Хүний амьдрал гэдэг тэр чигээрээ тэмцэл, бас түүх намтар байдаг. Бүхий л насаараа Монголын цагдаад алба хашсан, хошууч Х.Отгонбямбаа анх ардчилсан хувьсгалын төлөө жагсаж, С.Зоригийн хэрэгт сэжигтнээр татагдан, Ганц худагт хүртэл хоригдож байсан юм
.

-Та Монголын нэгдсэн хөдөлгөөнийг удирдан Ялалтын талбай дээр жагсаал, цуглаан зохион байгуулдаг байсан. Сүүлийн яагаад чимээгүй болчихов. Нууц биш бол хаана, юу хийж байна?
-Хөдөлгөөнийхөн дуугаа хориулаагүй. Шаардлага гаргаж, олны санаа бодлыг илэрхийлсэн олон ажил зохион байгуулдаг нь хэвээрээ байгаа. Гэхдээ жагсдаг, цугладаг нөхдийн маань хүч сүүлийн үед жаахан тарамдсан. Өвгөчүүл нь бурхан болж, залуучууд нь тоохоо больсон. Монголын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Д.Бошигт, Б.Базарсүрэн, Д.Доржзовд, Л.Өлзийбат бид голлон зохион байгуулж ирсэн.
-Жагсаал, цуглаанаа хийгээд ард түмэндээ үгээ хэлье гэхээр яагаад цуглах хүн цөөрчихдөг билээ. Харин ч та нарын үе шар зангиатай залуусаар эгнээгээ тэлсэн биш үү?
-Жагсаал болдог, Сүхбаатарын талбай руу очьё гээд хөдлөхөөр “Тэгье, тэгье” гэж гарчихаад замдаа өөр замаар аваад явчих жишээтэй, ингээд цөөхүүлээ үлддэг. Ер нь иймэрхүү ажиллагаа ихээхэн явагддаг болсон. Сүүлийн үед жагсаал, цуглаан өргөжиж, олуулаа болох нь уу гэтэл тийм биш юм. Тухайлбал, МоАХ-ны архивын эрхлэгч байсан Г.Баасан болон Ж.Батзандан, О.Магнай нар Сүхбаатарын талбайд өдөр шөнөгүй түмпэн нүдэж, нийслэлийнхний амгалан тайван байдлыг алдагдуулдаг байсан. Хамтраад жагсч, цуглая гэхээр нэгддэггүй, дуу чангаруулагчийг нь аваад ард түмэнд үгээ хэлье гэхээр өгдөггүй, нуучихна. Тэдний үйл ажиллагааг ажиглахад, эх оронч, дайчин шударга ард түмний жагсаал, цуглаан биш. Төлбөртэй жагсч, тэмцдэг болсон байна. Ард нь байгаа захиалагч, ивээн тэтгэгч нь ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Бидний үед хэрчим талх эргүүлэх байтугай, гэр бүл, үр хүүхдээ орхиод ажлынхаа чөлөө заваар, бор зүрхээрээ жагсч, тэмцдэг байлаа.Олны түрхрээн, уур бухимдал галдах, шатаах, буудах тухай уриа, лоозон тавина. Тиймээс өөрийн биеэр 24 цаг дэргэд нь байж хардаг байлаа. Би 17 настайгаасаа цагдаагийн албанд ажилласан болохоор Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн цагдаагийн алба, хэв журмын тасагтай холбоотой ажиллаж, сөрөг үр дагавараас сэргийлж байсан. Хэдийгээр жагсагчид буу шийдэм, хутга мэсгүй ч уур бухимдал юунд ч хүргэж болзошгүй гэдгийг холбогдох байгууллагуудад анхааруулдаг байсан.
-Сүүлийн үед жагсаал, цуглаан ширүүссэн. Тухайлбал, долоодугаар сарын нэгний үймээн галдан шатаалт, дээрэм, хулгай, хүний амь нас эрсдүүлсэн сөрөг үр дагавар авчирсныг та хэрхэн дүгнэж байна. Тэр үеэр хаана байв?
- 2008 оны долоодугаар сарын нэгэнд эх орон, ард түмний төлөө гэсэн тодорхой зорилготой жагсаал, цуглаан болоогүй. Өс хонзонгийн улмаас жагсаал цуглаан явагдсан. Би тэр өдөр Нисэхээс хот орж ирээд буцсан юм. Тэр үеэр Ялалтын талбай орж, СЕХ-ны нарийн бичгийн дарга нартай уулзаад “40 мянгатын эмийн сангийн хавиар Ж.Батзандан, О.Магнай нарын шар бүчтэй хүмүүсийн жагсаал цуглаан үргэлжилж, Сүхбаатарын талбай руу явж байна. Янз бүрийн үйл ажиллагаа явагдах вий, телевиз болон намын байр руу дайрдаг. Өмнө нь МАХН-ын байр руу дайрч 21 сая төгрөгийн хохирол учруулахад ард түмэн хохирч, энэ нөхөд ял завшсан. Тэрнээс илүү юм болох вий, та нар анхааралдаа ав” гэж хэлээд Сонсголонгийн автобусанд суугаад явсан юм. Гэтэл тэр өдөр үймээн болсон байгаа юм.
-Нэгний үймээнийг хэн удирдан зохион байгуулсан гэж бодож байна?
-МоАХ-ны анхны илтгэлийг уншиж байсан гавъяат жүжигчин Д.Сосорбарам, Ц.Элбэгдорж, “Женко” Х.Баттулга нар тусгай газар уулзаж, жагсаал, цуглааныг удирдаад тараах бүү хэл өдөөн турхирах, хатгах үйл ажиллагаа явуулсанаар маш ноцтой, хүн амины гэмт хэрэг гарсан.
-МоАХ-ны анхны жагсаал, цуглаанд оролцож байв уу?
-Ялалтын талбай дээр жагсч цуглаж байхад тэд тусдаа жагсдаг байсан юм. Д.Дорлигжав, Э.Бат-Үүл нар ирээд бүх юм тарамдаад явчихдаг. Тракторын жагсаал болоход Э.Бат-Үүл баахан хүн дагуулж ирээд архидуулаад явуулчихдаг, хүнд байсан.
-С.Зориг агсаны амь насыг хохироосон хэргийн талаар та юу мэдэх вэ?
-Баримттай зүйлүүдийг л хэлье. С.Зориг агсан УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан тэр үед Ц.Элбэгдорж ерөнхий сайд байсан. Хоёр хоногийн дараа С.Зоригийг ерөнхий сайдаар томилох шийдвэр гарчихсан байх үед бусдын гарт амиа алдсан. Өөрөөр хэлбэл, томилгоо хийхээс хоёрхон хоногийн өмнө амь насыг нь хөнөөсөн байгаа юм. Учир битүүлэг байдлаар амийг нь хөнөөсөн энэ хэрэг анхаарал татдаг. Эхнэр Н.Булган нь хажууд нь байж л байсан. Тэгээд угаалгын өрөөнд гутлын үдээсээр гарынхаа эрхий хурууг уяулчихаад аллага болж байхад тэрийг мэддэггүй, сонсдоггүй хүний хань гэж хаа байхав дээ. Талийгаач өнгөрчихөөд байхад ул мөрөн дээр нь арав гаруй хүн орж ирсэн байдаг. Цагдаагийн дарга, гавъяат хуульч, хурандаа Д.Мөрөн тэргүүтэй, Ша.Батбаяр, Э.Бат-Үүл нарын арваад хүн шарил дээгүүр нь харайж гүйж байсан. Энэ хэргийг шалгахаар мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Алтангэрэл томилогдоод бүх материалыг цуглуулж байтал шүүх магадлалын баримтууд хэрэг болсон. Гэтэл Эрүүл мэндийн сайд асан Ша.Батбаяр бүх баримтыг үндсээр нь устгасан. Одоо хэргийн талаарх шүүх магадлалын бичиг, баримт байхгүй. Гэхдээ ард иргэд, хэргийн эзэн дотроо байна, жинхэнэ гүйцэтгэгч нь байхгүй, 100 сая төгрөг өгнө гэж амлаад л цааш харуулсан. Одоо захиалагчид нь саарал ордноор дүүрэн байна гэж хэлдэг. Амьд гэрч Н.Булган, Э.Бат-Үүл байж л байна. Тэднийг яагаад барьдаггүй юм бэ. Хэрэг гарсаны дагуу цагдаагийнхан С.Зориг агсаны гэрт үзлэг хийхэд Э.Бат-Үүлийн малгай, бугуйн цаг гарсан ч мөрдөн байцаалтын явцад алга болчихсон. Тэр бүү хэл хогийнх нь саван дотор талийгаачийн зангиа эвхээтэй байж байсан. Мөн л хэргийг шалгах явцад алга болсон. Хүмүүс ярихдаа өмнө нь Д.Төмөр-Очир агсаныг Дарханд цус гаргалгүй алсан учир битүүлэг хэрэг гарч байсан. С.Зоригийн хэрэг ч бас тэрний араас орлоо гэж яриад байдаг. Гэтэл тийм биш, С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийн бүх гэрч байна. Харин хуулийнхан ажиллахгүй айгаад байгаа юм.
-Хуулийнхан ажиллахгүй байна гэж дүгнэх ямар үндэслэл байна. Яагаад айж байна гэж?

-Тэд ардчиллын нэр барьж гарчихаад НАХЯ-ыг Ардын хянан шалгах хороотой нь хамт үндсээр нь устгасан. Хэрэв устгаагүй байсан бол Монгол оронд ДОХ гэдэг өвчин ч орж ирэхгүй байсан. Хамгийн чухал байгууллагуудыг устгаж, гэмт хэргээ баллах, ул мөрөө далдлах гэсэн алсын бодлоготой юм хийсэн улс даа.
-Таныг С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан барьж хорьсон гэлцдэг. Зарим нь жагсаал, цуглаанаас үүдэн баривчлагдсан гэж ярьдаг. Аль нь бодитой вэ?
-Жагсаал, цуглаан зохион байгуулж байхдаа саарал ордны хойд талын хаалган дээр цагаан хоолойгоо барьж очоод Р.Гончигдорж, М.Энхсайхан, Э.Бат-Үүл нараас “УИХ, Засгийн газар огцрох уу. Та нар үгээ хэлээч, ард түмэнд” гэж асуудаг байлаа. Тэд зугатаад алга болчихно. Иймэрхүү юмнаас үүдэн намайг 1998 оны аравдугаар сард оройн цагаар Ялалтын талбай дахь штабаас цагдаагийнхан ямар ч баримт, үндэслэлгүй, прокурорын зөвшөөрөлгүй баривчилсан юм. Юуны ч туханд хүрэлгүй гавлах гэхээр нь “Би гавлуулах хэрэг хийгээгүй. Жагсаал, цуглаан, миний улс төрийн ажилд холбогдолгүй юм бол үндэслэлээ хэл, прокурорын зөвшөөрөл авчир” гэж шаардсан. Тухайн үед Ялалтын талбайн цаад талд цагдаа, тагнуулын машин хөлхөлдөж байсан. Ингээд “Ганц худаг”-т сар шахам хугацаанд хорихдоо С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр гурван удаа байцаасан.Би тэдэнд “Хүнээ олж ярь, үхрээ олж мөөр. Та нар алсан биз дээ, хоёрдугаарт та нар хамгаалж чадаагүй шүү дээ” гэж хэлсэн. Мөрдөн байцаах явцад буу, шийдмээр айлгаж, дарамт шахалт үзүүлдэг. Сүүлчийн байцаалтад “Таныг авч явна. Н.Булгантай нүүрэлдүүлнэ” гээд захиалгат камерт тахал хулгайч, шоронгийн атаман, бууны нохойнуудтай хамт хорьсон. Тэд надаас “Та яагаад тэр сайхан хүнийг алчихав?” гэж асууж байсан юм. Яагаад тэдэнд мэдээлэл оччихсон байна вэ, мэдээлэл очоогүй бол юу гэж тэгж асуух вэ дээ гэдэг нь анхаарал татсан учраас би захиалгат камерт орсоноо мэдсэн. Н.Булгантай нүүрэлдүүлнэ гэж Нийслэлийн цагдаа дээр авчирчихаад “Олон юм хэрэггүй. Та биднээр их тоглолоо” гэсэн. Тэгэхээр нь “Та нар тоглов уу, би тоглов уу” гэж асуусан юм. Худлаа ярьж хүнийг баривчилдаг, прокурорын зөвшөөрөл өгөөгүй байхад хорьдог” гэж хэлсэн. Ингээд даалтад гаргаад жил гаруй болоход ямар ч хариу өгөөгүй. Хоёр жил шахам хэрэгтэн хэвээрээ явсаны эцэст Нийслэлийн шүүх, Дээд шүүх, УИХ, Хууль зүйн байнгын хороонд хандахад ямар ч хариу өгсөнгүй. Аав чинь хэрэгтэн гээд хүүхдүүд сургуульдаа явж чаддаггүй, завсардлаа. Цөхрөнгөө барсны эцэст Эрүүгийн цагдаагийн газраас албан бичгийг нь аваад цааш нь заргаа үргэлжүүлсэн. Тухайн үед би хувийн компанид машины засварчин, харуул, хамгаалалтын ажил хийж, цайны газар ажиллуулж байсан юм. Тэр бүхнийг тооцоод зургаан сая 550 мянган төгрөгийн орлогоо нэхэмжилсэн. Шүүх хурлаас хохирлыг 100 хувь барагдуул гэсэн шийдвэр гарч 1.2 сая төгрөг өгсөн. Тэр мөнгөөр гэр оронтой болсон ч одоо мод нь хугарч, бүрээс нь хуураад нурж унах дөхлөө. Төрийн заргыг авсан ч С.Зоригийн амь насыг хохироосон хилс хэрэгт хэлмэгдсэнээс хойш 11 жил ажил, амьдралгүй хохирч явна.
-Та одоо хэнтэй амьдарч байна. Хүүхдүүд тань том болсон уу?
-Хүүхдүүд тусдаа гарсан. Хөгшинтэйгээ хоёулаа байгаа. Чих нь сонсголгүй, бие муутай хүн бий.

http://www.shudarga.mn