Өнөөдрийн бяруу маргаашийн шараас илүү үнэ цэнэтэй

Б.Мөнхтүшиг

Хүний амьдрал гэж богинохон хугацаа шүү. Энэ хорвоод мэндлээд санасан зорьсноо биелүүлэхэд хэдхэн арван жил л байдаг. Хүн болгон энэ амьдралдаа аль болох аятайхан аж төрж, авч үзээгүй юмаа аваад, идэж үзээгүй хоолоо идэж, яваагүй газраа явж, томоохон ажил бүтээгээд, хойч үедээ үлдээх зорилготой байдаг. Харамсалтай нь нэг хүнд нэгэн цагт байгаа боломж нь бага юм. Орчин үед сарын цалингийн хэмжээ, дээхнэ үед өдрийн борлуулалтын хэмжээгээр тухайн хүний боломж нь хязгаарлагдаж байжээ. Зарим нэг нь тэр даруйдаа буулт хийж, өөрийн боломжоороо амьдрах замыг сонгодог. Харин зарим хүн мөрөөдлөө үл орхин, боломжийг нэмэгдүүлэх гарцуудыг хайж эхэлснээр "САНХҮҮ" гэдэг ухаан бий болжээ.

Санхүүгийн гол утга нь тухайн хүнд байхгүй байгаа боломжийг хэрхэн бий болгоход оршино. Хамгийн энгийн жишээ нь зээл. Цалингаа цуглуулаад байр байтугай СОНИ брэндийн зурагт авах хэцүү биз? Гэхдээ хөршийнхөн авчихсан юм чинь авахгүй бол болохгүй нь ээ. За тэгэхээр танд байхгүй мөнгө босгох л хэрэг гарч дээ. Үүнийг хувийн санхүүгээр зохицуулах учиртай. Энэ жишээнээс хоёр зүйл ажиглагдаж байна. Санхүүгийн тооцоо ашигласнаар та авч чадахгүй байсан зүйлээ авлаа. Нөгөө талаас та мөнгө хэн нэгнээс зээлнэ. Найзаасаа ч юм уу, банкнаас ч юм уу. Хэнээс ч авсан таниас эргээд мөнгөө буцааж авах болно. Дээр нь хүү биш юм аа гэхэд, эргээд хэзээ нэгэн цагт таниас ямар нэгэн юм гүйх эрхийг авна. Энэ бол санхүүгийн хоёрдугаар гол зарчим. Өнөөдрийн бяруу маргаашийн шараас илүү үнэ цэнэтэй.

Бидний амьдралд санхүүгийн тооцоо асар их үүрэг гүйцэтгэдэг нь дээрх жишээнээс харагдаж байна. Харамсалтай нь, манай 10 жилийн сургалтын хөтөлбөрт логарифм, анализ ордог хэрнээ санхүүгийн талаар юу ч заадаггүй. Иймээс манай иргэд өдөр тутмын амьдралдаа санхүүгийн маш хариуцлагагүй шийдвэр гаргаж, өөрсдөө ч хохирч, итгэсэн нэгнээ ч бас чирэх тохиолдол гардаг. Энэхүү хомсдлыг бага ч гэсэн нөхөхөд тань туслах  үүднээс энэ буланг хувийн санхүүгийн чиглэлээр хөтлөх боллоо. Бид өөрсдөө ухамсарладаггүй боловч хувийн, гэр бүлийн санхүүгийн шийдвэрүүдийг байнга гаргадаг. Хүүхдийн сургалтын мөнгийг хаанаас босгох вэ? Дансанд тэдэн төгрөг байна, Болдоо надад тэдэн төгрөгийн өртөй, тэрийг нь авна, Ааваас тэдэн төгрөг зээлнэ гэх мэт. Энэ бол төсөв буюу бюджет жишээ. 8 хувийн орон сууцны зээл авахаар хөөцөлдөж байгаа бол та мортгейж /ипотекийн/ зээлд хамрагдаж байгаа хэлбэр юм. Ер нь ирээдүйг харсан бүх шийдлүүд санхүүд хамаардаг бол өнгөрсөн үетэй холбоотой шийдлүүд нягтлан бодох бүртгэлтэй илүү холбоотой.

Хувийн санхүүг сурснаар та юу олох вэ?


•    Таны амьдралын зорилго, амжилтад хүрэх зам илүү тодорхой болно

•    Эрсдэлтэй шийдвэр гаргаж, өөрийгөө болон ойр дотныхныгоо  амьжиргааны баталгаагүй  болгох эрсдлээс хамгаална

•    Ашиггүй зардлаа багасгаж, мөнгөний хуримтлалаа нэмэгдүүлнэ

•    Өрийн дарамтнаас аврагдаж, хуримтлалыг бий болгоно

•    Шинээр  гэр бүл болох, ажилд орох, байр авах, шинэ хүнтэй болох, ойр дотны хэн нэгэн өөд болох зэрэг амьдралд болох гэнэтийн үйл явдлуудад хэзээд бэлтгэлтэй байх болно

•    Тэтгэвэртээ суух үед зөвхөн нийгмийн даатгалдаа найдахгүй

•    Хүүхдүүдийн сургалтын төлбөрийг хэрхэн төвөггүй төлөх аргаа олно  гээд асар их ач холбогдолтой. Мэдээж хагартлаа баяжчих юм бол энэ бүгд танд хэрэггүй. Гэхдээ хүн болгон баян болдоггүй. Өөрийн хөдөлмөр, авъяас, чадвараасаа хамааран баян, эсвэл ядуу байдаг зах зээлийн эдийн засагт санхүүгийн анхны  мэдлэгтэй болох нь арай л найдвартай болов уу. За ингээд эхний сэдвээ нээе. Хүний амьдралд болдог олон чухал үйл явдлаас хамгийн анхных нь Гэрлэлт. Тэрнээс өмнөхийг нь манай нийгэмд аав, ээж нар маань "даадаг" буруу боловч тогтсон уламжлалтай бөлгөө.

Гэрлэлтийн санхүү

Гэрлэлт гэдэг санхүүгийн хувьд гайхамшигт “хэрэгсэл” юм. Хоёр хүн орлогоо нэгтгээд түрээс, хоол, унаа зэрэг тус тусдаа гаргаж байсан зардлаа хэмнэх нь сайхан хэрэг. Дэлгүүр гараад хэмнэсэн мөнгөөрөө сайхан тансаглах нь ээ? Үгүйдээ найзууд аа, жинхэнэ санхүүгийн хариуцлага одоо л эхэлж байгаа. Тусдаа гарсан та хоёрын мөнгийг аав, ээж нь төлөхгүй. Байртай болох хэрэг гарна. Удахгүй хүүхдүүд төрснөөр зардлууд эрс нэмэгдэнэ. Иймээс,хариуцлагагүй зардлаас зайлсхийх хэрэгтэй. Эхний үед нэг хүнийхээ цалингаар амьдраад нөгөөгийнхөө цалинг хадгаламжиндаа хийх нь зүгээр байж мэднэ. 

Юуны өмнө залуу хосууд санхүүгийн байдлынхаа талаар илэн далангүй ярилцах хэрэгтэй. Хэн нь хэдэн төгрөгийн цалинтай, хэдэн төгрөгний өртөй, цаашид ямар амьдралтай байх тэмүүлэлтэй гээд. Энэ энэ бүгдийг бие биенээсээ нэрэлхэж нуугаад хэрэггүй. Залуу гэр бүлийн салалтын 40 гаруй хувь нь санхүүгийн ямар нэгэн асуудалтай холбогддог нь үнэн. Бүх юм жин тан болохгүй, өөр өөр нөхцөл байдал, хүлээлттэй байх нь тодорхой боловч, бие биенийгээ ойлгож "гэнэтийн бэлэг барихгүй" байх нь чухал.

Дараагийн маш хэцүү асуудал нь хосууд хөрөнгө хэрхэн нийлүүлэх шийдэл. Орчин үед эхнэр нөхөр бүх хөрөнгөө шууд нийлүүлэх үүрэггүй. Гэрлэлтээс өмнө олсон зарим хөрөнгийг  зөвхөн өөрийн мэдэлд байлгах эрхтэй. Гэхдээ хамтарч зүтгэхийн төлөө нэгэнт гэр бүл болдог учиртай тул хөрөнгийн тодорхой хэсгийг нийлүүлэх нь зүйтэй. Энэ бүхний талаар сайтар ярилцаж, аль болох шударга шийдвэр гаргах хэрэгтэй.

За энэ үеэ амжилттай өнгөрөөчихсөн бол та хоёрт баяр хүргэе. Бусад нь амархан. Одоо гэр бүлийн санхүүчээ томилно. Нэг ажил хоёр хүний гарт байвал сүйрэх нь тодорхой тул хосын нэг нь л гардаж хийсэн нь дээр. Зөвөөр ойлгоорой, мөнгийг дур мэдэн зарцуулах ажил биш шүү. Зүгээр л хамтын хэрэгцээнд, хамтын шийдвэрээр гарч байгаа зардлуудыг  хугацаанд нь шилжүүлэх ажил юм. За тэгээд гэр бүл нь "нийгмийн үүр" юм чинь төсөв заавал зохиогдоно. Энэ ажлаа хийхдээ зөвхөн өнөө маргаашийн орлого зардал бус, өрөө төлөх, ирээдүйд эрхлэх  бизнес, мөн гарч болзошгүй асуудалуудад анхаарч хуримтлал бий болгохыг хичээгтүн. Ингээд санхүүгийн зарчмуудаа шийдчихвэл хосын хайр дурлалын цэцэг хамгийн хортой  шавьжнаас хамгаалагдана гэсэн үг. Аз жаргал хүсье, залуусаа! Дараагийн дугаарт, хүүхэдтэй болох санхүүгийн бэлтгэлийн тухай ярьцгаая.

http://mongolnews.mn/