-Ухаантай төр байсан бол хогны уутны халамжийг тас зогсоогоод, оронд нь хогны машин худалдаж авах байсан биз ээ-


Том төрөөс ухаалаг төр рүү шилжих явц их удаан байна. Төрийг ухаалаг болгохыг хувийн хэвшлийнхэн хоёр гараа өргөн дэмжиж байгаа бол төрийнхөнд энэ процессийг удаашруулах сонирхол багагүй байх шиг. 

“Төрийн албан хаагчид хөөрхий, цалин багатай хүмүүс шүү дээ” гэдэг үгийг ТОСК-ийн дарга амнаасаа унагасан байна лээ. Тийм учраас Буянт-Ухаагийн хямдхан орон сууцанд голдуу төрийн албан хаагчид орох юм гэсэн. Гэтэл тэр цалин багатай гээд байгаа нөхдүүд нь онгцоор нисэхдээ экономик ангиллыг тоохоо больсон сурагтай. 

Өмнө нь МИАТ-ийн бизнес ангиллаар  бизнесийнхэн, гадаадынхан голдуу  үйлчлүүлдэг  байсан бол сүүлийн жилүүдэд Монголын төрийн албанд ажилладаг хурган дарга нар зорчдог болжээ. Төрийн албан хаагчид цалин багатай нь үнэн, үнэн. Сарын 600 мянган төгрөгийн дундаж цалинтай тэд баян байх учиргүй. Гэхдээ баян бизнесээс илүү тансаг хэрэглээтэй дарга нарын түрийвчнээс гарч байгаа мөнгө улсынх болохоор тэд дээд зэрэглэлээр үйлчлүүлэхээс өөрөөр яах билээ. “Улсын мөнгө ёо гэдэггүй нь сайхан” гэж Баабар хэлсэн шүү дээ.

Төрийн өмчит үйлдвэрийн газрууд, яам, тамгын газрын  үүдэнд сүүлийн үеийн үнэтэй ганган машинууд дүүрэн байдаг болж. Зарим яам өөрсдийнхөө дарга нарын ганган хүлгүүдээс өөр машин орохыг хүртэл хориглочихсон байдаг. Баян хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү хамаагүй гэгчээр өөрийнхөө алтан сайхан мөнгөөр худалдаж авсан бол хамаа байж уу.  Даанч татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж байгаа шүү гэж бодохоор л гол горойгоод байдаг юм.  Тэдний унадаг жипнүүдийн мөнгө, төмөр хүлгүүдийнх нь идэш, уушийг татвар төлөгчид төлж байгаа шүү дээ.

Чингэлтэй дүүргийн ИТХ-д сонгогдсон 35 хүний ажлын хэрэгцээнд зориулж, 30 сая төгрөгөөр мини iPad  авч өгөхөөр болсон байна.  Сүүлийн үеийн, үнэтэй iPad авч өгөхгүй бол том төрийн том дарга нарын хэрэгцээ “хямдхан” харагдаад байгаа юм байх. Цаашлаад нийслэлийн бусад найман дүүргийн төлөөлөгчид, аймаг, сум орон нутгийнхны хэрэгцээнд гуч, гучин саяыг зарцуулаад байвал төсөв тэсэхгүй шүү дээ.  

Монголын төр мөнгөгүй гэдэг. Гэвч үнэгүй уут үйлдвэрлэх  болохоороо гурав, дөрвөн тэрбумыг хотойхгүй цацаж байх жишээний. “Үнэгүй хогны уут хэрэггүй,  өөрсдөө дэлгүүрээс зуугийн уут аваад хийчихье” гэж нийслэлчүүд гуйгаад байхад хүчээр гэрт авчирч өгөөд байгаа гоё нэртэй ногоон уутыг том төрийн тансаглал гэх үү,  ядуу төрийн халамж гэх үү. Яг үнэндээ ядуу хүний хүүхэд, нохой хоёр эрх гэгчээр мөнгөгүйгээ мэдэхгүй Монголын төрийн өгөөмрийг яана. Халамжийн мөнгө төсвөөс гарч байгаа болохоор сайхан юм даа гэж. Түүнээс хахсан баян ч ийм зүйлд хөрөнгө оруулалт хийхгүй нь лавтай.

Ногоон уутыг үнэгүй тараалаа гээд хог дээр хог болсон уу гэхээс нийслэлийн өнгө төрх сайжирчихсан юм алга. Одоо бүр бариултай болгохын тулд гурван тэрбум дээр 1.5 тэрбумыг нэмэхээр ярилцаж байгаа гэх. Ухаантай төр байсан бол энэ тэнэг халамжийн үйлчилгээг тас зогсоогоод оронд нь хогны машин худалдаж авах байсан биз. Энэ бүгд дээр нэмбэл, эдийн засгийн ямар ч үр ашиггүй “Шинэ сум” төсөл байна.

Монгол Улс “Шинэ сум” төсөл хэрэгжүүлэхээр болж, эхний ээлжийн хоёр суманд 20 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байгаа. Тэгвэл энэ жил 16 сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэг, сумын захиргаа, улаан булан зэргийг Канад стандартын модон байшингаар барихад 80 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгасан байгаа. 

Ухаалаг төр байсан бол энэ мөнгийг эдийн засгийн үр ашигтай төсөлд зарцуулах байсан байлгүй. Даанч манай төр том. Том төр тансаг байхаас яах вэ. Тансаг хэрэглээтэй Монголын иргэд нь харин ядуу юм даа.

ӨМНӨХ НИЙТЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ. 

Ж.НЯМСҮРЭН