Мэхлэгдсэн олон нийт

Оны өмнөхөн Тавантолгойн менежментийн хувьчлалын дүн гарч, "Энержи ресурс", "Сумитомо", "Шенхуа" компаниудын хамсал шалгарсан. Энэ мэдээг дагалдаад олон жил ТТ-гоос ашиг хүлээсэн ард түмнийг тайтгаруулах мэдээллүүд цацагдаж байлаа. Эргэн сануулахад:

"Энержи ресурс", "Сумитомо", "Шенхуа" компаниудын хамсал гэрээ хийсний дараачаас эхлэн компанийн болон улсын роялти төлбөр төлнө. Мөн

- Татварын урьдчилгаа төлбөр төлнө. (300-500 сая ам.доллар)
- "Эрдэнэс Тавантолгой"-ын "Чалко"-д төлөх өрийг төлнө
- "Эрдэнэс Тавантолгой" компанийн ашиг, орлого сайжирснаар монголчуудын эзэмшиж буй 1072 ширхэг хувьцаа биеллээ олох зэрэг хэд хэдэн нааштай үр дүнг хүлээж байна. (эх сурвалж medee.mn/main.php?eid=57833)

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт: Тавантолгойн нүүрсний ордын тусгай зевшөөрөл 100 хувь төрийн мэдэлд бий. Тавантолгойн ордын эл боломжийг ашиглаад их хэмжээний урьдчилгааг гурван төрлийн төлбөрөөс босгох боломжтой юм. (эх сурвалж mobile.inet.mn/shortArticle/?xx3ki28/19129)

Дээрх мэдээллүүдээс олон нийт тендерт ялагч нь 500 сая төгрөгөөс доошгүй урьдчилгаа төлбөр Засгийн газарт өгч, валютын хомсдолд орсон монголын эдийн засаг түр ч болов амьсгаа авах нь гэсэн хүлээлттэй байсан. Сайд М.Энхсайхан: - Эрдэнэс Тавантолгой" компани төрийн нэрийн өмнөөс лицензийг барьж байгаагийн хувьд оператороор ажиллаж байгаа консорциум бидэнд төлбөр төлнө. Тэр төлбөр нь одоогоор яригдаж байгаагаар бол ашигт малтмалын роялти төлбөрийн 40 хувь гэж байгаа. Энэ хэмжээгээр төлбөр төлөхөд бэлэн байна гэдгийг консорциумын зүгээс мэдэгдэж байгаа. Тэгэхээр "Эрдэнэс Тавантолгой" компанийн роялти гэхээр хэллэг нь арай л болохгүй байгаа. Магадгүй Монголын төрийн өмчийг түрээсэлж байгаа гэдэг утгаараа түрээсийн төлбөр ч гэж нэрлэж болох байх. Гэхдээ энэ тоонууд нь хэлэлцээр эхлэх анхны тоонууд. Хэлэлцээрийн ширээний ард эцэслэн шийднэ" гэх зэргээр ярьж байснаа мартаад тийм төлбөрийн тухай анхнаасаа яриагүй гэж мэлзэж байна.‬‬‬


М.Энхсайханы УИХ дахь Ардчилсан намын бүлгийн асуулгад өгсөн хариултыг харцгаая. 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр М.Энхсайханы ирүүлсэн албан бичигт энэ талаар: "Асуулгын 2.3-т "Гэрээний урьдчилгаа болох 500 сая ам.доллар юуны төлбөр болох, буцаан төлөгдөх эсэх, ямар нөхцөлтэй авч байгаа" талаар дурджээ. Юуны өмнө хэлэхэд консорциумын зүгээс 500 сая ам.доллар төлнө гэх санал ирүүлээгүй" гээд палхийтэл бичжээ. Үүгээр монголчууд амаараа шороо үмхтлээ хулхидуулснаа албан ёсоор, анх удаа мэдэж авав. С.Баярцогт гэрээ зурагдсны төлбөр гэж юмыг Засгийн газар авах талаар хэвлэлээр мэдээлж байсан. Гэтэл М.Энхсайхан "Асуулгын 2.12-т гэрээ зурагдсны төлбөр төлөх талаар дурджээ. Гэрээ зурагдсны төлбөр төлөх асуудал уралдаант шалгаруулалтын нөхцөл болоогүй, тэднээс ийм санал ирүүлээгүй болно" хэмээн мэдэгдэв. Эндээс консорциумыг дэмжигч улс төрчид, хэвлэлийнхэн болон тендерт ялагч, ялуулагч нартайгаа үгсэн хуйвалдах замаар олон нийтийг санаатайгаар төөрөгдүүлэх, мэхлэх ажиллагааг өргөн хүрээтэй зохион байгуулалттай хийсэн гэж ойлгогдохоор байдал үүсэд байгаа юм. Тендерийн болзолд заагдаагүй, консорциумын амлаагүй мөнгөнүүдийг хэн хаанаас гаргаж ирж хэвлэлээр тараав гэдгийг тодруулах шаардлага ч үүснэ.

М.Энхсайхан болон консорциумын зүгээс хэвлэлээр л шуугиулж, олон нийтийн дэмжлэгийг татах, хууран мэхлэх ажлыг өнөөг хүртэл хийж ирснээс бус урьдчилгаа төлбөр төлөх талаар бодохыг ч хүсээгүй нь тодорхой байна. Тэд анхнаасаа урьдчилгаа төлбөр төлөхгүй гэсэн бодолтой байсан бол тухайн үеийн хэвлэлийн мэдээллийг залруулах, үгүйсгэх зэргээр шудрага хандах учиртай. Эхний мэхлэлт энэ байв. Асуулгын хариуг үргэлжлүүлэн уншваас бүр олон мэхлэлт хийгдснийг мэдэж болно.

Бусад мэхлэлтүүд

Гуравдагч хөршийн оролцоог хангаж байгаа тухай яриа нь хоосон байсныг М.Энхсайхан нотоллоо. Тэрээр "Сумитомо"

1

корпораци нь БНХАУ-ын далайн эргийн боомтоос япон, солонгос, тайван, энэтхэг зэрэг гуравдагч зах зээлд борлуулах ажлыг л зохион байгуулна" гэж тодорхой бисэн байна. Тэгэхээр ТТ-н нүүрсийг далайн эрэг хүртэл зөөх юм шиг ойлголт гарч байгаа биз. Үгүй энэ бол мэхлэлт. Яагаад гэвэл одоо хятадын хил хүртэл тээвэрлэхэд өртөг өсөөд, алдагдалд ороод байгаа гэж гоншигнож байгаа хүмүүс 30 дахин урт зам туулж далайн эрэг хүргэхээр алдагдал талийж өгөх учиртай. Энд ямар мэх нуугдаж байна гэхээр Сумитомог холхон барьж, хятадын далайн эрэг орчмын нүүрсний борлуулалтаас хувь хүртээх замаар амыг барьж байна. Сумитомо Тавантолгойн тоглоомоос үндсэндээ шахагдаж гарсны шинж тэмдэг энэ юм.

Асуулгын хариуг тогтож уншвал ТТ-н менежментийн хувьчлал гэдэг нь бүхэлдээ Энержи ресурс-ММС гэж монголд бус оффшор бүст бүртгэлтэй, Хонконгийн бирж дээр хувьцаагаа зардаг хятадууд голлосон компанийн хугацаа хэтэрсэн 1,2 тэрбум долларын өрийг дарахад Тавантолгойн ордыг бүтэн дайчлахад л чиглэгдэж байгааг олж харна. Үүнийг С.Энхсайханы дараах хариултууд нотлох юм. "Асуулгын 2.2-т "Тавантолгойн төслийн хөрөнгө оруулалт 4 тэрбум ам.доллар ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийгдэх, хөрөнгө оруулалттай холбоотой нарийвчилсан тооцоо хийгдсэн эсэх, энэ дүнд төслийн шаардлагатай бүх бүтээн байгуулалтууд багтсан эсэх, хөрөнгө оруулатын өгөөж ямар байгаа" мөн асуулгын 2.6-д "шалгарсан түншлэлээс хөрөнгө оруулалт хийх хэмжээ, хугацаа, хэлбэр нь ямар байх" талаар заажээ. ... консорциумаас тус төсөл нийт 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх саналыг ирүүлсэн бөгөөд 1 тэрбум ам.доллар нь Энержи ресурс ХХК-ийн Ухаа худаг аж үйлдвэрт оруулсан бодит хөрөнгө оруулалт байх ба нэмж 3 хүртэл л тэрбум ам.долларын хөрөнгө оруулна. Эдгээр хөрөнгө оруулалтын үр дүнд Тавантолгойн ордоос жилд 30 сая тонн нүүрс олборлох, угааж баяжуулах үйлдвэр, төмөр зам, цахилгаан болон усан хангамж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын хамтаар бий болгоно" Тодруулга хийхэд Ухаа худгийн нүүрсний цогцолборт 500 сая долларын хөрөнгө оруулалт хийгдсэн гэсэн мэдээлэл тарсан. Хэдийдээ 2 дахин өсчихөв. Биржийн үнэлгээ нь маш их унаснаар тооцвол 500 сая доллараас ч доошоо үнэлгээтэй болсон байх учиртай.

Өөрөөр хэлбэл Энержи ресурс өрөнд барьцаалагдсан нүүрс угаах үйлдвэр, нүүрсний цогцолбороо хөрөнгө оруулалт нэрээр өндөр үнэлэн шахах үйл явц эндээс харагдаж байна. Эндээс Энержи ресурс 1,2 тэрбум долларын хугацаа хэтэрсэн өрөө консорциумын бусад оролцогчоор даруулаад оронд нь Ухаа худгаа өгөх, эсвэл тэдний 1,2 тэрбумын өр Тавантолгойд тэр чигтээ шилжиж ирэх гэсэн хоёрхон л шийдэл бий. Мэдээж УИХ сүүлийн хувилбарыг зөвшөөрөхгүй. Тэгэхээр Шенхуад Ухаа худгаа зарах замаар өрөө таглах гэж байгаа гэх таамаглал үнэн болж таарна. Үр дүнд нь монголын талын оролцоо гэх юм Тавантолгойд байхгүйтэй адил болох юм. Тэгээд ч УИХ-ын дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа Энержи ресурс-ММС компани монголын аж ахуйн нэгж биш болохыг тодорхой хэллээ. УИХ-ын дарга З.Энхболд: , "Энержи ресурс"-ийг би зуун хувь үндэсний компани гэж харахгүй байгаа. Энэ бол оффшор бүст бүртгэлтэй "ММС" гэж Хонгконгийн биржид гарсан компанийн 45 хувийн хувьцааг нь л "MCS" авсан. Энэ компани нүүрсний үнийг үргэлж өндөр, 200-300 доллар байна гэдэг тооцоогоор их хэмжээний зээл аваад одоо зээлээ төлж чадахгүй яваа. Ийм тохиолдолд том Тавантолгойг өгөх нь тэр компанийн өрийг төлөхөд хэрэгтэй болохоос Монголын нүүрсийг боломжийн үнээр борлуулах сайн партнёр болж чадахгүй.


Энэ бол Үндэсний компанийн оролцоог хангах гэсэн заалтыг зөрчиж, монголчуудыг хулхидсан гуравдахь том мэхлэлт нь юм. Анх тендер шалгаруулсан хүмүүс нь ММС - г хаана бүртгэлтэйг анзаарч хараагүй, эсвэл тоогоогүй бололтой. Монгол хүн гүйцэтгэх захирал нь байлаа гээд Үндэсний компани болчихдоггүйг тендер хүлээн авсан хүмүүс эрхбиш мэдэж байсан л байх учиртай.

Дараагийн хамгийн увайгүй, олон нийтэд хамгийн хамаатай мэхлэлт нь ард түмэнд өгсөн гэх 1072 хувьцааны үнэлгээ, ногдол ашгийн асуудал байлаа. 2012 оны засгийн газрын тогтоолоор Таван толгойн ордыг эзэмшигч "Эрдэнэс Таван Толгой" компаниас иргэн бүрт 1072 ширхэг хувьцааг үнэгүй эзэмшүүлсэн. Тендерийн дүн гарсны дараах үеийн мэдээллүүд "Эрдэнэс Тавантолгой" компанийн ашиг, орлого сайжирснаар монголчуудын эзэмшиж буй 1072 ширхэг хувьцаа биеллээ олно" гэж сурталчлаад, монголчууд ч "ингэж нэг 1072 хувьцаа минь амь орлоо" гэцгээж байсан. Гэтэл М.Энхсайхан: -‪ 1072 хувьцаа бол Монгол Улсын Засгийн газрын асуудал.‬‬ Яагаад гэвэл энэ орд бол Монгол Улсын төрийн өмч. Үүнээс Монголын ард түмэн хувьцаагаар эзэмших эрхтэй болчихсон байгаа. Ямар үнийн дүнтэйгээр, хэрхэн яаж гаргах вэ гэдэг асуудлыг хэлэлцээрийн ширээний ард шийднэ хэмээн бөөрөнхийлөв. Тэрээр "... тус ордыг бусдын өмчлөлд шилжүүлээгүй, төрийн зүгээс хөрөнгө оруулагчтай хамтран ямар нэг хувь нийлүүлсэн байгуулахгүйгээр, төлбөртэйгээр Баруун болон Зүүн Цанхид үйл ажиллагаа явуулах тул нийт ордын үнэлгээний асуудал энэхүү хэлцэлд хамааралгүй гэж үзэж байна" гэсэн хариуг Ардчилсан намын бүлэгт өгснөөрөө 1072 хувьцаа консорциумд ямар ч хамаагүй, тэрийгээ Засгийн газар л хариуц гэж хоёрдмол утгагүйгээр хэлж байна.

УИХ-ын даргын онцгой анхааруулж байгаа зүйл бол олборлогчийн мэдэлд төмөр зам байгаа нөхцөлд өрсөлдөөнийг хааж бусад нүүрс олборлогчдод дарамт учруулах эрсдэл юм. "Тавантолгойгоос хил хүртэлх автозамыг "Энержи ресурс" бариад өөрийнхөө машиныг үнэгүй явуулж, бусдын машинд өндөр тариф тогтоосон учраас арга ядаад төр худалдаж авдаг шиг л юм болно. Одоо бүх машин төлбөрөө төлөөд явдаг болсон. Төмөр зам тэдний мэдэлд орвол өөрийнхөө барааг үнэгүй явуулаад бусдын тээврийг явуулдаггүй, явууллаа ч өндөр тариф тогтоох болно. Австралид "BHP" компани ганцаараа монополь төмөр зам тавьчихаад бусад компаниа явуулахгүй хорь гучин жил заргалдаад засаг нь дийлэхгүй, арга ядаад хажуугаар нь дахиж шинээр төмөр зам тавьсан байгаа юм" гэж анхааруулсныг харгалзахгүй гэрээ байгуулагдвал нөхөж баршгүй хохиролыг монголын уул уурхайд учруулахаар болжээ.

Сүүлчийн мэхлэлт - "1" л хамгийн зөв зам

УИХ-ын дарга "... одоогийн Энхсайханы ярьж яваа хэлбэрээр гэрээ байгуулахыг УИХ зөвшөөрөхгүй гэдэгт би итгэлтэй байна. Хууль баталдаг хүмүүс хуулиа зөрчихгүй шүү дээ. Ард түмний Тавантолгой ард түмэндээ хамгийн ашигтай хувилбараар л явах ёстой" гэж хэлсэнтэй зэрэгцэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тавантолгойн ордыг ашиглах эсэхээ ард түмнээсээ асууна болоод явчихав. Яг асуудаг дээрээ тулахаар Тавантолгойг Оюунтолгойн ард нуусан байдлаар асуулт зохиож түмэнд илгээв. Асуулт дараах байдалтайгаар таржээ: "1"-ийг сонгох бол Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдээ хэрэгжүүлэх зам, "2"-ыг сонговол хэрэглээгээ танах зам.

Санал асуулга явуулдаг нийтлэг журмаар бол эсрэгцсэн хоёр зүйлийг бус нэг зүйлийг дэмжих үгүйг л асуудаг. Мессэж, онлайн асуулга бол хууль зүйн чадамжгүй. Яг сонгууль явуулах гэж байгаа шиг нууцлалтай, битүүмжлэлтэй, хяналттай орчныг бүрдүүлж асуулгыг явуулдаг юм. Хэрэглээгээ танах уу, ОТ болон бусад төслийг хэрэгжүүлэх үү гэдэг нь тэнэг хүн ч хариултыг нь өгөх сонголтыг тулгаад ард нь ТТ-гоо нууж байгаа хурган заль юм. УИХ-аас М.Энхсайхан тэргүүтний хийсэн гэрээг батлахгүй болоод ирмэгц ард түмэн ТТ-н гэрээг батлаж байна гэх тулгалт хийж гэрээгээ батлуулах гэсэн арга юм уу даа. Нэгмөсөн "Тавантолгойн 4 хувь дээр менежмент хийж чадаагүй өрөнд баригдсан компанид 96 хувийнхаа менежментийг хариуцуулах уу?" -тийм, үгүй гэсэн сонголттойгоор асуулга явуулчих хэрэгтэй байх.

ТТ-г тойрсон эдгээр мэхлэлтүүдийг хараад байх тусам монгол улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт оролцох үедээ зарласан "нүүрсчин бүлэг" монголын улс төрд бодитойгоор оршиж, ТТ-н баялгийг гартаа оруулах, орлогод нь хяналтаа тогтоох санаархлаа олон нийтийг мэхлэх замаар хэрэгжүүлсээр байгаа нь харагдна.

Мэхт мэхэндээ болох вий дээ. Монголоор дүүрэн тэнэг хүмүүс байхгүй гэдэгт би лав итгэж байна.

Эх сурвалж: "Үндэсний тойм" сэтгүүл