“Женерал электрик”-т ажиллаж байсан монгол залуу инженерүүдийн хэдэн арван жилийн дотор хийсэн ажлуудыг дөрөвхөн жилд амжуулжээ. Гар утаснаас эхлээд цахим төхөөрөмжүүд хийх аргыг олсон инженер Н.Нацагнямын “Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam-AX12 болон түүний виртуал лаборатори” гэсэн энэ бүтээлд Ерөнхийлөгч зарлиг гарган Төрийн соёрхол хүртээгээд байна. Цахилгаан хэрэглэсний төлбөр гэж хойд хөршид хэдэн тэрбумаар өгдөг мөнгийг хэмнэсэн нь залуу инженерийн бүтээлийн эхний бодитой үр дүн.
 
Ингээд Төрийн соёрхолт Н.Нацагнямтай хийсэн ярилцлагаа хүргэе.
 
-Төрийн соёрхол хүртсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. Анх авч байгаа медаль маань төрийн дээд одон байгаад үнэхээр их баярлаж байна.
 
-Бүтээл чинь амьдралд буувал гар утас, DVD тоглуулагч, IP телевизорыг хүртэл эндээ хийж болно гэл үү?
-Ямар ч цахим төхөөрөмжийг хийх боломжтой. Монголчууд хоёр гаргүй учраас л юм хийж чадахгүй гэж хэлүүлдэг байсан. Нэг гар нь Реал тайм оперэйтинг систем. Нөгөө гар нь Пи Ай Ди контрол систем. Энэ хоёр байхгүйгээр цахим төхөөрөмж хийх боломжгүй. Үүнийг монгол нэрээр хийсэн. Барууны технологийн нууц бидний толгойд ороод ирсэн гэсэн үг. Хэрэглээ болгочихвол бид юуг ч хийж чадна.
 
IT-гийн бизнес хөгжихгүй байгаа нь ийм учиртай. Зүгээр нэг программист хүн энэ бизнесийг хөгжүүлнэ гэж буруу ойлгоод байдаг. Хоёр гаргүй бол хоол идэхэд хэцүү. Математик гаргалгаа нь бидний хэзээ ч бодоод олохгүй тэгшитгэл байдаг. Тэр гаргалгааг нь би Англиас олоод ирсэн юм. Түүнээс биш бид тэдний өчнөөн тэрбум доллараар бүтээсэн 100 жилийн хөгжлийг гүйцэхгүй. Орчныг нь мэдэрч толгойдоо хийж ирэхгүй бол хулгайлах ямар ч боломжгүй. Тэдний нууцлаад байгаа тэгшитгэл надад хэрэггүй. Учир нь би өөрөө хийж чадна. Реал тайм оперэйтинг бол үйлдлийн систем. Windows ХР, Мак бол үйлдлийн системүүд. Электрон төхөөрөмж болгонд тийм үйлдлийн систем байдаг. Тэрийг нь би хийсэн юм.
 
-Таны хийсэн ажлыг Англид нэг, хоёрхон л хүн хийдэг гэж сонссон. Тэгэхээр нэлээд мундаг хүмүүстэй нь ойр байж сурчээ?
-Тийм ээ. Надад зааж сургасан англи хүн "Энд 30 жил ажиллахад хэн ч надаас ингэж асууж байгаагүй" гэж байсан шүү. Англичууд амьдрал нь баталгаатай учраас юм суръя гэж тэгж их хичээдэггүй. Харин би монгол хүн, эндээ ирээд юм хийхийн тулд бүгдийг сурахыг хичээсэн.
 
-Таны бүтээлийг эрчим хүчний салбарт ашиглахад л Оросоос хамаарахааргүй болно гээд байгаа. Эрчим хүчнээс өөр яг ямар салбаруудад хэрэглэх боломжтой вэ?
-Эрчим хүчнээс гадна барилга, уул уурхай зэрэг олон салбарт ашиглах боломжтой. Мотортой юм бүр дээр хэрэглэх боломжтой. Өөр өөр зах зээл дээр зарахын тулд NaNyam гээд энэ төхөөрөмжийнхөө доторх хавтангуудыг зургаан хэсэг салахаар хийсэн. Гэрэлтүүлэг, урсдаг шат, цахилгаан лифт гээд олон юманд хэрэглэнэ. Хүчний электроник, IT-гийн бизнес хаана байна тэр бүх газарт хэрэглэхээр хийсэн. Миний бүтээлийг инженерийн бүх салбарт зарж болно.
 
-Оросоос цахилгаанаараа хараат биш болно гэхээр хойд хөршөөс эрчим хүч авахаа болино гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болохгүй. Монголын эрчим хүчнийхэн актив чадлаа тооцоолж реактив чадлаа тооцдоггүй. Манайхны тооцоолж, тохируулж чадахгүй реактив чадлын дутагдлыг нөхөх гэж Орос ТЭЦ-4 шиг том станцыг ашиггүй ажиллуулдаг. Хэрвээ Оросын оронд Англи байсан бол бид өрөнд орох байсан. Олон улсын жишгээр бол дэлхийн орнууд систем хоорондын реактив чадлын урсгал тэг байх гэрээ хийдэг.
 
Энэ гэрээгээ зөрчвөл ухаалаг байсангүй гэж актив чадлаас арав дахин илүү үнээр торгодог юм.Англи Шотланд хоёр гэхэд л эрчим хүчин дээрээ Орос манай хоёр шиг харилцаатай. Гэтэл тэнд реактив чадал байхгүй. Реактив чадлыг үйлдвэрлэх, шингээх зэрэгт нүүрс газ гэх мэт түлшний зардал гардаггүй. Хүчдэл их тал руугаа гүйдэл үүсдэг. Энэ гүйдлийг реактив гээд байгаа юм. Үүн дээр ухаалаг менежмэнт хийж реактор тавьж тохируулаад конденсаци хийчихэд л болох асуудал. Бүх станцуудад тавьчихад Оросоос ирж байгаа реактив чадлыг тэглэх боломжтой. Реактив чадлыг үйлдвэрлэж, өөртөө шингээж чаддаг генераторын төрлүүд байдаг юм.
 
-Реактив, актив гэдгээ энгийнээр тайлбарлаач. Бид реактив чадлаа тооцож чадахгүй гэхээр бүр огт мэддэггүй байсан хэрэг үү, эсвэл...?
-Реактив чадлын автомат байдаггүй бол яах вэ гэдгийг энгийн жишээгээр тайлбарлая. Тоос сорогч залгангуут тог тасарчихлаа. Ямар ч юм залгахад хүчдэл унадаг. Хүчдэл уначихаар актив чадал болох цахилгаан энерги ирлээ ч тоос сорогчийг ажиллуулж чадахгүй. Харин хүчдэлийг дээш нь болгохоор актив чадал ирж тоос сорогч ажиллана. Реактив чадал урсаж ирээд хүчдэлийг дээшлүүлдэг. Хүчдэлийг дээш, доош болгодог юмыг л реактив чадал гээд байгаа юм. Реактив чадал байхгүй бол актив чадал ганцаараа ирж нөгөө тоос сорогчийг ажиллуулж чадахгүй. Тоос сорогчийг халааж байгааг нь актив чадал гээд ойлгочихож болно. Бид активдаа мөнгө төлөөд реактивд төлдөггүй учраас би Оросууд хохироод байна гэж хэлээд байгаа юм.
 
-Реактив чадалгүй бол цахилгаан түгээж мөнгө олно гэсэн ойлголт байхгүй болох нь ээ?
-Яг тийм. Цахилгаан станц актив чадлыг иргэдэд өгч мөнгө олохын тулд хаалгаа нээх ёстой. Хүчдэлийг хүмүүст өгөх гэж хаалга нээж байгаа гар нь реактив чадал. Чулуудаж мөнгө олдог нь актив. Гэтэл дөнгөж саяхныг хүртэл хүмүүс реакгив чадал байдаггүй гэж маргадаг байсан. Бүр реактив чадал байдаггүй гээд академич болсон хүн ч бий.
 
-Тэгээд хэн эхэлж ойлгов?
-Мэргэжлийн учир мэдэх улс бол тогтворжилт хэцүүдлээ гэдгийг мэддэг, юм хийх ёстой гэдгийг ойлгодог. Шийдвэр гаргах төвшинд эхэлж ойлгосон хүмүүс гэвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хоёр.
 
-Таныг бүтээлээ танилцуулаад явахаар хүлээж авах хүн олдохгүй удсан гэж сонссон юм байна. Үнэн үү?
-Дөрвөн сарын хугацаанд хэн ч миний ажлыг тоогоогүй нь үнэн. Гантөмөр сайдтай уулзаад схемээ үзүүлсэн чинь "Жинхэнэ бүтээл байна" гээд дэмжсэн. Дараа нь Ерөнхий сайд дуудаж уулзаад реактив чадлын талаар яриулсан. Физикийн хүн болохоор ойлгоод дэмжсэн.
 
-Хэрвээ реактив чадлаа тэглэхгүй бол өчнөөн станц бариад ч Оросоос салахгүй байж гэсэн бодол таны яриаг сонсоод төрлөө?
-Яг тийм. ТЭЦ-10 хүртэл барьсанч Оросоос салж чадахгүй. Жил бүр 50-иад тэрбум төгрөгөө өгсөөр байх болно. Орос байхгүй бол тогтворжилтоо хийж чадахгүй байсан. Өмнө нь Орос байхгүй бол тогтворжилт байхгүй болж, жаахан асуудал гарахад л генераторууд бүгд унадаг байсан шүү дээ. Хөлдөх аюул ойрхон байсан гэсэн үг. Реактив чадлаа ойлгоогүй байхад аваар биш ердийн сэлгэн залгалт хийхэд л бүх станц унтрах эрсдэлтэй.
 
-Дөрөвдүгээр станцын өргөтгөлийг англичууд нэлээд өндөр өртгөөр хийсэн. Өөрсдийнхөө юмыг оруулж ирж тавьсан болохоор тэгсэн үү?
-Ер нь бол тэгээд ойлгочихож болно. Англичууд бүгдийг нь аваад хаяж байгаад шинэчилдэг болохоор үнэтэй гарчихаж байгаа юм. Монголд яг таарсан инженерийн шийдлийг тэд гаргаж чадахгүй. Гэтэл Оросын хуучны юмнуудад Англиас ч илүү зүйл байна. Би тэр гоё юмнуудыг нь үлдээгээд зөвхөн тархийг нь солино.
 
Тэгээд гар ажиллагаатайг нь автомат болгоно. Долгионоос хамгаалдаг шүүлтүүрүүд байдаг. Тэр шүүлтүүрийг нь Монголдоо тохируулж хийсэн. Монголын радиус Английнхаас өөр. Монголын дотооддоо ялгаруулдаг долгионы өнгө, давтамж нь өөр байдаг юм. Өөрөө хардвэйрээ зохион бүтээж байгаа болохоор тэрэнд нь таарсан шүүлтүүрийг лабораторид сонгочихож байгаа юм.
 
-Гаднаас техник программ хангамж авч ашиглахгүй зөвхөн өөрөө зохион бүтээхээр зардлын хувьд асар их зөрүү гардаг гэсэн. Хэр зөрүү гардаг вэ?
-IТ-ийн бизнест материаллаг өртөг гэж байхгүй л дээ. Англид байхдаа материаллаг зардлыг хэдхэн центээр тооцож асар их ашиг олдогийг хараад гайхсан. Хямд өртөгөөр сонирхолтой, ухаалаг бизнес хийж байгаа нь таалагдсан. Миний хийсэн хардвэйр, софтвэйрийг хэн нэгэнд өгөхөд шууд хийж чадахгүй. Хийсэн ажлаа дөрвөн жил туршлаа. ТЭЦ II дээр хагас жил гаруй тасралтгүй найдвартай удирдаж байна.
 
Би хардвэйр, софтвэйрийг ганцаараа хийсэн ч судалгааны болон механик ажилд 40 гаруй хүн хамтарсны хүчинд ийм үр дүнд хүрсэн. Монголын анхны цахим генераторын удирдлагыг харахын төлөө эрчим хүчнийхэн сэтгэл нийлж ажилласанд баярлаж байгаа. Англид гэхэд ийм бүтээн байгуулалтыг зуун жилд нэг удаа л хийдэг. 1965 онд Англид хийсэн хардвейрийг өнөөдрийг хүртэл зарж байна. Барууны технологийг бид маш их өөрчилсний эцэст, өчнөөн зардал гаргаж байж хөрсөндөө буулгадаг. Жишээ нь программ хангамжийн нэг төхөөрөмж авахад л 4000 ам.доллар, Тэр тэр төхөөрөмжийн өөрийн өртөг нь 30 ам. доллар. Газын бойлуурт байгаа электроникийн хавтангийн өөрийн өртөг нь 30 ам.доллар.
 
Гэтэл тэр бүтээгдэхүүнийг зах зээл дээр 300 ам.доллараар зарж байна. Бид 4000 ам.доллараар юм худалдаж авч байж яаж 30 доллартай өрсөлдөхөв. Миний хувьд тэрийг нь 30 доллар биш 10 доллараар хийчихсэн. Үлдсэн нь бидний оюуны ашиг. Дэлхийн хэрэглэгч болж байгаагаа IT-гийн бизнес Монголд хөгжсөн гэж ярьдаг нь хөгжил биш л дээ.
 
-Таны бүтээлийг амьдралд хэрэгжүүлэхэд өртөг шаардах уу?
-Дахиад дөрвөн жил сууж бүтээн байгуулалт хийхгүй. Нэгэнт схем, хардвэйр ,софтвэйр, нь батлагдсан. Хавтангаа янзалж, гагнаж туршаад тавихад хэдхэн сарын хугацаа хэрэгтэй.
 
-Эрчим хүчний станцуудад системээ суурилууллаа. Өндөр технологийн системийг тэгээд хэн ажиллуулах вэ?
-Характерийг нь бид өөрсдөө тодорхойлохоос аргагүй. Бид гэдэг нь хувийн институт. Түүнээс биш агентлаг тодорхойлоход хэцүү.
 
-Оюуны өмчөө хамгаалах талын юм хийсэн үү?
-Ази, Америкийн патентаа хамгаалдаг хоёр янзын аргын нэг нь нэр. Нэгдүгээрт би NaNyam гээд өөрийнхөө нэрээр хамгаалчихаж байгаа юм. Хоёрдугаарт технологи нь өөр. Минийхийг салгаж аваад англичуудын ТЭЦ-4-т хийсэн генераторт залгаад 50, 60 герц өгөхөд бүгд ажиллана. 100-200-г өгөхөд Английнх ажиллахгүй, харин минийх ажиллаж байх жишээтэй. Схем нь огт өөр гэсэн үг. Манайхан гаднаас хуулаад тавья гэдэг. Тийм боломж байхгүй. Гадны компаниуд юу гэж хоол олж байгаа юмаа дэлгэх вэ дээ. Харин их, дээд сургуулийн багш, оюутнууд нь өөрсдийгөө сурталчилж юмаа тавьдаг. Үйлдвэрт хэзээ ч байж болохгүй хүүхдийн тоглоом маягийн стандарт бус схемүүд байдаг.
 
-Англичуудын хэмжээний бүтээлийг монгол залуу хийчихлээ гэж ойлгож байна. Одоо бүтээлээ мөнгө болгох хэрэгтэй. Жишээ нь Англи бүтээлээ яаж мөнгө болгодог юм бэ?
-Англичууд хардвэйр, софтфэйрийг зохион бүтэж байгаа технологи, ноу хаугаа стандарт болгодог. Тэр стандартыг нь америк мэдэхгүй болохоор худалдаж авъя гэдэг. Англичууд мэдээж зарахгүй, 2000 паундаар үнэлчихдэг. Америкчууд жил бүр 2000 паунд тушааж лицензээ сунгуулж мөнгөө үрэхийг хүсэхгүй. Англи инженертэй гэрээ хийгээд бүх технологио өгдөг. Гэрээ хийсэн англи инженер Америкийн софтвэйр, хардвэйрийг Английн стандартад хөрвүүлдэг. Хасахыг нь хасч, өөрчлөхийг нь өөрчлөөд. Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалдаг бамбай бол стандарт.
 
Гэтэл бид евро стандартыг нутагшуулна гэж яриад байдаг. Энэ ажлыг эхлүүлсэн хүн бол оюутны гэмт хэрэг хийснээс ялгаагүй. Дэлхий стандартаараа өрсөлдөж байхад бид бамбай, сэлэмгүй нүцгэн гараараа тулалдах гээд байна л даа. Үнэхээр Евро стандартыг авчих юм бол энд байгаа бүх үйлдвэр хаагдаж бүгдийг европоос авна гэсэн үг. Европоос Герман, Франц хоёрын үйлдвэрлэл асар хурдтай өсч байна. Стандарт нь тэр хоёрынх учраас өсч байгаа юм. Нөгөөдүүлээ хэрэглэгч болгочихсон гэсэн үг.
 
-Тэгвэл таны бүтээсэн ноу хаугаар мөнгө олох ямар боломж байна. Мөнгө олохын тулд Монгол яах ёстой вэ?
-Стандарт гэдэг бол миний хардвэйр, софтвэйр зохион бүтээж байгаа ноу хау. Энэ ноу хауг "Манайх ийм стандарттай болчихлоо. Гаднаас юм оруулж ирж болно. Гэхдээ тэрийгээ монгол стандарт руу оруулаад зарж болно" гэчихвэл мөнгө олоход асуудалгүй. Англид ийм дүрэм үйлчилдэг. Капиталист улс импортоо ингэж хамгаалдаг. Америк Англид жил бүр их мөнгө төлөлгүйгээр англи инженерийг хөлсөлдөг гэж ярьсан даа. Яг тэрэн шиг LG утсаа манайд заръя гэвэл надад бүх технологио өгнө. Манай инженерүүд тэрийг нь хасахыг нь хасч, сайжруулахыг нь сайжруулаад Монголдоо хийнэ. Гэхдээ LG гэсэн нэрээрээ гарна. Англи ингэж хөгжиж байна.
 
-Таны бүтээсэн системээр дэлхийн хэмжээний өрсөлдөгчид гэвэл хэн байна?
-Миний удирдлагын системийн генераторын бизнест гэхэд дэлхийд хоёрхон монополь компани бий. Нэг нь Английнх, нөгөө нь Америкийнх. Энэ хоёр зах зээл дээр өрсөлддөг.   Монополиор байлддаг. Дээд сургуулийн докторууд капитализм чөлөөт өрсөлдөөнөөр хөгждөг гэдэг. Үнэн хэрэгтээ импортоо хамгаалж байж, хувийн компаниуд нь улсынхаа захиалгаар юм хийж, улс нь монополио дэмжиж байж хөгждөг.
 
-Засгийн газар "манайх ийм стандарттай" гэсэн шийдвэр гаргачихад л болно гэсэн үг үү?
-"Манайд ийм стандарт байна, өөр стандартаар бүтсэн софтвэйр, хардвэйрийг оруулахгүй" гээд хууль гаргачихна гэсэн үг. Гэхдээ тэр нь улсын биш хувийн өмчид байна. "Хайнз" гээд кетчуп бий. Технологи нь нэг номер. Тэрний стандартыг Засгийн газраас нь хүлээн зөвшөөрч муу кетчупыг хорьж 30 жил монополдсон. Ингэж оюуны өмчийг дэмжиж хамгаалдаг. Барууны юм чанартай гэдгийн гол нууц нь энэ. Гэтэл бид ардчиллаа эхлэхдээ Америкийн профессорыг авчраад заавраар нь явчихсан. Америкт очоод профессоруудтай нь уулзахаар амьдралаас тэс өөр чөлөөт өрсөлдөөн гэж ярьдаг. Үйлдвэр дээр ажиллаж байгаа хүмүүстэй нь уулзаад асуухаар "Мэддэггүй нь хичээл заадаг, мэддэгүүд нь үйлдвэр дээр ажилладаг" гэж байгаа юм. Үйлдвэрлэлийн процесс гээд байгаа нь энэ.
 
-Шилдэг эрдэмтний шагнал аваад удаагүй байтал төрийн соёрхолт инженер болчихлоо. Засаг үнэлж байгаа болохоор боломж олгох байх. Ямар нэг зүйл амласан уу?
-Инноваци гээд гаднаас орж ирдэг импортын олон тэрбумын захиалгаас хийж чаддагаа ав гэсэн.
 
-Залуу хүн ийм амжилтад хүрлээ. Ингэхсэн тэгэхсэн гэсэн хүсэл буцалж байгаа биз дээ?
-Бүх инженерүүд маань Английн сениор инженерийн түвшинд бүгдийг хийж эхэлнэ. Бүх зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулна. Тэгээд ирвэл Обамад таалагдана. "Овоо доо, энэ монголчууд чинь арав, хорин тэрбум доллар хаячихад дотроо шингээгээд авах чадвартай болчихлоо" гэж олзуурхана. Хувийн институт хийгээд ирэхээр Обама ойлгож эхэлнэ.
 
-Обамад таалагдвал яана гэж, сайн ойлгосонгүй?
-Барууны өндөр технологийг сайжруулаад зохион бүтээчихээр геополитикийн хувьцаагаа авах боломж нээгдэж байгаа юм. Геополитикийн хувьцаа гэдэг нь Орос Хятадын хөрш улс орнуудад АНУ үнэгүй олон арван тэрбум доллар өгч Орос Хятадын хараат улс болохоос урьдчилан сэргийлдэг.
 
Жишээ нь Швед, Тайвань байна. Гэхдээ энэ хувьцааг авах хоёр нөхцөл байдаг. Барууны технологийг өөрсдөө үйлдвэрлэдэг байх, улс төр эдийн засгийн тогтолцоо нь ухаалаг энгийн автоматаар хөгждөг систем байх гэсэн шалгуур нөхцөл байдаг юм. Шингээх техникийн болон улстөрийн боломжийг нь харж байж өгдөг л дөө.
 
-Улс төр, эдийн засгийн тогтолцоо нь ухаалаг, энгийн, автоматаар хөгждөг гэдэг нь...?
-Капиталист бол автоматаар хөгждөг тогтолцоо. Саяхан Горбачёв, Тетчер хоёрын үерхлийн талаар баримтат кино үзлээ. Горбачёв эхлээд Тетчерийг өрөөндөө оруулж байгаа юм. Баахан бичиг цаас, бөөн ажил ундарсан өрөө. Тетчер нөгөөхөө магтаад, нөгөөх нь аймаар ажилтайгаа яриад. Эмэгтэй хүний дотуур хувцасны загвар батлахад хүртэл санаа оноогоо нэмэрлэж, баталж гарын үсэг зурснаа хүртэл ярьж байгаа юм. Дараа нь Горбачёв Тетчерийн өрөөнд орсон чинь үзэг, цаас, бүр тамга ч байхгүй цомхон өрөө угтдаг.
 
Ер нь Английн компаниуд тамгагүй. Зөвхөн гарын үсэг л байдаг. Тэгсэн хэр нь эдийн засаг нь автоматаар буцалж байдаг. Горбачёв үүнийг нь хараад "Ямар ухаалаг юм бэ" гээд өөрөөсөө ичсэн байдаг. Барууныхан Орос, Монголчуудыг одоо ч гэсэн тэр тогтолцооноосоо салаагүй гэж ярьдаг. Сүүлийн үед Засгийн газрын зарим сайд нар "Төр мэдлэгтэй, мэдлэггүй хүмүүсээ шалгах гэдгээ больё, зах зээл шалгана" гэж ярьдаг болсон. Үнэхээр зах зээл л шалгадаг. Энэ ухаалаг системийг Горбачёв сүүлдээ ойлгоогүй хаясан л даа. Уг нь бол ардчиллын хоёр дахь хувьсгал байгаа юм. Инженерийн агентлаггүй болоод хувийн хэвшлийнхэн хийгээд эхэлбэл автоматаар хөгжөөд ирнэ.
 
Ц.Баасансүрэн /Medee.mn/