Монголчууд маань зарлагдаагүй уралдаанд өөрийнхөө амьдралыг гээж бусдын амьдралаар амьсгалж, амьдарч байна. Үүний жишээ нь солонгос кино. Зарим хүмүүс өөрсдөө амьдралтайгаа мартаад аль нэг киноны баатартай хамт зовж шаналж, баярлаж хөөрч, тэр хүний л амьдралаар амьдарч байна. Нэлээн олон жилийн өмнө Венесуэл улсын хийсэн халтар царайтай хүүхний тухай өгүүлдэг жигтэйхэн олон ангитай кино гарч нийслэл хотыг эл хуль болгож байлаа. Удалгүй солонгосын соёл нэвтрэхийн хэрээр хан үндэстний савангийн дууриуд ар араасаа хөвөрлөө.
.
Хүлэмжинд байдаг цэцгийн нэрээр нэрлэгдсэн кино нэг хэсэгтээ л ярианы сэдэв болж байв. “Цагаан шөнө”, “Элсэн цаг” зэрэг олон ангитай кинонууд жинхэнэ утгаараа байлдан дагуулж эхэллээ. Дээрх хоёр кино харьцангуй амьдралтай, монгол ахуйд ойрхон кино байсан. Орос дуутай болоод ч тэр үү тун дажгүй. Харин хайр сэтгэлийн, гэр бүлийн асуудлыг хөндсөн уйтгартай савангийн дууриуд гарч эхэлсэнээс хойш өсвөр үеийнхэн солонгосын соёлд нэрвэгдэж эхэлсэн юм. Хувцаслалт, үг ярианаас эхлээд хэт хийсвэр хайрын мананд умбаж эхэллээ. Мэдрэлээ алддаг, ядуу ба баян айлын хүүхдүүд бие биедээ дурладаг, цусны өвчтэй болдог, ах дүүс нэгнээ мэдэхгүй манарч яваад дурладаг гээд амьдралд бараг л баймааргүй хийсвэрлэл монголд хүч түрэн орж ирлээ.
.
Солонгос киноноос хуулбарлан дуурайсан ХАНГҮГ СОЁЛ өсвөр насны залуучуудын дунд их ажиглагдаж байна. Тэдний хувцаслалт, үс засалт, бүр амьдрах хэв маяг нь ч тэр чигээрээ солонгос кино. Хүнтэй харилцах харьцаа, гаргах зан ааш, нөхөрлөж, хайрлаж, үерхэж байгаа нь хүртэл солонгос кино, хангүг соёлын загварыг тэр чигээр нь илтгэх. Өсвөр насныхны дурлал, үерхлээс үүдэх асуудалд шийдвэр гаргаж байгаа зэрэг нь хүртэл энэхүү солонгос киноны хэв маяг. Мэдээж оюун бодол нь төлөвлөж амжаагүй байгаа өсвөр насныхны хүмүүжих сэтгэлгээнд энэ маш том нөлөө үзүүлж байгаа гэдэгтээ маргах хүн байхгүй биз.
.
Насанд хүрсэн, хувь хүний хувьд хүмүүжил нь тогтворжсон хүн америк кино дуурайж задгай шоудаад, солонгос кино дуурайж том том дуугарч ямаан омог гаргаад байвал “өөрсөддөө л гомдоцгоо” гэж хэлэхэд асуудалгүй. Харин яг ид бусдыг хуулбарладаг дээрээ, бусдаас үлгэр жишээ авдаг дээрээ, өөрөөсөө бусдыг сайхан гэж хардаг дээрээ явж байгаа өсвөр насны хүүхдүүдэд энэ кинонууд маш их нөлөөлж байна. Дээр нь нэмээд хэлэхэд орчин үед эцэг эхийн болон гэрийн хүмүүжлээс илүү масс медиа өсвөр насныханд хүчтэй нөлөөлж байгаа.
.
Мэдээж солонгос киноноос авах зүйл зөндөө байдаг. Үгүй ядаж солонгос кинон дээр ахмад настай хүмүүсийг дандаа хүндэлж гардаг, тэдэнд тусалдаг. Энэ бол сайн суртал. Охид бүсгүйчүүд нь цэвэрхэн арьстай, үс нь намирсан, ганган биш мөртлөө донжтой хувцасладаг. Энэ бол бас л сайн суртал. Гэхдээ монгол хүүхдүүдээ ахмад настнаа хүндэлдэггүй, муухай хувцасладаг гэх гээгүй юм шүү. Харин найз залуутайгаа нэг уушийн газар орчихоод тасарч унатлаа согтоод үүрүүлж харьдаг, тэгснээ бөөлждөг, согтуудаа олон юм ярьж орилж хашгирдаг, миний түрүүний хэлсэнчлэн хэнтэй ч хамаагүй хамжааргагүй харьцдаг охид. Энэ бол маш муу суртал. Иймэрхүү юмыг ирээдүйд бидний хөлийг хучих залуу үе маань ямар ч шүүлтүүргүй хүлээж авч, уудаг цаас шиг тархиндаа шингээж байгаа нь аюултай. Цаашилбал, аймшигтай гэмт хэрэг, амиа хорлох үзэгдэл зэрэг нь ойрын жилүүдэд ихэсч байгаа нь цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэлд ч багагүй. Албаныхан ч хэлдэг. Нэгэн баримт дурдъя. 16 настай монгол охин амиа хорлохоор оролдоод бүтэлгүйтэж, эмнэлэгт хүргэгдсэн талаар сонин хэвлэлүүд шуугисан. Хайртай солонгос жүжигчин нь амиа хорлосныг сонсоод сэтгэлийн хямралд өртөн үхлийг сонгосон тухай харин сэтгэлзүйчээс нь өөр хүн мэдээгүй гэдэг. 17 настай эрэгтэй М гэрээсээ оргон, орц хонгилоор хоног төөрүүлж яваад эрүүл мэнд нь эрс муудан мөн л эмнэлэгт очихдоо тулжээ. Ээж нь солонгос кино үзэхийг хориглосны төлөө М ийм шийдвэр гаргаж, төрсөн гэрээ орхин, гэрийнхэнтэйгээ муудалцсан нь тэр байж. Бас л Солонгос киноны үр нөлөө. Солонгос олон ангит энэхүү кинонуудын нөлөөлөл үүгээр дуусахгүй нь.
.
Монголчуудын маань амьдрах хэв маяг руу аль хэдийн нэвтрээд уусан шингээд орчихож. За тэгээд жил ирэх тусам салж байгаа гэр бүлийн тоог дурсах ч юм биш. Үндэсний аюулгүй байдалд хамгийн их нөлөөлөл үзүүлж буй охид эмэгтэйчүүд солонгос хүнтэй гэр бүл болох сонирхол нэмэгдэж байгаа гэдгийг энд дурсахгүй өнгөрөөж болохгүй. Таньдаг ахын эхнэр нь нөхрөө өөр хүнтэй явж байна гэж хардаад шүүхэд өргөдлөө өгчихсөн, сална барина л гэж байгаа гэнэ. Амьдрал гэдэг ийм амархан шийдчихдэг, нэг уурлахаараа орвонгоор нь эргүүлчихэж болдог эд юм байх даа. Тэгээд хамгийн гол нь чамаас хариугаа авна л гэх болсон гэнэ. Өнөө монгол эмэгтэйн уужуу тайван зан, сэтгэлийн тэвчээр хаачаа вэ. Амьдралын жолоог атгаж, эр нөхрөө хазайсан талаас нь түшээд аваад явдаг, бусдыг энэрч хайрладаг, өршөөж нигүүлсдэг тэр чанарууд өнөө үзээд байсан солонгос кинонд нь дарлуулаад алга болжээ гэж бодогдлоо.
.
Үнэхээр бид бүхэн нэг үндэстэн, дэлхийн цээжинд монгол гэдэг нэрийг дуурсгаж яваа л юм бол бас аливаа харийн соёлд учир жанцантай, жаахан хэмжээ хязгаартай хандах хэрэгтэй санагдана. Тиймээс ч бид Монгол гэр бүлүүдийн уламжлалт харьцаа ч солонгос киноны гарах гэр бүлийн соёлоор өөрчлөгдөж, уламжлагдаж магадгүй нь гэдгийг анхаарах цаг хэдийн болчихож. Монгол үндэстэн соёлын колончлолын дор өөрийгөө гээж буйг зогсоохын тулд одоо дорвитой ажил хийхээс аргагүй. Амьдрал бол амьдрал. Кино шиг хийсвэр биш. Ядаж өсвөр насныхныгаа солонгос киноноос жаахан ч болов холдуулаач. Амьдралд ойр зүйл үзүүлж харуулж байгаач ээ. Олон мундаг тв-н захирлуудаа. Солонгос киноны оронд арай өөр зүйлд эфирийнхээ цагийг зарцуулж баймаар юм. Монгол бол солонгос биш шүү дээ.
.
Харин юуны өмнө Монгол Улсын төр засаг олон нийтийн мэдээллийн агуулгад анхаарал хандуулж, соёлын түрэмгийллээс сэргийлэх зохицуулалт, жишгийг яаралтай бий болгох хэрэгтэй байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн агуулгад зориулсан зохицуулалтын туршлага хангалттай байдаг гэсэн. Монгол Улс нээрээ дуртай нь орж хүндэрдэг жорлон шиг болчихсон гэхэд хилсдэхгүй. Нөгөө дуурайгаад байгаа Солонгос нь хүртэл ТВ-ээрээ гадны киног гаргадаггүй гэнэ билээ. Энэ Улаанбаатарын гудамжууд нь Солонгос нэртэй болсон. Нам Ян Жу, Чун Гу, Сөүл гээд. Үүнийг чинь соёлын колони гэнэ дээ.
.
Солонгосчууд Монголд ирээд бид эх орондоо байгаа ухааны юм ярьдаг гэсэн. Гэтэл монголчууд нутаг дээрээ со нарын өмнө бөхөлзөөд зодож дээрэлхүүлнэ. Энэ төр засаг нэг юм бодохгүй бол үнэн хэцүүдлээ. Солонгос руу бурууг чихэх биш өөрсдөөсөө алдаа дутагдлаа хайсан дээр байх аа. Соёлын яам, боловсролын газраас телевизээр гадны кино гаргахад квот тогтоож өгөх хэрэгтэй. Тухайлбал, дотоодын кино 60 хувь, гадаадын кино 40 хувь гэх мэтээр тогтоох хэрэгтэй. Боловсролын газар энийг хийж чадах л асуудал шүү дээ. Цаашилбал, үндэсний гэх юм хөгжинө, уран бүтээлчид ч өрсөлдөөн дунд үнэлэгдэж, Монголд хийгдсэн сайн бүтээлүүд өндөр үнэ цэнийг олох болно. Хүчээр ч болтугай гадны кинонд квот тогтоох нь зүйтэй. Бид ч яахав өнгөрсөн толгойнууд болжээ гэж бодоход хүүхэд залуус маань яана даа. Ингээд хохироод байх уу. Сүүлийн үеийн хүүхдүүүд сэтгэлийн тэнхээгүй, уйлж унжсан, тэгсэн мөртлөө хэрцгий болоод байх шиг. Бүр жаахан хүхдүүд амиа хорлоод байна шүү дээ. Энэ юуны нөлөө вэ. Монгол төрд хүүхдээ гэсэн бодлого дутагдаж байна. Соёлын нөлөөлөл нь дээд түвшний үзэл суртлаар илрэхээс гадна тухайн үндэстний өдөрт тутмын амьдрал ахуйд ч их өөрчлөлт дагуулдаг ажээ.
.
Үүнтэй холбоотойгоор Монголын телевизүүдээр тасралтгүй үзүүлж буй Өмнөд Солонгосын кино, нэвтрүүлгийн агуулга анхаарал татаж байна. Тухайлбал, “Тэ Жү Ён” гэдэг олон ангит түүхэн кинонд монголчуудтай угсаа гарвал нэг Кидан үндэстнийг Солонгосын нэг овог аймаг гэж харуулжээ. Нэлээн дээр найзындаа зочиллоо л доо. Буу халангаа мэдээ хараад сууж байсан чинь кино гарах боллоо гээд эхнэр нь сувгаа солив. Гэтэл өнөө кино нь түүхэн сэдэвтэй Солонгос савангийн дуурь байх юм. Байдлыг ажвал найз маань гэр дотроо цөөнх болж эхнэр, хүүхдүүддээ дийлдээд нөгөө киног нь үзэхээс өөр сонголтгүй болдог бололтой. Кино дууссаны дараа хүүхдүүдтэй нь түүхийн талаар ярилцлаа. Солонгосын хэтрүүлэг нь ихэдсэн кинонд тэд итгэчихсэн байх юм. Тэдний хувьд Тэ Жу Ён бол ганц бахархдаг баатар нь аж. Наадуул чинь тийм мундаг улс байгаагүй юм, түүхэндээ нэг бол Монголчууд нэг бол хятадууд нэг бол япончуудад эзлэгдэж явсан улс гэж тархийг нь жаахан угааж өгөв. Чингис хааныхаа байлдан дагууллыг Өвөр Монголын Чингис хаан киногоор төсөөлдөг юм байна. Тэдэнд Сүбээдэй жанжны удирдлагаар Бат хааны цэрэг барууны ертөнцийг хэрхэн донсолгож явсныг ярьж өгөхөд хүүхдүүд сонирхож байна. Тэгснээ наад кино чинь аль ТВ-ээр гарсан юм гэж авдаг байгаа. Хөөрхий бидний эмгэнэл юм даа. Шинэ үеийнхэн нь өөрсдийн эх түүхээ мэдэхгүй харь улсын түүхийг мэдэж өсч байна гэдэг.
.
Үнэхээр энэ үеийн хүүхдүүд ном унших дургүй болжээ. Магадгүй Солонгосын шинэ үеийнхэн ном унших дургүй болсон болохоор тэдэнд түүхээ мэдүүлэх зорилгоор бодлогоор олон ангит түүхэн кино хийдэг байх. Тэр нь манайд импортоор орж ирээд байна л даа. Бид ч гэсэн юунд дутах вэ дээ. Монгол кино үйлдвэрээ сэргээгээд Хүннүгийн үеэс эхлээд түүхэн кинонуудаа хийе л дээ. Сэтгэл гаргаад зүтгэвэл хөрөнгө мөнгө олдож л таараа.
.
Н.Бадамжав