-МЭДЛЭГИЙН ЭДИЙН ЗАСАГ... Өнөөдөртөө энэ сэдэв улстөрчдийн анхаарлыг төдийлөн татахгүй бай­гаа болохоос уг нь шавхаг­дашгүй баялаг бүтээх чухал санаа-
-

Бөмбөрцөгийн олон мянган тэрбум хэрэглэгчийн өдөр тутмын хэрэглээ болсон фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг дэлхийн хамгийн баян 16 хүний нэг болоход түүнд алт зэсийн орд, алмазны уурхайн аль аль нь бай­сан­гүй. Зөвхөн мэдлэгт суурилсан бая­лаг бүтээсний ачаар тэр дэлхийн хамгийн залуу тэрбумтнаар тодорч чадсан юм.

Америкийн улс төрийн зүт­гэл­тэн Бенжамин Франклиний хэлсэн нэг үг байдаг. Мэдлэгт оруулсан хөрөнгө оруулалт хамгийн өндөр хүү төлдөг гэж. Сүүлийн үед БСШУ-ны сайд Лу.Гантөмөр энэ талаар багагүй ярих болсон байна билээ. Өнөөдөртөө улстөрчдийн анхаарлыг төдийлөн татахгүй бай­гаа болохоос уг нь шавхаг­дашгүй баялаг бүтээх гэсэн чухал санаа. Ганц ам.долларыг мянга болгон өсгөж чадах цорын ганц үйлдвэрлэл бол мэдлэгийн эдийн засаг байдаг гэдэг. Энэ утгаараа шавхагддаг бая­лагаа булаацалдан хэрэлдэх бус шавхагдашгүй нөөцөө ашиглахад анхаарах цаг болсныг эрдэмтэд тав­дугаар сарын дундуур Төрийн ордонд болсон “Үндэсний инно­вацийн форум”-ын үеэр сануулж байсан юм.

Тавантолгой, Оюутолгойг тойр­сон хэрүүл саарал ордонд ид өрнөж байна. Уул уурхайг дагасан их мөнгөний үнэрт согтсон Монголын улстөрчид хэн нь хэнтэйгээ нэг халаасанд орсон хийгээд хэдэн бүлэг­­лэлд хуваагдсныг хэлэхэд хэцүү биш бол­сон. Хэдийгээр эрдэс баял­гаа эргэл­тэд оруулж, эдийн засгаа хям­ралаас гаргах нь Монгол Улсын ойрын бодлого ч алсдаа зөв­хөн уул уурхайгаа ухаж баяжих бус тархи толгой, мэдлэг, оюунаа дайчилж амьдрах зайлшгүй хэрэгцээтэй тулгарах нь гарцаагүй.

Монголын эдийн засагт ерөн­хий­дөө Таван­­толгойг хэн авах вэ гэсэн улс төр-эдийн засгийн бүлэг­лэ­лүүдийн талцал, зодоон л болох болсноос хэний тархийг ухаж, ямар мэдлэг, ямар ноу-хау гаргаж ирэх талаарх эрүүл өрсөлдөөн алга байгаа нь худлаа биш. Ийм болохоороо Монгол ядуу байдаг ч биз.

Өнгөрсөн жил япончууд сансарт хүргэх цахилгаан станцтай болох том амби­цаа дэлхий нийтэд танилцуулсан. 2050 он гэхэд цахил­гаан шатанд суугаад сансарт гарна гэдэг өнөөдөр бүтэшгүй мөрөөдөл мэт сонсогдож байгаа ч япончууд энэхүү шилдэг төлөвлөгөөгөө бодит болгоход хөрөнгө мөнгө хайрлах­гүй гэдгээ ч зарласан юм. Харин монгол­чууд шинжлэх ухаанаа хөгжүүлж, мэдлэ­гийг мөнгө болгоход жилд хэдийг зарцуулдаг вэ. Жил бүр 40 мян­ган оюутан их, дээд сургууль төгсөн гардаг ч харамсалтай нь, тэд дипломтой худалдагч, баарны үйлч­лэг­чээс хэтэрч чадахгүй байгаа шүү дээ.

“Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam-AX12 болон түү­ний виртуал лаборатори” гэх бүтээ­лээ­рээ Төрийн соёрхол хүртсэн Н.Нацагнямыг эс тооц­вол мэдлэгээ үйлдвэрлэл болгосон эрдэм­­тэд, түүнийг нь дэмжсэн бизнесмэн тун цөөн. Ёстой л гарын таван хуруунд тоологдох төдий гээд хэлчихвэл бодит үнэнээс хол зөрөхгүй биз.

Монголын эдийн засагт ерөн­хий­дөө Таван­­толгойг хэн авах вэ гэсэн улс төр, эдийн засгийн бүлэг­лэ­лүүдийн талцал, зодоон л болох болсноос хэний тархийг ухаж, ямар мэдлэг, ямар ноу-хау гаргаж ирэх талаарх эрүүл өрсөлдөөн алга байгаа нь худлаа биш. Ийм болохоороо Монгол ядуу байдаг ч биз.

Бизнесийнхнийг шинжлэх ухаан руу татах бодлогыг төр засгаас тө­лөв­­­­лө­гөөтэйгөөр хэрэгжүүлэх хэрэг­­­тэйг шинжлэх ухаан ч өөрөө шахаж, эрдэмтэд ч хэлж шаардах болсон билээ. Өнөөдрийн хувьд эрдэмтдийн бүтээлийн 90 хувь нь захиалагчгүй, худалдан авагчгүй, зөвхөн өөрийн хүсэл сонирхлоор хийг­дэж байгааг салбарынхан ярьцгаадаг. Сайн бү­тээл туурвилаа гэхэд их сайндаа л төр одон медалиар шагнаад өнгөр­дөг. Гэвч энэ бол мэдлэгийн эдийн зас­гийг дэмжсэн бодит дэмж­лэг биш ээ гэдгийг эрдэмтэд инновацийн чуулга уулзалтын үеэр ярьж байсан юм.

Яг үнэндээ бол Тавантолгой, Оюутол­гойг ашгийг хэзээ, хэн хүртэх вэ гэсэн улстөржилт л өрнөж байгаа нь энгийн иргэдэд ч ойлгомжтой бол­сон. Үүний цаана хэдэн арван тэрбум доллар яригдаж буй гэдэг нь нэгэнтээ тодорхой.

Үнэндээ Тавантолгойг “Готов нь авна уу, Шадав нь авна уу” хамаагүй. Гол нь страте­гийн томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах ил хүслийн ард мэдлэгийн эдийн засгийг дэмжих, мэдлэгийг үйлдвэр­лэл болгоход анхаа­­рах ёстой болов уу. Уул уур­хайгаа ч, уураг тархиа ч ухаж баяжъя.

Уул уурхайгаас гарч байгаа баялгаа угааж, баяжуу­лж, боловсруулах чадалтай үйлдвэржсэн Монгол болоход уураг тархиа ашиглаж яагаад болох­гүй гэж. Монголчууд алтаа ч, тархиа ч адил­хан экспорт­лох цаг болсон биш үү.

Ж.ЭРХЭС

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх: Одоогийн үнэлгээ: