Н.БАТ

Монголын радиогоор 1998 оны аравдугаар сарын 03-ны өглөө бүх нийтэд хандан Ардчилсан хөдөлгөөний удирдагч, Дэд бүтцийн сайд С.Зориг бусдын гарт хэрцгийгээр үрэгдсэн хэмээн зарлаж, Ерөнхийлөгч томилолтоо албан ёсоор хойшлуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, энэ хэргийг мөрдөн шалгах ажлыг анхааралдаа байлгах болно хэмээн ард түмэндээ хандан мэдэгдэж байж.

Тэр өдрөөс хойш л үе үеийн Ерөнхийлөгч нарын анхааралд энэ хэрэг байсан биз. Нэгэнт өдгөө 17 жил өнгөрчээ. Ардчилсан хөдөлгөөний удирдагч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн агсан С.Зоригийн амь насыг 1998 оны аравдугаар сарын 2-ны орой хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэргийг үйлдсэн болон захиалсан байж болзошгүй этгээдүүдийг өнөө хэр нь олоогүй л байна.

1998 оны аравдугаар сарын 5-нд “гэмт хэргийг илрүүлэхэд чухал ач холбогдол бүхий мэдээлэл өгсөн хүнийг 10 мянган ам.доллараар шагнахаа Эрүүгийн цагдаагийн газраас зарласан тухай хэвлэлүүд бичсэн байдаг. Тухайн үед 200-300 ам.доллар, тэлээний хамт авсан хүмүүс л Казиногийн гэх авлигын хэргээр “аавын хаалга” татаж байсныг бодохоор 10 мянган ам.доллар гэдэг багагүй мөнгө байсан нь тодорхой.

Тэгвэл 2003 оны нэгдүгээр сарын 29-ний “Өдрийн сонин”-д С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар үнэн бодит мэдээлэл өгсөн иргэнд Засгийн газраас 500.0 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн тухай нийтэлсэн байдаг билээ. Одоогоос 12 жилийн өмнө энэ хэргийн талаарх мэдээлэлд хагас тэрбум төгрөг амласан гээд бодохоор магадгүй өнөөдөр их наядаар нь амлаад ч бодит мэдээлэл өгөх нэгэн гарч ирэхгүй л болов уу.
Хэргийн талаар “энэ л үнэн мэдээлэл шүү” гэх сэжүүр ч, итгэл ч өнөөдөр нийгэмд үгүй болоод байгаа юм.

Тухайн үеийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.Батбаярын тушаалаар цогцост задлан шинжилгээ хийх комисс байгуулагдаж байсан тухай “Засгийн газрын мэдээ” сонинд нийтэлсэн байдаг. Гэвч Ш.Батбаяр 1999 онд “Дээдсийн хүрээлэн” сонинд “Тодорхой ийм ноцтой хэрэг гарсан тохиолдолд Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яамны сайдын тушаал гарч комисс томилох ёстой. Гэтэл ийм томилолтгүйгээр задлан шинжилгээ хийж байсан” хэмээн ярьсан байдаг. Энэ мэтээр мэдээллүүд ч өөр хоорондоо зөрсөөр.

Тухайн үеийн хэвлэлүүд энэ хэргийн гэрч гэхээр Б.Булган болон орцонд зогсч байсан хоёр хүүхэд, орцны хэдэн хүнээр л хязгаарласан байдаг. Тэгвэл өнөөдөр эдгээр гэрчээс хэд нь ахиад хэргийг сөхч ярих бол...

Хамгийн аймшигтай нь хэргийг мөрдөж байсан болоод гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүсээс цөөнгүй нь цаг бусын аргаар хорвоог орхисон тухай мэдээллээс харвал энэ бол зохион байгуулалттай улс төрийн аллага байж гэдгийг улам гэрчлэх мэт санагдана.

2000, 2004 оны сонгуулиар АН-д сөрөг хүчний зүгээс өгч чадах, бас ард түмний сэтгэлийг эргүүлж чадах хамгийн том мессэж бол ердөө С.Зоригийн аллага байлаа. Хэрвээ уншигч та санаж байгаа бол Д.Мөрөн 1999 оны арваннэгдүгээр сарын 24-нд албан тушаалаа өгч, 2000 онд МАХН-аас УИХ-д нэр дэвшсэн. Тэрээр сонгуулийн сурталчилгааны ярилцлагадаа “Эвслийн Засгийн газрын үед С.Зоригийн хэрэг илрэхгүй” гэсэн үгээр АН-ыг “буланд шахаж” чадсан гэж үздэг. Үнэндээ УИХ-ын гишүүн болсон хойно нь түүнээс ам асуусан сэтгүүлчид “ Би сонгогдвол энэ хэргийг илрүүлнэ гэж хэлээгүй. Гэхдээ миний хэлсэн батлагдсан” хэмээн бултсан дүр зураг гардаг тухай 2012 оны дөрөвдүгээр сард хэвлэгдсэн “Тойм” сэтгүүлд онцлон дурдсан байна билээ. Д.Мөрөнгийн “мэдэгдэл”-ийн ачаар МАХН 2000 оны сонгуульд үнэмлэхүй буюу 72 суудлыг авч чадсан.

Тэгвэл 2004 оны сонгуулийн өмнө нь энэхүү тактикаа хэрэглэх гэж аминдаа хичээсэн юм. Нэгэнт С.Зоригийн аллагын хэргийг илрүүлнэ хэмээн шууд хэлээгүй ч Эвслийн Засгийн үед илрэхгүй бидний үед л хэмээн сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигчид ярьж явсны ачаар ялсан МАХН-ын даргын тушаалаар 2003 онд С.Зоригийг хороосон хэрэгт холбогдуулан Д.Энхбат гэгчийг Франц, Бельги, Германаар дамжуулан “хулгайлан” байж авчирсан гэдэг. Түүнийг эрүүдэн шүүсэн тухай өмгөөлөгч Л.Санжаасүрэн нь ярьсан баримт бий. Энэ нь С.Зоригийн хэрэгт сөрөг хүчнээ буруутгах гэсэн ээлжит оролдлого байсан ч Д.Энхбат энэ хэргийн буруутан биш гэдэг нь тогтоогдож шоронгоос гараад тав хонолгүй нас барснаар дууссан юм.

Ард түмэн тэнэг, сохор, дүлий биш учраас 2004 онд ийм зүйлд хууртсангүй. Сонгуулиар хоёр намын харьцааг бараг л тэнцүүлж орхив. МАН 36, Эх орон-Ардчилал эвсэл 34 суудал авсан. Энэ хугацаанд МАН-ын даргын “хяналтад” байсан С.Зоригийн хэрэг хуучраагүй гэж итгэмээр байвч хөндөж гаргаж тавилгүй хав дарчихсан нь түүхэн үнэн.

Тухайн үедээ АН, Эвслийн 30 гаруй хүнийг энэ хэрэгт хилсдүүлэн баривчилж, хорьж, байцаалт авсан ч 2004-2015 оныг хүртэл хэргийг сөхсөнгүй, гардан мөрдөж байсан Д.Мөрөн ч сураг алдрав. Үнэндээ сонгуулийн өмнө л сөхөгдөж байсан энэ хэргийн талаар 2007 онд УИХ-ын гишүүн Х.Баттулга “Зориггүй 9 жил” нийтлэл бичиж, “Зоригийн хэргийг зоригтойгоор илрүүлэхсэн. Зориггүй жилүүдэд төгсгөл тавьж хэргийг илрүүлэх нь Монголын улс төр эрүүлжих үндсэн нөхцөл болоод байна. Алив нөгөө мундаг мөрдөгч Д.Мөрөн хаана явна аа?! “хэмээн чанга дуугарч, С.Зоригийн найз нөхөд төрөл төрөгсөд түүний хүрэл хөшөөнд жил бүрийн хавар намарт цэцэг өргөснийг эс тооцвол түүний тухай сайхнаар дурсаад ярьчих зоригтон ч гараагүй билээ. 2012 оны дөрөвдүгээр сарын 20-нд С.Зориг агсны төрсөн өдрөөр “ТОЙМ” сэтгүүл энэ хэрэгт бүтэн дугаараа зориулсан байдаг.

Гэвч...
2015 оны арваннэгдүгээр сард С.Зоригийн бэлбэсэн гэргий Б.Булганыг учир битүүлгээр барьж хорив. Чухам ямар хэргийн сэжүүрээр барьж хорьсон тухай өнөөдөр хэвлэлийн таамгаас өөр мэдээлэл өгөх эзэн ч алга. Цагдаа­гийнхан “барьж хорьсон” гэдгээ батлахаас хэтрэхгүй байгаа бол “Хууль зүйн сайд хавтаст хэргийг уншдаггүй учраас хэвлэлийнхэнтэй ижил л мэдээлэлтэй байна” хэмээн өчигдөр хэлэв. Хэвлэлүүд С.Зоригийн аллагын хэрэгт эсвэл хар тамхины хэргээр хэмээн таахаас хэтэрсэнгүй.

Өнөөдөр энэ хэргийг гардан гүйцэтгэсэн этгээд Монголын төрийг дооглон инээж, холоос чимээ чагнан суугаа ч юм бил үү. Эсвэл үйлээ эдлээд, дэлхийн хөрсөнд шингээд тамын тогоонд чанагдаж байж болох.

Маргааш Монгол Улсад Ардчиллын төлөө иргэд дуугаа, эв санаагаа нэгтгэсний 26 жилийн ой болно. АН-ын даргын хэлснээр Ардчилсан хувьсгалын 26 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд харин бид харин бид “С.Зоригийг хэн алсан бэ” хэмээн бие биенээсээ ам асуусаар сууна.
С.Зоригийг хэн хөнөөсөн бэ?!
Эх сурвалж: www.assa.mn