Их Британийн Ерөнхий сайдаар арван жил ажилласан дэлхийн алдартай улстөрчдийн нэг бол яах аргагүй Тони Блэйр. Тэрээр Ерөнхий сайдынхаа ажлыг өгснөөс хойш улс төрийн карьераа үндсэндээ дуусгасан гэхэд болно. Харин сүүлийн жилүүдэд түүний байгуулсан "Тони Блэйр" сан дэлхийн хэд хэдэн улс оронд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Харин Монгол Улсад өнгөрсөн хавраас эхлэн түүний нэр байнга яригдах боллоо. Учир нь тэрээр өнгөрсөн хавар Улаанбаатар хотод нэг, хоёр өдөр саатаад явсан. Энэхүү айлчлалын үеэр "Тони Блэйр" сантай манай Засгийн газар хамтарч ажиллах гэрээ байгуулсан дуулддаг.
Өөрөөр хэлбэл, Тони Блэйр манай Засгийн газарт зөвлөгөө өгч ажиллахаар болсон гэсэн үг. Энэ нь ч баттай бололтой. Саяхан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн албан ёсоор хэвлэлийнхэнд унагасан үгээс нь харвал "Тони Блэйр" сангийн төлөөлөгчид хэдийнэ манай улсад ирээд ажилдаа орчихсон, төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Харин Ерөнхий сайд асан Тони Блэйр өөрөө өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод ирж, төслийнхөө ажилтай танилцжээ. Тони Блэйр Засгийн газарт ингэж зөвлөснийхөө төлөө Монгол Улсаас сохор зоос ч авахгүй гэж байгаа. Харин манай өмнөөс Катар улс түүнд цалинг нь өгөх юм гэнэ лээ. Тэгэхээр Катар, Монголын хооронд ямар нэгэн өгөө, аваа байна уу гэдэг хардлага хүмүүст төрж магадгүй. Гэхдээ энэ бол тийм ч чухал зүйл биш байх. Юу ч байлаа гэсэн дэлхийн алдартай, туршлагатай, нэр хүндтэй пиарч манай Засгийн газарт зөвлөөд, улс орон маань хөгжиж байвал сайн хэрэг.
Харин Тони Блэйр болон түүний сан улс орнуудад тустай ямар ажил хийдэг юм. Ямар зөвлөгөө өгөөд үр дүнд нь юу авчирдаг нь бидэнд сонин байна. Тиймээс түүний өнгөрсөн хугацаанд хийсэн "мөнгөний" ажлуудын тухай энд товч дурдъя. Тони Блэйр Их Британийн Ерөнхий сайдын суудлаас 2007 онд буусан. Жилийн дараа буюу 2008 оны тавдугаар сард Нью-Йорк хотноо "Tony Blair Faith" санг байгуулсан билээ. "Time Warner" хэмээх хэвлэлийн группийн суурин дээр байгуулсан энэ сан хэд хэдэн чиглэлээр төсөл хэрэгжүүлдэг юм байна. Ингээд "Faith and Globalisation" төслийг анх 2008 онд Иелийн их сургууль дээр хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд их сургуулиудын "элит бүлгэм"-ийнхний дунд даяаршилтай холбоотой лекц унших болсон байна. "Тони Блэйр шашны сан" нь шашин хоорондын үл ойлголцлыг зохицуулах, энх тайван байдлыг бий болгох зорилготой. Тэр дундаа бурхан, лал, христ, хинди, жүди болон сихийн гэсэн зургаан гол шашныг хамарсан үйл ажиллагаа явуулдаг юм байна. Гол нь эдгээр шашин хоорондын ялгааг хүмүүст эерэгээр таниулж, буяны үйл ажиллагаа явуулж, хүүхдүүдэд шашны хичээл заахаа чухалчилдаг.
Дэлхийн одоогийн болон ирээдүйн удирдагчдаа шашны талаарх бодлогын зөвлөгөө өгч, судалгаа явуулдаг юм байна. Үүний зэрэгцээ боловсрол, эрүүл мэнд болон олон салбарт тэр дундаа ажлын байр, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хууль зүйн зөвлөгөө өгөх, дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сан аж. Сангийнхаа шугамаар Канадын МкЖилл их сургууль, Сингапурын Үндэсний их сургууль, Бээжингийн их сургууль, Мексикийн Монтеррийн технологийн их сургууль, Сьерра Леоны Фура Бэй коллеж, баруун Австралийн их сургууль, АНУ-ын Иелийн их сургууль, Хонконг, Косово, Филиппин, Энэтхэг зэрэг улс орны нэртэй их сургуулиудад даяаршлын асуудлаар лекц уншиж, цуглаан зохион байгуулдаг юм байна. Тони Блэйр энэ сангаараа дамжуулан дэлхийн буурай хөгжилтэй орнуудын эрх баригчидтай хамтран ажиллаж, улс төрийн зөвлөгөө өгдөг болжээ. Тухайлбал, Албани, Казахстан, Кувейт, Бразил зэрэг орнуудын Засгийн газар түүнээс зөвлөгөө авдаг гэнэ.
Тухайлбал, Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев Тони Блэйрийн зөвлөгөөг дагаж ажлаа явуулдаг нэгэн. Казахстан бол газрын тосны баялаг ихтэй улсын тоонд багтдаг орон. Тиймээс энэ чиглэлд ямар бодлогоор ажиллаж, яаж ашиг олох аргыг нь Тони Блэйр түүнд зааж өгдөг гэж ойлгоход болно. Н.Назарбаев газрын тосны салбарт зөв бодлого хэрэгжүүлж, ард түмнээсээ өндөр оноо авах тусам Блэйрийн зорилго биеллээ гэсэн үг. Эндээс харвал Н.Назарбаевын хувийн пиарч нь Тони Блэйр болж таарч байна.
Тэрээр мэдээж үүнийхээ төлөө их хэмжээний хөлс авдаг нь ойлгомжтой. Яг энэ зарчмаараа Блэйр Кувейтийн хаантай гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд "Тони Блэйр" сан 2035 он хүртэлх Кувейтийн улс төр, эдийн засгийн хөгжлийн загварыг гаргахаар болсон байна. Монголын өмнөөс шан харамж төлж байгаа Катартай ч хамтын ажиллагаатай. "Тони Блэйр" сангаас хэрэгжүүлдэг хоёр дахь төсөл бол "Face to Faith". Энэ нь дэлхийн 19 орны дунд сургуулийн 12-17 насны сурагчдыг хамардаг юм байна. Харилцан итгэлцлийн тухай олон нийтийн томоохон хэлэлцүүлэг зохион байгуулдаг гэж хэлж болно. Гол нь улс хоорондын шашин, соёлоос улбаатай мөргөлдөөнийг зохицуулахад оршдог юм байна.
Харин гурав дахь төсөл нь "Faiths Act initiactive". Шашинд итгэдэг хүмүүсийн хүрээнд дэлхийн томоохон хөдөлгөөн өрнүүлэх зорилготой, Мянганы хөгжлийн сан руу хандсан үйл ажиллагаа явуулдаг. Энэ төслийн хүрээнд хумхаа өвчний эсрэг томоохон арга хэмжээ явуулжээ. Өдгөө 60 настай Тони Блэйр дэлхийн толгой том гүрнүүдийн нэгийг удирдаж явсан туршлагаасаа хуваалцахаар дэлхийн 30 гаруй оронтой гэрээ байгуулан ажиллаж байгаа юм байна.
Нийт 30 гаруй оронд хөрөнгө оруулалт, тусламж үзүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлдэг. Энэ зарчмаараа Монгол Улстай хамтран ажиллахаар төлөвлөсөн. Ялангуяа Монгол Улсын Засгийн газрын хийж, хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийг ард түмэнд эерэгээр сурталчилж нэг ёсны зөв пиар хийх үүргийг Тони Блэйр хүлээсэн гэдгийг Ч.Сайханбилэг сайдын ярьснаас ойлгож болохоор байна. Үүний хүрээнд Монгол Улсын Засгийн газар Тони Блэйр сангаас боловсрол, эрүүл мэнд, ажлын байр, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд хууль зүйн зөвлөгөө авах аж.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ Д.ЦЭРЭНДОЛГОР
www.medee.mn