Өчигдөр дэлхийн хошой аварга С.Батцэцэг, дэлхийн дэд аварга Э.Сумьяа нарынхаа барилдааныг үзэхээр тухаллаа. Гэтэл С.Батцэцэг Риод очоод бэлтгэл хийж байгаад мөрөө гэмтээсэн аж. Найжерийн тамирчныг харин ч хэлмэгдүүлчихэв үү. Туж сарваганаад, мэх хийж оноо аваад байхад нь идэвхгүй барилдлаа гэж ялагдуулсан. Хошой аварга хүнийг энэ цаашаа явахгүй хүнд ялагдуулаад яахав гэж шүүгчид хөөрхийлөв бололтой. Гэхдээ би найжерийг өрөвдсөнгүй. Насанбурмаа тайваний тамирчныг гэмтээдэг шиг Батцэцэгийн өвчтэй гарыг нь татаж үүрч байна билээ. Манай тамирчин дараагийн барилдаандаа АНУ-ын маруухан бөх Пирожковад яалт ч үгүй ялагдсан, баруун гар ажиллахгүй хүн яах ч билээ.

Сумьяа бол ёстой ангайлгасан даа. Польшийн нэг тааруухан нөхөрт шүгэл дуугарангуут хөлөө алдахаар нь би "Өө өнгөрсөн. Ингэж нэг алдаж байгаа бол мянга алдна" гэж суув. Дотроо бол арай ч тэгэхгүй байлгүй гэж горьдож суув. Гэтэл польш өөр юм хийж чадахгүйн учир 6 удаа хөлд орж, 4-т нь оноо аваад ялав. Ийм хачирхалтай юм бас байдаг аа. Ерийн тамирчин бол "хөлд ороод байна шүү, хөлөө өгөөд аваад шидчихье байз" гэж олзуурхна даа. Хөлөө өгч мэх хийдэг нь манай Батцэцэгийн үндсэн барилдаан шүү дээ. Даанч ерийн бус тамирчидтайгаас хойш яая гэхэв.

Тайлбарлагч "Хөлөө огт мэдрэхгүй байншд" гэж байв. Хөлөө огт мэдэрдэггүй хүн! Ийм тамирчин бэлтгэж, барилдуулж байдаг ер нь юу болж байна вэ? Хэн ч хөл рүү ороод байгаа хүнд хариу мэх зэхэх юм уу, ядаж хамгаална. Бөхөөр хичээллээд юу ч сэтгэхгүй болоод улам дордчихдог юм уу ч гэж гайхлаа. Нөгөө польш нь дараагийн тойрогт Шведийн бөхийн хөл рүү орох гээд чадахгүй хариу мэхэнд унасаар навс ялагдаж байгаа юм. Доод биеэ мэдэрдэг хүн олимпийн дэвжээнээ гаргаж байгаач ээ.

Өөр орны бөхчүүдийн барилдааныг харж л энэ сайхан спортын гайхамшгийг мэдрэх юм. Ингээд ер нь монголчуудын хувьд олимп дуусав бололтой.

Чөлөөтийн эмэгтэй төрөл нүүр тахлах эцсийн боломж байв бус уу? 1980 оноос хойш олимпийн медаль аваагүй хар рекордыг эрэгтэйчүүд эвднэ гэхэд итгэл нэг л үл төрнөм.

Даанч нэг сэтгэлгүй юм даа. Спортдоо дур сонирхолгүй байдаг юм аа гэхэд ядаж ард түмнээсээ айж ичмээр. Үгүй шүү.

Тамирчны алдар хялбар олддоггүй л гэх. Тэгээд бусдынх нь алдар хялбар олддог юм уу. Цалин хангамжтай ажлаа хийгээч ээ! Ард түмнийг сайн тоглолт үзүүлж баясгах л үндсэн ажилтай хүмүүс шүү дээ. Эмч хүн яаралтай хагалгаан дээр ажиллахгүй халгасаар байгаад хүн алах уу? Эсвэл нисгэгч хүн би бэлтгэл хийж байгаад гэмтчихсээн гээд онгоцоо сүйрүүлэх үү? Бүх хүн ажлаа хийж байна. Тамирчдын ажил л ажил, бусдынх нь нохойн баас биш шүү дээ. Адилхан л хүн, адилхан л хөдөлмөр.

Тийм сүрхий юм бол чи өөрөө оронд нь барилдах нь яасан юм гэж ам тагладаг. Тамирчны ажилтай сан бол мэдээж гараад барилдна, хамгийн гол нь үхэх сэхэхээ үзэх байсан юм. Дуртай юмаа дуртайяа л хийх байсан.

Та бидний итгэлийг алдаагүй л гэдэг. Алдчихаад байна! Дүгнэлт хиймээр. Жүдо нь улс төржөөд, боксын багш өвдөөд, чөлөөт нь өвөр хоорондоо тэмцэлдээд бүр чиг доройтсон гэх... Хэдий болтол ийм бүтэл зэхий байх вэ?

Танхай эмээ хэмээгч блогчин "Тамирчид дандаа цалин хангамж муу гэж гоншгонодог. Манай тамирчид шиг өндөр цалин хангамжтай нь дэлхийд ховор шүү. Ард түмэн өөрсдөө өлсөж байгаад л хамаг байдгаа та нарт өгч байгаа" гэсэн байна билээ. Тэр үнэний хувьтай, амжилт гаргалаа гэж өндөр цалин өгдөг орон Монголоос өөр байхгүй, нэг удаагийн л шагнал өгдөг. Хөгжилтэй орнууд бол дуртай хоббигоо оролдож байгаа хүмүүст улс яахаараа мөнгө өгдөг юм гээд татвар төлөгчдийн мөнгөнөөс хялайлгадаг ч үгүй.

Миний ард түмэн өгсөн. Харин авч байна уу? Эсвэл урам руугаа ус цацуулах гэж өгсөн юм уу?

Яагаад эд ноёлогч давхарга шиг их зантай, ард түмнээ хайхардаггүй, хөшүүн гөжүүн болчихоо вэ? Яагаад гэхээр ноёдын хайртай фаворитууд буюу өөрсдөө ноёлогч давхарга болчихсон юм биш үү? Үгүй гэж тамирчид маань хэлэх болтугай!

Зураг дээр: ОХУ-ын гавьяат дасгалжуулагч, өдгөө АНУ-ын шигшээ багийн дасгалжуулагч, буриад монгол Максим Молоновын шавь Хэлен Марулис өчигдөр японы домогт бөх Саори Ёшидагийн дайчин босоо замналыг зогсоон, алтан медаль хүртлээ.

Ч.Мөнхбаяр

http://www.zuvsongolt.mn/