Английн “Тарзан” нэртэй кино филмд Африкийн ой шугуйд нялхдаа сармагчингуудад хулгайлагдаж тэдний дунд идэр залуу болтлоо өсөж өндийсөн залуугийн тухай өгүүлдэг. Тарзан залууг сүүлд Английн судлаачид Африкийн шугуйгаар явж байгаад олж уулзаж сонин учрал болдог. Судлаачидын нэг болох эрдэмтэй өвгөн Тарзаныг буцаагаад Англи оронд аваачихын тулд бага ч үгүй Англи хэл зааж мэндлэх хүндлэх ёсноос авахуулаад аяга тавгаар хэрхэн хоол идэх тухай бүхий л соёлт нийгмийн дүрэм зарчмуудад сургадаг.

Үүний дараа Англи оронд аваачдаг. Гэтэл Тарзан залуу нийгмийн өндөр шаардлагуудыг давахгүй эцэргүүцэж уурлаж болхи бүдүүлэг амьдрал руугаа санагалзсан хэдий ч түүнийг бас ч үгүй тогтоож чаддаг. Гэтэл гай болж Тарзан нэгэн зоопаркийн сармагчингуудтай очоод уулзчихсан байдаг. Тэр сармагчингуудаа таньж сүйд майд болж нэгэн хэл нэгэн сэтгэлээр харьцаж ёстой л жаргадаг. Жаргалтай түүнийг харсан Тарзаны ойр хавийн хүмүүс түүнийг буцааж Африк руу явуулахаас даа гэсэн шийд гаргадаг. Үнэхээр ч Тарзан залуу Африк нутаг руугаа явдаг.

Энэ жишээнээс харахад ерөөсөө гадаад оронд суралцахаар очсон хүмүүс тухайн орны хүнтэй л нөхөрлөж суралцах чухал болохоос хоорондоо уулзаж эх хэлээрээ яриад сэтгэлээ сул тавиад нутгийн дуугаа дуулаад байвал юу ч сурч чадахгүй ёстой л Тарзаны үлгэр болно шүү, үүнийг залууст цаашид захих хэрэгтэй.

Яагаад би энд Тарзаныг зориуд жишээ болгон бичиж буй вэ гэхээр дэвшилтэт соёлт нийгэмд очсон хүн мэдээж хэцүү. Тухайн ард түмний өндөр мэдлэг боловсролд суралцаж тэр л олон дүрэм зарчмуудад суралцах тийм ч амаргүй. Тухайн орны л хүмүүстэй уулзаж тэр л орны хэлийг хурдан хугацаанд маш сайн сурч хамгийн түрүүнд тухайн хэлээр ном чөлөөтэй уншиж чаддаг болох хэрэгтэй. Тэгээгүй цагт сурлага амжилтгүй хоосон цээжлэх мөн нутагтаа байдаг шигээ л аргалахыг л оролдож эхэлнэ.

Өндөр соёлт нийгэмд очсон хойноо битгий өөрийнхөө нутаг нэгтнүүдтэйгээ зууралдаад байгаарай гэдэг чухал шүү. Тэгвэл хөгжихгүй буцаад нутгаа санаад эхэлнэ. Хэрвээ дээрх кино филмийн Тарзан тэр зоопаркийн сармагчингуудтай уулзаагүй бол яах ч байсан юм билээ. Магад тийм хурдан Африк руугаа буцахгүй ч байсан ч юм билүү.