Хятадад олон мянган цэргээс бүрдсэн бунхан байдаг талаар цөөнгүй уншигч мэдэх буй заа. Тэднийг англиар Terracotta Army гэж нэрлэдэг. Орос хэлээр мөн л терракотовая армия гэж нэрлэдэг. Терракота гэдэг нь өвөрмөц сортын шавруудыг хольж урласан шавар зүйлс (аяга шаазан, баримал зэрэг)-ийг хэлдэг. Энэ сэдэв их сонирхолтой учир дэлгэрүүлж бичихийг хүслээ.

Сиань хотын ойролцоо тариалан тарьж амьдардаг хүмүүс сонирхолтой шавар хэлтэрхийнүүдийг илрүүлэх болжээ. Эртний зүйлс болохыг нь гадарлаж өөртөө зовлон дуудна гэж эмээн гар хүргэхээсээ ч айсаар ирэв. Гэхдээ 1974 онд энэ бүхний учир тайлагдсан юм.

Ян Живан хэмээх тариачин өөрийн талбайдаа худаг ухахыг хүссэн юмсанж. Ухсан нүхнээсээ ус гаргаж чадаагүй ч 5 метрийн гүнд нэгэн сонирхолтой зүйлийг илрүүлсэн нь эртний дайчны шавар баримал байв. Археологид энэ газар хүрэлцэн ирээд бүр гайхашраж орхижээ. Малталтын үеэр энэ дайчин ганцаараа биш гэдэг нь ойлгомжтой болж улмаар бүтэн арми байгааг илрүүлсэн байна. Эдгээр шавар баримал газар дор 2 мянгаас ч илүү жил, тодруулбал Хятадыг нэгтгэсэн агуу хаан Цин Шихуанди-ийн үеэс хадгалагдан ирсэнд эргэлзэх зүйл байсангүй. Өдгөө энэ газар шавар дайчдын бүхэл бүтэн хот босчээ. Цас бороо, танхай этгээдүүдээс хамгаалахын тулд Хятадын анхны эзэн хааны энэхүү армийг гурван павильонд байрлуулсан байдаг байна. Энд зураг авахыг хатуу хориглодог аж. Гэхдээ хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүд аргалж байгаад зөвшөөрөл авчихдаг гэнэ.

Малталтын ажил 33 дахь жилээ үргэлжилж байна. Эхний малтлагыг 1978-1984, хоёр дахийг нь 1985-1986 онуудад хийсэн байдаг ба 2009 оноос өнөөдрийг хүртэл малтлагын гурав дахь үе шат явагдаж байгаа юм.

Ян Живаны худаг ухсан тэр хавийн газраас нь дайчдын 6000 баримлыг илрүүлсэн бол 1980 онд эрдэмтэд нэмж 2000 баримлыг малтан гаргаж иржээ. 1994 онд цэргийн дээд тушаалтнуудаас бүрдсэн штабыг илрүүлсэн байдаг.

Харин 2000 оны эхээр хөгжимчид, акробатчид болон 10 гаруй түшмэлийн шавар баримлыг олжээ. Урлаг судлаачид эдгээр баримлуудыг 30 гаруй жилийн туршид урласан гэж үздэг. Дэлхийн сор гайхамшгуудын нэгд зүй ёсоор тооцогдох энэ үзмэрүүдийг урлахад 700 мянган урчууд оролцсон гэдэг. Хятадуудад ийм нүсэр зүйлийг бүтээх ямар шаардлага байсан юм бол. Үүнийг мэдэхийн тулд анхны эзэн хааны талаар болон тэр цаг үеийг эргэн санах хэрэгтэй аж.

Олон жилийн турш үргэлжилсэн хаант долоон улсын цуст дайн нь эцэстээ Цин хааны үнэмлэхүй ялалтаар төгсөв. Ин Жень (Цин Шихуандигийн багын нэр) хэмээх цөс ихтэй залуу хаан Жао, Вэй, Чунь, Ци хаант улсуудын нийслэлүүдийг газрын хөрстэй тэгшилж эдгээр хаант улсыг ээлж дараатайгаар өөрийн улсдаа нэгтгэж чаджээ. Ингэж л Хятад улс түүхэндээ анх удаа нэгдэж чадсан түүхтэй. Цин Шихуанди хаан өөрийгөө эзэн хаанаар өргөмжилж тэр даруйдаа улс гүрэндээ өөрчлөлт, шинэчлэл явуулж эхэлжээ. Тэр бүү хэл, ирээдүйд Хятад улс бутран задрах бүх боломжуудыг нь устгаж чадсан гэдэг.

Цин Шихуанди Хятадын эзэнт гүрнийг 36 бүст хуваан бүс бүрт цэргийн нэг, энгийн нэг удирдагчийг тохоон томилжээ. Үүгээр зогсохгүй бүх юманд хатуу стандарт тогтоон мөрдүүлж эхэлсэн гэдэг. Мөнгөний нэгж, хүнд болон уртын нэгж, бичиг үсэг, барилгаар зогсохгүй эзэнт гүрний нэг захаас нөгөө зах руу саадгүй хүрэхийн тулд тэрэгний дугуйны хэмжээг ч нарийн тогтоож өгчээ. Мөн эзэнт гүрэн байгуулагдснаас өмнөх үеийн түүхийг хэрэгсэхгүй болгосныг зарлан тунхаглаж ялалт байгуулж байсан хаант улсуудын судар, гар бичмэлүүдийг нь манай эринээс өмнөх 213 онд галдан шатаасан байдаг гэж судар бичигт тэмдэглэгдэн үлдсэн байдаг байна. Цин Шихуанди их ширүүн дориун хүн байжээ. Шинэ дэглэмийг мөрдөж ажиллах бүү хэл эсэргүүцсэн гэх шалтгаанаар 460 гаруй эрдэмтнийг амьдаар нь газарт булсан байдаг. Хятадын анхны эзэн хаан өөрийн овогтнуудаа энэ эзэнт гүрнийг мөнхөд удирдана гэдэгт итгэн мөнхөд орших олон ялгах тэмдгийг бүтээн босгосны дотор алдарт Цагаан хэрэм ордог аж. Түүнчлэн агуу Цинийг сэрүүн ахуйд нь хэдэн зуун мянган хүнийг дайчлан сүүлчийн замд нь үдэх бунханыг барьж эхэлсэн байдаг. Их эзэн хааныг бунхан өдгөө 47-хон метрийн өндөртэй дов төдий болжээ. 2000 жилийн өмнө энэ бунхан 120 метр өндөртэй байсан аж. Түүний эргэн тойронд үхэгсдийн бүхэл бүтэн хотыг босгосон гэлцдэг. Харин энэ хот нь хэр том хэмжээтэйг эрдэмтэд таамаглаж ч чадахгүй байна. Юутай ч, археологичид түүний бунхныг малтахаасаа зүрхшээсээр байгаа юм билээ. Өнөөгийн байдлаар илрүүлсэн дайчдын баримал тэрхүү хотын өчүүхэн хэсэг нь гэж үздэг.

Цин Шихуанди сэрүүн ахуйдаа Хятадын ёс заншлыг даган өөртэйгөө цуг 4 000 залуу дайчинг бунхлахаар төлөвлөж байжээ. Харин зөвлөхүүд нь түүнийг энэ санаанаас нь татгалзуулж чадсан аж. Хэрэв Цин Шихуандигийн хүслийг дагасан бол ард түмэн бослого гаргах байсан нь мэдээж. Тиймээс тэр тооны дайчин эрсийг шавраар бүтээлгэх санаачилга гаргав. Харин эзэн хааны таалалд нийцүүлэхийн тулд 4 мянга бус 8 мянган дайчинг шавраар бүтээх шийдвэр гаргасан нь энэ аж.

Шавар дайчдыг бүгдийг нь зүүн зүг рүү харуулан бунхалсан байдаг аж. Энэ зүгт их эзэн хааны эзлэн авсан хаант улсууд оршдог байжээ.

Дайчдын баримлыг нарийн ур ухаанаар, оновчтой, хичээнгүйлэн гүйцэтгэсэн нь харагддаг. Хоорондоо адилхан царайтай дайчин ганц ч байхгүй нь гайхалтай. Нэг талаар эрдэмтдийн үзэж буйгаар, Цин Шихуандигийн хаант засаг өөртөө олон үндэстнийг багтааж байгааг харуулах мэт. Учир нь дайчдын дунд хятадаас гадна монгол, уйгар, түвд болон бусад үндэстний хүмүүс байгаа аж. Дайчдын үсний засалт, хувцас хэрэглэлийг хэрхэн урласнаас нь үзвэл тун нарийн мэдрэмжтэй, гайхалтай ур чадвартай хүмүүс урласан нь илт хэмээн дэлхийн эрдэмтэд шагшин магтсан байх юм.

Гэвч тухайн үед зонхилж байсан загварыг тодорхой илтгэн харуулсан хэдий ч дайчдын өндрийн хэмжээн дээр алдсан гэж эрдэмтэд үздэг байна. Шавар дайчид бүгд 1.90-1.95 м өндөртэй. Циний дайчид ийм өндөр байгаагүй гэж эрдэмтэд баталж байгаа аж.

Бэлэн болсон баримлуудыг 1000 хэмийн халуун зууханд хийж шатаадаг байжээ. Дараа нь хамгийн шилдэг гэх зураачид зүй ёсны өнгөөр будаж янзалдаг байсан аж. Гэхдээ шаврын өнгө нь газар дор байхдаа бага зэрэг гандсан байсан гэнэ. Хамгийн ноцтой нь, малтлага хийх явцад салхи үзсэн баримлуудын будаг нь ор мөргүй алга болсон байна.

Шавар дайчдыг Хятадын олон муж дүүрэгт хийсэн гэдгийг нь саяхан тогтоож чаджээ. Хятадын ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийнхэн шавар баримлуудад шинжилгээ хийж үзэхэд тэдгээрт Хятадын өөр өөр мужид ургадаг ургамлын үр наалдсан байсан нь илэрсэн аж. Харин дайчдын шавар хүлгүүдийг тээвэрлэж авчирахад дөхөм гэж үзэн бунхны ойролцоо урласан гэдэг нь тодорхой болжээ. Энэ нь ч аргагүй гэнэ. Шавар адууны жин 200 орчим кг хүрдэг бол дайчдынх нь 135 орчим кг байдаг ажээ.

Шавар дайчдыг 11 хонгилд босоогоор нь бунхалсан байдаг аж. Хонгилууд нь маш зузаан ханатай. Эртний урчууд тэдний дээрээс гуалин хөндлөвчүүд тавьж дээр нь хулс дэвсэж, дараагаар нь 30 см цемент, 3 м шороогоор булж хамгаалсан байжээ. Ийн хамгаалсан ч энэхүү том арми “ялагдал” хүлээж байсан удаатай. Учрыг нь тайлбарлахад, Цин Шихуанди хааныг нас нөгчсөний дараа түүний сул дорой, шийдэмгий бус Эр Шихуанди хүү нь хаан ширээнд заларсан аж. Төр удирдах авьяасгүй энэ хүний гаргаж байсан шийдвэрүүд нь ард олны бухимдлыг өдөөжээ. Ингээд тариачид бослого гаргаж юун түрүүнд терракотон армийг хараандаа онилов. Бухимдсан ядуучуул баримал дайчдыг тонож шатаасан гэдэг. Гэхдээ энэ бол зүгээр нэг танхайн үйлдэл байгаагүй гэж эрдэмтэд үздэг байна. Цин Шихуанди сэрүүн ахуйдаа илүүдэл гэж үзсэн зэр зэвсгүүдээс устгахыг нь устгаж, хайлуулахыг нь хайлуулж орхисон тул босогчдод зэр зэвсэг олж авах өөр газар байгаагүй аж. Газар доорх дайчдыг бунхлахдаа жинхэнэ нум сум, илд, жад, сэлэм тэргүүтнээр агсуулсан байжээ. Тиймээс босогчид энэ бунхныг сүйтгэх болсны учир энэ аж. Ингэсний хүчинд тэд хаант засгаа унагаж чадсан гэнэ. Харин Цин Шихуандигийн хүү өөрийн албатууддаа хөнөөгдсөн байдаг ажээ.

Олон зууны туршид танхай этгээдүүд эзэн хааны бунхнаас эрдэнэс олж авахыг хичээсээр ирсэн байна. Ингэхдээ цөөнгүй хүн амиа алджээ. Хамгийн гайхалтай нь, шавар дайчид боломжоороо эзэн хааныхаа сүнсийг хамгаалсан байдаг гэж эрдэмтэд ярьжээ. Малтлагын үеэр нэг бус хүний араг яс олдсон гэж тэд ярьсан байна.

Дайчдыг байршуулсан тэдгээр хонгилын хананы шавар нь өнөөдөр алтнаас ч үнэтэйд тооцогдох болжээ. Цин Шихуандигийн үеийн ганц ширхэг туйпуу өдгөө хэдэн арван мянган долларт хүрч байгаа аж. Ганц ширхэг ийм туйпуутай хүн Бээжингийн ойролцоо газар тансаг харш худалдан авах боломжтой гэнэ.

Эзэн хааныг хэмжээлшгүй их алт эрдэнэсийн хамт оршуулсан гэж эртний судруудад бичсэн байдаг аж. Харин эдгээр эрдэнэс болон Цин Шихуанди хааны алтан сандалыг одоог хүртэл олоогүй байгаа билээ.

Цин Шихуанди оньсого таалгах тун дуртай хүн байсан талаар эртний судруудад тэмдэглэгдэн үлдсэн байдаг аж. Тиймээс зарим эрдэмтэн түүнийг өөр газар бунхалсан байгаа гэж үздэг. Шавар дайчид бол үнэнийг төөрөгдүүлэх гэсэн халхавч байж болох. Хэрэв энэ үнэн бол Цин Шихуандигийн бунханы зах хязгаарыг таамаглахад бэрх болох нь.

Цин Ши Хуанди монгол хүн байсан уу

2007 оны үед “Ноцтой мэдээ” сонинд “Хятадыг нэгтгэсэн Цин Ши Хуанди цэвэр монгол хvн байжээ” гэсэн нийтлэл гарч байлаа. Энэ нийтлэл өдгөө оlloo.mn сайтад байна билээ. Холбоос ньhttp://www.olloo.mn/modules.php?name=News&file=print&sid=52251.

Уг нийтлэлд:

“Энд єгvvлэх тvvх нь МЭЄ 3-р зуунд хамаарах бєгєєд тал нутгийн нvvдэлчин Хvннv нар анхны тєрт улсаа байгуулан vе vе ємнє зvгийн суурин иргэдийг уулгалан довтолж амар заяа vзvvлдэггvй байсан vед хамаарна. Тэр цагт Хvннv гvрний их хаан Модуны эцэг Тvмэн шаньюй нvvдэлчдийг нэгэн тамган доор хураан атгаж байсан бєгєєд харин хятад хэлт vндэстэнvvд Жоу, Цинь, Шан, Хань, Мэн, Вэй зэрэг байлдаант долоон улсын vе гэж нэрлэгддэг олон жижиг ханлиг болон бутарсан байжээ. Яг энэ vеэр хээр талын нvvдэлчид суурин иргэдийг уулгалан довтолж сvйтгэн тvйвээж явах замд нь нэгэн монгол хєвгvvн нvvдэлчдийн цуваанаас гээгдэн хоцорсон ажээ. Тэр vед таван настай байсан нvvдэлчин хєвгvvн Жоу улсын ядуу айлд vрчлэгдэн ном бичиг эрдэмд шамдаж, цэрэг зэвсэгийн эрдэмд суралцсаар 19 нас хvрэх vедээ Цин улсын их цэргийн жанжин Сюй Даогийн бие хамгаалагч болон хувирчээ. Эндээс тvvний ирээдvйд мандан бадрах vе нь эхэлсэн бєгєєд арван жилийн дараа Хvннv нартай хийсэн тулалдаанд Цин улсын цэргийг тэргvvлэн тулалдаж ялалт байгуулсанаасаа хойш тус улсын хаан ширээнд залран хvндлэгдэж нэрээ улсынхаа овгоор єєрчлєн Цинь Ши хуанди гэж тvvхэнд алдаршсан ажээ. Хятадын эртний сурвалж бичгvvдээс харахад Ши хуандигийн эцэг нь хэн болох нь тодорхойгvй, Жоу улс болон Хань улсад нэгэн зэрэг хоер гурван эцэгтэй байсан гэж гарал vvсэл нь мэдэгдэхээргvй маягаар тэмдэглэсэн байдаг нь энэхvv нvvдэлчдээс гарал vvсэлтэй гэсэн таамагийг тодруулж єгч байгаа юм…

… Ийнхvv Хятадыг анх удаа нэгтгэж Цагаан хэрэмийг босгож манайхаар бол Чингис хааны дайтай хvндтэй байр сууринд залагдаж vлдсэн Цинь Ши хуанди талын нvvдэлчин монголчуудаас гаралтай байсан тухай баримт материалуудыг хэзээ нэгэн цагт Хятадын тvvхчид ч хvлээн зєвшєєрєх нь гарцаагvй. Иймээс бид зарим vед Ши хуанди бол Хятадуудад огт хамаагvй харин ч бидний хил хязгаарыг цагаан хэрмээр зааглан тодруулж, ялган салгаж єгсєн Монголын vндэсний их баатар гэж магтан дурсахад буруудахгvй гэдгийг эдvгээ манай улсад ажиллаж буй БНХАУ-ын элчин сайд Гао Шу Маогоос очоод асуусан ч болно. Хятадуудаас хэзээ ч vндэстэнээ нэгтгэх их баатар тєрж гарч байгаагvйг энэ бяцхан намтар ч бас батлан харуулж байгаа юм” хэмээн бичсэн байдаг.

https://uynaa.wordpress.com