Хүүе ээ! Та минь, би галзуурлаа. Би галзуураад байна уу? Эсвэл зүүдлээд байна уу? Бүр учраа олохоо больчихлоо. Учир юу гэвэл би бичиг үсэг мэдэхээ больчихсон юм уу? Эсвэл унтаж байхад минь хулгайлаад гадаадын аль нэг оронд авчирчихсан юм болов уу? Хаана байгаагаа бүр мэдэхээ болиод байна аа. Хүүеэ ээ, туслах хүн байна уу??? Би хаана байгаа юм бол... Ии ии... танил бичиг байна. Ямар ч байсан англи хэлээр ярьж, бичдэг оронд байгаа юм шиг. Энэ юу вэ? Байз! Paris. Fast food.Тел- 312233.
Англиар бичсэн хэрнээ доор нь телефон гэдэг орос үг харагдаж байна. Өө! Ашгүй, Оросд байгаа юм байна. Гэр лүүгээ очиход ойрхон л байгаа юм байна.
Үгүй ээ! Бүгд англиар биччихсэн хаяг, зар, сурталчилгаа... Нөгөө оросоор бичсэн үг маань яачихав аа. Өө, энд РЕКЛАМ гэсэн үг байна. Энэ оросууд албан ёсны хэлээ англи болгочихсон юм болов уу? Агуу гүрэн, тэгэх учиргүй ээ! Еэ бүү үзэгд. Би Оросд л байгаасай. Тэр хананд том зурагт байна. Тэндээс хаана байгаагаа мэдэж болох байх. Гэтэл тэнд нь нэг ч орос үг алга. Ер нь би Англид, эсвэл АНУ-д байгаа юм болов уу? Тэд яахаараа гудамжиндаа оросоор “реклам” гэж бичих гэж... бүр томоос томоор шүү.
Би зүгээр байгаа даа. Хар даа, эргэн тойронд минь дандаа ази хүмүүс яваад байна. Хятадад ч юм уу, солонгост ирчихсэн бололтой. Тэгвэл монголчуудтайгаа тааралдана. Оюутан, наймаачид, биеэ үнэлэгчид, хятадтай хамтарсан үйлдвэрийн захирал, төлөөлөгчид гээд бөөн бөөнөөрөө энд байдаг гэсэн. Солонгост ч гэсэндээ, оюутнуудаасаа илүү “манай эзэн, манай эзэн” гэсэн зарц монгол залуус хар мянгаараа байдаг гэсээн. Хурдхан л нэг монгол олж уулзъя.
Би Бээжин, Сөүлээр бишгүй л явж байсан. Бүх хаяг, сурталчилгаа, тайлбар бичгүүд бараг 95% хятадаар юм уу, солонгос хэлээрээ бичигдсэн байсан даа. Улс орнуудын ард түмэн том бага гэлтгүй юу гэж л өөрийн гэсэн бичиг соёлоо солих вэ дээ!
Ашгүй, эд яах аргагүй монголчууд байна.
- Сайн байцгаана уу? Яг л солиотой хүн харж байгаа юм шиг харснаа юу ч дуугаралгүй, яваад өглөө. Би азийн нэг оронд байгаа юм байна. Англиар ойлголцох л юм байна.
- Hello, can you help me, please
- Hello, sure. I can help you. What happened?
- I am from Mongolia... гэж хэлэнгүүт инээмсэглээд л хачин найрсаг байсан залуу маань гэнэт:
- “Өө, энэ тэнэг чинь юу гээд байна аа” гэж дүрсхийтэл уурласнаа яваад өгчихлөө. Би ч түүний уурласныг анзаарах сөхөөгүй монголоор ярьсанд гайхан цочсондоо хэсэг зуур алмайрч орхив. Монголдоо байгаа юм уу даа, би чинь... Эсвэл зүүдлэж байгаа юм болов уу. Биеэ чимхэж үзлээ. Өвдөж байна аа. Гэтэл нүдний үзүүрт хөдөөний бололтой өвгөн эмгэн хоёр харагдав. Содон гэдэг нь жигтэйхэн. Хоёулаа торгон дээлтэй, өвгөн нь сийрсэн бүрх малгайтай, эмгэн нь эрээн саатай алчууртай. Зүрх түг түг цохилон, ёстой л хамрын самсаа шархирах шиг болов. Яаран очтол тэд нэг юм уншаад байгаа юм уу, гайхаад байгаа юм уу, бүүр алмайрчихсан зогсоцгоож байв. Би ч учраа олохоо болилоо л доо. Над шиг бас солиорчихсон юм болов уу ч гэж бодох шиг.
- Үгүй ээ, хүүхээ! Энэ дэлгүүр мөн үү? Энэ хаяг маягийг нь унших бүү хэл, үсэглэж ч чадахгүй юм байна гэж бувтнав. Тэр зүг рүү хартал SUPERMARKET гэж томоос том хаяг байна... Энэ зүүд биш ээ. солиорол ч биш. Энэ бол миний бухимдал. Бухимдсандаа би ингэж бичиж байна. Яагаад, яагаад бид ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР гээд бичиж болохгүй байгаа юм бэ? Хүн эх орноо, эцэг эхээ сонгодоггүйтэй адил бид үндэсний хэл, бичгээ сонгодоггүй. Юу нь муу, муухай, болохгүй болоод байгаа юм бэ?
Үнэхээр дэндэж байгаа юм биш үү!
Англи хэлийг нэгмөсөн төрийн албан ёсны хэл болгочихъё. Эсвэл орос, англи хэлүүдийг холиод шинэ хэл үүсгэчихье. Монголчууд ямар юм юмны анхдагч болж ядах биш. Анхдагч биш байсан ч яаж ийж байгаад үндэслэл, баримт гаргаад ирдэг юм чинь. Тэр ер нь зөв юм байна. Ингэж эрүүл, өвчтэйгөө мэдэхгүй “солиорч” явахаар... Эх хэлээрээ бичих тухай ямар ч захирамж, тушаал гаргаад биелэгдэх биш. Англи хэл сургах гэж өвгөд хөгшдөө зовоож цаг алдаж байхаар эртхэн “шинэ төрөлх хэл”-ээ сурцгаая. Сонин сэтгүүл, зарлалын самбар, хаяг шошго, заавар, зурагтын хөтөлбөр, сурталчилгаа, хурал, зөвлөлгөөн, хичээл, сургууль, цэцэрлэг, үзвэр үйлчилгээ, хоолны газрууд гээд бүхий л газарт “энэ ямар утгатай юм бол” гэж толгойгоо гашилгаж байхаар. Ядаж байхад бас нэг таавар таах гэж. Автобусанд суувал буух буудлаа таах гэж, шатаар өгсвөл хэдэн давхарт яваагаа таах гэж, дэлгүүрт орвол барааных нь үнийг таах гэж, театрт орвол үзвэр нь хэзээ эхлэхийг нь таах гэж, хичээлд суувал багш хэзээ ирэхийг нь таах гэж, төрийн албан газруудад ажлаар очих, бичиг баримт бүрдүүлэхээр бол хэзээ хэрэг явдлаа бүтэхийг таах гэж... гээд л өдөр бүр таавар дунд арай гэж амьдарч байхад. Ингээд бодохоор монголчуудын “оюуны чадвар сайн” гэдэг нь үнэхээр үнэн болж таарлаа. Ингэж “тархиа их ажиллуулж” байгаа юм чинь.
Гадаад хэлийг орчуулгагүй хэрэглэх тусмаа шинжлэх ухаанаас ч хоцрохгүй, дэлхийн жишигтэй ч эн зэрэгцээд л... Энэ л бидний “эрхэм зорилго”биз дээ. Өнөөдөр монголоороо, яруу найрагч Ц.Хулангийн бичсэнээр “зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдарч”болохгүй юм бол...
Гадаад хэл сурах нь бидэнд үнэхээр хэрэгцээтэйн адил монгол хүн өөрийн төрөлх эх орондоо эх хэлээрээ ярилцаж, ойлголцож ямар ч хэлний бэрхшээлгүйгээр амьдрах эрх чөлөөг эдлэх бас эрхтэй. Эрх чөлөө гэж бас ойворгон хөөрүү “ардчилагч” мэт хашгираад, “цээжээ дэлдэх” гээд ч яах вэ. Зүгээр л монголдоо, монгол хүн бүр монголоороо унших бичих эрх чөлөөгөө эдэлмээр байна. Нөгөө “лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү,ямар хамаатай юм бэ?” гэдэг шиг. Филиппинээс асрагч авчраад хүүхдүүдээ англиар хэлд оруулна уу, гэртээ англиараа хэрэлддэгсэн үү, жил бүр 6-12 сая төгрөг төлсөөр 11-р анги төгсөгдөгсөн үү, багш нь хагас дутуу англиар хичээлээ заадагсан уу, заавал англи хэлтэй байж өндөр цалинтай ажилд ордогсон уу... Энэ бүгд чөлөөтэй байдаг шиг жирийн бид ч гэсэн хаана ч очсон, юуг ч уншсан, үзсэн эх хэлээрээ уншиж, үзмээр байна. Үнэн шүү.
Нэг удаа би гадаад хүнтэй уулзахаар хаягийг нь аваад “residence apartment”гэдгийг хайгаад олсонгүй. Хэд хэдэн хүнээс асуухад хэн нь ч мэддэггүй,толиос харахад “өргөө, харш, оршин суух”гэсэн утгатай үг гэж байв. Арай гэж олоод ороход гадаа нь ч тэр, том танхимд ч тэр, хаашаа ч харсан нэг ч монгол үг, хаяг байгаагүй, гэсэн ч ажиллагсад нь дан монголчууд, орж гарагсад нь дан гадаадынхан байсан тэр үед надад үнэхээр хачин мэдрэмж төрж байсан.
Олон жил гадаадад амьдарч байгаад ирсэн монголчууд монгол хэлээ сонсох, монгол хэлээрээ ярилцах, унших ямар сайхан юм бэ л гэдэг. Төрөлх Улаанбаатар хотдоо, эх орныхоо нийслэлд ирлээ гээд цээж дүүрэн агаараар амьсгалаад л, толгой гэдгэр харах гэтэл...
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол ард түмний тархийг угаадаг маш сайн чанарын хүчтэй “угаалгын нунтаг”. Зурагт радио бол монгол орныг “улаан туг” мэт бүрхсэн мэдээллийн гол сүлжээ. Шинэ жил бүрээр “шилдгийн шилдэг сонин, сэтгүүл, мэдээллийн хөтөлбөр”зэргийг шалгаруулдаг. Тэдгээр шилдгийн шилдгүүд болох дөрөв дэх засаглалын эрх баригчид маань эх хэлээ “сайжруулах” бодлогыг “сайн санаагаараа” ажил хэрэг болгож байгаа тухай олон баримтыг захаас нь аваад энд дэлгэж болно. Үүнийг монгол хэлнийжинхэнэ эрдэмтдэд нь үлдээе. Тэд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, мэргэжлийн үүднээс задлан шинжилж, гарах гарцыг хайж “ТӨРӨЛХ ХЭЛ”-ээ аврахаар хичээцгээж байгаа биз.
Монголд сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн, гайхалтай сайхан хэвлэгдсэн, өнгө үзэмж дээд зэргийн “Cosmopolitan”хэмээх сэтгүүлийн газар монгол хэлний хэдэн эрдэмтдэд сэтгүүлээсээ нэгийг бэлэглээсэй. Үндэсний, төрөлх, эх болсон хэлээ хэрхэн идэвхтэйгээр “хөгжүүлж”бас ”дээдлэхэд” хувь нэмрээ оруулж байгааг нь уншаасай. Эх хэлээрээ уншсанаас бараг англи хэвлэлийг нь аваад зургийг нь харсан нь бухимдахгүй амар. “Космо бүсгүй” ч гэх шиг. Монголын сайхан бүсгүйчүүдийг тодотгох өч төчнөөн сайхан үгс байсаар байтал. “Ээж нь космобүсгүй”боллоо гэж хүүхдүүддээ, охин нь “космоохин” боллоо гэж ээж аавдаа хэлэх юм байх даа. Бас “НИЙСЛЭЛ guide”гэдэг овор хэмжээ нь аятайхан сэтгүүл байна. Уг сэтгүүлийг жинхэнэ “эрлийз хэлтэнгүүд” “эрлийз хэлтэнгүүддээ” зориулсан бололтой. Хавтсыг нь харъя.
Эхний гарчгийг нь монголоор, хоёр дахийг англиар, гурав дахийг монголоор, дөрөв дөхийг англиар бичжээ. Үнэхээр ойлгосонгүй. Гадаад хэл сайн эзэмшихээр ийм эрээвэр хураавар байдал “мода” болдог юм болов уу? Хавтас ч яая гэх вэ? Гэтэл дотор хуудсууд. Бүгд эрлийз. Нэг хуудсыг жишээ болгоё.
Гарчиг нь “Докино, иллюстрэйтор, Сити дээд сургуулийн багш”. Уг нийтлэлийн дотор “гол баатар” ингэж өгүүлсэн байх юм. “ Мөн pэгги сонсох дуртай болохоор дрэд люкс хийлгэсэн”. “PЭГГИ” гэдгийг бичихдээ хүртэл үсгийнхээ фондыг солих юм байна. Гайхалтай юм аа. Үүнийг хэлний хөгжил гэх үү? Мөхөл гэх үү? Монгол хэлний эрдэмтэд ээ? Өгүүлбэр бүрт нь гадаад үг орсон энэ мэт сэтгүүлүүдийг Я.Цэвэл, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан гуай нарын агуу эрдэмтэд уншаагүй нь азтай юм аа.
Хотын гудамжаар ярайтал бичсэн хаяг, зар сурталчилгаануудыг чухам хэнд зориулаад байгаа юм бол оо? Үүнд хариу өгөх эрх мэдэлтэнгүүд байна уу? Хүүхэд залуусын тоглоомын хүрээлэнгийн зүүн талын урт гудамж дагуу байрлах шинээр барих барилгуудын зар сурталчилгааг чухам хэнд зориулсан юм бол оо?
Энэ сурталчлаад байгаа барилгууд орон сууц юм бол хэлийг нь мэддэг хүмүүс л амьдарцгаах байх даа. Бас Эрүүл мэндийн яамны хойд талд байрлах энэ зурагт байгаа байшин руу энэ хаяг, зарлалыг нь ойлгодог тусгай хүмүүс л ордог байх. Энэ мэт жишээ манай нийслэлийн төв хэсгийн алхам тутамд тааралдана.
Нийслэл хотоо нийслэлчүүдийнхээ төлөө, ард иргэдийнхээ төлөө хөгжүүлж байгаа биз дээ. Гадаад хүмүүс, гадаад хэл мэддэг хүмүүст л зориулагдсан үйлчилгээнүүд юм болов уу? Энд хотын дарга ямар хариу өгөх бол? Хариуцлагатай албан тушаалтнууд бүгд хилийн чандад төгссөн болохоор нүдэнд нь дасал болоод аятай харагддаг юм болов уу? Эсвэл, Монголчуудаа бүгдийг нь гадаадад суралцуулах бодлого боловсруулж байгаа юм болов уу? Ухаантай улс нэгийг бодож байгаа байлгүй дээ. Энэ хаяг, сурталчилгаануудыг манай ард түмний хэдэн хувь нь уншиж ойлгох бол? Үүнд судалгаа хийвэл “сонин” тоо гарах байх.
Нөгөө шаарлагдаад байгаа “социализм”-ын үед бараг хүн бүр орос хэлтэй байсан. Тэр үеийн орос хэлний багш нар ч гайхалтай сайн сургадаг байж. Доторлодоггүй юм гэхэд гадарладаг нь ихэнх байсан. Бүр тэр үеийн “СОТ”-ын жирийн ажилчид хүртэл орос мэргэжилтэнтэйгээ чөлөөтэй ойлголцдог байсныг олон хүн санаж байгаа. Тийм үед орос хэлээр бичсэн хаягтай албан газар, дэлгүүр хоршоо, зар сурталчилгаа байсан уу? Иргэд үнэнийг мэднэ дээ. Тэр бүү хэл, албан бус аман харилцаандаа ч орос үг хавчуулж ярихгүйг хичээдэг байцгаасан. Тэгж л эх хэлээ хайрладаг, хөгжүүлдэг байсан байх.
Ардчилсан оронд хүн бүр тэгш эрхтэй амьдрах гол зарчимтай гэдэг. Гэтэл гадаад хэл мэддэггүй иргэд (олонх гэдэгт эргэлзэхгүй байна) хэл сураагүйнхээ төлөө төрөлх хот дотроо төөрч будилж, ялгаварлан гадуурхагдаж байгаа юм биш үү? Үүнийгээ анзаарахгүй “хэл мэддэг юм шиг” нэрэлхүү царайлж явцгаасаар нэг мэдэхэд “хэл мэддэг, уншиж ойлгодгууд” нь байшин барилга, үйлчилгээнүүдийг аль хэдийн эзэмшицгээчхээд “хэл мэддэггүй” олонх дотор нь орох бүү хэл гадаад оронд амьдарч байгаа юм шиг“ байдалд орох вий дээ.
Төрөлх эх орондоо, төрөлх хэлээрээ ойлголцож төрөлх нутагтаа амьдарч байгаагаа байнга мэдэрч үеийн үед амьдрахсан. Хэл нь мөхвөл улс үндэстэн нь ЯАХ БИЛЭЭ?
Ц.Дэлгэрмаа