Сүүлийн жилүүдэд Монголын боловсрол туршилтын туулай болж дууслаа. Болох болохдоо Монголын хөрсөнд нийцэх эсэх нь тодорхойгүй гадны бодлого хөтөлбөрүүдэд дарагдсаар зэрэмдэг туулай болчихож. Боловсролын сайдын сэнтийд Ё.Отгонбаяр хэсэгхэн тухлахдаа Америкийн “Кембрижийн хөтөлбөр”-ыг туршсанаар нэг удаа туршилтын туулай болгоод өнгөрсөнийг хэн хүнгүй сайн санаж байгаа биз ээ. Харин одоо Л.Гантөмөр Японы школоор туулайндаа туршилт хийж байна.
Угаас туршилтын объектод туршигчид ямар санаа тавих биш. Тэгэхээр тэдэнд Монголын боловсрол гэх туулайны үхэх сэхэх, элдэв эрсдэлд орох эсэх, тэсээд даваад гарах уу үгүй юу гэдэг огтоос хамаагүй. Тун чиг өрөвдөлтэй, эмгэнэлтэй байгаа биз.
Гэвч үүгээр туршилт нь зогссон гэх баталгааг хэнбугай ч өгч чадахгүй. Дараа дараагийн сайд хэн байхаас шалтгаалаад хятад, солонгос гэх мэтээр янз бүрийн хэв маяг, арга барилаар хөөрхий туулайн дээр хэчнээн чиг туршилт хийгдэх юм бол доо.