Туркийн Ерөнхийлөгч Реджеп Эрдоган "Бид хэний онгоцыг харваж байгаагаа мэдээгүй, сиричүүд л байна гэж бодсон" гэж өөрийгөө өмгөөлж байна. "Турк улс Оросын Су-24 цэргийн онгоцыг сөнөөсөн гэдгийг бид зөвхөн ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээллийн дараа ойлгосон" гэж Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Исламын эдийн засгийн конгресст үг хэлэхдээ мэдэгдлээ.

Олон улсын хуулиар хил орчимд орж ирсэн онгоцыг эхлээд хил зөрчсөн гэж хэдэн удаа радиогоор сануулж, үүний дараа нь сэрэмжлүүлэх буудлага хийдэг юм байна. Энэ бүхний дараа хариу өгөхгүй бол харийн онгоцыг буудан унагадаг журамтай. "Гэтэл Турк улс шууд гал нээж Оросын онгоцыг сөнөөсөн нь зүйд нийцэхгүй. Тэр тусмаа манай онгоц Сирийн нутаг дээгүүр нисч явсан тул Туркт огт халдаагүй" гэж оросууд мэдэгдсээр байна.

Сөнөж байгаа онгоцоос үсэрч шүхрээр бууж амь аврагдаж байгаа нисгэгчдийг буудахыг Женевийн конвенци хориглодог, гэтэл энд үүнийг ч бас зөрчжээ. Тэр бүү хэл Америкийн Төрийн департамент "Манайх энэ конвенцид гарын үсэг зураагүй, иймээс шүхрээр бууж байсан орос нисгэгчдийг устгаснаар Сирийн сөрөг хүчнийхэн өөрийгөө хамгаалж байгаа хэрэг" гэж өмөөрсөн байна. Үүний дараа АНУ бол ардчилсан улс гэдэгт та бүхэн итгэсээр л байна уу?

Та бүхэнд дуулгахад, Америк улсын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр 2016 оны Батлан хамгаалахын төсвөө шинэчлэн танилцууллаа. Тэнд өгүүлснээр 300 сая долларыг Украинд цэргийн тусламж болгон олгоно гэжээ. Тэгэхээр дахиад л Вьетнамын дайны үеийн минометыг "Першинг"-ийн үнээр, "Саксон"-ыг "Абрамс"-ийн үнээр нийлүүлэх бололтой.

Агаарын хил зөрчих тухайд ганц баримт өгүүлье, Туркийн онгоцууд өнгөрсөн жил 2244 удаа Грекийн агаарын орон зайг зөрчиж, зөвшөөрөлгүй зорчсон юм байна. Сонирхуулахад, Украины Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичиг Александр Турчинов "Бид одоо Турк шиг Оросын онгоцуудыг сөнөөх болно" гэж мэдэгдсэн. Гэтэл Орос улс 46 дахь удаагаа хүмүүнлэгийн тусламжийн цуваагаа Донбасс руу өнөөдөр илгээснийг дашрамд дурдъя.

Орос улс одоо Турктай цэргийн бүх харилцаагаа зогсоожээ. Мөн Орост мах нийлүүлдэг Туркийн 6 компаний бүтээгдэхүүнээс хортой бодис илэрчээ. Иймээс 12-р сарын 1-нээс Туркийн бүх хүнс, бүтээгдэхүүнийг хориглож байна. Орос өөрийн иргэдийг Туркт зорчихгүй байхыг уриалсан. Энэ бол Турк улс жилд 6 тэрбум доллараа алдана гэсэн үг биш. Зөвхөн 2014 онд Оросын 3 сая жуулчин Туркт 65 тэрбум рублиэ үржээ. Энэ бүхэн юу ч биш, Орос одоо Туркийн эсрэг улам хатуу арга хэмжээ авахаар зэхэж байна. Бүр Орос улс курдүүдийг дэмжиж магадгүй гэсэн мэдээ түглээ. Туркийн хойд нутагт тусгаар тогтнохын төлөө удаан хугацааны турш зэвсэг барин тэмцэж байгаа 50 сая курд хэрэв бие даасан улс болбол...

Газрын дундад тэнгист байрлаж байгаа Оросын цэргийн хөлөг онгоцууд одоо өөрийн онгоцыг нь унагасан Латак мужид цохилт өгсөөр байна. Түүнчлэн алан хядагчдын байршлууд руу агаараас, газраас ч, далайгаас ч харвасаар. Оросын цэргийн нисэх хүчнээс гадна Сирийн Засгийн газрын арми их буугаар бас цохилт өгч байна. Орос одоо өөрийн "СУ-24" цэргийн онгоц унасан нутгийг газартай хэрхэн тэгшилж байгааг доорх бичлэгээс харна уу. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин "Су 24" онгоцны амь үрэгдсэн командирыг "Оросын баатар" одонгоор нэхэн шагнажээ. Түүнчлэн сөнөсөн онгоцоос аврагдсан штурман болон аврах ажиллагаанд оролцсон тусгайгийнхныг Путин шагнана гэж мэдэгдлээ.

Орос улс 11-р сарын 25-нд Сирийн Азазаз хотод байгаа террористууд руу чиглэж явсан Туркийн машины цувааг устгалаа. 20 ачааны машин шатаж, 7 хүн амь үрэгдэн 10 нь шархаджээ. Туркийн Ерөнхийлөгч Эрдоган амаа үдүүлсэн мэт дуугүй байна. Аазаз хот бол Сирийн хойд нутагт оршдог бөгөөд Турктэй хиллэдэг. Энд Турк өөрийн тусламж буюу зэр зэвсэг, эм тариа, хоол хүнсийг алан хядагчдад авч ирж өгдөг, эндээс цааш бүх хотод тараадаг аж. Оросын байлдааны онгоцыг сөнөөсний дараа туркууд үүнийгээ хүмүүнлэгийн тусламж гэж хэлж зүрхэлсэнгүй. Одоо Турк хямд нефть авахгүй, террористууд хангамж авахгүй гэж Орос мэдэгдэв.

Түрүүч нь:http://www.mnews.mn/news/7/single/26013, http://www.mnews.mn/news/7/single/26026

www.mnews.mn