Америкийн Лос-Анжелес хотын "Беверли Хилтон" зочид буудалд энэ сарын 10-нд кино, телевизийн шилдэг бүтээлд олгодог “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө. Энэхүү шагналыг Холливудад бүртгэлтэй гадаадын сэтгүүлчдийн саналаар олгодог бөгөөд нэр хүндээрээ “Оскар”-ын шагналын дараа л ордог хүндтэй шагнал билээ. “Алтан бөмбөрцөг” гардуулах ёслолын ажиллагааг телевизээр дэлхий даяар 18.5 сая хүн үзсэн байна. Энэ жилийн гол онцлог нь Мексикийн найруулагч Алехандро Гонсалес Иньярритугийн “Амьд үлдсэн нь” (The Revenant) кино “Шилдэг найруулагч”, “Шилдэг жүжигчин”, “Шилдэг кино” гэсэн гол гурван шагналыг нь авсан явдал байлаа. Алдарт Ди Каприо энэ киноны гол дүрийг бүтээж, “Алтан бөмбөрцөг” авсан нь энэ жил түүний “Оскар”-ын шагнал хүртэх магадлалыг нэмэгдүүллээ гэж шинжээчид үзэж байна. Мэдээж шагналд гардуулах ёслолын ажиллагааг гадаад дотоодын олон улс төрч, томчууд үзэн сонирхсон. Ингээд дэлхийн бодлогыг гартаа барьдаг нөлөө бүхий улс төрчид ямар кинонд дуртай талаар сонирхоцгооё.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин


Ах дүү Васильев нарын найруулсан “Чапаев” кинонд тэр дуртай. 2014 онд Путин сэтгүүлчидтэй телевизээр шууд ярилцлага хийж байхдаа “Таны дуртай кино” асуултад “Мэдээж, Чапаев” хэмээн хариулж байлаа. “Чапаев” Зөвлөлтийн кино театрын дэлгэцэнд 1934 онд гарсан бөгөөд Москвагийн бүх кино театрт хэдэн долоо хоногийн турш гаргаад байхад хүмүүс үзсээр байсан гэдэг. 1978 онд тус киног дэлхийн шилдэг 100 кинонд албан ёсоор оруулсан байдаг. Улаантны жанжин Чапаев бүх ард түмний хайртай баатар болж, дэлхийн II дайны үеэр найруулагч нар Чапаев фашистын армийг бут цохихыг уриалж байгаа бичлэг хийн, фронтод үзүүлж байв.

Германы Канцлер Ангела Меркель


Найруулагч Хайнер Каровын 1973 онд хийсэн “Пауль, Паула хоёрын домог” кинонд дуртай. Хөгжимт драм төрлийн энэхүү кинонд яамны ирээдүйтэй удирдагч Пауль шил хүлээн авах цэгийн ажилчин, хоёр хүүхдийн эхэд дурлаж байгаа талаар өгүүлдэг. Ангела Меркель 2013 онд Германы кино академийн “Mein Film” төслийн үеэр “Би 19 настайдаа энэ киног анх үзсэн. Сэтгэл хөдөлгөсөн, сайхан кино” гэж ярьж байв. Үнэхээр ч 1973 онд “Пауль, Паула хоёрын домог” киног гурван сая хүн үзсэн нь хуучин БНАГУ-ын түүхэн дэх хамгийн орлоготой киноны тоонд түүнийг оруулсан юм. Гэвч удалгүй Коммунист намын хяналтын хорооноос кинонд гол баатар бүсгүй хувийн ашиг сонирхлоо нийгмийн ашиг сонирхлоос дээгүүр тавьж байгааг нь магтан дуулсныг хатуу шүүмжилж, дэлгэцэнд гарахыг нь хориглосон байна. Кинонд тоглосон жүижгчид баруун Герман руу зугатан гарсан аж.

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев


Хуучин ЗХУ-ын драмын “Заречный гудамжинд хавар ирлээ” кино 1950-1960 онуудад ЗХУ-ын хамгийн шилдэг киноны нэгд зүй ёсоор тооцогдож байлаа. ОХУ-ын Кино сангийн захирал Николай Бородачёв “2006 онд киноны 50 жилийн ойг тэмдэглэх үеэр Нурсултан Назарбаев дуртай киноныхоо 40 хуулбарыг захиалан авсан. Би өөрийн гараар хуулбаруудыг шалгаж үзэхэд маш сайн чанартай байсан. Тийм болохоор энэ кино мөнх амьдарна гэсэн үг” хэмээн ярьж байв. “Заречный гудамжинд хавар ирлээ” киноны дуу “Хавар ирэхэд” үзэгчдийн хамгийн дуртай дуу байлаа. 2010 онд Мартын 8-ны баяраар Казахстаны нийт эмэгтэйчүүдэд зориулан Нурсултан Назарбаев энэ дууг дуулж байсан түүхтэй.

Их Британийн Хатан хаан Елизавета II


Хатан хаан олон ангит кино үзэх дуртай. “Game of Thrones” киног шүтэн бишрэгч тэрбээр зуран авалтын талбайд зочилж байжээ. Гэхдээ Елизавета II “Даунтон гүнлэг” кинонд хамгийн их дуртай гэнэ. Тус кинонд гарч байгаа түүхэн үйл явдлуудыг шалган, хэд хэдэн алдаа олсон аж. Дэлхийн I дайны тухай гардаг нэгэн анги дээр гол баатрын зүүсэн медаль нь дэлхийн II дайны дараа гарсан медаль болохыг хатан хаан илрүүлжээ. Мөн кинонд гарч байгаа дуу тухайн үйл явдлаас зургаан жилийн дараа гарсан дуу гэж Хатан хаан залруулж байсан төдийгүй орчин үеийн хуванцар сав дүрсэнд гарч байгааг хэн ч анзаараагүй байхад тэрбээр олж харсангэхээр хэр зэрэг анхааралтай үздэг нь ойлгогдоно. Хатан хаантан энэ киноны зураг авалттай ч өөрийн биеэр танилцаж байжээ.

Америкийн Ерөнхийлөгч Барак Обама


Обама өөрийгөө кино урлагийг маш сайн ойлгодог хүн хэмээн тооцдог. Түүний дуртай кинонд романтик драмын “Касабланка” (1942 он, найруулагч Майкл Кёртис), Милош Форманы “Хөхөөний үүрэн дээгүүр ниссэн нь” зэрэг кино багтаж байна. Гэхдээ хамгийн дуртай нь “Загалмайлсан эцэг”. Харин Обама нэг, хоёрдугаар хэсгийг нь их таашаадаг гэнэ. Нэгдүгээр хэсгийн эхэнд Марлон Брандо “Чи намайг хүндлэхгүй байна. Үүнийгээ мэдэж байгаа мөртлөө надаас тусламж хүсэж байна гэж үү” гэж хэлдэг нь киноны гол үзэл санааг гаргасан гэж Обама үздэг.

Хятадын дарга Си Зиньпин


Урд хөршийн тэргүүний хувьд Стивен Спилбергийн “Цэрэг Райаныг аварсан нь” хамгийн дуртай кино нь. Ер нь Си Америкийн кино, соёл урлагийг шимтэн сонирхдог хүн. Тэрбээр зургаан удаа Америкт очиж байсан бөгөөд охин нь одоо Харвардад суралцдаг аж. Си Зиньпин 2012 онд Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргын албанд дэвшихдээ Холливудын кино, тэр дундаа дэлхийн II тухай кинонд дуртай гэдгээ хэлж байв.

Ромын Хамба лам Франциск


Ромын Хамбатан Федерико Феллинигийн бүтээлийг шимтэн үздэг. Хамгийн дуртай кино нь 1954 оны “Зам” хэмээх кино. Өнгөрсөн жил Америкийн “The Guardian” сонинд ярилцлага өгөхдөө тэрбээр “Ромын Хамба лам уран бүтээлч хүн байх ёстой. Би кино үүэхээс гадна Бах, Моцартын хөгжмийг сонсоэ, Караважогийн уран зургийг харан, Пуччинигийн дуурийг сонсох дуртай” гэж ярьж байв.

Иосиф Сталин


Сталин эх орныхоо киног үзэх дуртай байжээ. Ялангуяа түүнд инээдмийн хөгжимт “Волга-Волга” кино их таалагддаг байв. 1938 онд дэлгэцэнд гарсан, найруулагч Григорий Александровын бүтээл энэ кино ЗХУ-ын ололт амжилтыг сурталчлан харуулсан кино бөгөөд 1941 онд Сталиний нэрэмжит шагнал хүртжээ. 1942 онд Сталин АНУ-ын ЗХУ дахь Элчин сайд Уильям Гарриман, Ерөнхийлөгч Рузвельтийн зөвлөх Гарри Гопкинс нарыг урин, хамтдаа “Волга-Волга”-г үзсэн гэдэг. Зочдод кино ихээхэн сэтгэгдэл төрүүлснийг харсан Сталин киноны хуулбарыг Ерөнхийлөгч Рузвельтэд бэлэглэж байв.

С.Эрин

time.mn