэлсэн. Монгол Улсын Төрийн шагналт, нэрт яруу найрагч юм. 1984 онд М.Горькийн нэрэмжит Москвагийн утга зохиолын дээд сургуулийг төгссөн. 1996 онд Монголын Уламжлалын Нэгдсэн Намаас УИХ-ын гишүүн болж эх орон, газар шорооныхоо төлөө цогтой тэмцэж байв. 1999 оны 10-р сарын 16-нд хордсон шинжтэйгээр нас баржээ.

Түүнийг Монгол Улсын Үндсэн хууль батлалцаж, УИХ-ын гишүүн болж, этгээд загварын дүрэмт хувцас өмсч явахад нь хүмүүс "Газар шороо минь бараг бүхэлдээ лицензийн талбай болчихгүй юм шиг байна. Балбар нарын олон эх оронч үгээ хэлж байгаа хойно доо" гэсэн шүү юм бодоод хэсэгтээ тоох янзгүй байж дээ.
Нэг удаа сэтгүүлчдийн томоохон зөвлөлгөөн дээр сэтгүүлч Ш.Цэрэнпил агсан "О.Дашбалбарыг та нар л үхэлд хүргэсэн шүү" хэмээн нэгэн сэтгүүлч рүү ихэд бухимдан өгүүлж байж. Хашир Балбарын амьдралын сүүлчийн жилүүдэд тохиолдсон үйл явдлуудаас ийм баримжаа, таамаг дэвшүүлж, түүндээ нэлээд итгэлтэй байсан нь тэр болов уу. Эх орныхоо газар шорооны бүрэн бүтэн байдлын төлөө Балбар тун хатуу тэмцэж, дарга нарыг хайр найргүй шүүмжилж байлаа. Дэндүү задгай, шуудхан хэлж орхино. Магадгүй тэр нь үхэлд хүргэсэн байж болох.

Төрийн соёрхолт зохиолч Зундуйн Дорж нэгэнтээ "Хоёрдугаар эмнэлгийн сэхээнд байхад нь нэрт зохиолч Л.Хуушаан гуай бид хоёр эргэж очсон. Хэлэн дээр нь нэлээд том хар толбо гарсан байсан. Өөрөө хэл цоорох гээд өвдөөд болохгүй юм, шүд их уналаа гэж ярьж байсан. Ямар нэгэн хөндлөнгийн юм үйлчилсэн гэж би дотроо бодож, уур хүрч явдаг" хэмээсэн байдаг.



Мэндийн Зэнээ



Мэнд овогт Мэндийн Зэнээ (1947-2002) нь Монголын төр нийгмийн зүтгэлтэн. Тэрээр 1947 онд Төв аймгийн Өнжүүл суманд мэндэлжээ.



М.Зэнээ 1960 онд Зуунмод хотын 10 жилийн сургууль, 1964 онд Багшийн сургууль, 1975 онд МУИС, 1992 онд Улс төрийн дээд сургуулийг тус тус дүүргэжээ. 1975-1990 онд Дорно дахины хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1990-1992 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, 1992 онд Зүүн хойд Ази судлалын төвд эрдэм шинжилгээний ажилтан, 1992-2002 онд УИХ-ын гишүүн
М.Зэнээ 2002 оны аравдугаар сард сэжигтэйгээр нас барсан хэмээн Үндэсний нэвтэрхий тольд бичсэн байдаг.




Эх сурвалж: www.assa.mn