Төөрсөн нь...

Хөдөөнөөс Улаанбаатарт оюутан болж ирсэн нэг охин төөрч гэнэ. Сандарсан охин хажуу дахь хүнээсээ “Би хаана явна” гэж асуухад “VI цахилгаан станц” гэх шиг болжээ. Хаана яваагаа мэдэж тайвширсан охин ах руугаа залгаж “Би VI цахилгаан станцийн энд төөрчихөөд байна. Та ирээд авчих” гэжээ. Үүнийг сонссон ах нь гайхаж “Юун VI цахилгаан станц вэ. V нь баригдаж амжаагүй шүү дээ” гэх нь тэр. Охин ахиад л сандарч... Хаана яваагаа мэдэхээр эргэн тойронд байгаа хүмүүсээс асууж гүйв.

Манай улсын эрчим хүчний салбар энэ охиноос ялгаа алга. Тэр баригдаагүй байгаа V цахилгаан станцыг барих гэж 23 жил боллоо. Эхлээд хаана барихаа мэдэхгүй баахан төөрөв. Дараа нь хэн барихыг нь сонгох гэж цаг алдав. Яг үнэндээ энэ хооронд хэн нь яаж идэхээ бодсоноос биш, цахилгааны гачигдалд эрх мэдэлтнүүд ач холбогдол өгөөгүй юм. Өгсөн бол өдийд барьчихгүй яахав дээ.

20 гаруй жил төөрсний эцэст “Жи Ди Эф Суэз”, “Сожитц корпораци”, “Поско энержи”, “Ньюком” ХХК компаниудаас бүрдсэн “Түншлэл төсөл” тавдугаар цахилгаан станцыг концессийн гэрээгээ барихад давуу эрхтэй оролцохоор болов. Энэхүү харилцан ойлголцлын санамж бичигт Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам гарын үсэг зурсан юм. Гэрээ ёсоор “Түншлэл төсөл” станцыг барьж ашиглалтанд оруулснаас хойш 25 жилийн турш өөрөө ашиглаж, бүтээгдэхүүнээ манайд зарна. Харин энэ хугацаа дуусахад станц бүхэлдээ манай улсын мэдэлд шилжиж өр авлагагүй болох юм. Барилгын ажил ирэх оны долдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Төлөвлөгөө ёсоор 2017 оны долдугаар сарын 1-нд ашиглалтанд орох учиртай. Энэ станц “Ургах наран” хорооллын урд “Хөлийн гол”-ын хөндийд баригдана.

Станцын хүчин чадал 450 МВ-т. Өнөөдрийн манай үйлдвэрлэж байгаа нийт эрчим хүч 900 орчим mb. Харин хэрэгцээ нь 1000 хүрчихсэн. Энэ өвлийг гал алдахгүй давахын тулд гадаадаас өндөр үнээр цахилгаан авахаар болсон. Уг нь цаасан дээр баригдаад байгаа тавдугаар цахилгаан станцыг өдийд барьчихсан бол ингэж гаднаас өндөр үнээр бүтээгдэхүүн авах шаардлага гарахгүй байлаа.

Одоо нүүрсээр ажилладаг станц барих гэж байгаа нь бас л төөрөгдөл. Олон улсын Киотогийн портоколь гэж бий. Уг олон улсын баримт бичигт бүх улсыг нүүрснээс татгалзахыг уриалж 2050 он гэхэд хүлэмжийн хийг 50 хувь бууруулахаар тогтоосон байгаа. Нүүрсний оронд атомын эрчим хүчийг ашиглаж болно гэсэн үг.

Эрчим хүчний хэрэглээ өснө. Өдгөө 1000 орчим байгаа хэрэглээ 2020 он гэхэд 3000 mb болно. Харин 2030 онд 7000 mb болно гэсэн тооцоо бий. Баригдахаар дуншиж байгаа тавдугаар цахилгаан станц баригдаад дууслаа ч бид хэрэгцээ хангаж дийлэхгүй бололтой.

Харин атомын цахилгаан станц, нүүрсний станцтай харьцуулахад баригдах зардал нь ойролцоо, урсгал зардал нь нүүрснээс бага байгаа юм. Баригдаж дуусах хугацааны хувьд хамаагүй наана. Ирэх хавраас барьж эхэллээ гэхэд 1-1.5 жилийн өмнө 500 mb-ын станц барьж ашиглалтанд оруулах боломжтой.

Бидний жишээ авах дуртай Фүкүшима, Чернобыль хоёр чинь аль 1960-аад оны буюу технологийн хоёрдугаар үеийн бүтээгдэхүүн. Одоо гуравдугаар үеэс дөрөвдүгээр үе рүү орох гэж байхад хоёрдугаар үеийн бүтээгдэхүүнээр жишээ авч төөрч байх гэж. Яг л хөдөөний охин V, VI цахилгаан станцийн талаар ямар ч мэдээлэлгүй байгаа шиг... Фүкүшимагийн осол долоон баллын газар хөдлөлтөнд цөмийн реактор тэснэ гэдгийг батлалаа. Ийм байхад Амараагийн хэлснээр “Газар хөдөлдөггүй, галт уул нь дэлбэрдэггүй, цунами болдоггүй цул газар амьдардаг” бид юундаа айх билээ.

Хүн төрөлхтөн технологид дэвшил гаргахаар хөөцөлдөж байхад бид хаягдаж байгаа нүүрсний технологи ашиглахаар төөрч байх. Таарч дээ. Технологи гэдэг дэлхийд тэсч үлдэх ганцхан боломж юм. Хоосон хийрхэл цуу яриа биднийг хэзээ ч аврахгүй.

Б.Сандагдорж

www.zaluu.com