Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад удаагүй байх үедээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэрэгтэй, хэрэггүй төрийн агентлаг, газар, хэлтэсийн тоог цөөлөхөө мэдэгдэж байсан юм. Хэдийгээр 40 гаруй агентлагийн тоог 28 болгон бууруулсан ч 11 яамыг 16 болгосон. Мөн Төр засгийн үйлчилгээ эрхлэх газар, Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв, Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв гээд үүрэг, чиглэл нь адилхан, нэг нь нөгөөгөөсөө ялгарах юмгүй улсын үйлдвэрийг цөөнгүй байгуулсан юм.


Хамгийн сүүлд гэхэд өчигдөр /09.27/ “Монгол наадам цогцолбор” гэдэг төрийн үйлдвэрийн газар байгуулж, НИТХ-аас орон тоог нь батлав. “Монгол наадам цогцолбор” ОНӨААТҮГ–ын Гүйцэтгэх захирлаар П.Цогтбаатар ажиллах ажээ. Үүнээс хоёр сарын өмнө буюу долдугаар сард Төрийн орон сууцны корпорацийг байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан бөгөөд орон тоог нь 70 гаруй хүнтэй байхаар баталсан. Төрийн орон сууцны корпораци нь төрийн албан хаагч, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэг зорилтот бүлгийг орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлж, түрээсийн байр олноор барьж, иргэдэд хямд үнэ, боломжийн нөхцөл санал болгох ажлыг хариуцан ажиллах юм байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь ОССК-ийн хийж ирсэн ажлыг ийнхүү томруулж, бас нэгэн нүсэр бүтцээр ажиллахаар шийдсэн бололтой.

Хүй долоон худагт "Монгол наадам цогцолбор" барихтай холбоотойгоор “Монгол наадам” улсын үйлдвэрийн газрыг байгуулахаар болсноо холбогдох албаныхан тайлбарлав. Наадам хийдэг газар стадион барих төдийд төрийн өмчит улсын үйлдвэрийн газар байгуулж, төрийн албан хаагчийн орон тоог нэмж яагаад төсөвт ачаалал нэмэх ёстой гэж. Баяр наадмын үндэсний комисс нэртэй давхар цалин авдаг хүмүүс байсаар байхад төсвийн мөнгөөр тэжээгддэг албан хаагчийн тоог нэмэх шаардлага байхгүй л баймаар. Тэр тусмаа, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, улсын төсвийн алдагдал нэг их наяд, 500 тэрбумд хүрчихээд байхад Засгийн газар захиргааны зардлыг нэмэх биш хумих бодлого барих хэрэгтэй байна. Жилээс жилд төсөв данхайж, олон мянган төрийн албан хаагчийг тэжээхийн тулд хувийн хэвшлийнхний нуруун дээр үүрэх ачаалал улам л нэмэгдэх болсон. 2008 онд С.Баяр Хамтарсан Засгийн газар байгуулахдаа яамдын тоог есөөс 11 болгон нэмэгдүүлсэн бол 2012 онд Н.Алтанхуяг агентлагийн тоог бууруулж, харин 16 яам байгуулсан. Ингэснээр төрийн албан хаагчийн тоо өнгөрсөн хугацаанд 30 мянгаар нэмэгджээ. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу басс нэг төрийн агентлаг буюу Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага агентлаг” байгуулахаар салбарын яамнаас төлөвлөжээ. Эдийн засгийн хөгжлийн яам болон Уул уурхайн яаманд энэ ажлыг хариуцсан газар байсаар байхад ингэж төрийн байгууллагын тоог нэмэх нь хүндрэлтэй байгаа эдийн засагт нэмэр дээр нэрмээс болох биш үү.

Улсын төсвийн нийт зарлагын 60 хувийг захиргааны зардал эзэлдэг бөгөөд төр данхайхын хэрээр эдийн засагт асар том ачаалал ирж байгаа юм. Энэ ачааллыг багасгая гэвэл хэрэгтэй, хэрэггүй агентлаг, газар байгуулах шаардлагагүй. Харин ч ажлын найман цагийн хүлээж өдөржин компьютерийнхээ ард тоглодог, хүнд сурталтай, чирэгдэл ихтэй төрийн албан хаагчийг цөөлөх бодлого барих ёстой. Өмнө нь 20 хүн хийж чаддаг байсан ажлыг яагаад 70 хүнээр хийлгэх ёстой юм бэ. Ийм жишээ хаа сайгүй л байна. Тухайлбал, өмнө нь нэг хэвлэлийн төлөөлөгчтэй байсан зарим яам, агентлаг, газарт өнөөдөр хоёроос гурван хүн энэ местен дээр ажиллах болсон. Өмнө нь нэг байцаагч хийчихдэг байсан ажлыг өнөөдөр гурван хүн хуваан хийж, яг адилхан цалин авч байна. Урьд нь нэг дарга гаргадаг байсан шийдвэрийг хоёр дарга гаргаж, хоёр даргын гадаад, дотоодод явах зардал бүхнийг төр дааж байна. Энэ бүхэн Шинэчлэлийн засгийн газар ажил авахдаа хэлсэн Засгийн газрын зардлыг багасгаж, төрийн албан хаагчийг цөөлнө гэсэн байр суурьтай хэрхэн авцалдаж байгаа бол. Ерөнхийлөгч хүртэл төрийн албан байгууллагын тоог нэмж болохгүй гэж сануулсаар байхад төрийн байгууллагуудын тоог нэмж байгаа шалтгааныг эсэргүүцэл гэх үү, эсвэл шаардлага гэх үү. Захиргааны зардлыг багасгахын оронд нэмж байгаа Засгийн газарт тэр их зардалыг даах мөнгө алга байна шүү дээ. Эдийн засгийн хүндрэл нүүрлээд байгаа энэ үед захиргааны зардлаа багасгаж, ажил үүргийнх нь чиг нь давхацсан албан байгууллагуудаа татан буулгах, төрийн албан хаагчдаа цөөлөх бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Ингэж чадвал төсөвт учрах эрсдэл багасч, хувийн хэвшлийнхний үүрэх ачаа багасна. Захиргааны зардал зарцуулдаг улсын төсвийн 60 хувийг улс орны эдийн засагт хэрэгтэй төсөлд зарцуулж чадна.

Ж.ЭРХЭС
Эх сурвалж: www.news.mn