Солонгосын хойгийн дайн, Вьетнамын дайнд Америкчууд ялагдсан. Дэлхийн 2-р дайн дөнгөж дууссан учраас арми нь бэлтгэл сайтай, зэвсэг техник нь ч өндөр хөгжсөн байв. Гэвч Америкийн Азид хийсэн аян дайнууд амжилтгүй олоогүйн шалтгаан нь Азийн цэрэг дайны онол нь Европоос улбаалсан Өрнийн соёл иргэншлээс тэс өөр байсанд оршино. Дорнын цэргийн онолыг эртний Хятадын гүн ухаантан, цэргийн жанжин Сүн Ву МЭӨ 6-р зуунд боловсруулжээ. Түүний "Дайтахуйн ухаан" ном нь одоогоор мэдэгдээд буй цэрэг дайны онолын тухай хамгийн эртний сургааль гэж үздэг.


Өрнийн (Western world) цэрэг дайны онол шатартай ижил. Хоёр талаас тэнцүү тооны модтой эхэлж, ээлжилж нүүнэ. Гол тактик нь хожил харсан нүүдэл хийж модоо золиосолж өрсөлдөгчийнхөө илүү хүчтэй модыг идэхэд оршино. Жишээ нь хүү хаяж бод идэх гэх мэт. Гол стратеги нь өрсөлдөгчийнхөө ноёныг гарах гарцгүй болгож хожих. Эцсийн дүнд шатрын хөлөг дээр анх байсантай харьцуулахад хэдхэн тооны л мод үлдэж тоглоом дуусна.
Харин Дорнын дайны онол "Го" гэж нийтэд түгсэн Хятад даамтай адилхан. Энэхүү тоглоомны гол зорилго нь бага чулуугаар их газар нутгийг эзлэх. Шатраас ялгаатай нь өөрийн стратегийг боловсруулахаас гадна өрсөлдөгчийнхөө стратегийг байнга ажиглаж, урьдчилж таамаглаж байх хэрэгтэй болно. Энэ бол Сүнзийн номлолын үндэс суурь юм.

Арван гурван бүлэгтэй энэ зохиол бол нэгдэн нийлж байж нэгэн бүхэл цогц болдог. Аль нэг бүлгийг салгаж ойлгох нь ямар ч ашиггүй гэдгийг миний сонсож дуусгасан номон дээр байнга сануулж байсан. Нэг үгний тодорхойлолтыг юу гэж ойлгох талаар дараагийн бүлэгтээ дэлгэрэнгүй өгүүлсэн байх жишээний. Жанжин хүн "Өгөөмөр байх ёстой" гэж гарах мөртөө өгөөмөр зан гэж чухам юуг хэлээд байгааг "Тагнуулыг ашиглах" гэдэг 13-р бүлэгтээ дэлгэрэнгүй тайлбарласан. Жанжин хүн тагнуулыг элсүүлэхдээ өгөөмөр байж, гар татахгүй байх хэрэгтэй гэсэн байх юм. Энэ бидний мэддэг нөгөө сайхан сэтгэл, өгөөмөр зан энэ тэртэй ямар ч хамааралгүй. Улс орны амин чухал асуудлыг шийдэхэд тагнуулч чухал үүрэгтэй учраас үнэ хөлсийг нь өгөхдөө өгөөмөр байх хэрэгтэй.
Энэ номыг гурван гол зүйл дээр төвлөрж энэ утга санааг гаргахыг оролдъё.
1. Сүнзийн тухай
2. Жанжин хүн ямар байх ёстой
3. Дайтах

Сүнз өгүүлрүүн: Дайн тулаан болвоос даяар улсын их хэрэг буюу. Олон хүмүүний үхэхгүй, сэхэхүй, улс гэрийн оршихуй, мөхөхүй нь дайн лугаа холбоо бүхүйн учир машид хичээнгүйлэн магадлан эс шинжвээс үл болъюу...

Олноо их багш Сүн хэмээн алдаршсан Сүн Ву МЭӨ 6-р зуунд төрсөн гэж үздэг. Чи улсын цэргийн эрдэмтний гэрт төрсөн тэрээр алдар хүндийн оргилыг Ву улсын хаан Хөлүд хүчин зүтгэж олж авжээ. Тэрвээр 30 мянган цэрэгтэй Ву улсын цэргийг удирдан өөрөөсөө 10 дахин их хүчтэй Чу улсын цэргийг ялж түүхэнд нэрээ үлдээжээ. Хожмоо Ву улсын хаад эрх мэдэлдээ ташуурж, Сүнзийг үл ойшоох болсонд тэрээр албаа өгж хаашаа юм алга болжээ. Ву улс бардам хааныхаа ач буянаар Сүнзийн ухаалаг удирдлаган доор өчнөөн удаа ялж байсан Чу улсад эзлэгдэж түүхийн хуудаснаас арчигдсан гэдэг.

Сонирхолтой нь Сүн Вуг "Дайтахуйн ухаан"-ыг бичээгүй гэж судлаачид үздэг ба 4-р зууны үед нэр нь үл мэдэгдэх хэсэг эрдэмтэд Сүн жанжны цэргийн арга барил, тактик, стратегийн номлолыг судалсаны үндсэн дээр нэгтгэн бичжээ. Магадгүй хожим хойно Сүн Вугийн дайны арга барилыг уран яруу үгээр нэгтгэн дүгнэж цогц зохиол болгосон нь өнөө үе хүртэл ч алдаршин түгэх шалтгаан болжээ.
Сүнзийн судрыг Хятадад цөөн тооны зөвхөн зөвшөөрөгдсөн хүмүүс л уншиж судлах эрхтэй байсан гэдэг. 8-р зууны үед Тан улсад олон жил суусан Япон эрдэмтэн уг зохиолыг орчуулж Японд гаргажээ. Харин бүүр 17-р зуунд Японд олон жил байсан лам төрөлх Франц хэл рүү хөрвүүлжээ гаргажээ. Англиар 1910 онд Лионел Жайлес "Сүн Цугийн Дайтах Урлаг: Дэлхийн хамгийн анхны цэргийн судар" хэмээн орчуулсанаар дэлхий нийтэд түгэх эхлэл нь тавигджээ. Энэ бол алдартай синологич Вэйд-Жайлесийн системийг үндэслэсэн Хэрбэрт Жайлесийн хүү юм.
Монголоор "З" гэж дуудах, "Зи" гэдэг Хятад үг бол "их багш" гэсэн утгатай. Хятадууд оюуны их сэтгэгчиддээ ийнхүү дууддаг байсан. Күнз, Жуанз, Моэз гэх мэт. Харин Сүн жанжныг Сүнз буюу Сүн багш гэж өргөмжлөх болсон нь эдгээр их сэтгэгчидтэй ижил хэмжээнд аваачиж, дайтах ухааныг сургаалийг нь үнэлснийх юм.

Эртний Хятадад дайтах гэдэг маш хатуу дэс дараа бүхий, их утга учир бүхий зан үйл байжээ. Дайтагч талууд эхлээд дайтах өдөр, газраа товлоно. Үүний дараа харьяа албатуудаа тухайн газар, заасан өдөр бэлэн байхыг тушаана. Тэгээд тулаан эхлээд хоёр тал үхэлдэн байлдаж эхэлнэ. Гэхдээ дайны хувь хэдийн шийдэгдсэн гэж итгэнэ. Учир нь хэн урьдаас өвөг дээдсийнхээ сүнсэнд залбирж, өргөл барьц өгж ёс журмаа сайн гүйцэтгэсэн нь ялдаг гэж итгэдэг байж. Улс гэдэг нэгдмэл нэг зохион байгуулалтгүй, феодалуудын холбоо төдий байв. Хаан бол билэг тэмдгийн шинжтэй. Цэргийн эрх мэдэл мужийн захирагч, гүн ноёдуудад, цаашлаад тухайн ноёдууд харьяа албатууд дор бүр цэргээ захирна. Дайн зарлахдаа ёслол төгөлдөр тунхаглаж, тэдний өдөр тэр газар ирж дайтна дайсандаа мэдэгдэнэ. Дайтах үед ноёдууд нь жанжныхаа үгийг дагахаас илүүтэй өөрийн эрх ашгийг урьтал болгоно. Жишээ нь дайсны талд хэдэн үеэрээ өстөн нь харагдвал жанжныхаа тушаалыг үл хайхран зөвхөн өөрийн цусан өштөнтэйгөө тулалдахаар яарна. Жанжин бол тушаал өгөөд суудаг дарга байгаагүй. Цэргийнхээ өмнө манлайлан тулаанд ордог нэгэн байсан. Тухайн үеийн ийм үр ашиггүй цэргийн зохион байгуулалтыг анхлан халж, нэгдсэн удирдлагатай, байнгын армитай болсон муж улс нь Чи (Qi) байжээ. Тэд анхлан орон нутгийн феодал ноёдыг мөнгөөр урвуулахыг нь урвуулж, устгахыг нь устгаад нэгдсэн арми байгуулжээ. Цэрэг татлагын хуваарь гаргаж, татвар хураах аргачлалыг боловсронгуй болгожээ. Чи улсад сурвалж язгуураас илүүтэй эрдэм чадлыг үнэлж байсан бөгөөд анхны бюрократууд бий болж, төр цэргийн удирдлага мерит зарчимд суурилах болжээ. Чи улсад цэргийн шинэчлэл хийхэд нөлөөлсөн гол зүйл нь хойд хилийн байнгын тогтворгүй байдал, аюул занал байсан гэдэг. МЭӨ 8-р зуунд Чи улс цэргийн салбартаа хувьсгал хийснээр бусад муж улсаасаа хүчирхэгжиж, давамгайлах болжээ. Харин 6-р зуунд Чи улсад дотоодын үймээн самуун дэгдэж иргэний дайн эхэлснээр цэргийн эрдэмтэн мэргэд нь улсаасаа дүрвэж, бусад улсад хүчин зүтгэж эхэлсэн байна. Ийм гэр бүлийн нэг нь Сүнзийнх байжээ. Сүнзийг Ву улсын цэргийн жанжин болсон талаар Сы Мачуаны "Түүхийн тэмдэглэл" номд өгүүлсэн нь:

Хөлү хаан Сүнзтэй уулзаж эрдэм чадлынх нь талаар асуужээ.
Хөлү: Чи хэнийг ч цэрэг болгож чадах уу?
- Тиймээ эрхэм дээдсээ.
- Бүр эмэгтэйчүүдийг хүртэл үү? гэж тавлангуй асуув. Сүнз:
- Тиймээ эрхэм дээдсээ гэв. Хааны сониуч зан хөдөлж туршиж үзэхээр шийдэв.
Сүнз хааны ордонд байсан хоёр зуун шивэгчин хүүхнийг цэргийн эрдэм сургахаар бэлтгэлээ эхлэв. Тэрээр шивэгчдийг хоёр хэсэгт хувааж даргаар нь нь хааны хайртай хоёр шивэгчнийг томилжээ. Сүнз өгүүлрүүн: Та бүхэн баруун зүүн, давших ухрах гэдэг тушаалыг мэдэх байх. Намайг тушаал өгөхөөр хэлсэн зүгт хөдлөнө шүү гэлээ. Тэгээд бүгдэнд баруун тийш эргэхийг тушаав. Хүүхнүүд аальгүйтэж хөхрөлдөхөөс өөр зүйл хийсэнгүй. Сүнз өгүүлрүүн: Хэрвээ өгсөн тушаал нь ойлгомжгүй бол жанжны буруу буй заа. Хэрвээ өгсөн тушаал тодорхой байтал биелүүлээгүй бол тэр дарга нарын буруу бөлгөө хэмээгээд хааны хайртай хоёр шивэгчний толгойг авахыг тушаав. Эзэн хаан энэ мэдээг дуулаад яаран ирж "Эрхэм жанжны эрдэм чадлыг таньж мэдэв. Эдгээр шивэгчид үгүй болвоос дарсны амт бүдгэрч, хөгжөөн наргиа ч уйтгар болох буйзаа. Энэ хоёрын амийг хэлтрүүлнэ үү" гэжээ. Харин Сүнз эс зөвшөөрж хоёр шивэгчнийг бусдын өмнө цаазалжээ. Үүнээс хойш шивэгчингүүд Сүнзийн тушаалыг үг үсэггүй дагасан бөгөөд гурван сарын дараа гарамгай дайчид болсон гэдэг. Дараа нь Хөлү хаан Сүнзийг цэргийнхээ жанжнаар томилжээ.

Эртний Хятадад цэргийн жанжнаар хамгийн зоригтой, хамгийн сайн тулалддаг дайчин томилдог байсан. Жанжин (цэргийн дарга гэсэн утгатай хятад үг) цэргүүдээ удирдан хамгийн түрүүнд дайнд манлайлан оролцдог байв. Харин Сүнз цэргийн удирдагчийг тэс өөрөөр тодорхойлжээ. Сүнзийн жанжин:
1. Билиг ухаантай. Булчин шөрмөс нь сайтай гарамгай тулалдахаас илүүтэй толгой нь сайн ажилладаг байх
2. Шударга үнэнч. Зорьсон үйл хэрэгтэй шударга үнэнч тууштай байх
3. Өгөөмөр. Аливаа ашигтай саналд өгөөмөр хандах. Ялангуяа тагнуулын хэрэгт гар татах ёсгүй.
4. Эр зоригтой. Аймшиггүйгээр үхэлдэн байлдах эр зориг биш юм. Гаргасан шийдвэрээ хамгаалах зоригтой байх. Ёс суртахууны өмнө тулгарсан асуудлыг шийдэх зоригтой байх
5. Чанд хатуу сахилга баттай. Жанжин бол сахилга баттай байснаар цэргүүддээ итгэл найдвар төрүүлэхээс гадна, дайсандаа мэдээ алдах боломжийг хаана.

Сүнзийн жанжин билиг ухаанаараа дайснаа таньж мэдэх боловч, чанд хатуу сахилга баттай байж өөрийгөө дайсандаа мэдэгдүүлэхгүй. Цэргүүдээ тулаанд удирдан орох боловч хэзээ ч тэргүүн эгнээнд байлдахгүй. Жанжин хүн алсаас цэргүүдээ удирдаж тулааны стратегийг тодорхойлж, түүнд хүрэх тактик бүрийг боловсруулах ёстой. Сүнзийн тодорхойлсон жанжин үр ашиггүй бол цэргээ аваад ухрах зоригтой байх ёстой. Сүнзийн жанжин өөрийг нь томилсон эзэн хааныхаа өөдөөс эсэргүүцэх зоригтой байх ёстой. Хаан бол улсаа энх цагт удирдан чиглүүлэх болохоос, энх цагийн арга эрдэм хэзээ ч дайны цагт үйлчилдэггүйг санах ёстой. Сүнзийн жанжин зоригтой байх ёстой. Гэхдээ энэ бол алалдан байлдахад хүч ихтэй дайсантайгаа аймшиггүй тулалдах зориг биш. Өөрийн шийдвэрээ хамгаалан хэний ч өөдөөс сөрөх зоригтой байх ёстой. Хэдэн сая хүний амийг аврахын тулд хэдэн мянган хүний амийг зольж чадах ёс суртахууны зоригтой байх ёстой.

Дэлхийн 2-р дайнд Британий тагнуулын алба Нацист Германы цэргийн холбоо харилцааг бараг ихэнхийг нь тайлж уншиж байсан. МИ-6 Английн төв нутаг Ковентриг Нацистууд хүчтэй бөмбөгдөх гэж байгаа олж мэдсэн байна (Coventry Blitz). Харин Черчилийн тушаалаар урьдчилж арга хэмжээ аваагүй. Черчилл ийм зоригтой алхам хийснээр хэдэн мянган хүний амийг алдсан ч Энигмагийн нууцыг тайлсанаа Нацистуудад мэдэгдээгүй. Ингэснээр Дэлхийн 2-р дайны хугацааг хамаагүй багасгасан.

Сүнзийн тодорхойлсон цэргийн жанжин бол сурвалжит айлын эрх хүүхэд биш цэргийн эрдэмд төгсөрсөн дайчин байх ёстой. Жанжин хүн армиа удирдаж улс орноо гамшигаас аврах ёстой. Мундаг чадвартай сэлэмчин байна гээд төсөөлье. Хичнээн мундаг чадвартай байсан ч сэлэм нь мохоо бол тэр хэзээ ч өрсөлдөгчөө ялж чадахгүй. Эсрэгээрээ ир сайт сэлэмтэй байгаад ашиглах эрдэм хомс бол бас амжилтанд хүрэхгүй. Цэрэг арми гэдэг бол хурц иртэй сэлэм. Харин Жанжин бол тэр сэлмийг хэрхэн ашигладагийг мэддэг сэлмийн мастер юм. Энэ хоёрын хэрхэн зохицож үр дүнтэй ажиллахаас дайн тулааны хувь заяа шууд шийдэгдэнэ. Жанжин хүн армиа үр хүүхэд шигээ асран халамжилж хайрлах ёстой. Тэгж чадвал дайчид нь даргынхаа тушаалыг дагаж, үхлийн тулаанд ч жанжинтайгаа цуг давшина. Сүнз армийг хүчирхэг голын устай зүйрлэсэн. Голын ус хад асга гэх мэт зүйлсийг тойрон урсдаг. Үүнтэй адил дайсны хүчтэй тал руу дайрахгүй голын ус хад асгыг тойрон урсдаг шиг зайлах хэрэгтэй гэж сургажээ. Дайны эцсийн зорилго бол улс төрийн тулгалтаа дайсандаа хүлээн зөвшөөрүүлэх. Ямар нэг шаардлагагүй бол асуудалд хөнгөн хуумгай хандаж дайтахгүй байхыг Сүнз дахин дахин сануулж сургаж байна. Сүнзийн бодлоор хамгийн шилдэг ялалт бол байлдахгүйгээр ялах.

Сүнз өгүүлрүүн: Цэрэглэн дайлахуй болвоос ов мэх хэрэглэхүйн арга ухаан бөлгөө.

Мэдээжийн асуудал юм шиг санагдаж болно. Хэн ч хор хохиролгүйгээр ялахыг хүсэж байгаа. Сүнзийн “Дайтахуйн ухаан” ном яаж зорилгодоо хүрэхийг нэгд нэгэнгүй тайлбарлаж өгжээ. Яаж гэвэл байнгын бэлтгэл сургуулилт, судалгаатай байвал дайснаа амархан ялж чадна. "Энх цагт хөлс их урсгавал, дайны цагт цус бага урсана" гэдэг дээ.
Арми гэдэг бол аварга могой шиг уян хатан байх ёстой. Могойны толгой руу дайрвал тэр сүүлээрээ зөрүүлээд цохино. Хэрвээ могойн сүүл рүү дайрвал тэр шүдээрээ хазна. Харин бөөр лүү дайрвал эргүүлээд сүүлээрээ ширвээж, шүдээрээ хазна. Цэрэг армиа ийм болгох. Цэргийг удирдаж байгаа удирдагч зоригтой байж шаардлагатай үед давшиж, шаардлагагүй үед ухрах ёстой. Өөрийнхөө зорилгыг хэзээ ч дайсандаа мэдэгдэж болохгүй. Ов мэхийг байнга хэрэглэх, дайсныгаа төөрөлдүүлж байх ёстой. Улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ бат санаж аливаа ёс суртахууны хүлээснээс ангижрах ёстой. Дайнд ялахын тулд эхлээд өөрийгөө мэдэх ёстой. Үүний дараа дайснаа таних ёстой. Цэргийн моралийг өндөрт байлгах ёстой. Эцэст хаана, ямар газар байлдахаа сайтар судлах ёстой. Ингэж чадвал зуун тулаанд орсон ч ялалт үргэлж чиний талд байх болно. Хүн харахыг хүссэн зүйлээ л хардаг гэдэг. Дайснаа төөрөгдүүлэхийн тулд үргэлж үүнийг ашиглах. Зүүн гараараа цохих гэж байгаа мэт жүжиглэж, баруун гараараа цохь. Дайнд шийдвэрлэх үүргийг оюун ухаан л гүйцэтгэж байсан. Хичнээн их цэрэгтэй байгаад, хичнээн мундаг дайтдаг байгаад энэ бүх юм дайны хувь заяанд шийдвэрлэх нөлөө үзүүлэхгүй. Дайнд заль мэх хэрэглэж, тархиа ашиглаж байж ялна.

Сүнз өгүүлрүүн: Удтал сунжирсан дайнаас хожсон улс орон нэгээхэн ч үгүй. Тиймийн учир цэрэглэн дайлахуйн хор хөнөөлийг чанд эс ухаарагч хүмүүн цэрэглэн дайлахуйн ашиг тусыг ч ашид эс ухаармой.

Монголчууд бол "Муу эр дайнд хөөрнө" гэдэг. Э.Хемингуэй "Дарийн утаа үнэрлээгүй байж дайны тухай бичих хэрэггүй" гэсэн. Америкийн түүхэнд хараар бичигдэх дайны нэг нь Вьетнамын дайн. Энэ дайнд Америкчууд Вьетнамын ширэнгэнд ялж байсан хэдий ч, дайныг эсэргүүцэх хөдөлгөөн эх нутагт хүчтэй өрнөсөний улмаас аргагүйн эрхэнд бууж өгсөн. Хойд Вьетнамын генерал Жиап хэрхэн Америкчуудыг ялсныг судлаачид Сүнзийн сургаалийг хэлбэрэлтгүй дагасаных гэж үздэг. Жиап өөрийнхөө давуу болон сул талыг мэдэж байсан. Америкчууд ямар давуу талтайг ч мэднэ. Өөрийнх цэргүүд эх орноо харийн дарлалаас чөлөөлөх хүсэлтэй байгаа бол Америкийн цэргүүд ширэнгэн ойд илжирч суухыг хүсэхгүй байгааг ойлгож байсан. Эцэст түүнд хамгийн гол давуу тал бол газар нутгаа арван хуруу шигээ мэдэж байсан. Жиап хэзээ ч шууд тулж байлдаагүй. Үүний оронд партизаны тактик сонгож, гэнэдүүлэн дайрсан. Америкчуудын давуу тал болох сөнөөгч онгоцнууд хүртэл дайнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгээгүй. Харин ч сөнөөгч онгоц агаараас галласаны дараа цэргүүдээ нисдэг тэргээр зөөж буулгана гэдгийг мэднэ. Энэ нь Вьетконгчуудад цэргүүд дайрж эхлэх нь гэдэг дохио өгдөг байв. Сүнзийн сургаалийн гол амин сүнс заль мэх хэрэглэж Жиап санасандаа хүрж чадсан. Тетийн (Вьетнамчуудын цагаан сараар) үеэр гал зогсоож, баяраа тэмдэглэх хэлэлцээрийг хийжээ. Эсрэг талынхаа амсхийж, анхаарал суларсан үед нь гэнэдүүлэн довтолж 100 гаруй байршил руу нэгэн зэрэг дайрж ихээхэн хохирол тарьсан. Жиапын гол стратеги Америкчуудыг нутаг дээрээ ялах биш, харин эх нутагт нь ялах зорилготой байсан. Вьетнамын дайн эхлэх үед АНУ-н иргэдийн 80% нь дайныг дэмжиж байсан бол 1970 он гэхэд энэ тоо илэрхий буурсан. Харин Тетийн дайралт Вьетнамын дайны эргэлтийн цэг байсан. Дайралтын дараах зүрх шимшрэм дүр зургийг телевизээр харсан мянга мянган Америкчууд энэ дайны эсрэг бодлоо өөрчлөхөд хүргэжээ. Вьетнамын генерал Жиапыг цэргийн салбарт төрсөн гарамгай стратегичдын нэг гэж үнэлдэг.

Сүнз өгүүлрүүн: Дайтах бүрүй мөхөөсүгэй хэмээхүй нь сэцэн ухааны чанад дээд нь бус буюу, дайталгүйгээр дайснаа дагаар оруулахуй болвоос сэцэн мэргэний чанад дээд нь буюу.

Сүнз эртний Хятадад хийсэн цэргийн шинэчлэл бол дайтах явцыг ор үндсээр нь өөрчилж, шинэ загвар танилцуулсан. Дайн хийхэд хамгийн чухал нь генералын мэдлэг чадвар оюун ухаан хэрэгтэй. Цэргүүд нь тулалдах чадвартай байх ёстой. Ложистикийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байх. Аль болох арвич хямгаж байж, дайсны хүнс, хангамжийг олзлохыг үргэлж сануулж байсан. Ингэх нь хоёр талын ач холбогдолтой. Чи өөртөө нөөцтэй болоод зогсохгүй, дайснаа өлсгөж чадна.
Бизнесд тухайн үед дагаж байсан загвараа өөрчилж, тоглоомын дүрмийг өөрийн хүссэнээр бичсэн хэд хэд байдаг. Хэнри Форд машин хийхдээ конвейерийн систем ашигласанаар үнэ өртөгийг нь бууруулж, жирийн америкчуудын хэрэглээ болгож чадсан. Бусад өрсөлдөгчид нь ялангуяа Женерал Моторс Фордын арга барилыг нэвтрүүлсэнээр өрсөлдөөнд хошуучлагч болж чадсан. Фордын санаачилсан энэ арга машин хийх явцыг үндсээр өөрчлөөд зогсохгүй Детроит хотыг аж үйлдвэржсэн хот болгосон. Энэ нь бусад хүнд аж үйлдвэрлэлүүдэд түгж эхэлсэнээр АНУ дэлхийн тэргүүлэгч эдийн засаг болоход түлхэц өгөөд зогсохгүй, хүнд аж үйлдвэржүүлэлт нь дэлхийн 2-р дайнд ялах суурь болжээ. Энэ нь яваандаа АНУ-г супер гүрэн болгосон.
Дайсныхаа хүчтэй тал руу нь хэзээ ч битгий дайр. Сул тал руу нь дайрж эзлээд яваандаа хүч нь суларсан үед гол салбарыг нь эзлэх. Энэ стратегийг Стив Жобс хэрэглэж Эйплийн алдагдсан зах зээлийг эргүүлж авч чадсан. Микрософт үйлдлийн систем, програм хангамжийн салбарт тэргүүлж хамаг зах зээлийг эзэлсэн учраас Эйпл шууд програм хангамжаар өрсөлдөөгүй. Жобс Микрософтоос өөр төрлийн стратеги баримталсан. Микрософт зөвхөн програм хангамж үйлдвэрлэдэг байсан бол Жобс програм хангамж, техник хоёрыг нэгэн зэрэг хөгжүүлсэн. Анхлан Айподоор эхэлж байсан бол одоо Айфон утасны зах зээл дээр голлох бүтээгдэхүүн болжээ. Аппстор бол дэлхий дээр хамгийн олон програмтай дэлгүүр болж чадсан. Айфон бол хэрэглээ бас дизайн. Гоо үзэсгэлэн, урлагийн бүтээл. Урьд нь хэн ч компьютерийн бүтээгдэхүүнийг ингэж харж байгаагүй. Хүний хэрэглээ гэдэг утгаар харж байснаас тухайн хүний өөрийгөө илэрхийлэх бас нэг хэсэг гэж харж байсангүй. Харин Жобс энэ үзлийг өөрчилсөн. Эндээс дүгнэхэд гайхалтай утас, айподгүйгээр, 1 долларын үнэтэй дуу зардаг Айтүнэсгүйгээр, Эйплийн бүтээгдэхүүнийг зардаг шилэн дэлгүүргүйгээр, програм хөгжүүлэгчдэд ашигтай аппликэйшн зардаг онлайн дэлгүүргүйгээр Эйпл амжилтанд хүрж чадахгүй байсан. Энэ бүхэн нэгдэн нийлж цогц болж байж эцэст нь Эйпл дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компани болж чадсан билээ. Сүнз сургааль номлол бизнесд биелэлээ олж байгааг харж болно.

2500 жилийн тэртээ бичигдсэн зохиол өдийг хүртэл судлагдсаар, уншигдсаар, байна. Энэ зохиол хүний сэтгэлийн мөн чанарыг таньж хэрхэн өрсөлдөгчөө ялахыг сургажээ. Гол нь ялалт бол тулаан хийлгүй ялах. Энэ бол дайсан этгээдийг сэтгэлээр нь ялан дийлэх арга ухаан юм. Яаж вэ гэвэл уйгагүй хөдөлмөр зүтгэлээр, хууран мэхэлж, заль хэрэглэж байж ялна. Хэрвээ хүч чадалтай байвал тэрийг өрсөлдөгчдөө харуулахыг хатуу хориглоно. Нэг удаагийн сэтгэлийн хөөрлөө дарж, ялчихлаа гэж баярлаж, бахдаж болохгүй гэдгийг хатуу сануулсан. Дайнд цэргийн хүчээр ялна гэдэг барууны ертөнцөд л амжилт болохоос эртний Хятадад үүн шиг үрэлгэн, зүйл байхгүй.

Сүнз өгүүлрүүн: Хэрэвзээ миний арга ухааныг хичээн дагаж дайтваас ялах нь дамжиггүй, тиймээс би үлдмүй, хэрэвзээ миний арга ухааныг хичээн эс дагаваас ялагдах нь дамжиггүй, тиймээс би холдмуй.

"Дайтахуйн ухаан" ном дайны стратеги, тактикийн тухай өгүүлэх төгс бүтээл гэж үнэлэх агаад 2500 жилийн өмнө бичигдсэн ч өдийг хүртэл төрөл бүрийн салбарт ашиглагдсаар байна. Бизнесийн салбараас аваад хайр дурлал, болзоонд хүртэл Сүнзийн арга техникийг хэрхэн ашиглах талаар чамгүй олон ном бүтээл гаржээ.
Ер нь амьдралынхаа туршид тодорхой үеүдэд давтамжтай уншиж байх хэрэгтэй гэж эрдэмтэд зөвлөж байна. Тухай бүрдээ өөр зүйлийг ухаж ойлгох болно.
"Цөвүүн цагт амьд үлдэх арга" гэж профессор Эндрю Вилсон дүгнэсэн. Дэлхийн түүхийн туршид нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн стратегийн номнууд хэд хэд гарсан.
  • Эртний Хятадад "Хавар намрын" гэгдэх үед Сүнзийн бичсэн "Дайтахуйн ухаан",
  • Сэргэн мандалтын үед Италийн муж улсуудын байнгын өрсөлдөөн тэмцэл дунд Н.Макиавелийн бичсэн "Принц",
  • 18-р зуунд Наполеоны өдүүлсэн Европын дайны дараа Пруссийн стратегич К.В.Клаусвицийн бичсэн "Дайны тухай" зэрэг зохиолууд болно.
Сүнз бидэнд юу заав?
  1. Дайн ямар нэг ашиг тус үгүй л бол субьектив зүйлийн төлөө дайтахгүй байх.
  2. Дайтахдаа эр чадлын хүчээр биш, ухааны хүчээр, зальжин тактикийн хүчээр дайснаа ялах,
  3. Ухаалаг удирдагч, манлайлагчийг томилж, түүнд саад хийхгүй байхын чухлыг зааж сургажээ.
Монголоор их мундаг орчуулсан байна лээ. Англи эхээс ялгаатай нь элдэв тайлбар, зүүлт байхгүй болохоор шууд зохиолдоо төвлөрж яг юу хэлэх гээд байгааг нь ухаж ойлгоход амар. Миний уншсан англи эх дээр бол хоёр өгүүлбэр яваад л дундуур баахан түүх, шаштир, онигоо зэрэг байсан. Нэг л мэдэхэд гол сэдвээсээ хазайчихсан Шианну (Xiangnu) гэж гүүглдчихсэн сууж байгаам даа. Сониноос Шианну гэж Хүннүг хэлж байгаам билээ.



Англи орчуулганд нь байсан хоёр тайлбар зүүлтийг доор сийрүүлэв:

Хан гүрний анхны хаан Као Цу хөрш Хүннү улсад довтлохоор шийдэж тагнуулчдаа илгээжээ. Хүннүчүүд энэ тухай урьдчилж мэдээд өөрсдийн цэрэг эрс, хөлөг морьдоо нуужээ. Элч тагнуулчийг Хүннүд ирэхэд хөгшид хүүхэд, эцэж турсан морьд л байж. Эргэж ирээд хаандаа энэ тухай илтгэжээ. Ордныхон бүгд дайрахаар санал нэгдэхэд ганц Лоу Чин эсэргүүцэж "Хоёр улс дайтах болохоороо бие биенээ аль болох хүчтэй гэж итгүүлж, хуурж мэхлэх гэж оролддог. Гэтэл тагнуул маань хөгшид хүүхэд, эцэнхий морьнууд л харсан. Энэ бол заль байна тиймээс дайтахаа азная" гэжээ. Гэвч эзэн хаан үгэнд нь оролгүй дайрж Хүннүгийн тавьсан урхинд орж ялагджээ.



Вэй улс Чи улс руу халдан довтолжээ. Дайралтыг зогсоохоор Сүнзийн удмын гарамгай жанжин Сүн Пиныг цэргийн жанжнаар томилжээ. Сүн Пин "Дайсан маань биднийг хулчгар амьтад гэж бодож байгаа. Үүнийг нь ашиглаж дайснаа даръя" гэжээ. Вэй улсын жанжин Пан Чуан хилийн дээс давмагц Сүн Пин цэргүүддээ ухрахыг тушаав. Үүнд нь урамшсан Пан Чуан мөр даган нэхэж гэнэ. Эхний өдөр Сүн Пин бүх цэргүүддээ түүдэг асаахыг тушааж. Харин хоёр дах өдөр тал цэрэгээ л түүдэг асаа гэжээ. Гурав дах өдөр ихэнх цэрэгээ түүдэг асаахгүй байхыг тушаажээ. Энэ залийг мэдээгүй Пан Чуан "Муусайн Чи улсын цэргүүдийг хулчгар амьтад гэж мэдээд байсиймаа. Цэргүүд нь оргосоор байгаад одоо ямар ч цэрэггүй болсныг нь харж байна уу" гэж хөөрөн хэлж гэнэ. Сүн Пин зугтаж явах замдаа нэгэн нарийн зөрөг байгааг анзаарж Пан Чуан үдшийн бүрийгээр энд ирэх юм байна гэж тооцоолжээ. Тэгээд нэг модны холтосыг юу ч үгүй шалбалаад "Энэ модны доор Пан Чуан үхнэ" гэж бичиж гэнэ. Харуй бүрий эхлэх үед мэргэн харваачдаа отолтонд гаргаж, гэрэл гарсан зүгт бүгдийг нь харвахыг тушаажээ. Хожуу хойно Пан Чуан ирж модон дээр нэг зүйл бичсэн байгааг анзааржээ. Тэр дэнлүү асаахыг тушааж бичсэн зүйлийг уншихаар тонгойжээ. Энэ үед түүнийг хэдэн мянган сум нэгэн зэрэг онож алжээ. Харин цэргүүд нь удирдагчгүй болж амархан ялагдсан гэдэг.

Ном зүй:

http://chinbaatar.blogspot.com/