Монголын түүхэнд ээдрээтэй шийдвэрлэгдээгүй түүхэн үйл явдлууд цөөнгүй бий. Энэхүү он цаг, үйл явдлын зөрүү нь түүх анхлан сонирхогчид хийгээд энэ чиглэлээр суралцаж буй оюутан залууст ч ойлгомжгүй байдал үүсгэдэг. Дан ганц түүхэн он цаг үйл явдал ч бус түүхийн нэр томьёоны ялгаатай байдал нь төөрөгдөлд оруулахуйц байдалд хүрээд буй нэгэн жишээ юм. Жишээлбэл, дэлхийн дахинд нэгэнт хэрэглэж хэвшсэн нэр томьёог монгол хэлнээ орчуулан хэрэглэхдээ хэд хэдэн янзаар тайлбарладаг.
1.Нэр томьёог орчуулах
XIII зуунд Монголын эзэнт гүрэнтэй хаяа залган оршиж байсан Зүрчидийн Алтан улсыг Жин, Чин, Цинь гэх мэтээр олон янзаар бичдэг. Энэ нь түүх анхлан сонирхож байгаа хүний хувьд Алтан, Жин, Чин, Цинь гэх 4 өөр улс мэтээр ойлгогдож төөрөгдөлд оруулдаг. Түүгээр ч барахгүй Цинь хэмээх нь эртний Хятадын Цин (НТӨ 221-НТӨ 206) улсын нэртэй, Чин хэмээх нь хожим байгуулагдсан Манж Чин (1618-1911) гүрний нэртэй ижил бичигдэж уншигчдын толгой эргүүлэх нь энүүхэнд.
Энэ нь тухайн бүтээлийг орчуулсан орчуулагчаас ихээхэн хамааралтай байгаа юм. Учир нь тухайн бүтээлийн орчуулагч, түүхч орос хэлтэй бол тухайн хэлний дуудлагаар юм уу зохиогчийн хэрэглэснээр Цинь, Цин, Цзин гэхчилэн буулгадаг бол англи хэлнээс орчуулж буй болон англи хэл дээрх бүтээлээс ишилж буй хүмүүс Жин хэмээн хэрэглэдэг.
Орчуулгын нэр томьёог хэрхэн зөв бичих вэ?
Дээрх бүх ялгаатай бичиглэлийг жигдлэх асуудал нь ихээхэн түвэгтэй бөгөөд хүн бүр өөрсдийн тайлбарыг хэлж миний бичлэг зөв гэх нь лавтай. Үүнийг шийдвэрлэх ганц арга зам нь тухайн түүхч, орчуулагч олон талын мэдлэгтэй түүгээр зогсохгүй сурвалжийн хэлнүүдийг зайлшгүй мэддэг байх шаардлагатай болж байгаа юм. Юу гэвэл тухайн үгийг өөрийн хэлэндээ (Араб, Перс, Армян, Хятад, Солонгос, Япон) хэрхэн бичигддэг, тухайн хэлний сурвалжид хэрхэн тэмдэглэсэн байдаг зэргийг нь баримтлах нь зүйтэй юм.
Жишээлбэл, Бид Табриз, Тебриз бүр Тэбриз гэж бичдэг. Тэгвэл Араб, Перс хэлэнд Э, Е үсэг байдаггүй учир нь ТАБРИЗ гэх бичлэг нь зөв байна. Мөн бид Рашид ад-Дин хэмээн бичиж ирсэн гэвч Рашид ад- Дин гэх нь тухайн үгийн дуудлага бөгөөд зөв бичиглэл нь Рашид ал-Дин юм. Энэ мэтчилэн түүхийн нэр томъёог тухайн ард түмнийх нь дуудлагаар тэмдэглэж байх нь зүйтэй.
2. Оноон нэрлэх ба хөрвүүлэх
1368- 1634 оны хоорондох Монгол улсыг хэрхэн нэрлэж байсан нь одоо ч нэг мөр шийдэгдээгүй байна. Бага хаадын үе, Улс төрийн бутралын үеийн монгол улс, Дөчин дөрвөн хоёрын монгол гэхчилэн ялгаатай байдлаар нэрлэдэг. Мөн Богд хаант Монгол улс, Олноо өргөгдсөн Монгол улс хэмээн мөн л олон янзаар нэрлэдэг.
Түүгээр ч барахгүй түүхэн хүмүүсийн нэрийг мөн л судлаачийн үзэл бодлоос шалтгаалан өөр өөрөөр нэрлэдэг. Жишээлбэл Батцагаан, Батачихан гэх мэтээр ялгаатай нэрлэх явдал ч цөөнгүй бий.
Хэрхэн шийдвэрлэх вэ?
Дээрх тохиолдолд түүхийн судалгааны гол чухал хэрэглэгдэхүүн болох сурвалжийн үндсэн нэршлийг барих нь зүйтэй. 1368-1380 оны хоорондох Монгол улсын нэрийг судлаач Идэр Юань улс хэмээн нэрлэсэн байдаг. Тэрээр ингэж нэрлэсэн шалтгаанаа 1380 оныг хүртлэх хугацаанд монголчууд Юань улс хэмээн нэрлэж байсан тухай сурвалжийн мэдээг баримтлан тайлбарласан байна. Бид өөрсдийн түүхэн нэр томьёог хэрэглэхдээ тухайн үеийн монголчууд өөрсдийгөө хэрхэн ойлгож, юу гэж нэрлэж байснаар нь бичиж, нэрлэж хэвших нь зүйтэй. Түүгээр ч барахгүй Түшээт хан аймаг бус Түшээт хаан аймаг гэх санал сүүлийн үед гарч байна. Энэ нь Түшээт хааны тамганы бичээст ТҮШЭЭТ ХААН аймаг хэмээн бичсэн байдгаас улбаатай юм.
Хүн, газар усны нэрийг ч хэрэглэхдээ мөн л сурвалжийн мэдээг баримталбал зүйтэй болно. Тэгвэл дээр дурдсан Батцагаан хэмээх нэрийг хэрхэн бичих вэ гэдэг асуулт урган гарна. Монголын нууц товчоо монгол бичгээр үлдээгүйн дээр хэдий монгол үгийг шууд галиглан бичсэнийг учир дутагдалтай гэж үзвэл Лувсанданзангийн Алтан товч, Саган Сэцэний Эрдэнийн товч зэрэг сурвалжуудад хэрхэн бичигдсэнийг баримталж бичих нь зүйтэй юм.
С.Ууганбаяр